Эрэгтэй хүний дүрээр амьдарч, түүхэнд алдаршсан бүсгүйчүүд

Түүхийн ямар ч цаг үед эмэгтэй хүнд эрчүүд шиг хүссэнээрээ амьдрах боломж байгаагүй гэхэд болно. Өдийг хүртэл эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэнцвэртэй байдлын төлөөх тэмцэл өрнөсөөр байна. Бүсгүйчүүдийг үс нь урт, ухаан нь богино гэж үзэж, аливаа зүйл хийхийг нь хориглож, эр хүнээс нэг хуруу дутуу үнэлдэг явдал аль ч улсад байсаар ирсэн. Гэхдээ бидний одоо танд танилцуулах эдгээр эмэгтэй эр хүний дүрд хувирч, түүхэнд гайхагдах баатарлаг үйлс бүтээсэн аж.

Эрэгтэй хүний дүрээр амьдарч, түүхэнд алдаршсан бүсгүйчүүд

1 Жанна Барре: Дэлхийг тойрч далайгаар аялсан анхны эмэгтэй

Жанна Барре (Jeanne Baret) хэмээх эмэгтэй эрэгтэй  хүний хувцас өмсөж 1766 онд Францын хайгуулч Луи Антуан де Бугенвиль (Louis Antoine de Bougainville)-ийн дэлхийг тойрох аялалд ургамал судлаачаар хөлгийн багийн гишүүн болжээ. Тухайн үед найз залуу нь эрэгтэй хүний хувцас өмсөхийг түүнд зөвлөсөн аж.

Ийнхүү тэрээр дэлхийг далайгаар тойрсон анхны эмэгтэй болсон төдийгүй хайгуулын явцад шинэ ургамал нээн илрүүлж, түүний нэрээр нэрлэсэн байна. Хөлгийн гишүүд түүнийг эмэгтэй гэдгийг ч анзаарсан бөгөөд тухайн аяллын дараа  Жанна Баррегийн нэр алдар орон даяар тархсан юм. 

Жанна Барре: Дэлхийг тойрч далайгаар аялсан анхны эмэгтэй

2 Агнодика: Грекийн хамгийн анхны эмч эмэгтэй

Эртний грекчүүд эмэгтэй хүнтэй аймшигтай хэрцгий харьцдаг байжээ. Тэд эхнэрүүд ямагт дуугүй байж, нөхрийнхөө тушаалыг л дагах ёстой гэж үздэг байсан юм. Тийм ч учраас эмэгтэй хүн анагаахын эрдэмд суралцах хатуу хориотой бөгөөд үүнийг зөрчвөл цаазлуулах ял сонсох шийтгэл амсдаг байв. Гэхдээ түүхэнд Агнодика (Agnodice) хэмээх эмэгтэй дээрх хоригийг үл тоон эрдэмд шамдсан түүхтэй.

Агнодика хүйсээ нууцлан эр хүн шиг хувцаслан, анагаахын эрдэмд суралцаж, Афины хамгийн чадварлаг эмч нарын нэг болсон гэж түүхэнд бичжээ. Түүнийг хүмүүс бүсгүй хүн гэж огт мэддэггүй байсны дээр эмэгтэй өвчтөнүүдтэйгээ хэт дотно харилцаа үүсгэлээ хэмээн харддаг байсан аж.

Түүгээр ч барахгүй  охид, бүсгүйчүүдийг өөртөө татаж, тэдэнтэй дотно харьцаанд ордог хэмээн гүтгэж цаазлуулахаар завдахад тэр өөрийгөө эмэгтэй гэдгээ олонд зарласан юм. Гэвч энэ нь түүнийг гарцаагүй цаазын ял сонсоход хүргэсэн боловч эцэг эх нь шүүхийн өмнө охиноо өмөөрчээ. Түүний гавьяаг үнэлэн шүүх амийг нь өршөөсөн бөгөөд түүнээс хойш эмэгтэй хүн анагаахын эрдэмд суралцах боломжтой болсон аж.

Агнодика:  Грекийн хамгийн анхны эмч эмэгтэй

3 Тротула: Дэлхийн хамгийн анхны эмэгтэйчүүдийн эмч

XI зуунд Итали улсад Тротула (Trotula) хэмээх эмэгтэй Салерно хэмээх сургуульд анагаахын эрдэмд суралцаж, хүний эрүүл мэндийн талаар бүхэл бүтэн ном бичжээ.  

Тэрээр эрэгтэй хүний дүрд хувирч байгаагүй  ч тухайн үед эмэгтэй хүн анагаах ухаанд суралцах боломж ховор тохиолддог байв. Гол нь тэр цагт эмэгтэй хүний бичсэн номыг хэн ч үнэлж уншихгүй байсан учир Тротула номоо эрэгтэй хүний нэрээр гаргасан юм.  

Тэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар тухайн цаг үеэсээ хол давсан их мэдлэг агуулсан ном бүтээсэн нь өөрөө том амжилт юм. Мөн өвчин намдаах эмийг анх удаа амаржиж буй бүсгүйд өгч байсан төдийгүй эрэгтэй хүн үргүйдэлд хэрхэн өртдөг талаар судалгаа хийсэн анхны эмч аж.

Тухайн цаг үед түүнийг хүндэтгэж, мэдлэгийг нь хүлээн зөвшөөрч байсан ч түүхэнд хүйсийг нь өөрчилж бичсэн байдаг.

Тротула: Дэлхийн хамгийн анхны эмэгтэйчүүдийн эмч

4 Гэгээн Марина:. Сахил хүртсэн эмэгтэй лам

Маринаг бага байхад ээж нас барж, аав нь бүх зүйлээ орхиод лам болохоор шийджээ. Тэрээр аавыгаа дагаж сүмд очсон төдийгүй зүсээ хувирган, хөвгүүн төрхтэй болж өөрийгөө “Маринос” гэж дуудуулах болсон байна.

Хожим Маринос сүмдээ ихээхэн хүндэтгэл хүлээсэн лам болсон бөгөөд хачирхалтай нь эмэгтэй хүн жирэмсэн болгосон хэргээр сүмээс хөөгдсөн аж. Мэдээж хэрэг Маринос тэр эмэгтэйг жирэмсэн болгоогүй юм. Эмэгтэй төрөх үедээ нас барж, Маринос хүүхдийн эцгийн дүрээр амьдрах болжээ. Хүүхэд өсгөж байгааг нь хараад сүмийнхэн түүнийг өрөвдөн эргүүлэн авсан гэнэ.

Түүний өсгөсөн хүү том болоод лам болж, Мариносыг үхэх хүртэл сүмд амьдарчээ. Харин Мариносыг нас барсны дараа оршуулах ёслолд бэлдэх үеэр эмэгтэй хүн байсан нь олонд ил болсон байна. Үүнээс хойш түүнийг Гэгээн Марина гэж нэрлэн түүхэнд нэр нь мөнхөрчээ. 

Гэгээн Марина:. Сахил хүртсэн эмэгтэй лам

5 Кавлах бинт ал-Азвар: Византын эзэнт гүрний эсрэг Исламын армийг удирдаж байсан жанжин

VII зуунд Византын эзэнт гүрний эсрэг дайнд Исламын дайчдыг Кавлах бинт ал-Азвар (Khawlah bint al-Azwar) хэмээх залуухан эмэгтэй удирдаж байсан юм. Түүний ах Дхираар ал-Азвар (Dhiraar Ibn al-Azwar) тус армийн жанжин байсан бөгөөд Кавлах сувилагчийн хувиар ахтайгаа хамт аян дайнд гарчээ. 

Гэтэл нэгэн удаа түүний ах олзлогдож, шоронд суун цаазлуулах ял авсан байна. Энэ үед Кавлах ахыгаа хөсөр хаяхаас татгалзаж, хуяг дуулга өмсөөд цэргүүдээ удирдсан байна. Тухайн үед цэргүүд нь жанжнаа эмэгтэй хүн байсныг мэдээгүй юм.

Кавлах аян дайнд мордон одоогийн Саудын Арабын газар нутаг дээр байсан Византын цэргийн лагер руу довтолж, ахыгаа болон бусад хоригдлыг амжилттай гаргаж авчээ.

Кавлах бинт ал-Азвар: Византын эзэнт гүрний эсрэг Исламын армийг удирдаж байсан жанжин

6 Ренээ Бордерау: Наполеоны хөнөөхийг хүссэн хүн

Францын хувьсгалын үеэр Ренээ Бордерау (Renee Bordereau) гэгч эмэгтэй гэр бүлийнхээ 42 гишүүнийг алджээ. Хэдий хувьсгалаар ард иргэд эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө тэмцсэн ч хувьсгал хийхээр сонгосон зам нь тийм ч зөв байгаагүй юм. Хувьсгалчид зөвхөн язгууртныг “агнаад” зогсоогүй замдаа тааралдсан бүхнийг устгажээ. Тухайн үед Ренээгийн гэр бүлийнхэн хөл үймээнд өртөн нас барцгаасан байна.

Ренээ гэр бүлийнхнийхээ өшөөг авахаар зүсээ хувиргаж эрэгтэй хүний дүрээр Францын Бурбоны армид элсэн Наполеоны эсрэг тулалдсан юм. Тэрээр хазаараа амандаа зууж, хоёр гартаа сэлэм, буу барьсан чадварлаг дайчин байв. Ренээ бараг 200 гаруй дайн, тулаанд оролцсон гэдэг. Иймд Наполеон түүнийг барьж ирсэн хүнд 40.000 франк өгнө гэж зар түгээж байсан юм.

Ренээ Бордерау: Наполеоны хөнөөхийг хүссэн хүн

7 Нэг нүдэт Чарли: АНУ-д сонгуулийн санал өгсөн анхны эмэгтэй

Шарлотт Паркурст хэмээх эмэгтэй 1812 онд Америкт төрж өсчээ. Түүнийг хэрхэн нэрээ Чарли болгон өөрчилсөн нь тодорхойгүй. Энэ нийтлэлд дурдагдсан эмэгтэйчүүдээс ялгаатай нь Чарли эрэгтэй хүн шиг хувцаслахаасаа илүү өөрийгөө эр хүйстэй гэж тодорхойлдог байсан юм.

Чарлиг архи дарс их уудаг, тун бяртай ковбой байсан гэлцдэг бөгөөд моринд өшиглүүлэн нэг нүдээ алджээ. Эрэгтэй хүнд ч байхгүй бүдүүн дуу хоолойтой, хазгай явдалтай тэрээр Калифорнийн амбан захирагчийн сонгуульд саналаа өгч байсан аж.

Хожим улаан хоолойн хорт хавдраар нас барах хүртэл нь хэн ч түүнийг эмэгтэй хүн байсныг нь мэдээгүй байна.

Нэг нүдэт Чарли: АНУ-д сонгуулийн санал өгсөн анхны эмэгтэй

8 Доктор Жэймс Бэрри: Хамгийн анхны хийсвэр хагалгааг амжилттай хийсэн эмч

1789 онд Ирланд улсад төрсөн Маргарет Анн Булки (Margaret Ann Bulky) хэмээх охин эмч болохыг туйлын их хүсдэг байв.  Гэхдээ тухайн үед эмэгтэй хүн анагаах эрдэмд суралцах хориотой байсан юм. Маргарет охины гэр бүл тун тарчиг амьдралтай байсан тул авга ах нь тэднийг тэжээдэг байжээ. Гэвч ах нь нас барсны дараа гэрээ тэжээх том үүрэг түүнд ногдсон бөгөөд Маргарет ахынхаа нэрийг зээлж, Жэймс Бэрри болгосон байна. 

Ийнхүү эр хүн шиг хувцаслаж, гадаад төрх, дуу хоолойгоо өөрчилсөн төдийгүй анагаахын эрдэмд суралцахаар шийдсэн байна. 22 насандаа тэрээр аль хэдийнэ цэргийн ангид мэс заслын эмчийн туслахаар ажиллаж эхэлсэн бөгөөд хожим 1857 онд цэргийн хуарангийн бүх эмнэлгийн хянагчаар томилогджээ.

Маргарет тухайн цаг үедээ хамгийн чадварлаг мэс заслын эмчид тооцогддог байсан юм. Мөн хамгийн анх удаа хийсвэр хагалгааг амжилттай хийж, эсэн мэнд эх барьж авсан эмч болж чадсан юм.

Нас барахдаа тэрээр хувцастай нь оршуулж өгөхийг гуйсан боловч сувилагч нар нь түүнд хүндэтгэл үзүүлэн биеийг нь угаах үедээ эмэгтэй хүн байсныг нь олж мэджээ.

Доктор Жэймс Бэрри: Хамгийн анхны хийсвэр хагалгааг амжилттай хийсэн эмч

9 Рена Канокоги: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээний ялагч

Рена Канокоги (Rena Kanokogi) багаасаа л жүдо бөхийн мастер болохыг мөрөөддөг байв. Америкийн Бруклинд төрж өссөн охин чадлынхаа хэрээр хичээж, гар тулааны спортод бүхнээ зориулсан аж. Түүнд мөрөөдлөө биелүүлэх их ойрхон байсан боловч маш том асуудал тулгарсан юм. 1950-иад онд эмэгтэй хүн жүдо бөхийн тэмцээнд оролцох боломжгүй байжээ. Гэхдээ  Рена бууж өгөөгүй юм.

1959 онд тэрээр Нью-Йорк хотноо зохиогдсон жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор сэтгэл шулуудсан байна. Тухайн үед шүүгчид эмэгтэй тамирчдыг туяхан, амархан бэртэх магадлалтай гэж үзээд тэмцээнд орохыг нь эсэргүүцдэг байсан авч Рена тэдний буруу гэдгийг баталсан юм. Тамирчин бүсгүй маань өрсөлдөгч эрэгтэй жүдочдыг дараалан ялж алтан медалийн эзэн болжээ.

Гэхдээ хожим түүнийг орох ёсгүй тэмцээндээ зөвшөөрөлгүй орсон хэмээн медалиа эргүүлэн өгөхийг шаардсан байна. Рена медалиа эргүүлэн өгсөн ч шагналаас илүү зүйлийг олж авсан юм. Энэ нь ирээдүйд эмэгтэй жүдочид татами дээр гарч барилдах нөхцөлийг бүрдүүлсэн чухал алхам болсон юм.

1988 оны Сөүлийн зуны олимпод тэрээр эмэгтэйчүүдийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар оролцсон бөгөөд хожим жүдогийн түүхэн дэх хамгийн анхны долдугаар зэргийн хар бүстэй тамирчин болжээ.

Рена Канокоги: Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээний ялагч

10 Катрин Свитзэр: Бостоны марафонд оролцсон анхны эмэгтэй

1960-аад оныг хүртэл Бостоны марафон гүйлтийн уралдаанд эмэгтэй хүн оролцож болдоггүй байжээ. Харин Катерин Свитзэр (Katherine Switzer) гүйлтийн уралдаанд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн ч зөвшөөрөөгүй байна. 

Шүүгчдийн нүдийг хариулж уралдааны зам дээр гарахын тулд Катерин өөрт томдсон өмд цамц өмссөн ч шүүгч нар түүнийг эмэгтэй хүн байна гэж таньсан аж. Ингээс түүнийг зогсоохоор оролджээ. 

Тэрээр шүүгчдээс зугтаан уралдааны зам руу гарсан төдийгүй хойноос нь хөөж явсан олон хүнийг Катериний найзууд дэгээдэн унагаасан юм. Хэдийгээр Катерин уралдаанд түрүүлж чадаагүй ч замаа дуустал гүйж, барианд орсон байна.  

Хожим Катерин дахин долоон удаа Бостоны болон олон төрлийн марафонд гүйсэн бөгөөд Нью-Йоркийн марафонд түрүүлжээ.

Катрин Свитзэр:  Бостоны марафонд оролцсон анхны эмэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()