1
Мэри Ли (Mary Lee) –ийн сүнс
Кентаки мужийн Луйсвилл хотод 1910 онд "The Waverly Hills" сувиллын газар байгуулагджээ. Анх тус сувилалд сүрьеэгээр өвчилсөн 40-50 өвчтөн байрлаж байсан юм. Хожим дэлхий даяар сүрьеэ эрчимтэй тархсанаас болж илүү тус сувилалд өвчтөний тоо эрс нэмэгдсэн байна. Улмаар 1924-1961 оны хооронд 6000 гаруй хүн тэрхүү сувилалд нас барсан аж. Тэнд үхсэн хүмүүсийн цогцсыг хадгалах урт тунел маягийн танхим байдаг нь сүнс судлаачдын сонирхлыг ихэд татах болжээ.
1961 онд сувиллыг хаасан бөгөөд 2005 онд олон хүмүүс тэр газарт хэд хэдэн сүнсний зураг авч үлдээжээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь доорх зураг юм. Зургийн баруун гар талд хонгилын голд залуу охины сүнс дүрслэгдсэн байх бөгөөд судлаачид тэндхийн залуу сувилагч Мэри Ли (Mary Lee)-гийн сүнс гэж тогтоосон байна. Мэри Ли эмч нарын нэгтэй дотно харилцаатай байсан бөгөөд өөрийгөө бие давхар болсныг мэджээ. Сүй тавьж гэрлээгүй байсан тэрээр бусдаас ичсэндээ өөрийгөө 502-р өрөөнд дүүжилж хороосон аж.
2
Колумбын ахлах сургуулийн сурагчид
Энэ зургийг анх харахад 1990-ээд оны залуусын жирийн нэг ангиараа авахуулсан зураг шиг харагдана. Гэвч Колумбын ахлах сургуулийн 1999 оны ахлах ангийн сурагчдын инээмсэглэсэн энэхүү зураг нь аймшигт зүйлийг өөртөө агуулжээ. Тухайн үед зургийг хоёр удаа дарсан бөгөөд эхнийх нь энгийн зураг гарсан бол хоёр дахь дээр нь хиртхиймээр, аймшигт зүйл дүрслэгдсэн байна. Зургийн зүүн дээд талыг харвал 17 настай Дилан Клиболд (Dylan Klebold), 17 настай Эрик Харрис (Eric Harris), Брүүкс Браун (Brooks Brown) нар найз нарынхаа хамт камер руу бууны дүрс гаргасан байгааг харж болно. Энэ зургийг авахуулснаас хойш долоон хоногийн дараа аймшигт аллага гарсан юм. Тэрхүү ёрын өдөр Брүүкс Клиболд, Харрис хоёртой хичээлдээ хоцорч ирэхэд нь тааралдсан бөгөөд Харрис Брүүкст гэртээ харь гэж хэлээд тэр хоёр сургуулийн цайны газар руу дагуулж орон шууд буудаж эхэлжээ. 50 минутын турш галласнаар 12 сурагч, нэг багш алагдаж, 21 хүн шархаджээ.
3
"The Grand Canyon"–ы хадуурчин
Энэ зургийг 1970 –аад оны сүүл 1980-аад оны эхээр авсан бөгөөд 2013 онд "ЗомбиГандаффи" гэх хэрэглэгчийн нэртэй хүн "Реддит" цахим хуудас руу хуулсан байна. ЗомбиГандаффигийн хэлснээр хавцлын эрмэг дээр зогсож байгаа залуу бол түүний авга ах бөгөөд энэхүү зургийг дараад хэдэн долоо хоногийн дараа түүний ард хар нөмрөг өмссөн өндөр, цонхигор царайтай, халзан залуу камер руу харан зогсож байсныг мэджээ. Зургийг дарах үед авга ах болоод зураг авсан хүн хоёул тэнд юу ч байгаагүй хэмээсэн юм. Энэ зураг дээр чухам хэн гарсан талаар маш олон таамаг байдаг, зарим хүмүүс энэ зураг дээр тамын элч гарсан гэж үздэг. Өөр нэг гаргалгаа бол хадан цохионоос авга ахыг нь түлхэхээр төлөвлөж байсан залуу байсан бөгөөд харин камертай гэрчийг хараад бодлоо өөрчилж, нуугдсан гэдэг. Харин та юу гэж бодож байна?
4
Суданы өлсгөлөн
Энэхүү аймшигт зургийг "Time" сэтгүүлийн зурагчин Жэймс Нактуэй (James Nachtwey) 1993 онд авчээ. Зураг дээрх эр Судан улсын тусламжийн төвийн ойролцоо өлсгөлөнгөөс болж хөл дээрээ ч зогсож чадахгүй, үхлээ хүлээн байсан ажээ. 1983 оноос тус улсад иргэний дайн дэгдэж, үүнээс үүдэн улс даяараа өлсгөлөнд нэрвэгдээд байж. 1998 он гэхэд Суданд 70,000 гаруй хүн хүнсний дутагдал, өлсгөлөнгөөс болж нас баржээ. Одоо ч энд өлсгөлөн байсаар байгаа бөгөөд 4,2 сая иргэдийнх нь 30,000 гаруй нь үхлээ хүлээсээр байгаа юм.
5
Дийн Корл (Dean Corll) –н нэргүй хохирогч
Энэ зураг чанар муутай харагдаж байгаа ч энэ жагсаалтын хамгийн аймшигтай зургуудын нэг юм. Энэ зургийг Элмэр Уэйн Хэнлий (Elmer Wayne Henley) хэмээх залуугийн нэр дээр байдаг поларойд аппаратаас авсан юм.
1971 онд Техас мужийн Хьюстон хотод Хэнлий хүү 15 настай байхдаа Дийн Корл хэмээх эртэй танилцжээ. Корл Хэнлийд өөр дээр нь хүүхдүүд авчирч ирвэл мөнгө өгөхөөр амалсан байна. Тэрээр хөвгүүн бүрийн төлөө 200 ам.доллар төлье гэжээ. Хоёр жил гаруйн хугацаанд Хэнлий Дэвид Брүүкс хэмээх найзтайгаа учрыг нь мэдэхгүй хэрнээ Корлд хүүхдүүд нь зөөж өгч мөнгө олох болжээ. Гэтэл Корл хүүхэд тамладаг “The Candy Man” хочтой цуврал алуурчин болох нь тогтоогдож. Корл дор хаяж 28 хүүг тамлан алсан байдаг. Ийнхүү буруугаа ойлгосон Хэнлий 1973 оны наймдугаар сарын 8-нд Корлыг буудан хороожээ.
Зураг дээрх хөвгүүн Корлын хүн тамалдаг багаж хэрэгслээр дүүрсэн хайрцагт гартаа гавтай, маш их айсан байдалтай гарсан байна. Энэ хүүг хэн гэдгийг тогтоож чадаагүй бөгөөд цагдаа нар Корлын 29 дэх хохирогч хэмээн таамагладаг юм.
6
Гал түймрийн хөнөөл
1975 оны долдугаар сарын 22 –нд Бостон хотын "Хералд" сонины зурагчин Стэнлий Форман (Stanley Forman) гэртээ харих замдаа ойролцоох байшинд гал гарч байгаа талаар мэджээ. Форман тус газарт ирээд 19 настай Диана Брайант (Diana Bryant), түүний хоёр настай охин Тиеар Жонс (Tiare Jones) нарыг галаас зугтан 15 метр өндрөөс унахыг харжээ. Гал сөнөөгч шатан дээрээс хүүхдийг өөрт нь өгөхийг гуйсан боловч түүнийг өгч амжаагүй байхад гал ширүүсч Диана, Тиеар хоёр доош унасан байна. Диана хүнд гэмтсэнээс тэр шөнөдөө эмнэлэгт нас барсан боловч унах үедээ охиноо аварч чадсан байна. Уг осол нь улс даяар гал түймэр гарахтай холбоотой хатуу дүрэм, журам шинэчлэн тогтооход хүргэсэн бөгөөд Форман энэхүү зургаараа "Breaking News" болон "World Press Photo"-ийн Пулитцерийн шагналыг хүртсэн байна.
7
Режина Уалтерс (Regina Walters) – ийн сүүлчийн зураг
Энэ зураг нь Техасын Пасадена хотын ойролцоо авахуулсан 14 настай Режина Уалтерсын сүүлчийн зураг юм. Зургийг авахаас хоёр долоо хоногийн өмнө цуврал алуурчин Роберт Бэн Рүүдс (Robert Ben Rhoades) Режинаг хулгайлсан агаад энэ зургийг Роберт дарснаас охины царайнд аймшигтай айдас хурсан байгаа ажээ.
1990 оны эхээр Рүүдс хэмээх эр Техасын эзгүй замаар явж байгаад Режина охиныг найз хөвгүүн Рики Жонстой нь хамт олж хулгайлан Жонсыг тэр дор нь хөнөөжээ. Харин Режинаг өөрийн тамлагааны үүр болох машиныхаа арын тээшинд хорьж, хоёр долоо хоногийн турш тамлан зовоосон байна. Түүний үсийг хайчлан зураг авахын тулд даашинз, өндөр өсгийт өмсүүлсэн аж.
Зургийг авсныхаа дараа төд удалгүй Рүүдс Режинаг алж, цогцсыг нь тааралдсан амбаартаа хаяжээ. Рүүдс энэ хэрэг явдлаас хойш хоёр сарын дараа баривчлагдсан бөгөөд одоо ч шоронд хоригдож байгаа юм.
8
Кэйт Сапсфорд (Keith Sapsford)
1969 онд гэр бүлийнхнээ аялалд явсан хойгуур 14 настай Кэйт Сапсфорд адал явдлын эрэлд гарч, аймшигт төлөвлөгөө боловсруулжээ. 1970 оны хоёрдугаар сарын 22-ны өглөө Сапсфорд футболк, шорт, углаашаас өөр юм өмсөлгүй Сидней хотын Кингсфорд Смит нисэх буудалд очин Токио хүрэх онгоцны дугуйнд нуугджээ. Онгоц газраас хөөрч, дугуйн хаалга онгойх үед 45м–ийн өндрөөс Сапсфорд доош унаж, үхсэн байна.
9
Анналис Мишел (Anneliese Michel)-ийн чөтгөр зайлуулах зан үйл
1975 онд Германы Клингенберг хотод амьдардаг 23 настай Анналис Мишелд ямар нэг гаж зүйл тохиолдоод байгааг нэгэн настай эмэгтэй гадарлажээ. Анналис христийн зургуудаас харц буруулж, ариун уснаас ч уулгүй, биеэсээ муухай үнэр үнэртүүлсэн байдаг байж. Тухайн хотын чөтгөр шулмыг тарнидан зайлуулагч ирэн Анналисыг шинжлээд түүнийг чөтгөрт эзэмдүүлсэн байна хэмээн оношилжээ. Зургаан сарын турш гурван өөр тарнич Анналисийн биеэс чөтгөрийг зайлуулах зан үйл үйлдсэн боловч Анналис 1976 оны долдугаар сард тэрээр өлсгөлөнгөөс болж хорвоог орхижээ.
Зүүн талын зураг чөтгөрийг зайлуулах зан үйл эхлэхээс өмнөх, харин баруун талынх нь зан үйл эхэлснээс хэдэн сарын дараа авсан зураг юм. Анналисийг үхсэний дараа хоёр тарнич болон Анналисийн эцэг эх нар хүн амины хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Түүний түүхээс сэдэвлэн 2006 онд “Эмили Рөүзийн чөтгөр зайлуулах зан үйл” хэмээх кино бүтээгдсэнийг та мэдэх үү?
10
Дэнис Рэйдэр (Dennis Rader)
Зураг дээрх хүн хэн нэг алуурчны хохирогч мэт харагдаж байгаа боловч энэ нь "BTK" хочит цуврал алуурчин Дэнис Рэйдэрийн зураг юм. Рэйдэр Канзас мужийн Вичита хотын ойр хавиар 1974-1991 оны хооронд нийт 10 хүний аминд хүрэн, нэг л өдөр гэнэт аллагаа зогсоосон байна. Аллагын үеэр болон түүний дараа ч Рэйдэр эхнэр хоёр хүүхдийн хамт энгийн амьдралаар амьдарч байжээ. Мөн тэрээр сүмийн идэвхтэн гишүүдийн нэг байсан агаад 2005 онд баривчлагдсаныхаа дараа цагдаа нарт хандан ахин аллагаа эхлүүлнэ хэмээн сүрдүүлсэн захидлууд илгээсэн удаатай.
10 хүний амийг хороосноо тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Рэйдэрийн эд зүйлс дундаас эмэгтэй хүний дотуур хувцас, маск өмсүүлсэн эсвэл пластикаар ороож булшинд хэсэгчлэн оршуулсан цогцосны зургуудыг олж илрүүлжээ. Харин энэ зургийг тэрээр өөрийгөө хүлж байгаад камерийнхаа цагийг тавиад авсан байна.