1
Болзоонд явсан биш шороонд булуулжээ
Хүмүүс анхны болзоонд явахдаа ямар сэтгэгдэлтэй үлдэх бол гэж үргэлж боддог болов уу. Болзоо бүр өөр өөрөөр төгсдөг ч амьдаараа оршуулагдаж өндөрлөнө гэж хэн санах билээ.
Энэхүү аймшигт үйл явдал 2014 оны тавдугаар сард 25 настай Францын иргэн Мина Эль Хоуари (Mina El Houari)-тай тохиолджээ. Тэрээр интернэтээр нэг залуутай удаан хугацааны туршид харилцсан бөгөөд эцэст нь түүнтэй уулзахаар Марокког зорьсон байна.
Ингээд тавдугаар сарын 19-нд бүсгүй Мароккогийн "Фесе" зочид буудалд буудаллаж, дурлалт залуутайгаа анхны болзоонд явсан байна. Харин болзооныхоо төгсгөлд бүсгүй амттан идсэнийхээ дараа газарт үхэтхийн унажээ. Сандарсан залуу түргэн тусламж дуудахын оронд Минаг нас барсан хэмээн бодож, гэрийнхээ хажуу талын цэцэрлэгт хүрээлэнд амьдаар нь оршуулсан байна.
Үнэн хэрэгтээ бүсгүй чихрийн шижин өвчтэй байсан учир ийнхүү ухаан алдаж унаснаасаа болоод өөрөө ч мэдэлгүй амьдаараа оршуулагдсан байжээ. Хэд хоногийн дараа Минагийн гэр бүлийнхэн бүсгүйг хайхаар Мароккод ирсэн аж.
Мароккогийн цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнийг олж илрүүлсэн бөгөөд залуу ч өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ. Залуугийн гэрийн гаднаас түүний шороотой хувцас, хүрзийг олсон нь нотлох баримт болсон байна.
2
Эхнэрээ амьдаар нь оршуулснаа мэджээ
1800 оны сүүлчээр АНУ-ын Кентакки мужийн Пикевилль хотод нэгэн үл мэдэгдэх өвчин тархсан байна.
Октавия Смит Хэтчер (Octavia Smith Hatcher) гэгч бүсгүй 1891 оны нэгдүгээр сард хүүгээ алдсаныхаа дараа сэтгэл санааны гүн хямралд орсон байсны дээр дээрх өвчнөөр өвджээ. Октавия орноосоо ч босож чадахгүй болтлоо бие нь доройтож, удалгүй комын байдалтай болсон аж. Харин тавдугаар сард түүнийг тодорхойгүй шалтгаанаар нас барсан хэмээн эмч хэлсэн байна.
Тухайн үед цогцсыг илжрэхээс хамгаалсан ямар нэгэн бодис түрхдэггүй байсан учир яаралтай оршуулсан аж. Харин дээрх өвчнөөр өвдсөн нутгийн иргэд ээлж ээлжээрээ комын байдалд орж хэсэг хугацааны дараа сэрж байсан гэнэ.
Октавиягийн нөхөр эхнэрээ амьд байхад нь оршуулчихсан байх магадлалтай гэдгийг ойлгож, шарилыг нь ухаж гаргахад үнэхээр түүний зөв байжээ.
Амь тэмцэж авсны тагийг маажсанаас болж Октавиягийн хумс нь хугарч гар нь цус болсноос гадна нүүрэнд нь айдсын ул мөр тодрон үлдсэн байжээ. Түүний үхлийн жинхэнэ шалтгаан нь агаар дутагдаж, хүчил төрөгчгүй болсноос амьсгал хураасан байна.
Бүсгүйг дахин оршуулсан бөгөөд нөхөр нь түүнд зориулан дурсгалын хөшөө босгосон аж. Хожим нь энэ төрлийн өвчнийг "Цеце" хэмээх африк ялаанаас гаралтай гэж үзжээ.
3
Авснаасаа гарахыг оролдон шилэн тагийг нь хагалсан байжээ
АНУ-ын Пенсильвани мужийн Уайтхэвен хотод амьдардаг фермер Чарльз Богер (Charles Boger)-ийн эхнэр 1893 оны долдугаар сарын нэгэн өдөр зуурдаар нас баржээ. Эмч нар эмэгтэйг нас барсан хэмээн оношилж, түүнийг яаралтай оршуулсан байна.
Ингээд түүх төгсөж болох байсан ч эмэгтэйг нас барсны дараа Чарльзтай эхнэрийнх нь найз ирж уулзсан бөгөөд тэрээр бүсгүйг үе үе ухаан алддаг байсан учир нас бараагүй ч байж болох юм гэж хэлжээ.
Эхнэрээ амьдаар нь оршуулсан байх магадлалтайг мэдсэн Чарльз өөрөө ухаан алдан унасан байна.
Чарльз нөхдийнхөө тусламжтайгаар эхнэрийнхээ булшийг дахин нээж үзээд үнэхээр түүнийг амьдаар нь булшилчихсан гэдгээ мэджээ.
Хатагтай Богер хажуу тийшээ харж хэвтсэн байдалтай амьсгал хураасан байсан бөгөөд авсны шилэн таг нь хагарсан байв. Бүсгүйн биеэр дүүрэн цус, шил болсон байсны дээр гарынх нь хуруунууд байхгүй байжээ. Эмэгтэй айсандаа болоод хуруугаа тас хазчихсан бололтой.
4
Булшийг нь нээтэл залуу амьд байжээ
Хүнийг амьдаар нь оршуулсан зарим түүх тийм ч аймаар биш. Учир нь тэд амьд үлдэж чадсан юм.
Францын Санкт-Квентин де Шалед амьдардаг 19 настай залуу Анжело Хейс (Angelo Hays) 1937 оны нэгэн өдөр мотоцикльтой явж байгаад жолоодлого алдаж тоосгон хана мөргөж унажээ.
Залууг осолд орсноос хойш гурав хоногийн дараа нас барсан хэмээн зарлаж оршуулсан аж. Харин Анжелогийн аав хүүгийнхээ амь насыг 100.000 франкаар даатгасан байсан учир даатгалын байгууллагынхан ослын газарт ирж дахин мөрдлөг явуулсан байна.
Ингээд даатгалын байгууллагын ажилтан хүүг оршуулснаас хойш хоёр хоногийн дараа булшийг нээж харах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл санаанд оромгүй зүйл болж булшийг нээтэл залуу амьд байсан гэнэ.
Түүний бие нь бүлээн, зүрх нь үл ялиг цохилж байжээ. Залууг яаралтай эмнэлэгт хүргэж, түүнд нөхөн сэргээх эмчилгээ хийснээр залуу ухаан орж, хуучин хэвэндээ орсон байна.
Тэрээр тархиндаа хүнд гэмтэл авсан учир ийнхүү ухаангүй байдалтай хэд хоносон байжээ. Эдгэснийхээ дараа залуу хэрэв хүнийг амьдаар нь оршуулбал өөрөө гарах боломжтой авс үйлдвэрлэж, Франц даяараа алдартай болсон гэнэ.
5
Амьдаараа булшлуулсан хотын дарга
Зохиолч Жон Снарт (John Snart) 1817 онд нэгэн ном бичсэн бөгөөд түүнд Корниш хэмээх эрийн амьдаараа оршуулагдсан тухай түүхийг өгүүлдэг.
Корниш бодит амьдрал дээр Английн Бат хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд Жоныг энэ зохиолоо бичихээс 80 жилийн өмнө нас баржээ.
Тухайн цаг үед хүн нас барсан л бол маш хурдан оршуулах ёстой байсан учир оршуулгын газрын ажилтан залуу ажлынхаа бараг талыг дууссаны дараа түр амсхийхээр зогссон байна.
Тэрээр хажуугаар нь өнгөрч явсан танилтайгаа ярихаар булшны хажуунаас бага зэрэг холдох үед чихэнд нь булшнаас чимээ гарах сонсогдсон гэнэ.
Ингээд Корнишийг амьдаар нь оршуулж байгаагаа ойлгож, түүнд туслахаар ухасхийж, байдаг чадлаараа хичээсэн боловч аль хэдийнэ оройтсон байлаа. Корниш хүчилтөрөгчийн дутагдалд орж тохой болон өвдгөө цус гартал нь маажиж, эцэст нь амьсгал хураасан байжээ.
Энэ явдал Корнишийн хадам эгчийг үнэхээр их айлгасан учир тэрээр “Намайг нас барсны дараа миний толгойг цавчаарай” хэмээн гэрийнхэндээ захисан байна.
6
Амьд гарч чадсан зургаан настай охин
Хүнийг амьдаар нь оршуулна гэдэг байж боломгүй явдал боловч энэхүү алдааны бай хүүхэд болно гэдэг бүр аймшигтай. 2014 онд энэхүү аймшигт явдал зургаан настай энэтхэг охинд тохиолдсон гэнэ.
Охины ах Алока Авастхи (Alok Awasthi)-гийн хэлж байгаагаар хэсэг залуус охинд “Ээж чинь чамайг хажуугийн тосгонд хүргэж өгөхийг биднээс хүссэн” гэж хэлээд дагуулж явжээ. Ийнхүү тосгон руу явах замдаа залуус чихрийн нишингийн талбай дээр охиныг боож алаад газар дээр нь оршуулсан аж.
Азаар тэр талбайд ажиллаж байсан хүмүүс залуусыг хүүхэдгүй эргэж ирэхийг ажигласан учир охиныг хайж, түүнийг жижигхэн булшин дотор ухаангүй хэвтэж байхад нь олжээ.
Ингээд бяцхан охиныг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр ухаан орсныхоо дараа болсон бүх явдлын талаар ярьсан байна.
Гэхдээ түүнийг амьдаар нь оршуулсан талаар юу ч санахгүй байгаа бөгөөд цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг олоогүй аж. Мөн охины амийг хороохыг завдсан шалтгаан ч тодорхойгүй байжээ. Азаар түүх гунигтай төгссөнгүй.
7
Өөрийнх нь хүсэлтээр амьдаар нь оршуулжээ
Амьдаараа оршуулагдсан хүн эцсээ хүртэл амьд гарахын төлөө тэмцэнэ. Энэ талаар бичсэн ном хүртэл бий. Гэтэл амиараа дэнчин тавьж, азаа үзэхийг хүсдэг залуус ч бас байдаг аж. 2011 онд Оросын иргэн, 35 настай залуу өөрийгөө амьдаар нь оршуулах хүсэлт тавьж азаа үзэхийг хүссэн боловч харамсалтай нь нас барсан байна.
Найзынхаа хамтаар тэрээр Благовещенск хотын захад булшны нүх ухаж, өөрийн гараар авс хийгээд агаарын хоолой, шил цэвэр ус, гар утсаа аваад дотор нь орж хэвтжээ. Булшинд тэрээр 24 цагийг өнгөрүүлэх зорилготой байсан гэнэ.
Найзыгаа авсанд хэвтсэний дараа залуу түүний хэлснээр тагийг нь таглаж дээрээс нойтон шороо асгачихаад яваад өгсөн байна. Авсанд байсан залуу бүх зүйл хэвийн байгааг найздаа мэдэгдэж нэг л удаа залгасан бөгөөд өглөө нь ирэхэд аль хэдийнэ нас барсан байжээ.
Залуугийн азаа үзэхийг оролдсон шөнө бороо орж, агаарын хоолойг бөглөсөн учир тэрээр өөрийн хийсэн авсандаа нас барсан аж.
8
Эд хөрөнгийг нь өвлөхийн тулд нас барсан гэж мэдэгджээ
Энэ бол Лондоны махны үйлдвэрийн ажилтан залуу Лоуренс Которн (Lawrence Cawthorn)-ы тухай түүх бөгөөд 1961 онд тэрээр үл мэдэгдэх өвчин туссан гэнэ. Залуугийн ажиллаж байсан махны газрын эзэн эмэгтэй Которныг нас барсан тохиолдолд түүний эд хөрөнгийг өвлөж авах байсан учир эмч нарын туслалцаагүйгээр түүнийг нас барсан хэмээн зарлаж, залууг зэргэлдээх талбайдаа яаралтай оршуулахыг даалгасан байна.
Залууг оршуулсны дараа булшнаас ямар нэгэн орилох чимээ гарч байгааг хүмүүс сонсож, Которныг аврахын тулд булшийг ухсан ч нэгэнт оройтсон байжээ.
Лоуренсийн өмссөн хувцас тэр чигтээ цусанд будагдсан байснаас гадна толгой нь танигдахын аргагүй болсон байсан гэнэ. Харин махны дэлгүүрийн эзэн эмэгтэйг хүн амьдаар нь оршуулсан хэрэгт буруутгасан аж.
9
Сүйт бүсгүй нь "Зомби" хэмээн хөөжээ
1993 онд 24 настай залуу Сифо Уильям Мдлетше (Sipho William Mdletshe) сүйт бүсгүйн хамт явж байгаад автомашины томоохон осолд оржээ. Сүйт бүсгүй нь амьд гарч чадсан ч ухаангүй байсан Сифог нас барсан гэж үзсэн байна.
Ингээд залуугийн цогцсыг Йоханнесбург дахь морг руу явуулжээ. Үнэн хэрэгтээ залуу нас бараагүй, харин ухаан алдсан байжээ. Тэрээр ухаан ортлоо хоёр хоногийн турш моргийн төмөр хайрцагт байсан бөгөөд ухаан ормогцоо тусламж дуудаж эхэлжээ.
Азаар моргийн ажилтнууд тусламж дуудан хашгирахыг сонссоноор залууг аварсан байна. Сифог гэртээ ирэхэд сүйт бүсгүй нь түүнээс үхтэлээ айж, "Зомби" гэж хэлэн хөөсөн аж. Амьдаараа оршуулагдана гэдэг аймшигтай зүйл боловч сүйт бүсгүй нь танихгүй байна гэхээр бүр ч аймшигтай.
10
Стивен Смол
1987 онд хэвлэл мэдээллийн магнат, баян эрийн өв залгамжлагч, 39 настай Стивен Смолыг (Stephen Small) хулгайлж, Иллинойс мужийн ойролцоо амьдаар нь булсан байна.
Түүнийг 30 настай Дэнни Эдвардс (Danny Edwards) болон түүний найз эмэгтэй 26 настай Нэнси Риш (Nancy Rish) нар барьцаалсан бөгөөд гэр бүлийнхнээс нь барьцааны нэг сая доллар авах хүртлээ Смолыг газар дор байлгахаар шийдсэн аж.
Хосууд залууг нэг метрийн гүнд бага хэмжээний агаар орохоор булсан байсан ч Смол нас баржээ.
Цагдаагийн байгууллага хэргийн газартай ойр байрлаж асан Смолын улаан хүрэн өнгийн Мерседес машиныг харснаар түүнийг олж чадсан байна. Ингээд хосуудыг баривчилж 27 жилийн ял оноосон аж. Гэхдээ энэ нь санаатай аллага байсан эсэхийг тогтоохын тулд нэлээд хугацаа зарцуулсан гэнэ.