Хүн ам зүйн картограмм гэж юу вэ?
Картограмм гэдэг нь сэдэвчилсэн байдлаар зурсан газрын зургийг хэлдэг. Өөрөөр хэлбэл цагийн бүс, хүн амын тоо зэргийг газрын зургаар илэрхийлэх арга юм.
Тухайлбал Макс Розерийн энэхүү газрын зураг дээр нэг дөрвөлжин нь 500,000 хүнийг илэрхийлж байна. Дэлхийн нийт хүн ам 7.633 тэрбум тул Розерийн зурагт нийт 15,266 ширхэг дөрвөлжин байгаа гэсэн үг. Тиймээс өргөн уудам нутагтай нь харьцуулбал цөөхөн хүн амтай Орос, Канад зэрэг орнууд доорх газрын зурагт жижгээр харагдана.
Одоо та бүхэнд дэлхийн 21 орны газрын зургийг дээрх аргаар онцлон харуулъя. Дээд талын зураг нь тухайн улсын газар нутгийг бодит дүрслэл бол доод талынх нь хэрэв тухайн улсын хүн амын тоогоор газар нутгийн хэмжээг нь илэрхийлбэл хэрхэн харагдах байсныг тооцоолсон дүрслэл юм.
Ази, Номхон далайн бүс
Орос нь дэлхийн хамгийн том газар нутагтай орон боловч Макс Розерийн зургаас үзвэл зарим Европын орнуудаас тийм ч илүү гарахааргүй байна. Харин Хятад, Энэтхэг улсууд хүн ам болон газар нутгийн аль алинаар нь том улсад тооцогдож байна. Харин уудам газар нутагтай Саудын Арабын хувьд хүн амын тоогоор нь нутаг дэвсгэрийг нь төлөөлүүлбэл тийм ч том биш буюу Узбекистан улстай ойролцоо байгааг харж болно.
Австрали улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 6-д ордог. Гэхдээ Розерийн газрын зураг дээр Филиппин болон Индонез улсын хэмжээтэй дөхөж очжээ.
Европ
Их Британи болон Румын улсуудын газар нутгийн хэмжээ ойролцоо боловч Розерийн газрын зураг дээр нэлээн зөрүүтэй харагдаж байна.
Харин Испанийн газар нутаг өргөсөж Украин улстай ойролцоо хэмжээтэй болсон бол Швед улс багасаж Беларусь улсын хэмжээнд дөхөж очжээ.
Доорх зургаас харахад Германы нутаг дэвсгэрийн хэмжээ нь хүн амын тоотой нь яг тохирсон гэж болохоор байна. Харин чамгүй том нутагтай Финланд улс багасаж Португаль улсын хагастай тэнцэхүйц болжээ.
Хойд ба Өмнөд Америк
АНУ болон Канад нь газар нутгийн хэмжээгээрээ ойролцоо боловч хүн амынх нь тоог харьцуулшгүй гэдэг нь доорх зургаас харагдана. Розерийн газрын зургаас харвал АНУ-ын хэмжээ Оросоос 2.5 дахин том болж байна.
Мексик нь Канадаас хамаагүй жижиг боловч хүн амын тоогоор нь илэрхийлж үзвэл хавь илүү харагдана.
Африк
Судан улс нь газар нутгийн хэмжээгээр Египетээс хоёр дахин том боловч хүн амын тоогоор харьцангуй бага.
Нигери улс нь Розерийн газрын зураг дээр Оросоос том болж харагдана.
ХЭРЭВ ТАНД ЭНЭХҮҮ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООР ХОЛБООСООР ОРЖ ТӨСТЭЙ МЭДЭЭГ СОНИРХООРОЙ.
~Таны мэдлэгийг тэлэх сонирхолтой газрын зургууд~