1
Байнга асууж тодруул
Ямар нэгэн материал, ном уншаад эсвэл лекцээ ойлгохгүй байвал ичиж нэрэлхэхгүйгээр мэддэг хүнээс нь эсвэл найз нөхдөөсөө асууж тодруулж ойлгож авахыг хичээ. Асууж тодруулахаасаа нэрэлхэх юм бол та зүгээр л хайран цагаа алдаж байна гэсэн үг. Альберт Эйнштейн амьдралынхаа туршид "Aсуултгүй бол хариулт байхгүй" гэдэг зарчим баримтлан цаг ямагт бусдад асуулт тавьдаг байсан. Тэр бүү хэл өөрөө өөртөө асуулт тавьж, өөрийнхөө мөн чанарыг ойлгохыг хүсдэг байжээ.
2
Өөрийгөө өргөн хүрээтэй хөгжүүл
Эйнштейн хийл тоглодог мөн маш олон зүйл судлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн байжээ. Тэрбээр олон талын мэдлэг, чадвартай байсан гэнэ. Тэр мэдлэг оюуны ганцхан салбарыг судалсан бол бидний мэдэх Эйнштейн биш байх байлаа. Ухаантай хүн ганцхан чигийг бариад түгжигддэггүй, бүхий л чиглэлээр өөрийгөө хөгжүүлдэг. Тэр олон төрлийн юм сонирхон судлах дуртай байжээ харин энэ нь үндсэн ажлынх нь хажуугаар амралт болдог байв. Та программист бол чөлөөт цагаараа зураг зур, дараа нь нөхөдтэйгөө хөл бөмбөг тогло, орой нь Галлийн дайны тухай Цезарийн тэмдэглэлийг уншиж болно шүү дээ. Өөрийнхөө багахан ертөнцийг хязгаарлан гацааж хэрхэвч болохгүй.
3
Суралцахад өөртөө хамгийн таатай аргыг сонго
Эйнштейн сургуульд байхдаа өөрийнхөө уншсан физик, математикийн хичээл дээр тэмдэглэгээ, товчлол зэргийг хийхийг найз нөхдөөсөө хүсдэг байсан гэнэ. Өөрөө ч цаг алдалгүйгээр энд тэндээс сонссон болоод уншсан бүхнээ шүүрч аван багш нараасаа тодруулдаг байжээ. Магадгүй орчин үед хүмүүс эсрэгээрээ сул яриаг илүү шүүрч авдаг байж болох юм.
4
Боловсролтой хүмүүстэй нөхөрлө
Та тусгүй хүмүүстэй л хамт байвал өөрөө тусгүй л хүн болно. Хүнийг хэнтэй нөхөрлөж байгаагаар нь дүгнэдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр ямар хүнийг сонгож нөхөрлөж байгаа нь маш чухал. Найз гэдэг зүгээр нэг шил юм хувааж уудаг хүн биш. Найз гэдэг бол түүнээс суралцаж болох хүнийг л хэлдэг. Эсвэл чамайг хөгжүүлэх, сайн зүйл рүү хөтлөх хүнийг л хэлнэ. Найзууд чинь өөрийг тань нэг л жаахан уруу татах шинжтэй байвал хэнтэй нөхөрлөөд байгаагаа эргэн харах хэрэгтэй. Эйнштейн удирдагч, багш нар, өөрт нь урам хайрлахаар энгийн хүмүүстэй нөхөрлөдөг байсан нь ухаалаг зүйл.
5
Өөрөө сайн бод
Ухаалаг хүмүүс зөвхөн ухаантай хүмүүсийг сонсох төдийгүй юу хийж байгаа, ер нь алхам бүрээ өөртөө эргэцүүлэн бодож байдаг. Зарим хүн өөрийгөө ухаантай, удирдагч гэж бодож их ташаардаг. Харин Эйнштейн үүнийг нэг их зөв зүйл гэж боддоггүй байжээ. Бусдад магадгүй тэнэг эсвэл буруу юм шиг санагдаж байсан ч Эйнштейн өөрийнхөө зөв гэж бодсон шийдвэр дээрээ л бат зогсдог байжээ. Тэнэг юм шиг харагдахаас бүү ай. Үнэнийг эрэлхийлэхгүйгээр өөрийгөө ямагт зөв гэж боддог хүмүүс л жинхэнэ тэнэг хүн байдаг.
6
Ойлголцохгүй байхад сэтгэлзүйн бэлтгэлтэй бай
Тэнэг хүмүүс ухаантнуудыг тэвчиж чаддаггүй. Үнэнийг хэлэхэд хэн нэгэн ухаантай царай гаргаж байснаа гэнэт тэнэг зан гаргахад бид ч гэсэн дургүй л байдаг шүү дээ. Гэхдээ энэ бол байдаг л зүйл. Та бүх хүнтэй ойлголцохгүй байхад бэлэн байх хэрэгтэй. Таны зөв байсан ч гэсэн хүмүүс таны эсрэг бодолтой байж болно. Энэ бол та өөрийнхөө итгэл үнэмшлээс ухрах хэрэгтэй гэсэн үг биш, та өөрийнхөө үзэл бодолд үнэнч үлдэж болно, гэхдээ та өөрийнхөө зөвийг нотлох гэж зүтгэсний хэрэггүй.
7
Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч сур
Энэ бол ганцхан Эйнштейний тухай яриа ч биш. Нэртэй эрдэмтэд алдаагаа хүлээн зөвшөөрч чаддагаараа л бусдаас ялгардаг. Шинжлэх ухаан гэдэг ерөөсөө алдааны түүх юм. Өнөөдөр "Их тэсрэлтийн онол" физикийн шинжлэх ухаанд их том байр суурь эзэлдэг. Гэтэл маргааш энэ нь бодитой биш болох нь нотлогдож, судлаачид энэ онолыг "хогийн сав руу шидэж ч" мэднэ. Ухаантай хүмүүс яг ийм үед үүнийг хүлээн зөвшөөрч, толгойноосоо авч хаян өөр зам эрэлхийлж эхлэхдээ бэлэн байдаг.