Хүүхдүүдийг хүчирхийлж, боолын хөдөлмөр хийлгэж буйг нотлох аймшигтай баримтууд

2018-08-09, 14:06
16,311

Ихэнх хүн хүүхдийн хөдөлмөр, боолчлолыг өнгөрсөн зууны хамгийн бусармаг үйлдэл гэж боддог. Гэхдээ өнөөдөр ч зарим улс оронд бага насны хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр хийлгэх асуудал байсаар байна. Дэлхий даяар 5-17 насны 218 сая хүүхэд бүтэн өдрийн хөдөлмөр эрхэлдэг бол тэднээс 152 сая нь 5-11 насныхан гэнэ. НҮБ-аас дэлхий дээр 73 сая хүүхэд аюултай, хүнд нөхцөлд ажиллаж, сургуульд сурч, тоглож наадах эрх нь зөрчигдөж байна гэсэн судалгаа гаргасан юм. Уншигч та бүхэндээ хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх түүхэн баримтуудыг орчуулан хүргэж байна.

Хүүхдүүдийг хүчирхийлж, боолын хөдөлмөр хийлгэж буйг нотлох аймшигтай баримтууд

1 Аж үйлдвэрийн хувьсгалын үр нөлөө хүүхдийг хүнд хөдөлмөрт уруу татсан

Аж үйлдвэрийн хувьсгалаар хүн төрөлхтний өнөөдрийн хөгжилд хүрэх зам тавигдсан гэж үздэг. Гэхдээ тухайн үед энэ үйл явц боолчлолыг бий болгож, хүний, ялангуяа хүүхдийн эрхийг зөрчих үүд хаалгыг бас нээсэн. Тухайн үед хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг ид өрнөж, өнчин болон ядуу гэр бүлд төрж өссөн хүүхдүүд ихэд хохирсон юм. Аж үйлдвэрийн хувьсгалын өмнө эцэг эхчүүд үр хүүхдэдээ худалдаа наймаа хийх арга зааж өгч, өөрийн чаддаг мэддэг бүхнээсээ хуваалцдаг байсан бол дээрх хувьсгалын дараа бүх зүйл өөрчлөгдсөн юм. Бүх салбарт техник технологи нэвтэрч, ингэснээр хүмүүс үйлдвэрт олон цагаар ажиллаж, түүнийхээ хариуд маш бага цалин авч эхэлсэн билээ.

Ийнхүү өрхийн орлого огцом буурч, эцэг эх нь хүүхдийнхээ тусламжийг авахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тухайн үед бага насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар эрх зүйн зохицуулалт байгаагүй учир энэ зүйлийн буруу, зөвийг ч хүмүүс тэр бүр ойлгодоггүй байлаа.

Аж үйлдвэрийн хувьсгалын үр нөлөө хүүхдийг хүнд хөдөлмөрт уруу татсан

2 Яндан шүүрдэгч хүмүүс өнчин хүүхдүүдийг боолчилдог байв

Тухайн үед яндан шүүрдэгчид эрэлт хэрэгцээтэй байсан бөгөөд тэд үнэхээр хүнд хэцүү нөхцөл байдалд ажилладаг байсан юм. Тэд айлын яндан руу орж бүх үнс, тоос шороог нь шүүрддэг байсан учир хожим уушгины хорт хавдар тусахад хүргэдэг байв. Ийнхүү эрүүл мэндэд хортой ажил хийдэг байснаа тэд ухамсарлаж хүүхдээр ажлаа гүйцэлдүүлэхийг илүүд үзжээ. Ингээд тэд ядуу айлын хүүхдүүдийг хямд үнээр худалдан авч тэднээр яндан цэвэрлүүлэх ажлыг хийлгэдэг болсон байна. Үүнийхээ хариуд хүүхдэд ширхэг зоос ч өгдөггүй, бүх ажлаа хийлгүүлдэг байсан аж. 

Яндан шүүрдэгч хүмүүс өнчин хүүхдүүдийг боолчилдог байв

3 Нью-Йоркийн сонин зардаг хүүхдүүд

Олон арван жилийн өмнө Нью-Йорк хотод хүүхдүүд өглөө эрт босож сонин бөөндөж аваад гудамжаар хашгирч зардаг байжээ. Олон түүхэн кинон дээрээс та тэднийг харсан байх. Гэхдээ кинон дээр сонин тарааж буй хүүхдүүд маш зугаатай ажил хийж байгаа мэт инээд хөөр дүүрэн харагддаг. Харин бодит байдал дээр тухайн үед өнчин хүүхдүүд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хотын нэг захаас нөгөө зах хүртэл явж сонин зардаж байжээ. Бүхэл өдөржин хүмүүст хөөгдөж, гүйснийхээ хүчинд 30-хан центийн цалин авдаг байсан гэхээр өрөвдмөөр. Өнчин болохоор хоног төөрүүлэх газаргүй, ихэнхдээ бөөндөө шатны доор унтдаг байсан гэнэ. 

Хотод сонин зардаг хүүхдүүд мянга мянгаараа байсан төдийгүй сурч боловсрох ямар ч боломжгүй, өдрийн хоолоо олохын тулд чадах ядахаараа тэмцдэг байжээ.

Нью-Йоркийн сонин зардаг хүүхдүүд

4 Аж үйлдвэрийн хувьсгалын үеийн уурхайд ажилладаг хүүхдүүд

Хэрвээ өнөөдөр уурхайд хүүхэд ажиллаж байвал тэр уурхайг хариуцсан компани шүүхэд дуудагдах биз ээ. Учир нь өнгөрсөн зуунд ийм хүнд нөхцөлд хүүхдүүдийг шөнийн 01.00-02.00 цагаас авахуулан 12, 14 цаг тасралтгүй ажиллуулдаг байсан юм. Зарим хүн уурхайд ажилладаг хүүхдүүд огт нарны гэрэл харж байгаагүй гэж ярьцгаадаг. Хэт ядраад ажлын байран дээрээ зүүрмэглэж байгаад баригдвал уурхайн ажилчдад үхтэлээ зодуулах нь энүүхэнд гэнэ. 

Жижиг биетэй болохоор хүүхдүүдийг газрын гүн рүү мөлхүүлж, хүнд зүйл зөөлгөж, огт хоол унд өгдөггүй байсан гэдэг. Өнөөдөр ч мөн буурай хөгжилтэй орнуудад хүүхдүүдийг хүнд хүчир нөхцөлд ажиллуулж буй жишээ цөөнгүй.

Аж үйлдвэрийн хувьсгалын үеийн уурхайд ажилладаг хүүхдүүд

5 Хүүхдүүд хүнд шийтгэл амсдаг байжээ

Үйлдвэрт ажиллаж гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд хүнд хэцүү нөхцөлд ажилладаг байв. Ажлын цаг дуусахад өдрийн цалингаа аваад гэртээ харьдаг хүүхдүүд хэсэг ч болов амсхийдэг байсан бол өнчин хүүхдүүдийг өөр хувь заяа хүлээдэг аж. Тэдэнд хоног төөрүүлэх булан гаргаж өгсөн гэх шалтгаанаар үйлдвэрийн удирдлагууд хүссэн зоргоороо зардаг байсан юм.

Тэдэнд очих газар, өмөөрөх хүн байгаагүй тул тэдний аюулгүй байдалд хэн ч анхаарал хандуулдаггүй байлаа. Хүүхдүүдийг гэмтэж бэртэж бүр үхсэн ч огт хайхардаггүй. Харин ч эсрэгээрээ тэднийг зодож уураа гаргах нь элбэг байв.

6 Энэтхэг улсад сая гаруй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртжээ

Энэтхэг улс Өмнөд Азийн тэргүүлэх гүрэн болохоор эрчимтэй хөгжиж байгаа ч үүнтэй зэрэгцэн шийдвэрлэх маш олон асуудалтай тулгарсан. Нэг тэрбум хол давсан хүн амтай тул хог хаягдлын асуудал, хот суурингуудын хүн амын наягтаршил, ядуурал, эр эм хүйсийн ялгавартай байдал толгойн өвчин болсон. Гэхдээ тэдний дундаас хүүхдийн боолчлол, бэлгийн хүчирхийлэл гол анхаарал татдаг. Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн Засгийн газар улс орон даяар ойролцоогоор нэг сая гаруй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртсөн гэх судалгаа гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй гэнэ. 

7 Шоколадны үйлдвэрийн хүүхдүүд

Шоколадны үйлдвэр гэхээр та боолчлолын тухай бодохгүй байж болох юм. Африкийн Кот-д'Ивуар улсын нэгэн шоколадны фермд “CNN”-ий сурвалжлагч зочилжээ. Тэнд хүүхдүүдэд унадаг дугуй, мөнгө өгнө гэх нэрийдлээр хүчээр ажил хийлгэж, төмөр гинжээр ороолгон зоддог байна. Гэвч хүүхдүүдэд амласан зүйлээ хэзээ ч өгдөггүй гэнэ.

Шоколадны фермүүд хангалттай их хэмжээний мөнгө олж, албан ёсны ажилчидтай болох чадвартай хэдий ч үнэгүй шахам ажилчдаар хүссэнээ хийлгэж болж байгаа цагт хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлжихөө зогсоохгүй нь ойлгомжтой.

8 АНУ-ын фермүүдэд хүүхдүүд олноороо ажилладаг

АНУ-ыг эрх чөлөөний орон гэдэгт хэн ч эргэлздэггүй. Хуулиндаа 16 хүртэлх насны бүх хүүхэд сургуульд сурах ёстой байдаг. Гэхдээ үйлдвэр, фермүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд ажил хийх тохиолдол цөөнгүй ажээ. Фермийн эздэд тогтвор суурьшилтай, удаан хугацаагаар ажиллах ажилчид олддоггүй байна. Учир нь өдөрт олон цагаар хүнд нөхцөлд ажиллахыг хэн ч хүсдэггүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газраас фермд хүүхэд ажиллаж, гэрийн сургуулиар боловсрол эзэмшихийг зөвшөөрдөг.

Гол асуудал нь фермийн ажил хүнд нөхцөлтэй, аюултай ажилд тооцогддог болохоор хүүхдүүд гэмтэл бэртэл авах нь элбэг гэнэ. Өөрийн харьцаж сураагүй, огт мэдэхгүй төхөөрөмж дээр ажиллах нь  аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Фермийн ажил хийж байгаад нас барсан хүүхдийн тоо  жилд 100 гаруйд хүрдэг гэсэн судалгаа ч бий гэнэ.

9 Пакистанд дөрөв хүртэлх насны хүүхдүүд хүний наймааны золиос болох нь элбэг

Ойрх Дорнодод бага насны хүүхдийн гэрлэлт, хүүхдийн боолчлол түгээмэл байдаг. Пакистан улсад хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 2000 гаруй хүүхэд хулгайлагдаж, Арабын Нэгдсэн Эмират улсад тэмээ унагчаар зарагдсан гэх судалгаа гарчээ. Тэмээний уралдаан Эмиратад маш алдартай боловч тэр чинээгээрээ аюултай юм. Том хүн тэмээ унахад хүндэддэг тул хүүхдүүдийг оронд нь сонгодог байна. Тиймээс хөрш орнуудаас дөрөв хүртэлх насны хүүхдүүдийг худалдан авч, энэ спортод оруулдаг юм байна.

Эцэг эхээсээ хулгайлагдсан хүүхдүүд уйлж, зугтаах гэж оролдох юм бол тэднийг маш хэрцгийгээр зоддог. Ирээдүйд роботон тэмээ унагчийг бий болгохоор зорьж байгаа гэдэг боловч тэр цаг хүртэл хүүхдүүдийг ийнхүү бусармаг аргаар боолчлох нь зогсохгүй бололтой.

10 Дэлхий даяар хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсээр байна

Хүүхдийн хөдөлмөрийг дэмждэг улс орон одоо хэр нь байдаг. Олон арван жилийнхээс арай өөр хэлбэрээр оршиж байгаа учир хүмүүс төдийлөн олж анзаардаггүй аж. Хүүхдийн хөдөлмөр даамжирвал сүүлдээ боолчлол болдог. Дэлхийн хүн ам өсөх тусам энэ үзэгдэл илүү эрчээ авч байна. Тухайлбал, 2012 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 10 хувиар нэмэгдсэн гэж мэдээлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()