1
Бид бодохдоо: Моцартыг Сальери хордуулж алсан
Гэвч: Алдарт хөгжмийн зохиолч Моцарт (Wolfgang Amadeus Mozart) цочмог хурц хэлбэрийн халуунаар нас барсан. Түүнийг нас барсны дараа эмч нар яг үнэн зөв онош тогтоох гэж оролдсон бөгөөд ихэнх нь түүнийг ямар нэг архаг өвчтэй байсан нь хурц халдварт өвчин тусахад нь суурь болсон гэдэгт санал нийлсэн байдаг. Харин хөгжмийн зохиолч Антонио Сальери (Antonio Salieri) түүнийг хордуулсан гэдэг нь худал юм.
Сальери тухайн үед сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байсан юм. Сальерийн тухай худал цуу яриа нь түүний амьдралыг эмгэнэлт жүжиг шиг болгосон гэдэг.
2
Бид бодохдоо: Ван Гог шизофрентэй байснаас чихээ огтолсон
Гэвч: Алдарт зураач Ван Гог (Vincent van Gogh) үнэхээр сэтгэцийн өвчтэй байсан уу гэдгээс эхэлье. Магадгүй ямар нэг хэмжээгээр байсан байж болох. Түүнд доорх сэтгэцийн эмгэгүүдийн аль нэг нь илэрдэг байжээ.
- Нидерландын Арле дахь сэтгэцийн эмнэлэг түүнд уушгины дэлбэнгийн гажиг байгаа гэсэн онош тавьсан байдаг
- Сэтгэцийн гажиг илэрсэн нь үнэн. Гэхдээ энэ нь ердөө сэтгэлийн хямрал, айдас, хяналтгүй үйл хөдлөл зэрэг байсан байна.
- Хоёр туйлт эмгэгтэй байсан. Зураач өдөрт хэд хэдэн зураг зураад дараа нь маш их гутралд ордог, энэ нь байн байн давтагддаг байсан гэсэн эмч нарын онош байдаг.
- Хувийн хязгаарлагдмал гажиг. Үүнийг сэтгэцийн эмч Эрвин ван Микерен тавьсан байдаг. Зураачийг сэтгэл санаа тогтворгүй, цочмог ууртай гэсэн байна.
Зураачийн сэтгэцийн эдгээр өөрчлөлтийг мэргэжилтнүүд абсент хэмээх мансууруулах бодистой холбоотой гэж нэрлэдэг байна. Хэргийн учир нь Ван Гог энэ дээрх абсентд ордог шарилжны ханд ихээр уудаг байсан нь үүнд нөлөөлдөг байсан байж болох. Хичнээн бага тунгаар уусан ч үүнийг хэрэглэсэн хүн хий юм харах магадлал өндөр байдаг ажээ.
Чихний тухайд бол Ван Гог үнэхээр өөрийн найз Пол Гогентой маргалдсаныхаа дараа чихээ огтолсон нь үнэн. Сэтгэлийн их хөөрөлд автан тонгорог авч чихээ тайрсан ч хожим нь үүндээ их шаналж гутралд орсон гэдэг.
3
Бид бодохдоо: Мөрөөдлийн тухай реквиемийг Моцарт бичсэн
Гэвч: Даррен Аронофски (Darren Aronofsky)-гийн киноны дуу болох “Мөрөөдлийн тухай реквием”-ийг хөгжмийн зохиолч Клинт Мэнселл бичиж утсан хөгжмийн “Кронос-квартет” дөрвөл дуулсан юм. Энэ реквием Моцарттoй ямар ч холбоогүй.
Яахав үнэхээр сонгодог энэ аязыг сонсоход үүнийг орчин үеийн хэн нэгэн зохиосон гэдэгт итгэхэд хэцүү л дээ. Харин Моцарт ийм маягийн реквием бичсэн үү гэвэл бичсэн. Бичвэр текст дээр тулгуурласан концертын хөгжмийн нэг төрөл. Энэ хоёр баримт нь гинжин хэлхээнд үргэлжилсээр Моцарт киноны дуу бичсэн гэдэг яриа болж тархсан нь энэ.
4
Бид бодохдоо: Гитлер авьяасгүй зураач байсан
Гэвч: Адольф Гитлер (Adolf Hitler) зураач болохыг мөрөөддөг байсан ч түүнийг ямар ч авьяасгүй гэснээр орхисон гэсэн яриаг бид хүүхэд байхаасаа л сонсож байсан. Залуу Гитлер ингээд шантарч хожим нь аймшигт дарангуйлагч болсон гэх.
Үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Залуу Адольф үнэхээр Венийн уран зургийн академид шалгалт өгөөд тэнцээгүй. Хэргийн учир нь түүний авьяасгүйд биш, харин түүний бүтээлд уран барилгын загвар харьцангуй цөөн байснаас болсон байна. Тухайн үед академийн захирал түүнийг уран барилгын чадвартай байх ёстой, энэ чиглэлээр илүүтэй ажиллах хэрэгтэй гэж зөвлөжээ. Ингээд ирээдүйн дарангуйлагч маань зураачаар ажиллаж зургаа худалддаг болсон байна. Түүний уран барилaгч болох мөрөөдлийг Дэлхийн I дайн тасалдуулж хожим тэр дайнд явж, аажмаар улс төр сонирхож эхэлжээ.
“Volkswagen Käfer” машины дизайныг Гитлер бодож олсон гэсэн яриа байдаг. 1933 онд тэрбээр яг ийм загварыг амны алчуур цаасан дээр зурсан байдаг нь үнэн.
5
Бид бодохдоо: Николай Гоголийг унтаж байхад нь амьдаар нь оршуулсан
Гэвч: Оросын алдарт зохиолч Николай Гоголийг хэт сульдаад унтаж байхад нь амьдаар нь оршуулсан гэдэг бүр аймшигтай худал яриа тархсан байдаг. Нэгдүгээрт, зохиолч маань үнэхээр үхэх өвчинтэй байсан, хоёрдугаарт, түүний шарилыг 1931 онд шилжүүлэн оршуулах гэж авсыг нь нээхэд гавал нь хажуу тийшээ эргэчихсэн байсан зэрэг нь ийм яриа тарахад хүргэсэн байна.
Тэнд байсан хүмүүс үнэхээр шоконд орж л дээ. Гэхдээ шарил шилжүүлэхээр нээх үед ийм төрх байнга таардаг гэж мэргэжилтнүүд баталжээ. Энэ нь авсны таглаанд дарагдсан хажуу хана тэлж унахад хамгийн дээр байрласан гавал доош дарагдан хажуу тийшээ эргэдэгтэй холбоотой гэнэ. Зарим хүмүүс алдарт зохиолчийн гавал бүр байхгүй байсан, авсны дотор талыг маажсан мөр гарсан байсан ч гэдэг.
Николай Василевичийг бүр шизофрентэй байсан гэсэн худал яриа ч бий. Өнөө үеийнхний хамгийн түгээмэл өвчин болох сэтгэцийг гажигтай байсан ч гэдэг. Харин энэ бүхэн түүний сэтгэлийн их хямралтай холбоотой л гарсан яриа юм.
6
Бид бодохдоо: Леонардo да Винчи нисдэг тэрэг зохион бүтээсэн
Гэвч: Алдарт зураач маань эргэлдэх сэнс зурсан байдгийг олон хүн анхны нисдэг тэрэг гэж үздэг. Энэ нь үнэхээр сэнсний ачаар дээш хөөргөх зориулалттай механизм мөн үү гэвэл мөн. Гэхдээ сэнсний шургийг хүмүүс гараар эргүүлэх ёстой байж.
Да Винчигйин намтар судлаач, Уолтер Айзексон (Wlter Isaacson) “Энэ сэнс зүгээр л үзэгчдийг хуурч, анхаарлыг нь сарниулах зориулалттай зүйл гээд, нисэх машины тухай огт биш, театр, гудамжны жүжигт зориулсан механизм” гэж тайлбарлажээ.
Харин нисдэг тэргийг зохион бүтээгч Игорь Сикорскийд Леонардо да Винчигийн энэ зураг нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
7
Бид бодохдоо: Зохиолч Михаиль Булгаков алдартай морфин хэрэглэгч байсан
Гэвч: Тийм ээ, зохиолч морфин хэрэглэдэг байсан. Гэхдээ 1916-1917 онд орон нутагт эмчээр ажиллаж байхдаа Булгаков хүндээр өвчилсний улмаас анх удаа морфин хэрэглэсэн тэр аж. Мэдээж донтохоос зайлсхийх нь түүнд хэцүү байж л дээ. Ингээд тэрбээр таван жилийн турш өөрийгөө нууцаар эмчилж 1921 он гэхэд морфин хэрэглэхээ бүрмөсөн больжээ. Тэгээд ч хамгийн алдартай зохиолуудаа үүнээс хойш бичсэн байдаг юм. Түүнийг бүр донтсон мансууруулагч байсан гэдэг нь бас л хэтрүүлсэн яриа.
8
Бид бодохдоо: Америкийн Эдгар Аллан По донтогч байсан
Гэвч: Америкийн хамгийн готик зохиолч Эдгар Аллан По (Edgar Allan Poe) ёстой үл ойлгогдох нөхцөл байдалд нас барсан юм. Түүнийг ямар ч хувцасгүйгээр гудамжинд ухаан алдсан байсныг нь олсон байдаг. Үүнээс хойш их удаагүй нас баржээ. Энэ үйл явдлын дараа олон нийт түүнийг гаж амьдралтай хүн гэж дүгнэхэд хүргэсэн. Мэдээж ингэж ярьдаг хүмүүс бол түүний утга зохиолын дайснууд, ялангуяа редактор, шүүмжлэгч Руфус Уилмот Грисволд байлаа.
Тэд бие биенээ байнга шүүмжилж мэтгэлцдэг байж. Зохиолчийг нас барсны дараа Грисволд нэр хүндийг нь гутаах аймшигтай зүйлүүд хийсэн юм. Тэрбээр Погийн намтрын талаар өгүүлэл бичиж зохиолчийг архичин, донтогч байсан гээд түүнтэй захидлаар харилцаж байсан хэмээн хуурамч захидал бичиж баримт болгосон гэдэг.
Эдгар Аллан Пог нас барснаас бараг 100 жилийн дараа энэ бүхэн худал, хуурмаг болох нь илэрч үнэн тогтоогдсон ч Грисволдын худал яриа олон жилийн туршид амнаас ам дамжин үнэмшигдсээр байсан юм.
9
Бид бодохдоо: Екатерина II хөзрийн мөрийд Аляскаг алдсан
Гэвч: Үнэн хэрэгтээ түүний ач Александр II 1867 онд Аляскийг Америкчуудад худалдсан юм. Гэхдээ үүнийг хоёр шалтгаанаар хийсэн гэдэг.
- Крымийн дайны үед Алс Дорнод дахь дайны ажиллагаанд Хаант Оросын зүүн нутаг, ялангуяа Аляск ямар ч хамгаалалтгүй нутаг болсон байна. Ингээд л дайнд алдсанаас худалдсан нь дээр гэж үзсэн хэрэг.
- Аляскийн газар нутаг бол үхмэл ямар ч ашиггүй газар. Тэгэхээр түүнийг худалдаж улсын санг арвижуулж, үр ашиггүй колониос салсан нь дээр гэж тухайн үедээ үзжээ.
10
Бид бодохдоо: Наполеоныг хортой ханын цаасаар хордуулж алсан
Гэвч: Гэгээн Елена арал дээрх Наполеоны өрөөний ханын цааснаас хүнцэл илэрснийг түүнийг нас барсны дараа илрүүлсэн гэдгээс үүдсэн таамаг яриа. Гэхдээ XVIII–XIX зууны үед хүнцлийг анагаах ухаанд, үйлдвэрлэлд хэрэглэж байгаагүй. Тэгээд ч талийгаачийн үснээс ийм шинж тэмдэг гараагүй. Наполеон Бонапарт ходоодны хорт хавдраар нас барсан юм.
11
Бид бодохдоо: Кино зургийн камерыг ах дүү Люмьер бүтээсэн
Гэвч: Энэ бол хамгийн маргаантай, тайлагдашгүй зүйл. Хөдөлж буй хүмүүсийн зургийг кино урлагийг үндэслэгч гэдэг ах дүү Люмьер (The Lumière brothers) аваагүй юм. Харин “Раундхэй дэх цэцэрлэгт” гэдэг энэ зургийг 1888 онд зохион бүтээгч Луи Лепренс (Louis Le Prince) авсан байна.
Тэгэхээр энэ хүн л манай гариг дээр хөдөлгөөнт дүрсийг хальсанд буулгах анхны аппарат, кино камерыг бүтээж, анхны кино зургийг авсан байх нь. Харин зохион бүтээгч өөрийнхөө бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалж амжилгүйгээр галт тэргэнд суугаад алга болсон гэдэг. Үнэхээр тийм. Лепренс Дижон хотоос Парис орох галт тэргэнд суугаад тэр чигтээ сураггүй алга болсон юм.
12
Бид бодохдоо: Пушкин эхнэрийнхээ төлөө Дантесыг халз тулаанд дуудсан
Гэвч: Францын цэргийн офицер Дантес (Heeckeren d'Anthès) Оросын алдарт яруу найрагч Александр Пушкиний эхнэртэй холбогдоод үүнээс болж халз тулаан хийж, улмаар нэрт яруу найрагч суманд оногдон амь алдсан гэсэн ярианд бид итгэсээр ирсэн. Үнэн хэрэгтээ хэрэг явдал яг ч ийм биш ажээ.
Дантес үнэхээр яруу найрагчийн эхнэр Наталья Гончаровад дурлаж, үүнийгээ ч бусдаас нуудаггүй байж. Харин Пушкин эхнэртээ итгэж хайрласаар л байлаа. Гэтэл юманд хэмжээ хязгаар бий. 1836 онд Пушкин сайд Уваровтай маргалдсанаас нэр хүнд нь унаж эхлэв. Бас санхүүгийн хувьд ч хэцүү байдалд орж байхад дөрөв дэх хүүхэд нь төрлөө.
Пушкинийг шүүмжлэгчид олон болж, нөхөд нь нүүр буруулж эхлэв. Түүнийг доог тохуу хийсэн, буцах хаяггүй нэг захидал ирсэн нь “Нэгдүгээр зэргийн торгон цэргүүд, алдрын одонтууд Аугаа Капитулед цугларч эрхэм дээдэс Д.Л.Нарышкин нар санал нийлэн ноён Александр Сергеевич Пушкиныг ирүүлд дуудан сонголоо” гэсэн байжээ.
Пушкинийг өрөвдөлтэй амьтан гэсэн нь ойлгомжтой. Эзэн хаан Николай I ч өөрөө Пушкиныг ингэж нэрлэж байж. Алдарт зохиолч маань захидлын эзнийг барон Геккерн гэж бодож байсан ч энэ нь алдаа байсан юм. Ингээд л тэрбээр халз тулаанд орох болсон. Гэтэл Луи Геккерн нь Нидерландын дипломат ажилтан байснаас ирүүлд оролцох ёсгүй байлаа. Үнээс гадна Луи Геккерн нь Жорж Дантесын өргөж авсан эцэг нь байсан юм. Ингээд л А.С.Пушкин Дантесыг ирүүлд дуудаж. Цааш нь юу болсныг ярихын хэрэггүй биз ээ.