1
Сар яагаад хиртдэг вэ?
Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна. Дэлхийн харьцангуй бага хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч хэсгээс ажиглах боломжтой.
Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр сарны бүтэн хиртэлт болж байсан аж.
2
Цусан өнгөтэй сар
Эрт үед сар ув улаан болоход хүмүүс айдас хүйдэст автдаг байсан болохоор янз бүрийн үлгэр, домог зохиодог байжээ. Гэхдээ сар ийнхүү харагдахад хоёр зүйл л нөлөөлдөг. Бүтэн хиртэлт, эсвэл ойн томоохон түймэр гэх мэт халуун галын уураар сарыг ийм өнгөтэй харагдуулах боломжтой гэнэ.
Өнөө шөнө сар бүтэн хиртэх үед сар цусан улаан өнгөөр гэрэлтэх магадлал өндөр юм.
3
Сарны тоос
“Аполлон-17” хөлгийн сансрын нисгэгчдэд итгэмээргүй нэгэн явдал тохиолджээ. Саран дээр очихдоо авсан тоосоо тэр нэг саванд хийтэл маш хүчиллэг байсан учир саваа идэж, сансрын нисгэгчийн хувцсыг ч гэмтээж, түүгээр ч тогтохгүй хөлгийн багийнхны биеийг тавгүйтүүлсэн байна. Сарны тоосны аюултай зүйл нь юу вэ гэвэл хүний нэг ширхэг үснээс диаметрээрээ 50 дахин жижиг ширхэгтэй аж. Саран дээр салхи, бороо гэх мэт байгалийн үзэгдэл байдаггүй болохоор ийм шинжийг өөртөө агуулдаг гэнэ.
Сар маш бага татах хүчтэй болохоор тоос агаарт бөөгнөрөн тархсан байдаг. Гадаргуу дээрх тоос нь 15 см зузаан бөгөөд яг л сумны хонгио шиг үнэртэй гэж сансрын нисгэгчид хэлсэн юм. Өдгөө эрдэмтэд сарны тоосны хор холбогдол, аюулыг судалдаг болсон аж.
4
Саран дээрх оршуулга
Америкийн эрдэмтэн Южин Шюмэйкэр (Eugene Shoemaker) сансрын нисгэгч, геологич болохыг мөрөөддөг байсан ч эрүүл мэндийн асуудлаас болоод мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй байна. Харин “Аполло” даалгаварт оролцох сансрын нисгэгчдийн бэлтгэл ажлыг хангахад тусалжээ. Тэрээр сар болон тэнгэрийн эрхсийн судлалд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд астрогеологи гэх шинжлэх ухааны шинэ чиглэлийг нээсэн юм.
Южин авто ослоор нас барсан аж. Түүний төрөл төрөгсөд хүслийг нь биелүүлэхээр чандрыг нь сарны гадаргуун дээр аваачжээ. Ийнхүү тэрээр саран дээр оршуулагдсан анхны хүн болсон байна. Түүний эхнэр чандрынх нь хажууд Шекспирийн (Shakespeare) зохиолын нэгэн ишлэлийг бичиж илгээсэн гэнэ. Уг ишлэл дээр “Нас барсных нь дараа түүнийг од руу илгээ. Тэгсэн цагт түүний царайг бид диваажинд тодоос тод гэрэлтэхийг нь харж, шөнө нь дэлхийн хайр дурлалд умбах болно” гэж бичсэн байдаг аж.
5
Соронзон оронгүй татах хүч
ЗХУ-ын болон Америкийн сансрын нисгэгчид сарны сорьцыг дэлхийд авчрахад хоёр улсын эрдэмтэд маш их цочирджээ. Зарим чулуулгууд соронзон орны шинж чанаруудыг агуулсан байсан юм. Урьд өмнө нь саран дээр ямар ч соронзон орон байхгүй гэдэг байжээ.
Илүү нарийвчилсан судалгаа хийсний дараа эрдэмтэд сарыг нэгэн цагт соронзон оронтой байсан гэх таамаг дэвшүүлсэн байна. Харин одоо чухам юуны улмаас соронзон оронгүй болсон талаар судалж байгаа юм. Том солир уу эсвэл сарны цөмийн төмрийн агууламж өөрчлөгдсөнтэй холбоотой юу?
6
“Сарны солиорол”
Эрт цагаас “сарны солиорол” гэх домгийг үнэн гэж ярьдаг байсан. Зөвхөн тэргэл сартай шөнө хүн галзуурдаг гэж Грекийн домогт бичсэн байдаг.
Орчин үеийн эрдэмтэд “сарны солиорол” гэх зүйл байдаггүй, харин тэргэл сартай шөнө саруулхан байдаг болохоор гэмт хэргийн тоо өсдөг гэж тайлбарлажээ. Гэхдээ хүний зүүдэнд сар нөлөөлдөг бөгөөд тэргэл сартай шөнө хүн нойргүйддэг эсвэл хар дарсан зүүд зүүдэлдэг гэнэ. Дээрх судалгааг Швейцарийн Базелийн их сургуулийнхан хийжээ.
7
Сар яаж үүссэнийг бид одоо болтол мэдэхгүй
Эрдэмтэд өдийг хүртэл дэлхий хэрхэн дагуултай болсныг олж мэдээгүй байгаа. Мэдээж олон онол таамаг бий. Тухайлбал, дэлхий хуваагдаж нэг хэсэг нь сар болсон, эсвэл дэлхий сартай ойртож татах хүчээрээ нөлөөлсөн, мөн хоёул хамт үүссэн гэх онолууд байдаг юм.
Сонирхолтой нь эртний нэгэн үлгэрт тэнгэрт дахин нэг гэрэлтүүлэгч зүйл бий болсон гэж бичсэн байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн үүссэнээс хойш сар бий болсон байх магадлалтай. Энэ домог дэлхий сартай ойртож, татах хүчээрээ “өөрийн” дагуулаа болгосон гэх онолтой дөхөж очиж байгаа юм. Мөн зарим онолд сарыг хиймлээр бүтээсэн ч гэж үздэг аж.
8
Саран дээрх сүүдэр
Саран дээр буусан сансрын нисгэгчдэд бас нэгэн таамаглаагүй асуудал тулгарсан ажээ. Сар агаар мандалгүй болохоор сүүдэр хав хар өнгөтэй харагддаг гэнэ. Сансрын нисгэгчид сүүдэрт хөл, гараа харж чадахгүй байсан учир даалгавраа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байсан аж. Мэдээж нисгэгчид нөхцөл байдалтайгаа дасан зохицож ажиллахаас өөр аргагүй болсон ч сүүдрээс болж ийм зүйл тохиолдоно гэж хэн төсөөлөх вэ дээ.
9
Сарны чичиргээ
Дахиад нэг тааварлаагүй зүйл. Энэ бол сарны чичиргээ юм. Дэлхий дээр тектоник хавтангуудаас болж газар хөдөлдөг, харин саранд тектоник хавтан байдаггүй атал яагаад газар чичирдэг юм бол гэдэг асуулт гарч ирж байна. Солир унаснаас, хөрсний гулсалт үүссэнээс, мөн агаарын даралтын уналт эсвэл дэлхий дээрх газар хөдлөлтөөс үүссэн хүчтэй давалгааны улмаас ийм үзэгдэл бий болдог байх гэх мэт олон онол, таамгийг эрдэмтэд гаргаж иржээ.
10
Сар дотроо хөндий гэх онол
1982 онд цөмийн инженер Уйльям Брайн (William Bryan) сарыг дотроо хоосон хөндий гэх онол гаргаж иржээ. Харин өнөөдөр олон эрдэмтэн үүний эсрэг зогсох байх. Гэхдээ эрдэмтэд энэ онолыг маш нарийн судалдаг юм. Тэдний үзэж буйгаар сар дотроо хоосон хөндий бөгөөд цагийн эрхэнд дотогшоогоо сорогдож цөм болж хувирна гэж үздэг байна.
Хоосон хөндий гэх онол дээр тулгуурлан сарыг хиймлээр бүтээсэн байж болзошгүй гэх үзэл хүчээ авсан гэдэг. Саран дотор харь гаригийнхан амьдардаг бөгөөд дэлхий рүү хараагүй талаас нь саран дотроос гарч ирж амьдардаг гэж таамаглах хэсэг судлаачид бий.
11
Саран дээр зочлоод ирсэн модны үр
“Аполлон-14” хөлгийн багийнхан саран дээр 500 ширхэг модны үр суулгах даалгавартай байжээ. Мод суулгана гэдэг угаасаа бүтэшгүй хэрэг. Харин энэ даалгаврыг санаачилсан Эдвард Клифф (Edward Cliff) гэх эрдэмтэн сар руу нисэх хооронд хөлөг доторх модны үрнүүдэд ямар нэгэн өөрчлөлт орох эсэхийг мэдэхийг хүсчээ. 500 үрнээс 450 нь бүрэн бүтэн эргэж ирсэн бөгөөд тэдгээрийг энд тэнд байгууллагуудад хандивлан, хөрсөнд суулгасан нь одоо ч сайхан ургаж байгаа гэнэ. Харин судлаачийн үзэж буйгаар ямар нэгэн онцын ялгаа гараагүй аж.
12
Сар жилээс жилд дэлхийгээс холдсоор байна
Дэлхий сар хоёр үргэлж хамтдаа байх ёстой мэт санагддаг. Учир нь сар хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг яах аргагүй мөн. Гэхдээ сар дэлхийгээс жилд дөрвөн см-ээр холддог гэнэ. Мэдээж бага үзүүлэлт боловч улам холдсон хэвээр л байна.
13
Колумб индианчуудаас сарыг "хулгайлжээ"
Кристофер Колумб (Christopher Columbus) өөрийн дөрөв дэх удаагийн аяллынхаа үеэр өнөөгийн Ямайкийн газар нутаг дээр нэг жилийг хөлгийн багийнхантайгаа өнгөрүүлжээ. Түүнийг тэнд байх хугацаанд нутгийн уугуул иргэд хоол ундаар үйлчилж байсан аж. Гэхдээ яагаад ч юм, өдөр хоног өнгөрөх тусам нутгийн иргэд хоол хүнсээ нарийлж, тэгснээр аялагч эр бусдынхаа хамт өлбөрч үхэх шахсан гэнэ. Ийнхүү Колумб өөрийн эрдэм мэдлэгээ ашиглан тэдний энэ үйлдэлд бурхад хилэгнэж сарыг булааж авна гэж уугуул иргэдийг сүрдүүлжээ.
1504 оны гуравдугаар сарын 1-ний өдөр сарны бүтэн хиртэлт болоход индианчууд Колумбын хэлсэн үнэн гэж итгэсэн байна. Сар хиртэлт бүхэл бүтэн 45 минут үргэлжилсэн бөгөөд энэ үед уугуул иргэд гэмээ ухааран мөргөл залбирал хийж, сарыг эргүүлэн авчраач гэж бурхан, шүтээнээсээ хүсчээ.