1
Богино шуумагтай өмд
Одри Хепбёрний 1954 онд “Сабрина” кинонд тоглохдоо өмссөн богинохон шуумагтай бариу өмд нь тухайн үеийн бүсгүйчүүдийн хувцаслах хэв маягийг бүхэлд нь өөрчилжээ. Энэ үеэс өргөн шулуун өмд гэх мэтийн овор ихтэй нэвсгэр хувцаснууд биенд яг таарах хувцаснуудад зайгаа тавьж эхэлсэн байна. Одоо ч моодонд байгаа бариу өмд, балетын шаахайн хослолыг Одри Хепберн анх гаргаж ирсэн гэхэд болно.
2
Хар свитер цамц
Алдарт жүжигчний "Funny Face" мюзиклд тоглохдоо өмссөн хар өнгөтэй "Givenchy"-ийн свитер цамц нь удаан хугацааны турш “энгийн бөгөөд сэтгэл татам” хэв маягийн илэрхийлэл болсон юм. Одригийн энэхүү стилээр хувцаслая гэвэл энгийн хоолойтой хар свитерийг богино шуумагтай хар өмд, хар ботинк, цагаан оймстой хослуулан өмсөх бөгөөд үсээ шууж боогоод цөөвтөр гоёл чимэглэлийн зүйлс зүүж эсвэл огт зүүхгүй байсан ч болно.
3
Цув
"Тиффанид барьсан өглөөний цай" кино гарсны дараа цулгуй өнгийн цув моодонд орсон юм. Тус киноны гол дүр Холли Голайтли буюу Одри Хепбёрн борооны цувыг бүсэлж өмсөөд муураа хайдаг богинохон хэсэг л тухайн үеийн загварын хэв маягт маш том нөлөө үзүүлжээ. Киноны тэрхүү хэсгээс болж зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүдийн дунд цувыг бүсэлж өмсөх моод дэлгэрсэн байна.
4
Цагаан өнгийн эрэгтэй сорочка
"Тиффанид барьсан өглөөний цай" дээр Одри эрэгтэй цагаан цамцыг ханцуйг нь нугалж өмссөн нь мөн л бүсгүйчүүдийг байлдан дагуулж байжээ. Гэрэл зурагчин Марк Шоугийн (Mark Shaw) 1954 онд жүжигчнийг тэрхүү цамцаа өмсөөд буйдан дээр хэвтэж буйг буулгасан доорх зураг иймэрхүү хувцаслалт огт байдаггүй байсан тухайн үед жинхэнэ шуугианыг тарьсан байна.
5
Том шил
Өнөөгийн оддын папараццигийн дурангаас нуугдах гэж зүүдэг болоод байгаа нарны том шилийг Одри Хепбёрн л анх амилуулж байжээ. 1966 онд “Сая долларыг хэрхэн хулгайлах вэ?” кинонд тоглохдоо түүний зүүсэн том шил тэр үеэс эхлэн зөвхөн нарнаас хамгаалах биш гоёл чимэглэлийн зориулалттай болон өөрчлөгджээ.
6
"Коктейль" даашинз
Одри Хепбёрний анх өмсөж байсан "коктейль" хэмээх бариу энгэртэй, нугалаас бүхий дэрвэгэр хормойтой даашинз нь сонгодог хэв маягийг загварын ертөнцөд дахин гаргаж ирсэн бөгөөд ямар ч эмэгтэйд төгс зохидог онцлогтой. 60-аад оны үед дахин очъё гэвэл энэхүү даашинзыг богино өсгийтэй шаахай, минимал загварын сувдан бугуйвч, нарийхан бээлийтэй хослуулахад хангалттай.
7
Торгон алчуур
Хөнгөн торгомсог алчуурыг жинхэнэ утгаар нь амилуулж чадсан хүн бол Одри юм. Алчуурыг хүзүүндээ ороолт маягаар зүүж, эсвэл толгойдоо боож дэгжин харагдаж болно гэдгийг тэрээр анх харуулжээ.