24
Дона Бертарелли (Dona Bertarelli) - 4.4 тэрбум
Дона бол итали гаралтай Швейцарийн бизнес эрхлэгч эмэгтэй юм. Түүний гэр бүл 1992-1997 онд “Serono” нэртэй биотехнологийн компани ажиллуулдаг байжээ. Дона гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад 2007 онд компаниа заржээ.
Аав нь нас барсны дараагаар Дона эрэгтэй дүүгийнхээ хамтаар нийгэмд тулгамдсан асуудал болоод буй үргүйдлийг багасгахад хувь нэмрээ оруулдаг, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарын байгууллагуудыг дэмждэг “Bertarelli” нэртэй сан байгуулжээ. Энэ сангийн тэргүүн тэрээр 2003 онд “Grand Hotel Park” хэмээх таван одтой зочид буудлыг худалдан авчээ. Дона чадварлаг завьчин гэсэн шүү.
23
Кирстен Раусинг (Kirsten Rausing) - 5.1 тэрбум
Кристен Шведийн Лүнд хотод төрж өссөн. Тэрээр шингэн хоол хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэдэг “Tetra Pak” компанийг үүсгэн байгуулагчийн ач охин аж.
1995 онд түүний аав тус компанийн 50 хувийг ахаасаа худалдан авч өөрийн гэр бүлдээ өмчилжээ. Өв залгамжлагч Кристен өдгөө Англид эдлэн газартаа хайртай морьдоо өсгөн үржүүлсэн шигээ тааваараа амьдардаг гэнэ.
22
Мария Асунчион Арамбурузабала (María Asunción Aramburuzabala) - 5.2 тэрбум
Мария бол Мексикийн тэрбумтан хатагтай юм. Тэрээр “Tresalia capital” компанийн эзэн юм. Аав нь нас барсны дараа ээж, эгчийнхээ хамтаар “Grupo Modelo” нэртэй шар айрагны компаниийг өвлөн авчээ.
Мөн тэрээр дэд бүтэц, интернэт, утсан холбооны төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг байна.
21
Чен Лихуа (Chen Lihua) - 6 тэрбум
Чен Лихуа нь Бээжингийн томоохон компанийн нэг “Fuwah" олон улсын групп компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм. Өөрийн гараар бизнесээ босгож, тэрбумтан болсон дэлхийн цөөн хэдэн хатагтай нарын нэг тэр яах аргагүй мөн.
Чен маш ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд сургалтын төлбөрөө төлөх боломжгүйн улмаас их сургуулиасаа гарч, ажил хийх болжээ. Хамгийн анх тавилга засаж эхэлсэн бөгөөд 80-аад оны эхээр Хонконг руу нүүж тавилга засаж, зарах болсон гэнэ. Ийнхүү бизнес нь маш амжилттай өргөжин тэлсэн юм. Одоо тэрээр Хятадад 12 эдлэн байшинтай.
20
Сандра Ортега Мера (Sandra Ortega Mera) - 6,1 тэрбум
Испанийн “Inditex” компанийн захирал, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Аманчио Ортега (Amancio Ortega)-гийн охин бол Сандра юм. Түүний ээж 2013 нас барсан бөгөөд тэрээр аавынхаа компанийн долоон хувийг өвлөн авчээ.
Ээжийнхээ байгуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг санд Сандра ихэнх цагаа зарцуулдаг юм. Түүний дүү тархины саажилттай ажээ.
Тэрээр Сантьягогийн их сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн юм. Өдгөө Испанид нөхөр, гурван хүүхдийн хамт амьдарч буй.
19
Милане Франц (Milane Frantz) - 6.3 тэрбум
Милане бол АНУ-ын Хьюстонд байрлах газрын тос дамжуулах хоолойн “Enterprise Products” компанийн эзэн Дан Дункан (Dan Duncan)-ы охин юм. Гэхдээ түүний аав 2010 онд нас барсан бөгөөд Милане гурван эгч, дүүгийнхээ хамтаар аавынхаа компанийн хувийг өвлөн авчээ.
Одоогийн байдлаар “Enterprise Products” компани Америкийн эргийн мужуудыг дамнасан 80 мянган км урт газрын тосны хоолойг эзэмшдэг юм.
18
Даннин Авара (Dannine Avara) - 6.3 тэрбум
Даннин мөн “Enterprise Products” компанийг үүсгэн байгуулагч Дан Дунканы өв залгамжлагчдын нэг юм. Тэрээр Америкийн хамгийн анхны татвар төлдөггүй тэрбумтан хатагтай ажээ.
17
Ранда Дункан Виллиамс (Randa Duncan Williams) - 6,3 тэрбум
Ранда ч мөн адил Дан Дунканы том охин, өв залгамжлагч юм. Гэхдээ бусад дүү нараасаа ялгаатай нь тэрээр аавтайгаа хамт “Enterprise Products” компанийг үүсгэн байгуулсан гэнэ. 1994-2001 онуудын хооронд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
16
Панси Хо (Pansy Ho) - 6.4 тэрбум
Макаогийн жирийн нэгэн бизнесмэний таван хүүхдийн том охин болж төрсөн Панси 26 насандаа өөрийн казиногоо байгуулжээ. Залуудаа тэрээр телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг байсан гэнэ. Одоо Панси “MGM Grand Macau” зочид буудлын 29 хувийг эзэмшдэг юм.
15
Ян Хуйян (Yang Huiyan) - 6.9 тэрбум
Хэрвээ та амжилттай яваа залуухан бизнес эрхлэгч эмэгтэйн талаар сонирхож байгаа бол Яныг яах аргагүй мэдэж авах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэгч бүсгүй маань Азийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог гэнэ лээ. Тэрээр “Country Garden Holdings” группийн 55 хувийг эзэмшдэг аж.
Түүний аав “Biguiyan” компаниа 1997 онд байгуулсан бөгөөд компанийнхаа 70 хувийг охиндоо өвлүүлж өгчээ. Ян 2003 онд Охайогийн их сургуулийг төгссөн юм.
14
Маргарита Луи-Дрейфус (Margarita Louis-Dreyfus) - 8.1 тэрбум
“Louis Dreyfus" группийн нэг томоохон захирал Маргарита орос-швед гаралтай тэрбумтан юм. Тэрээр асрамжийн газарт өссөн бөгөөд худалдааны сургуулийг борлуулагчийн мэргэжлээр төгсчээ. Харин 1988 онд Швейцарийн Цюрих хотоос Лондон руу нисэж байхдаа Роберт Дрейфүс (Robert Louis-Dreyfus)-тэй танилцсан байна. Тэд хожим 1992 онд гэрлэж гурван хүүхдийн эцэг эх болжээ.
Харин нөхөр нь 2009 онд нас барж, тэрээр орыг нь залж группийг нь өвлөн авчээ.
13
Антония Йонсон (Antonia Ax:son Johnson) - 8.2 тэрбум
Шведийн тэрбумтан Аксел Йонсон (Axel Johnson AB)-ы гэр бүлийн дөрөв дэх өв залгамжлагч бол Антония юм. Тэрээр 1982 онд аавынхаа орыг залж, группийн ерөнхийлөгч болжээ.
Тэрбумтан хатагтай нэрнээс гадна тэрээр маш өндөр боловсролтой юм. Канадын Квебекийн их сургуульд хуулийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан гэнэ.
12
Илайн Маршалл (Elaine Marshall) - 8.8 тэрбум
Илайн Маршалл нөхрийнхөө босгосон “Koch Industries” компанийн 16 хувийг хүүтэйгээ хамтран эзэмшдэг ажээ. Энэ нь химийн үйлдвэрлэлийн томоохон компани юм.
11
Чарлин Хайнекэн (Charlene de Carvalho-Heineken) - 10.4 тэрбум
Энэ хатагтай дэлхийн хоёр дахь том шар айрагны компани болох "Heineken"-ий 25 хувийг эзэмшдэг. Чарлин бол Нидерланд бизнесмэн Фредди Хайнекэн (Freddy Heineken)-ий охин юм байна.
10
Миучча Прада (Miuccia Prada) - 11.1 тэрбум
Прада гэсэн овгоос нь харахад л та түүнийг ямар бизнес эрхэлдгийг нь гадарлаж байгаа байх. Миучча Прада бол Италийн бизнес эрхлэгч, хувцас загвар зохион бүтээгч юм. Тансаг зэрэглэлийн хувцасны “Prada” брэндийн ерөнхийлөгч, ахлах загвар зохион бүтээгчээс гадна тэрээр “Miu Miu” брэндийг үүсгэн байгуулжээ.
Тэрээр “Prada” брэндийн үүсгэн байгуулагч Марио Прада (Mario Prada)-гийн хамгийн бага ач охин бөгөөд 1978 онд өвөөгийнхөө бизнесийг өвлөж авчээ. “Forbes” сэтгүүл түүнийг 2014 оны дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйн нэгээр тодруулжээ.
9
Лаурин Повелл Жобс (Laurene Powell Jobs) - 14 тэрбум
“Apple” компанийн үүсгэн байгуулагч, зохион бүтээгч агсан Стив Жобс (Steve Jobs)-ын эхнэр тэрээр “Emerson Collective” ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч юм. Түүний компани боловсрол, хүрээлэн буй орчин, нийгмийн шударга ёс, хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх өмгөөллийн бодлого хэрэгжүүлдэг юм. Мөн Лаурин их, дээд сургуульд орохыг хүссэн, амьдралын боломж муутай айлын хүүхдүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлдэг “Board of College Track” нэртэй компани үүсгэн байгуулжээ.
Өдгөө Лаурин 54 настай бөгөөд Калифорни мужийн Пало Алто хотод гурван хүүхдийн хамт амьдардаг юм.
8
Анн Кокс Чэмбэрс (Anne Cox Chambers) - 15.5 тэрбум
Анн Кокс өдгөө 98 настай, дэлхийн хамгийн ахмад настай тэрбумтан хатагтай юм.
Анн маш олон охин компанитай “Cox Enterprises” группийн эзэн юм. Түүний аав Жэймс Кокс (James M. Cox) хэвлэлийн газрын эзэн байсан бөгөөд 1920 онд Америкийн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ. Анн 33 жилийн турш аавынхаа компанийг тэргүүлж байгаа юм.
7
Эбигейл Жонсон (Abigail Johnson) - 17.3 тэрбум
Ухаалаг, хөдөлмөрч, босс эмэгтэй бол яах аргагүй Эбигейл юм. 2014 оноос хойш Эбигейл “FMR- Fidelity Investments” санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг фирмийн даргаар ажилласан юм. Түүний өвөө тус фирмийг үүсгэн байгуулсан бөгөөд аав нь захирлаар нь ажиллаж байсан аж. Харин 2013 онд түүний гэр бүл тус компанийн 49 хувийг эзэмших болсон бөгөөд Эбигейл үүний 24.5 хувийг дангаараа эзэмшдэг юм.
2016 онд “Fidelity Investments” фирмийн ерөнхийлөгч болж тус компанийн бүрэн удирдлагыг тэрээр гартаа авсан байна.
6
Сюзане Клаттен (Susanne Klatten) - 17.4 тэрбум
Герман гаралтай бизнес эрхлэгч хатагтай Букингхемийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй төгссөн юм. Тэрээр нэрээ Сюзанне Клаттен гэж өөрчилсөн юм. Учир нь түүнд гэр бүлийнх нь овог, нэр асуудал дагуулж байсан аж. Түүний аав нь “Altana” нэртэй эм, болон химийн үйлдвэрлэл эрхэлдэг компанийн ерөнхийлөгч байжээ. Аав нь нас барсны дараа Сюзанне тус компанийн 50.1 хувийг өвлөн авч, дэлхийн тэргүүлэгч корпорац компани болтол нь хөгжүүлж чаджээ.
Клаттен мөн “BMW” машины фирмийн 12.50 хувийг өвлөж авсан юм. Харин дүүгийн хамт 1997 онд тус компанийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Ийнхүү Сюзанне дэлхийн 38 дахь баян хүн, мөн Германы хамгийн баян эмэгтэй болжээ.
5
Жина РайнХарт (Gina Rinehart) - 17.8 тэрбум
Жина бол Австралийн “Hancock Prospecting” уул уурхайн компанийн магнат юм. Тус компанийг түүний аав Ланг Ханкок (Lang Hancock) үүсгэн байгуулж хожим охиндоо өвлүүлсэн нь түүнийг манай дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болгосон юм.
Жина аавынхаа компанийн ажилд туслахын тулд их сургуулиа орхиж байжээ. Тэрээр аавынхаа ганц охин нь бөгөөд 1992 онд эцгээ нас барсны дараа компанийнхаа 76.6 хувийг өмчлөн авсан гэнэ. Ийнхүү тус компанийн ерөнхийлөгч болжээ.
Одоогийн байдлаар Жина компанийнхаа ихэнх хувийг дөрвөн хүүхдэдээ тэнцүү хувааж өгчээ.
4
Жаклин Марс (Jacqueline Mars) - 20 тэрбум
Дансандаа хэмжээлшгүй их хөрөнгөтэй хатагтай бол Фрэнк Марс (Frank C. Mars)-ийн ач охин, Жаклин юм. Харин түүний өвөө Америкийн “Mars” чихэр, шоколадны компанийг үүсгэн байгуулсан хүн аж.
Жаклин шоколадны компанийн ихэнх хувийг эзэмшдэг бөгөөд захирлуудын зөвлөлийн хурлыг мөн тэргүүлдэг юм. Зөвхөн өөрийн компаниа удирдаад зогсохгүй олон төрлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, ашиг хүртдэг хатагтай гэнэ.
3
Крсити Валтон (Christy Walton) - 36.7 тэрбум
Уолтоны гэр бүлийн гишүүн энэ хатагтай элбэг хангалуун амьдралтай “гэрлэжээ”. Түүний нөхөр нь Уолтоны гэр бүлийн гишүүн бөгөөд “True North Partners” санхүүгийн компанийн захирал байсан юм. Гэвч 2005 онд онгоцны ослоор харамсалтайгаар нас барсан аж. Ийнхүү тэрээр нөхрийнхөө компанийн хувийг өвлөн авчээ.
Мөн тэрээр дэлхий дээрх хамгийн өглөгч эмэгтэйгээр тодорч байв. Бусдад маш их хэмжээний мөнгөөр тусалж, өглөг өгдөг учраас энэ тодотголыг хүртжээ.
2
Франкойз Беттанкур Майерс (Françoise Bettencourt Meyers) - 42.2 тэрбум
Франкойз хатагтай Библийн тайлбар, еврей болон христийн шашны харилцан хамаарлын талаар бичдэг Францын зохиолч эмэгтэй юм. Тэрээр мөн “L’Oreal” брэндийн эзэн Франкойз Лилиан Беттанкур (Liliane Bettencour)-ын ганц охин юм. Ээж нь 2017 онд дэлхийн хоёр дахь баян эмэгтэйгээр тодорч байсан ч тухайн ондоо нас барсан аж.
Гэсэн ч тэрээр ээжийнхээ орыг залж, энэ онд дэлхийн 18 дахь хамгийн баян хүнээр тодорчээ.
1
Алис Уолтон (Alice Walton) - 46 тэрбум
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн 16 дугаарт бичигддэг энэ хүчирхэг хатагтай бол Сэм Уолтон (Sam Walton) буюу Америкийн “Wal-Mart” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагчийн охин юм.
Алис урлагт их дуртай. Анх 10 настайдаа Пикассо (Picasso)-гийн “Blue Nude” нэртэй бүтээлийг худалдан авч байжээ. Өдгөө Алис урлагийн бүтээлийг сэргээн засварлах үйл ажиллагаанд томоохон хөрөнгө оруулалт хийдэг. Мөн “Walton Enterprises”-ийн үйл ажиллагааг хянадаг юм.