Та бидний төдийлэн мэддэггүй агуу 8 эмэгтэй

Дэлхий дахинаа нэрд гарсан Мэрилин Монро, Маргарет Тэтчер, Коко Шанель гээд олон эмэгтэйг бид нэрлэж чадна. Энэ  эмэгтэйчүүдийн нэр хаана л бол хаана дуурсагдаж, хайлтын системийн тэргүүнд бичээстэй байдаг. Гэтэл ингэтлээ нэр алдар нь түгээгүй ч агуу гэж алдаршуулж болохуйц эмэгтэй баатрууд бас бий. Ингээд та бүхэнд хүмүүсийн сайн мэддэггүй ч  энэ дэлхийд гайхалтай зүйлсийг бүтээж үлдээсэн авьяаслаг эмэгтэйчүүдийн тухай хүргэе.

Та бидний төдийлэн мэддэггүй агуу 8 эмэгтэй

1 Жюли Рекамье (Julie Récamier) 1777 – 1849

Францын хувьсгалын дараах үед гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан эмэгтэй бол хатагтай Рекамье. Романтик парисчуудын дунд төдийгүй тэр цагийн европын хэмжээнд энэ гоо сайхан бүсгүй жинхэнэ од болж байлаа. Түүний өмнө герцог, гүн, зохиолч, яруу найрагчид мэхийдэг байж. Жюли Рекамьегийн нэр Испаниас Орос хүртэл цуурайтаж байсан юм. Тэрээр эзэн хааны дүү Люсьян Бонапарт болон өөрийнх нь хөргийг зурж өгч байсан зураачид болох Жерар, Давид нарын зүрхийг шархлуулан орхиж байжээ.

Нууцлаг, бас хөгжилтэй атлаа халдашгүй гэмээр чанар нь түүний онцлог байлаа. Гоо сайхныхаа зэрэгцээ хатагтай бас боловсролтой нэгэн байж. Түүний алдарт утга зохиол, улс төрийн танхим нь тухайн үедээ Парисын оюун ухааны төв нь байсан гэдэг.

Жюли Рекамье (Julie Récamier) 1777 – 1849

2 Роза Люксембург (Rosa Luxemburg) 1871 – 1919

Марксизмын онолч, гүн ухаанч, эдийн засагч, нийтлэлч гээд олон авьяасыг нэгэн биед шингээсэн хүн бол германы болон европын хувьгалч зүүний үзэлт социал демократуудын төлөөлөл Роза Люксембург байлаа.

Түүнийг Владимир Ильич Ленин “аугаа их коммунист, хувьсгалт марксизм, өнөө цагийн бүргэд” гэж нэрлээд бүтээлийг нь дэлхийн үе үеийн коммунистуудыг хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж байжээ. Роза Германы коммунист нам, дайны эсрэг “Спартакын холбоо”-г үндэслэгчдийн нэг, хөрөнгөтний нийгмийн эсрэг тэмцэгч байлаа. Тэр үүнийхээ төлөө хэлмэгдэж дөрвөн жил шоронд суусан юм.  Гэвч түүний цуцашгүй хөдөлмөр, тэмцэл, бүтээл туурвил нь уран бүтээл, улс төрийнх нь замд тохиолдсон ямар ч бэрхшээлийг давахуйц байлаа.

Берлинд түүний нэрэмжит талбай, метроны өртөө, гудамж байдаг төдийгүй Москва, Санкт-Петербургт зэрэг дэлхийн олон хотуудад түүний нэрэмжит гудамж бий. 

Роза Люксембург  (Rosa Luxemburg) 1871 – 1919

3 Вера Игнатьевна Мухина (1889 – 1953)

Зөвлөлтийн урлагт өөрийн тод ул мөрөө үлдээсэн гайхамшигт уран барималч эмэгтэй бол Мухина. Түүний “Ажилчин, тариачин хоёр” баримал нь “Мосфильм”-ийн бэлгэдэл гэдгийг хэн бүхэн мэднэ. Энэ алдарт баримлаа Мухина 1937 онд Парист болсон бүх дэлхийн үзэсгэлэнд зориулан урласан байна.

Мухина бас Москвагийн Белоруссын галт тэрэгний буудал дээрх Максим  Горькийн хөшөө, Москвагийн их сургуулийн өмнөх “Шинжлэх ухаан” баримал, Москвагийн консерваторын дэргэд Петр Чайковскийн хөшөө, Лужник дахь  “Газар”, “Ус” баримлуудыг бүтээсэн. Мухина 1947 онд ЗХУ-ын Уран сайхны академийн тэргүүлэгч гишүүн болсон бол ЗХУ-ын Ардын зураач цол, түүнчлэн Сталины нэрэмжит шагналыг таван удаа хүртсэн юм.

Вера Игнатьевна Мухина (1889 – 1953)

В.И.Мухина - “Ажилчин, тариачин хоёр”

4 Габриэла Мистраль (Gabriela Mistral) 1889 - 1957

Жинхэнэ нэр нь Лусила де Мариа дель Перпетуо Сокорро Годой Алькайяга боловч ердөө Габриэла Мистраль нэрээр алдаршиж дэлхий дахинаа мөнхөрсөн хүн. Тэр багшаар ажилллаж байгаад хожим нь Италии, Испани, Португали, Бразилд дипломатаар ажиллаж байлаа. 1903 онд хэвлүүлсэн анхны шүлгүүдэд нь эмгэнэл, мэдрэмж, хайр сэтгэл, хүсэл эрмэлзэл, энгийн хүмүүсийн амьдрал, индианчуудын ертөнцийг үзэх үзэл бүгд шингэсэн байдаг.

1945 онд Гарбриэла Мистраль Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн. Энд түүнийг “латин америкийн  бодит эрмэлзлийн бэлгэ тэмдэг болсон жинхэнэ мэдрэмжтэй бүтээл туурвилын нь төлөө” гэсэн нь бий.

Габриэль бас эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэднийг гэгээрүүлэхийн төлөөх тэмцлээрээ алдартай. Түүний гоо сайхан, гэгээлэг, ухаалаг дүр, оюун ухаан, сэтгэл зүрх  өнөө үед ч үлгэр дууриал болсоор.

Габриэла Мистраль (Gabriela Mistral) 1889 - 1957

5 Вера Васильевна Холодная (1893 – 1919)

Кино ертөнцөд тун багахан хугацааг өнгөрүүлсэн ч тэр нас барах хүртлээ тавхан жилийн хугацаанд өөрийнхөө цаг үеийн хамгийн нэртэй жүжигчин болж чадсан юм. Тэр  “дэлгэцийн хатан хаан” гэж нэрлүүлэх бүрэн эрхтэй. Түүний  гол дүрд нь тоглосон “Ханын зуухны дэргэд” гэдэг  кино Оросын хувьсгалын өмнөх хамгийн олон үзэгчтэй кино болж байлаа. Энэ киног огт завсарлагагүйгээр Одесст 90, Харьковт 72 хоног гаргахад үзэгчид тасрахгүй л байсан гэдэг.  Холодная гурван жилийн хугацаанд 30 гаруй кинонд тоглоод амжсан юм. Түүний алдар хүнд 1917 оны хувьсгалт үйл явц, иргэний дайны үед ч өндөр хэвээр л байжээ.

Вера Васильевна Холодная (1893 – 1919)

6 Симон де Бовуар (Simone de Beauvoir) 1908 - 1986

Тухайн цаг үеийнхээ утга зохиолын ертөнцийн тэргүүлэх төлөөлөгчийн нэг бол Симон де Бовуар. Тэрбээр алдарт “Дайвар хүйстэн” номдоо  Европ, Америкийн  сэхээтний хүрээний жинхэнэ төрх байдлыг харуулсан байна. Тус бүтээл 1960-аад оны бэлгийн хувьсгалын жинхэнэ бэлэг тэмдэг, ХХ зууны феминизмын гол бүтээл болсон юм.

Симон өөрийнхөө зууны гүн ухааны сэтгэлгээний хөгжилд асар их хувь нэмэр оруулж, феминизмын хөдөлгөөний үзэл онолын үндэс болсон юм. "Үнэн рүү тэмүүлсэн миний хүсэл намайг аюулгүй тансаг бүхнээс татгалзуулж чадсан, үнэн намайг шагнасан" гэж тэрээр хэлсэн байдаг.

Симон де Бовуар (Simone de Beauvoir) 1908 - 1986

7 Элла Жейн Фицжеральд (Ella Jane Fitzgerald) 1917 – 1996

Хататай Элла бол түүхэн дэх хамгийн агуу жааз дуучин. Гурван октаваар дуулж чаддаг цөөхөн хүмүүсийн нэг тэрээр “Грэмми”-ийн шагналыг 13 удаа хүртэж байжээ. Түүнийг “Жаазын тэргүүн хатагтай” гэдэг байлаа.

Гайхамшигт авьяасаараа тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн медаль, Францын Урлаг, утга зохиолын одонг хоёр удаа,  бусад олон хүндтэй шагнал хүртсэн юм. Урлагийн 50 жилийнхээ замналын хугацаанд тэрбээр 90 цомог, цуглуулга гаргасан бол түүний пянзууд  40 сая гаруй хувиар борлогдсон юм. 

Элла Жейн Фицжеральд  (Ella Jane Fitzgerald) 1917 – 1996

8 Розалинд Франклин (Rosalind Franklin) 1920 – 1958

Эмэгтэй биофизикч хүн манай гариг дээр тийм ч олон биш. Харин Розалинд Франклин бол яг энэ мэргэжлээр ажиллаж байсан нэртэй эрдэмтэн. ДНХ-ийн нээлт бол үндсэндээ түүний бүтээл гэж хэлж болно.

Хэдийгээр бүхий л алдар гавьяа нь түүний хамтрагч Жеймс Уотсон, Фрэнсис Крик нарын нэр дээр байдаг ч лабораторын туршилтаар өнөөдөр хэн бүхний мэдэх ДНХ-гийн рентген дүрсийг чухам энэ эмэгтэй гаргаж ирсэн. Эрдэмтэд 1962 онд энэ нээлтийнхээ төлөө Нобелийн шагнал гардаж авахад түүнээс дөрвөн жилийн өмнө энэхүү гайхамшигт эрдэмтэн эмэгтэй нас нөгцөөгүйсэн бол энэ алдар  хүндийг хамт хүртэх ёстой байсан юм.

Розалинд Франклин (Rosalind Franklin) 1920 – 1958

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()