Банкаар үйлчлүүлэхэд шаардагддаг бичиг баримтын тоог цөөлөх “ХУР” системийг нэвтрүүллээ

2018-04-06, 10:35
2,572

2013 онд төрийн үйлчилгээний төвлөрлийг бууруулж, иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор “ТҮЦ” машиныг нэвтрүүлсэн нь хүнд суртал, урт дараалал, цаг хугацаа алдах зэрэг бэрхшээлүүдийг арилгасан. 

Банкаар үйлчлүүлэхэд шаардагддаг бичиг баримтын тоог цөөлөх “ХУР” системийг нэвтрүүллээ

Цаашид төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг улам хялбарчлах,  иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ–ын монгол инженерүүд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж, энэ оны 1 дүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Өмнө нь аж ахуйн нэгж, иргэд төр болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад зарим төрлийн бичиг баримтыг заавал бүрдүүлж, хуулбарлаж хавсаргахыг шаарддаг байсан. Харин төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтэрснээр,  тухайн мэдээллийг байгууллага хооронд шуурхай солилцох боломж бүрдэж байгаа бөгөөд тогтсон нэг мэдээллийн формат, протоколыг мөрдөж ажиллах юм байна. 

Монгол Улсын түүхэнд төрийн дижитал үйлчилгээний суурь хэмээн тодоор тэмдэглэгдэх “ХУР” системийг салбартаа тэргүүлэгч Голомт банк 2018.04.05-ны өдөр монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. 

Өөрөөр хэлбэл та нэг ширхэг ч бичиг баримт бүрдүүлэхгүйгээр, зөвхөн хурууны хээгээ уншуулаад л шинээр Голомт банкны харилцагч болж, данс, карт нээлгэж, цалингийн зээл авах зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. 

Ажлаасаа чөлөө авч чирэгдэлгүй, олон хоногоор бичиг баримт хөөцөлдөж цаг хугацаа алдахгүйгээр банкны бүх төрлийн үйлчилгээг хамгийн богино хугацаанд авах боломжийг  төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ийнхүү олгоод байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.