Лондонгийн сэтгэц, сэтгэл судлалын хүрээлэнгийн Эмили Смит-Вулли (Emily Smith-Woolley), Зиада Айореч (Ziada Ayorech) нараар ахлуулсан эрдэмтдийн баг эдгээр оюутны 51 хувь нь генийн хүчин зүйлийн нөлөөллөөр их сургуульд элсэн орсон гэсэн дүгнэлт гаргасан байна. Харин судлаачдын нэрлэснээр тухайн оюутны шийдвэрт “нийтлэг орчин” буюу дунд сургууль, гэр бүл нь 36 хувьд нөлөөлсөн бол хувь хүн бие даасан байдал нь ердөө 13 хувь нөлөөтэй байжээ.
Үүнээс гадна мэдрэлийн судлаачид ген нь шалгалтын үр дүнгийн 57 хувьд нөлөөлдөг гэж үзсэн байна. Гэхдээ тус үзүүлэлт ямар хичээл, ямар сургууль гэдгээс шалтгаалан өөр өөр байгаа юм. Харин эцэг эхээс өвлөж авсан ген их сургуульдаа үзүүлж буй амжилтын 46 хувьд нөлөөлдөг гэсэн байна.
“Дунд сургуульд хүүхдүүд бусадтайгаа туршлагаасаа хуваалцаж суралцдаг бол их сургуулийн оюутнууд бие даан өөрийнхөө чадвар, боломжид тулгуурлан шинэ туршлага, шинэ танилтай болж бусад орчиндоо анхаарал тавих нь багасдаг” гэж Айореч хэлжээ.
Судлаачид оюутнуудын сурлагын амжилтад ген хэрхэн нөлөөлдгийг судлахын зэрэгцээ цуглуулсан хэдэн мянган ДНК-ийнхаа дээжүүдийг судалж үзсэн байна.
Суралцагчийн амжилтад генийн гүйцэтгэх гол үүргийг ДНК-гийн хэсэгчилсэн шинжилгээний үндсэн дээр “хагас генийн үнэлгээ”-ний тусламжтайгаар тодорхойлж болно. Гэвч энэхүү үнэлгээний үнэн байх магадлалын хувь бага байдаг тул шинжлэх ухаан цаашид илүү хөгжиж, анагаах ухаан, генетикийн хөгжил дахиад боловсронгуй болтол хүлээх хэрэгтэйг эрдэмтэн Смит-Вулли хэлсэн юм.