Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх

2018-07-18, 15:57
10,052

Барби шиг болох гэсэн синдромтой хүмүүс сэтгэл зүйчдийн мэдлээс сэтгэцийн эмч нарын гарт шилжихээр болжээ. Хүүхэлдэй шиг хөөрхөн болох гэж хүссэн хүмүүс тураалдаа орж, сэтгэл гутралд гүн автаж байна. Дан ганц биеийн жиндээ санаа зовох бус эрүүл мэнд, эд хөрөнгөө ч хайрлахгүй үрж, хүссэн дүрдээ хувирах гэсний тэдний хүсэл хязгааргүй аж. Энэхүү мэдээллээр тэд хэрхэн хувирч өөрчлөгдсөн болоод яагаад ийм алхам хийх болсон түүхийг ч бас мэдэх боломжтой.

Гадаад дүр төрхөө бүрэн өөрчилсөн хүмүүсийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Венус Анжелик

Венус Анжелик хүүхэд насаа Швейцарьт өнгөрүүлсэн ч аав, ээжтэйгээ аяллаар их явдаг байжээ. Өсвөр насандаа япон залуусын этгээд хэв маягийг сонирхох болсон бөгөөд Их Наран улс руу аялсан нь түүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна. 

Венус Анжелик

Өдгөө тэрээр Японд амьдардаг. Гадуур гарахдаа ихэвчлэн анимэ нүүр будалт хийж, этгээд  хувцаслан, нүдэндээ линз наан, мөн өнгө өнгийн хиймэл үс зүүдэг ч өөрийн бодит төрхийг ч бас нуулгүй цахим хуудсандаа зургаа оруулдаг байна. 

21 настай түүний youtube хуудас нийт хоёр сая дагагчтай болоход тун ойрхон байгаа. Венус өөрийн хуудсан дээрээ нүүр будалт, Японы гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх, найз залуугийнхаа хамт өдөр тутам хийдэг зүйлсээсээ хуваалцдаг. Мөн тэрээр долоон хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Тийм ч учраас хэрхэн гадаад хэл сурах талаар зөвлөгөө бичлэгийг хүртэл цахим хуудсандаа оруулжээ. 

2 Ванилла Чаму

Ванилла Чаму гэх нууц нэрээр алдаршсан япон бүсгүй европ дүр төрхтэй болохыг хүсэж, зорьсондоо ч хүрэхэд ойртоод буй гэнэ. Түүний нүүр будалт, үсний өнгөө өөрчилсөн зэрэг нь үнэхээр дөхсөн байгаа биз. Гэхдээ л тэр сэтгэл амарсангүй.

Ванилла Чаму

Ванилла гоо сайхны мэс засалд 100 мянга гаруй ам.доллар зарцуулжээ. Мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрийн ачаар япон охин танигдахгүй болтлоо өөрчлөгдөж чадсан байна. Түүний хамар, зовхи, шанаа, уруул, эрүү, хөх зэрэгт мэс ажилбар хийсэн ч Ванилла гадаад төрхөө өөрчлөх туршилтаа зогсоогоогүй л байна. 

Одоо "Франц хүүхэлтэй" маань телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцдог, модель, поп дуучин болжээ. 

3 Маурицио Галди

Итали гаралтай бразил жүжигчин, 29 настай Маурицио Галди бага байхдаа Кен барбигаар тоглодог охидод атаархдаг байжээ. Гэвч тэрээр хэзээ ч тэдэнтэй хамт тоглож байгаагүйн учир нь шоолуулахаасаа айсантай холбоотой. 

Маурицио Галди

Нас биед хүрээд Маурицио мэргэжилтнүүдийн тусламжтайгаар идэвхтэйгээр дүр төрхөө өөрчилж эхэлжээ. Ингээд тэр хамраа засуулж, хэд хэдэн удаа өөхөө соруулсан төдийгүй цээж, гарын булчин, шилбэний булчиндаа силикон шахуулсан байна. Кен шиг болох гэсэн Маурициогийн хүсэл нь хавиргаа авахуулахыг нь хүртэл зогсоож чадсангүй. 

Тэрээр жүжигчин, маркетингийн мэргэжилтэй бөгөөд түүний гадаад төрх харин ч ажилд нь тус нэмэр болдог гэнэ. Нэр хүнд нь өсөхийн хэрээр телевизийн нэвтрүүлэгт уригдах болж, кинонд тоглох, зураг авалтын саналууд тасрахгүй байгаа аж. 

4 Амбер Люк

23 настай Амбер Люкийг австрали найзууд нь цэнхэр нүдэт цагаан луу гэж нэрлэдэг. Энэ шаргал үстийн бие дээр 57 ширхэг шивээс байдгаас гадна чихээ хэд хэд цоолуулсан, салаа хэлтэй, нүдний цагаан нь цэнхэр өнгөтэй.

Амбер Люк

Бага байхдаа Амбер өөрийгөө байдаг л нэг уйтгартай төрхтэй гэж боддог байсан тул 16 наснаасаа шивээс хийлгэж эхэлжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийм болох хүртлээ ямар хүнд хэцүү зүйл туулсан талаараа илэн далангүй ярьсан байна. Нүднийхээ цагааныг цэнхэр болгон шивүүлэхэд хамгийн их өвдсөн гэнэ. Үүнийг хийхдээ тусгай өнгийн пигментийг нарийн тариураар шууд нүд рүү нь шахдаг гэнэ. Энэ мэс ажилбарын дараа түүний хараа нэг хэсэгтээ алдагдаж, сарын дараа хэвийн болжээ. 

Харин өөрчлөлтдөө сэтгэл хангалуун байх болсон тэрээр эвэртэй болохыг мөрөөдөж байсан ч энэ бодлоо орхисон гэнэ. Гэхдээ соёо хийлгүүлж, шивээсээ нэмүүлэх хүсэлтэй байгаа аж. 

5 Алена Ковалевская

Украинд төрсөн загвар өмсөгч Алена Ковалевская 25 настай. Тэрээр өөрийгөө барби хүүхэлдэйн амьд хувилбар гэж нэрлэдэг. Одесса хотод өсөж, сэтгэл судлаач мэргэжлээр суралцан төгсчээ. Харин одоо тэр Молдавт амьдардаг. 

Алена Ковалевская

Түүний хэлснээр бүсгүйн нүүр царай зөвхөн нүүр будалтын нөлөөгөөр ингэж харагдаж байгаа бөгөөд гоо сайхны ямар ч мэс ажилбарт ороогүй гэнэ. Харин биеийнхээ хэлбэрийг сайхан хэвээр нь байлгахын тулд тэр тусгай шим тэжээл хэрэглэдэг аж. Мөн наранд удаан байдаггүй. Учир нь цасан цагаан арьсаа борлуулах вий гэж айдаг. 

Хэдэн жилийн өмнө тэрээр том нүдтэй хүүхэлдэй хараад тэдэн шиг болохыг оролдож үзжээ.Үүнийг дуурайх хамгийн эхний алхам нь нүдний линз байсан аж. Алена зураг авахуулахдаа ч гэсэн яг л барби шиг сэтгэл хөдлөлгүй мэт төрхийг харуулах гэж оролддог. 

6 Богдановын ах дүүс

Игорь, Григорий Богданов нар бол Францын эрдэмтэд бөгөөд 70-аад оны сүүлээр "Keys to science fiction" номоороо олонд танигдсанаар барахгүй сансар огторгуй, квантын физикийн талаарх телевизийн нэвтрүүлгүүдэд уригдан оролцдог байжээ. 

Тэд маш амжилттай, алдар нэртэй байсан ч гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байж. Харин одоо тэд хацар, эрүүндээ нэмэлт зүйл хийлгүүлж,  нүүрний арьсаа татуулах үйлчилгээнд хэд хэдэн удаа орж, урууландаа ч бас силикон шахуулжээ. Ах дүүс өөрсдийгөө харь гаригийнхан гэж дууддаг. Тэдний энэ үйлдлийг тайлбарлах цор ганц арга бол гоо сайхны хагалгаанд донтсон явдал гэдэг ч ах дүүс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. 

Одоо тэд 68 настай бөгөөд баян тансаг амьдарч байна. Тэднийг одоо хүртэл телевизийн нэвтрүүлэгт урьж оролцуулдаг. 

Богдановын ах дүүс

7

26 настай Ван Жиа Ёныг биеийн галбир, цагаан арьс, том нүд, өхөөрдөм царайнаас нь болж "Хийлдэг хүүхэлдэй" гэж нэрлэдэг. 

Тэрээр Хонконгод төрж өссөн бөгөөд Шинжаан мужид сургуулиа төгсчээ. Хэдэн жилийн өмнө түүний видео бичлэг цахим орчинд тарснаар Өмнөд Солонгост хүртэл Ван Жиа Ён алдартай болсон аж. Сүүлийн үед хэт их фотошоп ашигладаг гэж шүүмжлүүлээд байсан Ван Жиа Ён цахим ертөнцөд тийм ч идэвхтэй байхаа больсон байна. 

Харин одоо тэр загвар өмсөгчөөр ажиллахын хажуугаар загвар зохиох дуртай болжээ. 

8 Лолита Ричие

Лолита Ричие хэдэн жилийн өмнөөс цахим ертөнцөд алдартай болж эхэлсэн юм. Украины иргэншилтэй Туркменистанд амьдардаг 16-хан настай охиныг анх олонд танигдан гарч ирэхэд  "Амилсан барби" гэж нэрлэдэг байжээ. 

Лолита Ричие

Лолита өөрийхөө нэлээд олон зургийг цахим хуудсандаа дэлгэсэн бөгөөд энэ хобби нь залуухан "барби"-гийн ээжийг охиноо дэмжихэд хүргэсэн байна. Бага байхдаа Лолита хөвгүүдтэй тоглодог, эршүүд нэгэн байсан гэдэг. 

9 Габриела Яирачкова

Хамгийн залуу "амьд" хүүхэлдэйнүүдийн нэг бол Чехэд амьдардаг 18 настай Габриела Яирачкова юм. Лоло та Белла гэж өөрийгөө нэрлэсэн энэ бүсгүй нүүр царайгаа 16 настайдаа өөрчилж эхэлсэн аж.

Габриела Яирачкова

Шивээс хийлгэж, уруулаа томруулж, сормуус, үсээ өтгөрүүлжээ. Харин насанд хүрээд хийлгэсэн хамгийн эхний мэс ажилбар нь хөхөндөө силикон шахуулах байлаа. Зөвхөн гоо сайхандаа сард 1500 ам.доллар зарцуулдаг түүний энэ үйлдлийг эцэг эх нь хүлээн зөвшөөрдөг байна. 

Габриела хэзээ ч өөрийгөө дорд үзэж байгаагүй бөгөөд орчлон дээр нэг ч бодит зүйл гэж байхгүй учраас хиймэл гоо үзэсгэлэнг хайрлахад буруу зүйл үгүй гэж үздэг. Одоо тэрээр дуучин болохоор бэлтгэж байгаа гэнэ. Мөн хавиргаа авахуулж, хөхөө дахин томруулахаар төлөвлөж байгаа юм байна. 

10 Александр Шпак

Александр Шпак нь бодибилдингээр хичээллэгч, алдартай блоггер юм. Таван настайдаа сургуульд орж, 15-тайдаа их сургуульд элсэн санхүүгийн менежмент, бие хамгаалалтын мэргэжилтэн гэсэн хоёр мэргэжлийг зэрэг эзэмшжээ. 

Александр Шпак

Өдгөө 39 настай тамирчин тэрээр бүх биеэрээ шивээстэй бөгөөд өгзөг, цээжиндээ силикон шахуулсан байсан ч авахуулжээ. Мөн тэрээр урт соёотой, хумсаа буддаг төдийгүй уруул, нүдэндээ шивээс хийлгэсэн байна. Өөрийг нь шүүмжлэгчдэд хандан тэрээр бусдын биш өөрийнхөө тааламжид нийцүүлэн амьдрах хэрэгтэй гэсэн байна. 

Түүний нэр хүнд алдартай хэвээр байгаа бөгөөд цахим ертөнцөд бэлтгэл сургуулилалтынхаа талаар болон эхнэртэйгээ хамт цагийг хэрхэн өнгөрүүлдэг өдөр тутмын амьдралынхаа талаар ч  зураг оруулдаг. 

11 Аарон Брүекнер

2011 онд "GQ Style" сэтгүүлийн Герман дахь хэвлэл дээр "Амьд Кен" гэсэн нэрэн дор Аарон Брүекнерийн зургуудыг нийтэлсэн байна. Уншигчид түүнийг хүүхэлдэйнээс ялгарахгүй, яг л Кен шиг харагдаж байгааг гайхан магтжээ. 

 

Аарон Брүекнер

Харин Аарон энэ бүхнийг ердөө ажил гэж үзэн, тайвнаар хүлээн авсан юм. Загвар өмсөгчийн карьераа хойш тавьсан тэрээр одоо эдийн засгийн салбарт зөвлөгчөөр ажиллаж буй. Түүний хэлснээр амьдралдаа олж авсан хамгийн чухал туршлагыг их сургуулиас биш, харин загвар өмсөж байх үедээ олж авсан гэнэ. 

12 Ханна Грегори

Английн амьд хүүхэлдэй Ханна Грегори 24 настай. Оюутан байх үед нь буюу хэдэн жилийн өмнө түүний нэр хүнд өсөж эхэлжээ. Одоо түүний шүтэн бишрэгчид хэдэн мянгад хүрсэн гэнэ. 

Хүүхэд байхдаа тэр маш ичимхий байсан ч их сургуульд ороод нэлээд олон хүнээс "Хүүхэлдэй шиг харагддаг" гэсэн магтаал сонссон байна. Энэ нь түүнийг шинэ дүр төрхөө бүтээх санааг өдөөжээ.

Ханна Грегори

 Ханна хэрхэн нүүр будах, үсээ янзлах, ямар хувцас өмсөх зэргээ шийдэх гэж өглөө эрт босдог гэнэ. Жирийн хувцас өмсөхөөрөө таагүй мэдрэмж төрдөг хэмээн тэр хэлж байсан удаатай. Харин хамаатан садан нь Ханнатай уулзахыг тэр бүр хүсдэггүй. Учир нь ойр хавьд нь яваа хүмүүс түүнээс нүдээ салгахгүй цоо ширтдэг нь түвэгтэй байдаг аж. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()