Хамгийн их хохирол дагуулсан сансрын хөлгийн аймшигт ослууд

Сансар судлалын салбарт амжилт, ололт их байдаг ч нөгөө талд нь эмгэнэлт ослууд ч бас бий. Одоогоор сансрын нислэг болон түүний бэлтгэл ажил, пуужингийн амжилтгүй хөөрөлт зэргээс болж ойролцоогоор 330 хүн амь насаа алдаад байна. Ингээд танд сансарт гарсан ослоос болж сансар судлалын системийг мөнхөд өөрчилсөн топ 10 тохиолдлыг хүргэж байна.

Хамгийн их хохирол дагуулсан сансрын хөлгийн аймшигт ослууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шаттл Челленджер (Shuttle Challenger)

АНУ-д 1986 онд болсон тус ослоор 7 хүн амь үрэгдсэн юм. Сансрын хөлөг хөөрснийхөө дараахан агаарт дэлбэрсэн байна.

Албан ёсны дүгнэлт: "Хатуу түлш"-ний хурдасгагчийн элементүүд нь чанаргүй байсан

1980-аад оны дундуур “Спейс-Шаттл” хөтөлбөр тун амжилттай байсан юм. Даалгаврууд маш амжилттай ар араасаа биелж байсан бөгөөд хөлөг хоорондын хөөрөлтийн зайг 20 хоногоос хэтрүүлдэггүй байв. Харин "Челленджер STS-51-L" хөлгийн хувьд илүү онцлогтой байсан юм. Учир нь багийн бүрэлдэхүүнд сансрын нисэгчдээс гадна дунд сургуулийн багш эмэгтэй Криста МакОлифф (Christa McAuliffe) багтаж “Сансар дахь багш” төслөөр сансраас хичээл заах ёстой байлаа. Ийм ч учраас хөлөг хөөрөх явцыг Америкийн нийт иргэдийн 17 хүртэлх хувь нь маш анхааралтайгаар ажиглаж телевизийн шууд дамжуулалтыг хүлээн авч байсан гэдэг.

Нэгдүгээр сарын 28-нд хөлөг Флоридагийн Канавералын хошуунаас үзэгч олны алга ташилтын  нүргээн дунд хөөрсөн ч 73 дахь секунддээ дэлбэрч хөлгийн хэлтэрхийнүүд газарт цацагдах нь тэр. Нисгэгчид дэлбэрэлтээс амьд үлдсэн боловч хөлгийн бүхээг цагт 330 км-ийн хурдтайгаар далайд унах үед бүхээгний доргилтоос болж амь алдсан байна.

Дэлбэрэлтийн дараа ч телевизийн зураглаачид зураг авалтаа зогсоогоогүй бөгөөд дэлбэрэлтийг нүдээрээ харсан олны гайхсан, цочирдсон царайг телевизээр харуулсаар байсан юм. Цугларагсдын дунд багийн гишүүдийн төрөл төрөгсөд, ар гэрийнхэн ч байлаа. Ийнхүү энэхүү осол телевизийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй сурвалжилга болж үлдсэн юм.

Тус ослоос болоод Шаттл хөлгийг сансарт хөөргөхийг 32 сарын турш хориглохоор болжээ. Мөн хатуу түлшний хурдасгуурыг технологийг дахин боловсруулж, сансрын нисэгчдийг аврах зориулалт бүхий шүхрийн системийг Шаттлд суурилуулсан байна.

Шаттл Челленджер (Shuttle Challenger)

2 Шаттл Колумбия (Shuttle Columbia)

2003 онд АНУ-д болсон энэ ослоор мөн л 7 хүн амь үрэгдсэн юм. Сансрын хөлөг агаар мандалд орж ирэх үедээ багийнхантайгаа шатсан байна.

Албан ёсны дүгнэлт: Техникийн ажилтнуудын хайхрамжгүйгээс хөлгийн далавч дээрх дулаан тусгаарлагч давхаргад гэмтэл гарсан.

"Колумбия STS-107" хөлөг үүргээ амжилттай биелүүлээд хоёрдугаар сарын 1-ний өглөө эх дэлхий рүү эргэн ирж байлаа. Хөлөг дэлхийн агаар мандалд орж эхлэх үед бүх зүйл хэвийн байсан ч гэнэт далавчны зүүн хэсэг дээрх температурын заалт удирдлагын төвд алдаа өгсөн байна. Үүнтэй залгаад хөлгийн дөрвөн ч хэмжүүр, ялангуяа далавч хэсгийн хэмжүүр доголдон таван минутын дараа гэхэд хөлөгтэй холбоо тасарчээ. Нислэгийг удирдах төвөөс хөлгийн хэмжүүрт ямар нэг гэмтэл гарсан талаар шуугилдаж байх үед телевизийн нэг суваг Шаттл хөлөг галд авалцаж, хэсэг хэсэг болон салж унаж байхыг шууд дамжуулан үзүүлж байлаа. Харамсалтай нь багийнхан бүгд амь алдсан байна.

Энэхүү эмгэнэлт явдал Америкийн сансрынханд хүчтэй цохилт болж Шаттл Колумбия хөлгийг нисгэхийг түр хугацаагаар хориглон, "“Спейс Шаттл” хөтөлбөр технологийн хувьд хөгширсөн тул хаах болно" хэмээн тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш зарлаж байсан юм. Гэхдээ НАСА-д өөр шинэ хөлөг бүтээх нөөц байсаар байгаа хэмээн мэдэгдэл хийсээр байв.

Улмаар 2003 онд америкчууд анх удаагаа ОХУ-д хандаж сансрын “Союз” хөлгөөрөө өөрсдийн сансрын нисгэгчдээ олон улсын станцад хүргүүлэх санал тавьсан юм. Мөн тэрхүү үйл явдлаас хойш есөн сарын дараа Хятад улс түүхэндээ анх удаа сансарт гарч өөрийн жолоодлогот “Шэньжоу-5” хөлгөө амжилттай хөөргөсөн байна. Шаттл Колумбия  хөлгийн сүйрэл нь Америкийн удирдагчдын хамгийн эмзэг дурдатгал болон үлджээ.

Шаттл Колумбия (Shuttle Columbia)

3 Аполлон-1 (Apollo 1)

АНУ-д 1967 онд болсон тус ослоор гурван хүн амь алдсан байна. Багийн гишүүд сансрын хөлгийг дуурайлгасан кабинд дасгал хийж байх үедээ амьдаараа шатаж амиа алдсан юм.

Албан ёсны дүгнэлт: Цахилгааны богино холбоо үүссэнээс оч үсэрч гал гарсан.

Тухайн үед АНУ, ОХУ улс хоёрын хооронд хэн нь түрүүлж сар луу нисэх нь улс төрийн түвшний нөлөө бүхий өрсөлдөөн байсан юм. ЗХУ  саран дээр явагч бүтээж байгааг Америкчууд мэдээд өөрийн “Аполлон” хөтөлбөрөө өрсүүлэх гэж ихэд яарч байлаа. Харамсалтай нь технологийн чанар зэргээр жишин харьцуулахад энэхүү мөрөөдөл биелэхэд тун хол байсан юм.

1966 онд нисгэгчгүй “Аполлон-1” хөлгөө амжилттай хөөргөлөө. 1967 оны хоёрдугаар сард анхны жолоодлогот хөлөг хөөргөхөөр төлөвлөж байв. Нисэгчдийг бэлтгэх зорилгоор Карнавелийн хошуунд хөлгийн бүхээгтэй төстэй анхны командын байр байгуулжээ. Харамсалтай нь сургалтын энэхүү бүхээг бүр эхнээсээ л бүтэлгүйтэж маш олон удаагийн засвар орсон юм. 

Аполлон-1 (Apollo 1)

Нэгдүгээр сарын 27-нд багийнхан ээлжит сургуулилтаараа хөлөг хөөрөхийн өмнө багаж төхөөрөмжүүдийн хэвийн ажиллах байдлыг шалгахаар төлөвлөжээ.

Багийн гишүүд болох Виржил Гриссом, Эд Уайт,  Рожер Чаффи нар өдрийн нэг цагийн үед сургуулилтын аппаратад орж, бүхээгт цэвэр хүчил төрөгч шахаад дасгалаа эхэлсэн байна. Сургуулилтын үеэр Грисс холбоогоор бүхээгт сонин үнэр үнэртээд байна гэснээр дасгалыг зогсоож шалгахад хүчдэл өндөр байсан нь богино холбоо үүссэнээс болсон бололтой байв.

Ингээд 10 секунд ч өнгөрөөгүй байтал, орон нутгийн цагаар 18:31-д  Уайт “Бүхээгт гал гарлаа” гэж хашхирах нь холбоогоор дуулдсан байна. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр бол нисгэгч Уайт бүхээгийн нээлхийг онгойлгохыг оролдсоор байсан нь дүрс бичлэгийн камерт бичигдэж үлдсэн байсан гэнэ. Дахиад хэдэн секунд өнгөрөхөд сансрын буудлын ажилтнуудад багийн гишүүн Чаффигийн “Би шатаж байна” гэх сонсогдоод холбоо тасарсан байна. Тэр зүгт гүйлдэж очсон хүмүүс ямар ч туслалцаа үзүүлж чадаагүй гэдэг. Багийнхан бүгд амиа алдсан байлаа.

Энэ ослын дараа хэд хэдэн арга хэмжээ авсан байна. Юун түрүүнд сургуулилтын аппаратын бүхий л материалыг шатдаггүй эд зүйлээр хийж, нээлхийг дотроос нь онгойх зориулалттай болгосон байна. Мөн хиймэл агаарын 60 хувийг хүчилтөрөгч, 40 хувийг азот болгожээ.

4 Союз-1 (Soyuz-1)

ЗХУ-д 1967 онд болсон энэ ослоор нэг хүн амь алдсан. Сансрын хөлөг дэлхийн агаар мандалд орж ирээд тоормосолж чадалгүй байсаар газар мөргөж сүйрсэн юм.

Албан ёсны дүгнэлт: Үйлдвэрлэлийн алдаанаас болоод тоормосны үндсэн  шүхэр задраагүй.

Дөрөвдүгээр сарын 23-нд “Союз” цувралын хөлгийг түүхэнд анх удаагаа турших байлаа. Америкчууд хэдхэн сарын дотор л сансрын шинэ дээд амжилтууд тогтоож байхад ЗХУ тэднээс  олон зүйлээр хоцорч байсан юм. Нисэх аппаратуудыг эцэслэн төгс болгож амжаагүй байсан ч сансрын салбарын удирдлагууд ямар ч байсан туршилтыг тэр өдөр хий хэмээн даалгажээ.

Владимир Комаров нисэгчтэй “Союз-1” хөлөг тойрог замд орлоо. Улмаар хойноос нь хөөрөх гурван нисэгчтэй “Союз-2” хөлөгтэй тойрог замд холбогдохоор тооцоолжээ.

Гэтэл “Союз-1” хөлгийн нэг талын нарны зай дэлгэгдсэнгүй, хоёр дахь хөлөг ч хөөрсөнгүй. Харин Комаровыг эх дэлхийдээ эргэн ирэхийг тушаав. 

Хөлгийн чиглүүлэх төхөөрөмж хангалтгүй ажиллаж байснаас түүнийг үндсэндээ гар жолоодлогоор буухыг тушаасан бөгөөд тэрээр нисгэгчийн ур чадварынхаа ачаар агаар мандалд хэвийн орж ирсэн ч газардах сүүлийн мөчид зогсоох шүхэр дэлгэгдсэнгүй. Нөөц шүхэр ч задарсангүй, хөлөг газарт 50 метр секундын хурдтай унаж Комаров амь алдсан байна.

Энэхүү ослын дараа дараачийн ээлжийн “Союз” хөлөг хөөрөх хүртэл 18 сар өнгөрч тэр хугацаанд зогсоох төхөөрөмжийг нисгэгчгүй зургаан хөлөг дээр туршиж үзэн улам сайжруулсан байна.

Союз-1 (Soyuz-1)

5 Союз-11 (Soyuz-11)

ЗХУ-д 1971 онд болсон энэ ослоор гурван хүн амь алдсан юм. Хөлөг дэлхийн агаар мандалд орж ирэх үед агаарын хэт дутагдлаас болж багийн гишүүд амиа алджээ.

Албан ёсны дүгнэлт: Хавхгийн технологийг дутуу боловсруулснаас хөлгийн бүхээгийн агааржуулалтын хоолой цагаасаа өмнө онгойсон.

“Союз-11” хөлгийн баг тойрог замын “Салют-1” станцтай холбогдож  тэндээ маш олон төрлийн туршилтыг амжилттай хийж дуусаад байлаа. Зарим үед бэрхшээл учирч байсан ч тэд станцад 11 хоносон байна. Ингээд сансрын нисгэгчдийг дэлхийд эргэж ирэх тушаал ирсэн юм.

Агаар мандалд орж ирэх, зогсоох, газардах гээд бүх зүйл ёсоороо болж байсан ч нислэгийг удирдах төвд нисгэгчид хариу өгсөнгүй. Учир нь бүхээгийн нээлхийг онгойлгох үед нисгэгчид бүгд амь алдсан байв. Хэргийн учир нь хөлөг хэт өндөрт байх үед агаарын даралт байх ёстой хэмжээнээс хэт доогуур болтлоо унасан нь нисгэгчдийг даралт дутагдах өвчинд хүргэсэн байна. Нисгэгчдэд сансрын нисэгчдийн дуулга баг байсангүй. Хэт их өвдөлтөөс болоод сансрын нисэгчид ямар ч арга хэмжээ авч чадсангүй, тэгээд ч тэгэх ямар ч боломжгүй байжээ.

Ослын дараанаас “Союз" хөлгийн нисгэгчдийг нисэгчийн дуулга, багтай болгосны зэрэгцээ Союз хөлгийн бүхээг давчуу, зай багатай харин сансрын нисгэгчийн баг том учраас их зай эзэлдэг учир багийн гишүүдийг хоёр хүнээс илүүгүй байхаар тооцов. Аажимдаа загвар улам боловсронгуй болж “Союз” хөлгөөр гурван хүн нисэх боломжтой болсон байна.

Союз-11 (Soyuz-11)

6 Байконур дахь осол (The disaster at Baikonur)

1960 онд ЗХУ-д болсон энэ ослоор 78-126 хүний амь үрэгдсэн гэгддэг. Хөлөг хөөрөхийн өмнө пуужингийн шатахууны саванд гал  гарч их хэмжээний түймэр дэгдсэн байна.

Албан ёсны дүгнэлт: Аюулгүй ажиллагааг зөрчсөнөөс пуужингийн нэг хөдөлгүүрийг цагаас нь өмнө асаасан.

Гагариний гайхамшигт нислэгээс хагас жилийн өмнө Байконурын сансрын буудалд аймшигт осол болж асар олон хүн амь алдсан ч  бүхий л баримтыг маш чанд нууцалж байгаад ЗХУ задарсан 1989 онд л дэлхий нийтэд ил болгосон байна.

“Берлиний хямрал”-аас үүдээд олон улсын харилцаа хурцдаж эхэлсэнтэй холбогдуулаад Хрущев нь тив хоорондын пуужин бүтээх ажлыг хурдасгах тушаал өгөөд байлаа. Ингээд 1960 оны аравдугаар сарын 24-нд Плесецкийн сансрын буудалд Р-16 пуужинг турших байсан юм. Пуужинг эцэслэн гүйцээгээгүй, тодорхой хэмжээний ажил дутуу, туршилтыг хойшлуулъя гэсэн санал гарахад олонх нь энэ санааг дэмжиж ажлаа үргэлжлүүлье гэцгээв. Харин пуужингийн туршилт хариуцаж байсан, Старатегийн зориулалттай пуужинт цэргийн командлагч, маршал Неделин “Би Никита Сергевичид юу гэж хэлэх юм бэ?....Пуужинг гараан дээр аваач, эх орон биднийг хүлээж байна” гэж тушаажээ.

Неделин, төслийн бусад оролцогчдын хамт хөөргөх талбайгаас ердөө 17 метрийн зайд байрлаж байсан бөгөөд ердөө 30 минутын бэлтгэл зарласан байна. Гэтэл хоёрдугаар угсрааны хөдөлгүүр гэнэт ажиллаж галын дөл хөөрөхөд бэлэн болоогүй байсан шатахууны саванд хүрэх нь тэр. Гал тал тал тийшээ тархан, нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар бол шатаж байгаа хүмүүс хашгиралдан гүйлдэж байжээ. Ослын дараа сансрын буудалд аюулгүй ажиллагааны дэглэм тогтоож, пуужин хөөргөх бэлтгэлийг дуустал нь хийсэн байна.

Байконур дахь осол (The disaster at Baikonur)

7 Арканзас мужийн Серсийн пуужингийн цооног дахь түймэр

Пуужингийн хаалттай цооногт 1965 онд гарсан энэхүү түймрийн улмаас 53 хүн амь алдсан.

Албан ёсны дүгнэлт: Хийн хоолой гэмтсэнээс хүчил төрөгч алдагдсан.

Наймдугаар сарын 8-нд Серси суурингийн ойролцоох пуужин хөөргөх цооногт  "Project YARD FENCE" төслийг боловсронгуй болгох ажил хийгдэж байлаа. Долоон давхар цооногт тив алгасах "LGM-25C Titan-2" баллистик пуужин байрлуулсан байсан бөгөөд аюулгүй ажиллагааны үүднээс байлдааны толгойг нь авсан байжээ.

Ажилчдын нэг нь түлшний  хоолойг гэмтээснээс шатах шингэн асгарч эхэлсэн байна. Шатамхай хий цооногоор дүүрч түүнийг мэдэрсэн хүмүүс дээд давхрын гарц руу зүтгэцгээж эхэлжээ. Харамсалтай нь төдөлгүй гал авалцаж хүчтэй түймэр дэгдсэнээс 53 ажилчин амь насаа алдаж ердөө хоёр хүн л амьд гарч амжсан гэдэг. Азаар пуужин дэлбэрсэнгүй, хожмоо цооногийг 13 сарын дараа сэргээсэн байдаг.

Арканзас мужийн Серсийн пуужингийн цооног дахь түймэр

8 Плесецкийн сансрын буудалд болсон осол

1980 онд ЗХУ-д болсон энэ ослоор 48 хүн амиа алдсан юм. Шалтгаан нь пуужин хөөрөхийн өмнө шатахууны сав дэлбэрсэн явдал байв.

Албан ёсны дүгнэлт: Зохион бүтээх товчооны хариуцлагагүйгээс шатахууны савны шүүлтүүрийг шатамхай бодис оролцуулж хийсэн.

Гуравдугаар сарын 18-нд “Восток” пуужинг, тагнуулын “Икар” хиймэл дагуулыг тойрог замд оруулахад нь туслах зорилгоор хөөргөхөд бэлтгэж байлаа.

Керосин, шингэн хүчилтөрөгч, азотоор цэнэглэж байтал сүүлийн шатанд гэнэт ус төрөгч холилдох нь тэр. Ингээд л оч авалцаж 300 тонн түлш шатан асар их түймэр дэгдэн 44 хүн газар дээрээ нас барсан юм. Өөр бас дөрвөн хүн түлэгдсэний улмаас нас барж, 39 хүн гэмтэж шархадсан байна.

Комиссын зүгээс пуужин хөөргөх ажлыг хариуцаж байсан байлдааны тоотыг хариуцлагагүй хэмээн буруутгасан юм. Энэ явдлаас хойш 16 жилийн дараа хараат бус мөрдөн шалгах ажил хийснээр шатахууны шүүлтүүрт аюултай бодис оруулсан болохыг тогтоосон байна.

Плесецкийн сансрын буудалд болсон осол

9 Бразилийн Алкантара сансрын буудал дахь осол

2003 онд Бразилын сансрын буудалд пуужингийн хөдөлгүүрүүдийн нэг нь төлөвлөөгүй байхад ажилласнаас болж дэлбэрсэн бөгөөд улмаар  21 хүн амиа алдсан.

Албан ёсны дүгнэлт: Дэгдэмхий хий алдагдсан, цахилгаан соронзон үйлчлэл, мэдрэгчийн гэмтэл.


Бразил улс наймдугаар сарын 25-нд "VLS-3" пуужингаа хөөргөхөөр төлөвлөөд байлаа. Умард нутагт байдаг Алкантара сансрын буудал бол экваторт ойр байдгаараа пуужин хөөргөхөд хамгийн таатай газарт тооцогддог юм. Хоёр хиймэл дагуул тээвэрлэн тойрог замд оруулах зориулалттай пуужинг амжилттай хөөргөвөл Бразил улс Латин Америкийн анхны сансрын гүрэн болох байлаа. Гэхдээ энэ нь тийм алдар хүртэх гэсэн гурав дахь оролдлого нь байсан юм. Өмнө нь хоёр ч удаа бүтэлгүйтээд байжээ.

Наймдугаар сарын 22-нд хамгийн сүүлчийн хэмжилт хийх үеэр тэнд 100 орчим хүн байсан байна. Гэтэл пуужингийн эхний угсрааны дөрвөн хөдөлгүүрийн нэг гэнэт асаж түймэр дэгдэн улмаар шатахууны сав дэлбэрсэн байна. Улмаар пуужин хөөргөх талбайн 10 давхар төхөөрөмж бүрэн сүйрчээ.

Дэлбэрэлтийн улмаас тэнд ажиллаж байсан олон эрдэмтэд, инженерүүд амь алдсанаар Бразилын сансрын хөтөлбөр удаан хугацаагаар тасалдахад хүрсэн юм. Өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажил хийсэн ч ослын техникийн шалтгааныг бүрэн тогтоож чадаагүй байна.

Бразилийн Алкантара сансрын буудал дахь осол

10 Хятадын Сичуаны сансрын буудал дахь осол

1996 онд Хятадын Сичуан мужийн сансрын буудлаас хөөргөсөн пуужин нэгэн тосгоны дээр унасан энэхүү ослоор 6-100 хүн амиа алдсан.

Албан ёсны дүгнэлт: Хөдөлгүүрийн алтадсан хөнгөн цагаан цахилгаан утсанд гэмтэл гарсан

1990-ээд оны хоёрдугаар хагаст Хятад өөрийн сансрын хөтөлбөрийг боловсруулахын тулд маш идэвхтэй ажиллаж байлаа. Ингээд 1996 онд Орос улстай сансрын жолоодлогот хөлгийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Шинжээчдийн дүгнэлтээр бол энэ нь БНХАУ-ын сансрын салбарт шаардлагатай технологийн бааз байгуулахад Оросоос авч буй тусламж байв.

Хятадын талаас АНУ-тай хамтарч өөрийн “Их аян” пуужингаар Америкийн холбооны "Intelsat 708" хиймэл дагуулыг тойрог замд оруулах ёстой байв. Улмаар пуужинг Хятадын баруун өмнөд нутгийн Сичуаны сансрын буудлаас хоёрдугаар сарын 15-нд хөөргөх байлаа.

Пуужин товлосон цагт хөөрсөн ч ердөө 22 секундын дараа сансрын буудлаас холгүй байх тосгон дээр унаж дэлбэрсэн байна.

АНУ, Хятадаас томилсон мөрдөн шалгах комиссууд хөлгийн осолдсон техникийн шалтгааны хувьд санал нийлдэг ч амь үрэгдсэн хүмүүсийн тоон дээр зөрүүтэй тоо хэлдэг байна. Хятадын удирдлага ослын улмаас зургаан хүн амь алдсан гэдэг бол Америкийн шинжээчид хэдэн зуун хүн гэдэг.

Хятадын Сичуаны сансрын буудал дахь осол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()