Өдгөө ирээдүй хойч үе болсон хүүхэд залууст чанартай сайн боловсрол эзэмшүүлж гэмээнэ улс орны ирээдүй гэрэлтэй, хөгжлийн гарц тэднээс харагдах учиртай. Энэ ч утгаараа ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, Монголын ирээдүй болсон залуусын сурч боловсрох гэгээн үйлсэд томоохон хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
Залуусыг дэмжин, тэдэнд эрдэмд шамдах урам зориг хайрлах нь ХААН Банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн бодитой ажлуудын нэг юм. ХААН Банк Сан 2007 оноос хойш өнөөг хүртэл “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг жил бүр 2 төрлөөр зарлан, тэтгэлэг олгож ирсэн бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 1450 оюутанд 850 сая гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Сурах чин хүсэл эрмэлзэлтэй боловч орлого багатай өрхийн суралцагчдыг хамруулах зорилготой тус тэтгэлэгт хөтөлбөрт сурлагын амжилт, нийгмийн идэвх зэргийг голлох шалгуур үзүүлэлт болгодог. Тэтгэлэг хүртсэн нийт оюутнуудад зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй, бие хүн болж төлөвших, амьдрах ухаанд суралцах, нийгмийн идэвх оролцоог нь дэмжиж, туршлага хуримтлуулах зорилгоор ХААН Банкнаас зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд татан оролцуулж, төрөл бүрийн сургалтад хамруулах боломжоор хангадаг билээ.
“Оюутан нас бол залуу насны оргил үе юм. Энэ цаг хугацааг илүү үр бүтээлтэй, сайн суралцахад зориулбал илүү сайхан ирээдүйг бид бүтээж чадна. Оюутан байхдаа өөрийгөө сайн боловсруулж амьдралынхаа хамгийн чухал гарааг амжилттай эхлүүлээрэй”
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл
Сурагчийн ширээнээс оюутны амьдралд анхлан хөл тавьж буй шинэхэн оюутнуудад боловсролыг чанартай эзэмших арга барилыг таниулах, боловсролтой иргэн гэдэг нь ямар чадвар эзэмшсэн байхыг ойлгуулах нь юу юунаас илүү чухал. Тэр ч үүднээс ХААН Банк Сангаас 2018-2019 оны хичээлийн жилээс шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн билээ.
Тус хөтөлбөр нь шинээр оюутан болсон залууст сурах зөв арга барил суулгах, их хотын соёлтой иргэн байх, хувь хүний наад захын соёлд сургах, олон шинэ найз нөхөдтэй болж, бие биенээсээ суралцах, урлаг спортын сонирхолтой арга хэмжээнд оролцох зэрэг боломжийг олгодог, олон талын ач холбогдолтой юм.
2018 онд “RISE” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд 800 гаруй шинэ оюутан хамрагдаж, “Сурахуйд суралцахуй” болон “Хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэхүй” сэдвээр нийгэмд нэр хүндтэй эрхмүүдийн илтгэлийг сонсож, хамтдаа хэлэлцүүлэг хийсэн. Мөн нийт бүртгүүлсэн 1000 гаруй шинэ оюутны төлөөлөл ХААН Банк Цамхагт зочлон “Хувийн санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?” болон “Илтгэх чадвар” сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдсан юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, шинэхэн оюутнуудыг хамруулсаар байгаа билээ.
Хүүхэд залуус чанартай боловсрол олгоход сурч боловсрох орчин мэдээж маш чухал. Тиймээс ХААН Банкнаас боловсролын 20 гаруй байгууллагатай хамтран анги, танхим тохижуулах, ном, сурах бичиг хандивлах төсөл хэрэгжүүлж ирсэн. Мөн хүүхэд залуусыг манлайлал, хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрт хамруулах, гадаад орны соёл, боловсролтой танилцах солилцооны хөтөлбөрт хамруулах зэрэг олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм. Тухайлбал, 2018 онд хүүхэд залуусын сурах орчныг сайжруулах чиглэлээр нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн хөдөлмөрийн кабинетийг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгсөн билээ.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тус сургуулийн анги танхимыг тохижуулан шинэчилснээр эндээс олон залуус хөдөлмөрийн чиг баримжаатай болж, цаашид эзэмшсэн чадвараараа тогтвортой орлогын эх үүсвэрээ бий болгох боломжтой болсон юм.
ХААН Банк Сан боловсролын салбарт түлхүү анхаарч ажилласаар ирсэн бөгөөд 2007 оноос хойш энэ чиглэлийн нийт 90 гаруй төсөл, хөтөлбөрийг 1.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хамгийн бодитой хувь нэмэр оруулжээ. Цаашид ч Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хувь нэмрээ оруулахын төлөө ХААН Банк зорьж ажиллах болно. Монголын ирээдүйд бэлэглэсэн энэ хөрөнгө оруулалт эргээд хэдэн жилийн дараа магадгүй улс орныхоо хөгжлийн шанг татсан олон олон шилдэг сэхээтэн, сод авьяастан, шигшмэл мэргэжилтнүүдийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.