1
Хууль зохиогч Ликург (Lycurgus)
МЭӨ IX-VII зууны хооронд амьдарч байсан Ликург нь өдгөө бүгдийн сайн мэдэх Спартын нийгэм, улс төр, цэрэг армийн тогтолцоог анх бий болгосон гавьяатай. Түүний нийгэм, улс төрийн салбарт хийсэн шинэчлэлүүд нь Спартын ард түмнийг тэгш эрхт ёс руу чиглүүлж, арвилан гамнах болон бие бялдраа хөгжүүлэхэд сургажээ.
Тэрээр өөрийн зохиосон хуулиудаа бичиж үлдээхийг хүссэнгүй, харин Спартчууд хуулийг нь өөрсдийн үг хэл, үйл хөдлөлдөө шингээж, өв уламжлал болгон сахиж явахыг даалгажээ. Ликургийн хийсэн томоохон шинэчлэлүүдийн нэг нь шинээр газар хуваарилсан явдал байж. Спартын мэдэлд байсан бүх газрыг тэрээр хүн бүрт ижилхэн хэмжээтэй хуваажээ. Тэгш байдлыг эрхэмлэсэн бас нэг жишээ нь нийтийн зоог байв. Хаан, харц ялгаагүй спартын бүх ард иргэд өдөр болгон нэг дор цуглан зоог барьцгаадаг байсан түүхтэй. Мөн Ликург охид, хөвгүүдэд хоёуланд нь тэгш боловсрол олгох ажлыг эхлүүлэхийн сацуу алт, мөнгөн зоосны оронд төмрөөр хийсэн зоосыг гүйлгээнд гаргасан юм.
2
Хелот нар (Helots)
Спартын түүхэн дэх хамгийн чухал нөлөө бүхий бүлгүүдийн нэг бол нийгмийн хамгийн доод давхаргынхан болох Хелот нар яах аргагүй мөн ажээ. МЭӨ IX зууны үед Спарт ойролцоох Лакони (Laconia) болон Мессений (Messenia) нутгийг эзлээд, ард иргэдийг нь олзлон боолчилсон нь хожмоо Хелот нар болсон юм. Грекийн бусад боолуудаас ялгаатай нь тэд тодорхой ардад харьяалагддаггүй, нийтэд харьяалагддаг, нэг ёсондоо “төрийн өмчийн” боолууд байжээ.
Дуулгавартай, ажилсаг эдгээр боолууд спартын бүх эрчүүдийг хар ажлаас чөлөөлсөн. Гэхдээ тэд маш олуулаа (нэг спарт тутамд долоон хелот) байсан тул бослого, үймээн дэгдээх аюулыг хэзээд дагуулж байв. Ингэснээр спарт эрчүүд хуулиар заавал цэргийн албанд зүтгэх ёстой болж, цэрэг армийн тогтолцоо хүчирхэгжин, зохион байгуулалт илт сайжирчээ.
3
Хосолсон засаглалын тогтолцоо (Diarchy)
Спартыг хоёр хаан нэгэн зэрэг захирч байсан нь нотлогдсон даруйдаа олон түүхчдийн сонирхлыг ихээр татсан юм. Энэхүү хоёр хаант тогтолцоо нь зөвхөн Спартад байсан зүйл биш ч дэлхий дахины түүхэнд их л ховор тохиолдож байжээ.
Домогт өгүүлснээр Геркулесийн (Heracles) дээд өвөг Аристодемус хаан (Aristodemus) хоёр ихэр хүүтэй байжээ. Хааныг өөд болсны дараа ардууд хөвгүүдийн нэгийг хаан ширээнд залах гэсэн ч аль нь ууган хүү болохыг ялгаж чадсангүй. Аполлоны сүмийн санваартнаас хэрхэхийг асуусанд тэрээр хоёр хүүг хоёуланг нь хаан ширээнд өргөмжлөхийг зөвлөжээ.
Спартын хоёр хаанд хэмжээгүй эрх байсангүй. Хосолсон засаглал, олигарх, ардчилал нь төрийн үндсэн тогтолцоо байв. Мөн дайны үед нэг хаан нь их цэргээ дагуулж, нөгөө хаан нь Спартдаа үлддэг байсан сонирхолтой баримт юм.
4
Хянагч түшмэд
Спартын ардчилсан тогтолцооны салшгүй нэг хэсэг нь сонгогдсон таван “Эфор” (Ephor) буюу хянагч түшмэлүүд ажээ. Жил болгон сугалаа сугалах зарчмаар энэхүү албаны хүмүүсийг сонгодог бөгөөд 30 нас хүрсэн ямар ч спарт эрд энэ албан тушаал нээлттэй байв. Олон нийтийн төлөөлөгч нарын хувьд Эфорууд нь хот улс дотор болж байгаа бүхнийг хянан шалгах эрхтэй байсан юм.
Тэдний гол гүйцэтгэх алба нь Спартын төрд буй ямар ч этгээд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байх явдлыг хангах мөн хууль хүн бүрт тэгш үйлчилж байгаа эсэхт хяналт тавихад оршиж байв. Мөн дайн тулааны үед буруу шийдвэр гаргах, эсвэл авилгал авах гэх мэт тохиолдолд Спартын хаанд ч хэрэг тохоож, шүүх хурал явуулах эрх тэдэнд байсан аж. Хэрэв хаан буруутай нь тогтоогдвол ихэнхдээ торгууль төлүүлж, зарим тохиолдолд хот улсаасаа хөөж шийтгэдэг байжээ.
5
Криптия (Krypteia)
Түүхчдийн дунд байнгын маргаан дагуулдаг нэгэн нууцлаг алба спартын түүхэнд байсан нь Криптия ажээ. Зарим нь тэднийг нууц албаныхан буюу хамгийн анхны чекистүүд (хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуул хийдэг хүмүүс) байсан гэдэг бол зарим хэсэг нь тэднийг цэргийн тусгай бэлтгэгдсэн хүчнийхэн байсан гэж үздэг. Гэхдээ ямар ч байсан Криптия нарын гол алба нь хелот нарын дунд дэг журам тогтоож, дарангуйлах байсан юм.
Цэргийн албанд хичээнгүйгээр үнэнч шударга зүтгэсэн залуу эрчүүдийг шалгаруулан Криптияд авдаг байв. Ингээд тэд илд агсаж, хөдөө нутгаар хэрэн явцгаана. Өдрийн цагт тэд бусдын хараанаас нуугдан явж, сэжигтэй харагдсан хелотыг мөрдөнө. Харин шөнийн цагт өөртэй нь тааралдсан ямар ч хелотыг тэр дор нь хороодог байв. Энэхүү харгис заншил оршин байсан нь хөдлөхгүйгээр тогтоогдсон боловч яг ямар зорилгоор ийм зүйл үйлддэг байв гэдэг дээр судлаачид одоог хэр нь санал нэгдээгүй л байна.
6
Герусиа (Gerousia)
Герусиа гэж Спартын төрийн тогтолцоонд байсан олигарх бүлэглэлийг хэлдэг. Өөрөөр “Ахмадын зөвлөл” гэж нэрлэгддэг байсан энэхүү бүлгэмийг хоёр хаанаас гадна 60-аас дээш насны 28 эр бүрдүүлдэг байжээ. Язгууртан гаралтай эдгээр эрчүүд насан туршдаа энэ албанд зүтгэхээр сонгогддог байв. Ликургийн шинэчлэлийн үед тэднийг мэдлэг чадварт нь тулгуурлан сонгодог байсан ч он жилийн уртад өөрчлөгдөж, сонгох үйл завхран муудаж эхэлжээ. Аристотель үүнийг “хүүхдийн наадгай” байсан гэж дурдсан байдаг.
Эхлээд шүүгчдийн бүлэг гаднын чимээ сайн сонсогдохуйц нэг өрөөнд байрлана. Тэгээд нэр дэвшигч нар нэг нэгээрээ гаран гадаа цугласан олонтой мэндчилнэ. Ингээд цугласан олны хариу хашхиралт нэр дэвшигч бүр дээр хэр чанга байгааг шүүгчид сонсож шийдвэрээ гаргах бөгөөд ерөнхийдөө хамгийн чангаар дэмжлэг авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг байсан аж.
Герусиа нь шүүх засаглалыг толгойлох ч нийтийг хамарсан аллага гэх мэт томоохон хэрэг гарсан тохиолдолд л цуглан хуралддаг байжээ. Мөн тэд сар болгон Спартын бүх эрчүүдийг цуглуулан хуралдуулж, шинэ шийдвэр гаргахад санал хураадаг байсан юм.
7
Пелопоннессийн холбоо
Спартууд Грек дахь давамгай байдлаа зөвхөн цэргийн хүчээр олж авсан гэвэл эндүүрэл болно. Дипломат ёс төрийн гадаад хэрэгт маш том үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд улс доторх цэргийн зохион байгуулалтад ч хүчин төгөлдөр хэрэгжиж байжээ. Спартууд дэлхийд анх удаа цэргийн байнгын эвслийн тогтолцоог байгуулсан бөгөөд энэ нь өнөөгийн НАТО-той тун төстэй аж. Өнөө үед “Пелопоннессийн холбоо” гэж нэрлэдэг энэхүү цэргийн эвслийг спартууд “Лакедаймончууд (спартууд) болон тэдний холбоотнууд” гэдэг байжээ. Аргосоос бусад Грекийн бүх хот улсууд энэ эвсэлд нэгдсэн юм.
Бусад түүхэн эвслүүдээс ялгаатай нь Пелопоннессийн холбоо гишүүдээсээ алба гувчуур татаж байсангүй, харин гишүүн бүрээс цэргийн хүч ижил тэгш гаргахыг шаарддаг байжээ. Спартуудын удирдаж чиглүүлснээр холбоотнууд Аргосыг буулган авч улмаар МЭӨ 404 онд Афиныг эзэлсэн байна.
8
"Гучин дарангуйлагч"
МЭӨ 431-404 оны хооронд болсон Пелопоннессийн дайны дараа Спартууд Афиныг газартай нь тэгшилж, ардуудыг нь боолчилсонгүй, харин тэдэнд өршөөл үзүүлж оронд нь тус хотыг бас нэгэн Спарт болгож хувиргахаар шийдсэн байна. Ингээд шинээр байгуулагдсан Засгийн газрыг ардчиллыг үзэн яддаг, олигархын тогтолцоог дэмждэг 30 язгууртан афин эр бүрдүүлжээ. Эдгээр эрс хожим “гучин дарангуйлагч” хэмээх муу нэрийг зүүсэн байна. Тэд иргэн бүрийн санал өгөх эрхийг үгүй хийж, өөрийн талын 3000 хүнийг “төлөөлөгч нар” болгон сонгожээ.
Тэд ихэнх хуулийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шинэчилж, эсэргүүцсэн болгоныг цөлж, үгүйрүүлж, алж хядаж эхэлжээ. Гэвч ердөө нэг жилийн дотор цөлөгдсөн ардууд эргэж ирэн бослого гаргаж дарангуйлагчдыг авч хаясан байна.
9
Спарт эмэгтэйчүүд
Спарт эмэгтэйчүүд эртний ямар ч иргэншилд байгаагүй тэгш байдал, эрх чөлөөг эдэлсэн юм. Тэд спарт эрчүүдтэй хамт боловсрол эзэмшиж, баялаг өмчилж, гэр бүл салах тохиолдолд өмчөө тэгшхэн хувааж авдаг байв.
Харин эр хүн олон эхнэр авч болох ч, шинэ бүсгүй гэртээ авчрахын өмнө заавал эхнэрээсээ зөвшөөрөл авах ёстой байв. Спартын төрөөс үүнийг хориглох нь бүү хэл, хүн амын өсөлтөд эерэг нөлөөтэй гээд харин ч дэмждэг байв.
Спартын эмэгтэйчүүд хаагуур ч чөлөөтэй явж, эрчүүдтэй яриа үүсгэх эрхтэй. Афин гэх мэт бусад хотуудад иймэрхүү зүйл огт байдаггүй байв. Тэд ихэнхдээ богино даашинз өмсөх ч зарим тохиолдолд чармай нүцгэн явдаг байж. Жишээлбэл, шашны ёслол болох үед Спартын бүх иргэд, эрэгтэй эмэгтэй ялгаагүй ямар ч хувцас өмсөлгүйгээр цуглардаг байжээ.
10
Спарт дахь өв залгамжлал
Өв хөрөнгө залгамжлуулах тохиолдолд, спарт эмэгтэй ахынхаа эсвэл эрэгтэй дүүгийнхээ авах ёстой хэмжээний талтай дүйцэх хөрөнгийг хүлээн авдаг байжээ. Харин эмэгтэй нь ах дүүгүй бол бүх хөрөнгийг өвлөж авах эрхтэй. Тухайн үеийн Спартын нийгэмд ардууд хөрөнгө хураахын оронд газар эзэмшихийг илүү эрхэмлэж байв. Олон удаагийн дайны уршгаар Спартад "oliganthropia" буюу эрчүүд эрс цөөрөх үзэгдэл бий болжээ. Ингээд хуулинд заасан өв залгамжлалын заалтын үр дүнд Спартын нийт хөрөнгө болон газрын гуравны нэгийг эмэгтэйчүүд эзэмших болжээ.
МЭӨ III зууны дунд үеэс эдгээр чинээлэг эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо эрс нэмэгдсэн байна. Жишээ нь, Агис IV (Agis IV) хааны ээж, эмэг эх хоёр болох Агисистрета (Agesistrata), Архидамия (Archidamia) нар юм. Спартын түүхэн дэх хамгийн баян эмэгтэйчүүд болох тэд улс төрийн салбарт маш их дэмжлэгийг авч байжээ.