1
Тампьегийн авиа-машин (1921)
1921 онд Францын загвар зохион бүтээгч Рене Тампье онгоц бүтээснийхээ дараа бага хүчин чадалтай туслах моторын тусламжтайгаар яг л машин шиг зам дээгүүр явдаг онгоц бүтээх гэж оролдож эхэлсэн байна. Онгоцны сүүл орчим байх нэмэлт хос дугуйг хөтлөгч болгон ашиглахаар тооцжээ. Энэ загварыг замаар явах үед далавч нь эвхэгдэж сүүл хэсгээрээ урагш хөдөлж явах зориулалтаар бүтээсэн байна. Ердөө хоёрхон хувийг л үйлдвэрлэсэн аж.
2
А.Х. Расселийн машин (1924)
Зохион бүтээгч А.Х.Рассел мөн л далавчтай, радиатортоо сэнс бүхий автомашиныг 1924 онд Нью-Жерси мужийн Нутлид бүтээсэн байна.
3
Автомашин, онгоц, завины иж бүрдэл (1928)
Агаарт нисэж чадсан эсэх нь тодорхойгүй энэ тээврийн хэрэгсэл онгоц, машин, завь гээд гурван төрлийн үүрэг гүйцэтгэх ёстой байжээ.
4
Жесс Диксоны нисдэг машин (Jess Dixon’s Flying Auto) (1940)
Энэ нисдэг машин бараг л домог болж гэрэл зурагт үлдэн Алабама мужийн зарим сонины нүүрэнд гарч байсан ч өдгөө үүнээс ямар ч ул мөр үлдээгүй юм. Бичвэрт тэмдэглэснээс үзэхэд энэ зургийг 1940-өөд онд авсан бололтой. Нисэх аппаратын түүх сонирхогчдод бол машин гэхээсээ хөнгөн нисдэг тэрэгтэй төстэй, дээрээ бие биенийхээ эсрэг эргэдэг хоёр сэнстэй байжээ. Үүнээс гадна мэдээж зам дээгүүр давхиж чадна.
Энэхүү нисдэг автомашин нь 40 морины хүчин чадалтай багахан мотортой байжээ. Сүүл хэсэгт байх залуурыг гишгүүрээр удирдаж цагт 160 км давхиж, урагшаа, хойшоо нисэхээс гадна байран дээрээ эргэлдэн нисэх чадвартай байжээ. Хачирхалтай нь энэ нисдэг машины тухай хэн ч хэзээ ч сонсоогүй өнөө хүрчээ.
5
Тед Холлын "NX59711" (1946)
130 морины хүчтэй энэ нисдэг машин нь зам дээгүүр цагт 100 км хурдалдаг бол агаарт цагт 175 км хурдан нисдэг байжээ. Гэхдээ энэ бол нисэхийн инженер Тед Холлын анхны загвар юм. Техасын "Portable Products Corp" компани энэ загварыг бөөнөөр нь үйлдвэрлэхээр судалж байж.
Энэ нисдэг автомашин нь сэнс, далавч, сүүл, залууртай сэнс нь машиныхаа өмнө хэсэгт байрлаж хойд хэсэг нь ердийн машин шиг аж. Газраас хөөрөх үед сэнс, хойд дугуй түлхүү үүрэг гүйцэтгэнэ.
6
Аэрофиби
1946 онд Роберт Эдисон бага Фултоны бүтээсэн аэрофиби буюу агаар, газарт явах энэ машин хөнгөн цагаан их биетэй, онгоцноосоо тусдаа, 165 морины хүчтэй зургаан бүлүүрт мотортой байжээ. Хөнгөн материалаар хийсэн далавч бүхий сүүл хэсгийг машинд залган угсарснаар онгоц болон хувирдаг энэ машиныг ердөө дөрөвхөн хувь угсарчээ.
7
"ConvAirCar Model 118" (1947)
"Convair Model 118" нисдэг машиныг хоёрхон хувь угсарсан гэдэг. Уг нь олон нийтийн хэрэглээнд зориулан анх гаргасан ч шатахууны зарцуулалтаас болоод эхнийхийг нь алдсан байна. Хоёр дахь нь амжилттай болж нисэж чадсан ч энэ төслийг сонирхох нь эрс буурснаас зогсоожээ.
Хоёр төрлийн зориулалттай энэ машиныг Калифорни мужийн Сан-Диегогийн "Consolidated Vultee Aircraft" компанид зориулан Теодор П. Хол зохион бүтээсэн ч мөн л үйлдвэрлээгүй юм. Онгоцных нь биш, харин машиных нь шатахуун заагч гэнэт түлш дууслаа гэж зааснаас туршин нисгэгч нь ослын буултаар газардсан гэдэг.
8
"Stout" фирмийн загвар (1950)
Гэрэл зургийг томруулаад анхааралтай ажиглах юм бол сүүлэн дээр байгаа "Stout" фирмийн нэрийг уншиж болно. Гэхдээ энэ бол зүгээр л загвар. Зураг дээр "Stout"-ын далавчгүй загвар харагдаж байна.
9
Пясецкийн Аэрожип (1958)
Америкийн зохион бүтээгч, инженер Фрэнк Пясецкийн бүтээсэн VZ-8 нисдэг жипийг арми хүлээн авсан боловч эцэст нь "VZ-7" төслийг зогсоосон байна. Энэ үед нисдэг тэрэг хэдийнэ түгээмэл болоод байсан ч цэргийнхэн нисгэгчдийг аль болох богино хугацаанд бэлтгэх авсаархан бага оврын хялбар нисэх төхөөрөмж сонирхож байлаа.
Аэрожипийг долоон хувилбараар бүтээж үзээд эцэст нь “Цэргийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй” гээд орхисон ч бүгдийг нь анхны загвараар нь хадгалж үлджээ. Энэ нь хойд урд талдаа эгц дээшээ хөөргөх зориулалттай хоёр том сэнс, дунд хэсэгтээ нисгэгчийн суудал, газраар давхих зориулалттай гурав юм уу дөрвөн дугуйтай юм байна. Эхлээд их бие нь шулуухан байсан бол сүүлдээ хамрыг нь ялимгүй дээш өргөж V корпус төрхөө олсон байна. Тэнгисийн цэргийн флот энэ загварыг далай тэнгист ашиглахаар бодож, хөвдөг загвар болгохыг оролдож байсан ч мөн л тэгсхийгээд орхижээ.
10
Мултон Тейлорын "Aerocar II" (1964)
Алдарт "Aerocar roadable aircraft" буюу агаар, газарт явах зориулалттай аэро машины үргэлжлэл болгож Мултон Тейлорын бүтээсэн Aerocar II бол АНУ-д 1964 онд хөөргөж туршсан ер бусын хөнгөн онгоц байлаа. Тейлор өмнөх "Aerocar"-ын далавч, сүүлийг ашиглан түүнийгээ шинэ кабинтай холбосон байна. Мөн жинг нь багасгаснаар "Aerocar II" хоёр хүнийг илүү тээх боломжтой болжээ. Гэвч үүнийг ердөө ганц хувь л үйлдвэрлэсэн аж.
11
"AVE Mizar" (1971)
Калифорнийн "Advanced Vehicle Engineers" компани 1940-өөд оны "ConvAirCar"-ыг санагдуулахаар нисдэг аппарат бүтээхээр 1971 онд шийдвэрлэсэн байна. Тэд "Ford Pinto" машиныг "Cessna Skymaster"-тай холбоод л энэ загварыг зохион бүтээжээ. Хагас машин, хагас онгоц гудамжинд бол энгийн "Ford Pinto" л давхиж байна гэсэн үг. Түүний хөдөлгүүр нисэх үед хангалттай хурдалж чаддаг тул онгоцны сэнс энэ үед ажиллаж эхэлдэг байна. Газардах үедээ хурдаа хасахдаа ердийн машины тоормоз л ашигладаг байжээ. Харамсалтай нь 1973 онд энэ машиныг бөөнөөр нь үйлдвэрлэхээс нэг жилийн өмнө онгоцны баруун далавч эвдэрч машин өөрийн ирээдүйтэй хамт газарт унасан байна.
12
"AVE Mizar" (1973)
Мизар одыг бэлгэдсэн "AVE Mizar" нь 1971-1973 оны хооронд "Advanced Vehicle Engineers" (AVE) компанийн үйлдвэрлэсэн хөнгөн онгоц юм. Тус компанийг Нортропын нисэхийн инженерийн дээд сургуулийг төгссөн Генри Смолинск болон Гарольд Блейк нар байгуулсан байна.
Нисдэг машинаа тэд "Ford Pinto" автомашин, "Cessna Skymaster" онгоцны загварыг ашиглан бүтээсэн аж. "Skymaster" онгоц нь хоёр сүүлтэй байсан нь нисдэг машин болгоход хамгийн тохиромжтой байжээ.
"Peterson’s Complete Ford Book" лавлахад бичсэнээр бол 1973 оны дунд үе гэхэд хоёр ч ийм загварын тээврийн хэрэгсэл бүтээчихээд дахиад гурав нь боловсруулах шатандаа явж байжээ.
Нэгийг нь "AVE"-гийн түнш Берт Боккманы эзэмшдэг "Van Nuys Ford" гэдэг нисэхийн салонд нислэг хийж үзээлэхээр хүлээлгээд өгчихсөн байлаа. 2010 морины хүчтэй "Teledyne Continental Motors" хөдөлгүүртэй хоёр дахь загварыг нь 1973 оны тавдугаар сарын 8-нд хэвлэлийнхэнд танилцуулжээ.
"Mizar" газраас тасрах үедээ онгоцны ч машины ч хөдөлгүүрээ зэрэг ашиглах ёстой байв. Энэ нь зурвас дээр гүйх зайг богиносгодог байна. Харин агаарт хөөрснийхөө дараа машиныхаа хөдөлгүүрийг унтраана. Буух үед газраас 160 метрийн өндөрт дөрвөн дугуй нь гарч онгоцны хурдыг багасгахад тусална. Газарт далавч нь хумигдаж "Ford Pinto" машин планераасаа салан ердийн машин болж хэвийн ажиллаж эхэлнэ.
1973 оны есдүгээр сарын 11-нд Камарилло дахь туршилтын үеэр "AVE Mizar"-ын баруун далавч салж унасан юм. Энэ онгоц-машиныг ямар ч нисгэгч туршихыг хүсээгүй учраас зохион бүтээгч Смолински өөрөө жолоодож ниссэн гэдэг. Зарим мэдээллээр бол нислэгийн үеэр авто машин планераас бүрэн салсан байна. Дурангаар харж байсан агаарын хөдөлгөөний хянагч “Нисгэгч онгоцоо эргүүлэх агшинд баруун далавч нь салж уналаа” гэж мэдээлжээ. Смолински болон кабинд нь явсан "AVE"-гийн дэд ерөнхийлөгч Гарольд Блейк нар энэ ослын үеэр амь үрэгдсэнээр энэ төсөл төгсгөл болжээ.