1
Л.Хүрэлбаатар Монос группийн ерөнхийлөгч “Бүтээмжийн өсөлт, ажлын капиталын удирдлага” илтгэл
Амьдрал дээрх хамгийн төгс систем бол хүний бие организм юм. Хэрэв бизнесийг хүний биетэй зүйрлэвэл ажлын капитал нь цусан хангамж юм. Тиймээс бид ажлын капиталаа удирдахдаа Нийлүүлэгч, Дотоод үйл ажиллагаа, Харилцагч руугаа чиглэж ажилласан. Үүний үр дүнд энэ оны эхний хагас жилд ажлын капитал маань 7 хувиар багасаж, ажлын капиталын ашиглалт маань 40 хувиар нэмэгдсэн байна.
2
Ц.Баатарсайхан Таван богд группийн ерөнхийлөгч, Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал “Бүтээмжийн өсөлт, Амёб менежмент” илтгэл
Компанийн орлогыг хамгийн өндөр, зардал болон зарцуулсан хугацааг хамгийн бага байлгах нь компанид өндөр үр ашгийг авчирна. Нэг цагт оногдох үр ашгаа тасралтгүй нэмэгдүүлэх нь “Амёб” менежментийн үндсэн зарчим юм. “Амёб” менежментээр дамжуулан ажилтан бүрт компанийн нэг хэсэг гэдгийг нь ухааруулж, тэдэнд менежментийн гол утга санааг сайн ойлгуулж, бүх нийтийн оролцоотой менежментийг бий болгох нь чухал юм.
3
Д.Энхбат Юнител ХХК-ийн Гүйцэтгэх захирал “The Future Enterprise” сэдэвт илтгэл
Мэдээллийн технологийн хөгжил нь бизнесийн бүх салбарт хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны оновчтой шийдлийг авчирснаар бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгон улс орны эдийн засгийг хурдасгах хөшүүрэг болж байна. Технологийн шийдлийг хэн бусдаас түрүүлж нэвтрүүлсэн нь зах зээлийн ашигтай байрлалыг түрүүлж эзэлнэ.
4
М.Наранхүү Голомт банкны дэд ерөнхийлөгч “Бүтээмж +102%, бизнес процессийн бүтцийн өөрчлөлт/шинэчлэл” илтгэл
Бизнес процесс ре-инжиниринг гэдэг нь байгууллагын бүтэц зохион байгуулалтын тухай биш ПРОЦЕССЫН тухай асуудал. Энэ бол зөв дарааллыг хэлж буй хэрэг юм. Бид процесс шинэчлэлт хийхдээ салбар нэгжүүдийнхээ борлуулалтын бус, харилцагчтай харилцдаггүй, back office task-уудыг төвлөрүүлэх, түүнийгээ конверын системээр гүйцэтгэх байдлаар хийсэн. Үүний үр дүнд бүтээмжийг 102 хувь нэмэгдүүлээд байна.
5
Б.Жавхлан Мандал даатгал, Гүйцэтгэх захирал “5/500: Selection technology” илтгэл
Байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа тогтсон асуултууд тавьж, 10-30 минутын ярилцлагаар дүгнэж ирсэн. Туршлагагүй бол түүнд ажилд орох боломж бага. Харин 5/500 selection technology-р бол хувь хүний хандлага, хүсэл эрмэлзлийг нь таньж, хүн бүрт боломж олгодог. Өөрөөр хэлбэл 500 хүнээс дээрх шаардлагыг хангасан 5 хүнийг сонгоно гэсэн үг. Дээрх 2 зарчмаар сонгогдсон ажилтнуудын борлуултын гүйцэтгэлийг харьцуулахад, уламжлалт аргаар сонгогдсон ажилтнууд 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 5/500 selection technology-р сонгогдсон ажилтнууд 96 хувийн гүйцэтгэл үзүүлсэн байна.
6
Д.Бадрал Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал “Төсөлд суурилсан менежмент” хамтарсан илтгэл
Байгууллага хэт томроод ирэхээр өдөр тутмын ажлаас гарч чадахгүй стратегийн томоохон шийдвэр гаргах боломж дутмаг байх нөхцөл үүсдгийг олж харсан. Чухал ажлууд бол стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой ажлууд байдаг. Гэтэл олонх байгууллага ажлаа Чухал, Яаралтай хэмээн эрэмблээгүйгээс хэлтсүүд өдөр тутмын ажилдаа дарагдан гол чухал ажлуудаа орхисон байдаг. Харин 2016 оны 1 сард ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙГ байгуулснаар 7-8 жил хийгдээгүй байсан ажил 3 сарын дотор амжилттай хэрэгжсэн зэрэг эерэг үр дагаврууд гарч эхэлсэн юм.
7
Ж.Батчимэг Голомт банкны Төслийн удирдлагын хэлтсийн захирал “Төсөлд суурилсан менежмент” хамтарсан илтгэл
2015 оны төгсгөлд бид банкны үйл ажиллагаанд шинжилгээ хийснээр менежментийн түвшинд тулгараад байгаа зарим ноцтой асуудлуудыг илрүүлсэн. Улмаар 2016 оны 1 сард Төслийн удирдлагын хэлтсийг гүйцэтгэх захирлын шууд удирдлага доор байгуулж, төсөл суурьтай менежментэд шилжиж, 16 төсөл хэрэгжүүлснээр активийн өсөлт 22%, эх үүсвэр 35%-иар өссөн амжилт гарч эхлээд байна.
8
Л.Гантөмөр М-Си-Эс Холдинг компанийн Гүйцэтгэх захирал “Компанийн засаглал- М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн жишээ” илтгэл
Манай группийн хэмжээнд эрх мэдлийн хуваарилалтын журам байдаг. Энэхүү журамд тухайн хүн эрхийнхээ хүрээнд ямар асуудлыг хамарч ажиллах нь тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын бүтэц зохион байгуулалт ойлгомжтой учраас хэн нэгний өмнүүр орж ажилладаггүй. Манай компани бизнесийн төлөвлөгөөгөө томоор харчихсан байдаг. Бизнес төлөвлөлтөд компани, алба, баг, ажилтан гэсэн тогтолцоотойгоор оролцдог. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан өөрийн бизнес төлөвлөгөөндөө хүрвэл компанийн бизнес төлөвлөгөө биелнэ гэсэн үг юм.
9
П.Батхишиг Шунхлай компанийн гүйцэтгэх захирал “Бизнесийн стратеги” илтгэл
Байгууллага болгон зорилго тавьдаг. Харин хүрэх арга замаа хэрхэн тодорхойлдог вэ? Бидний хувьд: 1.Үйлчилгээний компани 2.Үйл ажиллагааны сайжруулалт 3.Хүний нөөц 4. Зардал бууруулах 5.Харилцагчийн удирдлага 6.Менежмент гэсэн стратеги баримтлан ажилласан. Үүний үр дүнд жилд 5-10 төслийн баг, ажлын хэсэг ажиллуулж байх, Гүйцэтгэх захирал ажилтнууддаа байнга яриа хийж байх, хүмүүсийн итгэл дааж идэвхжүүлж ажиллах зэргийг ойлгосон юм.
10
Ө.Ганзориг Голомт банкны Гүйцэтгэх захирал “Борлуулалт +30%:Digital Sales” илтгэл
Уламжлалт маркетингийг зүйрлэвэл цагаан хоолой гэсэн үг. Байнга хүмүүст орилж, хашгичиж мэдээлэл түгээдэгтэй адил. Хүн сонсоод л өнгөрнө. Үйлдэлд дуудах боломжгүй. Харин дижитал борлуулалтын аргачлалаар хэрэглэгч контент, сурталчилгаа үзсэн даруйд үйлдэлд дуудах боломжтой болдог. Контент маркетинг хийснээр манай веб сайтуудын хандалт 5 дахин өссөн. Мөн борлуулалтаа 30 хувь өсгөж чадсан.
11
М.Сайнбилэг Голомт банкны Мэдээлэл технологийн газрын захирал “Харилцагчаа таних нь, Дата майнинг” илтгэл
Технологи талаас нь харвал дата майнинг гэдэг бол технологи, систем, загвар, алгоритм шийдлүүдийг ашиглаж өнгөрсөн болон одоо цагт цугларсан датад үндэслэн, ирээдүйг таамаглах, төлөвлөх огтлолцол юм. Бид дата майнинг төслийг хэрэгжүүлж, харилцагч бүрийн зан чанар, хандлага, замналыг ялгаж харснаар харилцагч төвтэй банкны бизнес загварыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн.
12
Э. Амарбаясгалан “Голомт Капитал ҮЦК”-ийн захирал “Өндөр хүүтэй эдийн засагт хэрэглэх санхүүгийн стратеги” илтгэл
Капиталын бүтцийг авч үзвэл бүхий л салбарт өрийн эзлэх дүн өндөр байна. Тиймээс хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж олон нийтээс санхүүжилтээ босгох нь хамгийн шилдэг арга зам юм. Тухайлбал хувьцааны санхүүжилт хийхээс өмнө 11 тэрбум төгрөгийг өрөнд өгөхөөр байсан компани өөрийн 30 хувийн хувьцааг олон нийтэд санал болгосны дараа өрийн нийт дүн 8,3 тэрбум буюу цэвэр 432 сая төгрөгийн хүүгийн хэмнэлт хийгээд байна. Тиймээс хөрөнгийн зах зээл өндөр хүүтэй эдийн засагт хамгийн зөв санхүүгийн стратеги юм.
13
Ц.Энхжаргал Эн Пи Си энд Мандал, Гүйцэтгэх захирал “Бүтээмжтэй Монгол ажилтан” илтгэл
Бүтээмжтэй монгол ажилтныг сонгохдоо процесст суурилсан уламжлалт аргыг бус сэтгэл зүйд суурилсан шинэ технологийг ашиглах цаг болсон. Уламжлалт аргын хувьд сурлагын дүн, ажлын туршлага, хэлний мэдлэг зэргийг тэргүүнд тавьдаг бол сэтгэл зүйд суурилсан технологи нь эрч хүч, ур чадвар, зорилго зэргийг нь харгалздаг.
14
Г.Ганзориг Голомт банкны ахлах эдийн засгийн шинжээч “Макро эдийн засгийн нөхцөл байдал” илтгэл
2018 онд мөнгөний нийлүүлэлт 2017, 2016 онтой адил өндөр өсөлт үзүүлнэ. Үүний шалтгаан нь гадаад валютын орох урсгал нэмэгдэж, хүү буурах юм. Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн хэмжээний зөрүү 2017 онд 2.4 их наяд төгрөг болсон. Энэхүү зөрүү 2018 онд буурна. Иймд зээлийн хэмжээ 30 хүртэл хувиар өсөх боломжтой. Ам.долларын ханш тогтвортой байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.