1
Пиццаны зуурмаг
Амтат сайхан шаржигнасан гурилтай пицца хийхэд дараах зүйлийг заавал мэдэх шаардлагатай. Үүнд:
- Гурилаа заавал шүүх хэрэгтэй бөгөөд гуриланд хүчилтөрөгч оруулснаар тухайн гурил зөөлөн, хөвсгөр болно.
- Мөн сайн чанарын хөөлгөгч хэрэглэх хэрэгтэй. Эс тэгвээс гурил муу хөөж, шар айрагны үнэртэй болно.
- Хөөсөн гурил нь салхинд дургүй учир бүх цонх, хаалгаа хаагаарай.
- Гурилаа зуурахдаа хүйтэн усаар зуурах хэрэгтэй. Энэ тохиолдолд гурил тань зөөлөн, уян хатан болно.
- Сууриа элдэхдээ захыг нь зузаан элдэнэ. Гурилаа наалдуулахгүйн тулд листээ сайн тослох хэрэгтэй.
Орц:
Ус - 2/3 стакан
Хөөлгөгч – 1 цайны халбага
Гурил – 2 стакан
Оливын тос – 1 хоолны халбага
Хийх арга:
Хөөлгөгч дээрээ бүлээн ус хийж, сайн гэгч хутгана. Саванд гурил, давс болон найруулсан хөөлгөгчөө нэмж хийнэ. Зуурмагаа хуурай газар тавьж бага багаар хуурай гурил нэмж 10 минут орчим нухна. Ингээд зуурмагаа тойруулаад оливын тосоор тослож, дулаахан газар 1.5 цаг байлгана. Гурил тань 2 дахин хөөх ёстой. Хөөсөн зуурмагаа 2 хэсэгт хувааж бөөрөнхийлөөд дахин 60 минут амраана. Гурилаа гараараа татаж листэн дээрээ тараах бөгөөд 180-200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 10 минут шарна.
2
Давхраат зуурмаг
Давхраат зуурмагийг пирожки, бялуу гэх мэт бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн хийхэд ашиглаж болдог. Хэдийгээр зуурахад тийм ч хэцүү биш боловч заавал мэдэх шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Үүнд:
- Давс, уксус болон нимбэгний хүчил нь гурилны амт, чанарт нөлөөлнө.Тиймээс зааврын дагуу бүгдийг хэмжээгээр нь хийх хэрэгтэй.
- Сүү нь гурилны амтыг сайжруулах ч уян хатан байдлыг нь алдагдуулдаг учир сүүгээ усаар 1:1 –ээр найруулах шаардлагатай.
- Харин масло нь хүйтэн байх ёстой ч хөлдүү байж болохгүй.
- Гурилаа хэдий чинээ олон удаа элдэнэ, төдий чинээ олон давхраа үүснэ.
- Гурилаа элдэхдээ өөрөөсөө урагш жигд даралттай элдэх хэрэгтэй бөгөөд маш нямбай элдэх шаардлагатай.
- Шарах шүүгээнд хийхийн өмнө гурилан дээрээ сэрээгээр нүхлэх хэрэгтэй. Энэ нь гурил хагарахгүй байхад тустай.
- Давхраат гурилаар хийж буй зүйлийг 220 градусаас багагүй, ихгүй температурт шарах хэрэгтэй. Хэт бага температурт давхраа нь хөөхгүй бол хэт их температуртай үед түлэгдэх болно.
Орц:
Гурил – 300 гр
Цөцгийн тос – 150 гр
Усаар найруулсан сүү – 2-3 хоолны халбага
Уксус – 1 цайны халбага
Өндөг – 1 ширхэг
Давс – чимх
Хийх арга:
Гамбанзан дээр 150 гр гурилыг овоолж цацна. Төвд нь нүх хийж өндөг, уксус, сүү болон давс хийнэ. Бүх зүйлээ гурилтайгаа бөмбөлөг үүстэл нь зуурна. Цөцгийн тосоо жижиг хэсэгт хувааж, үлдсэн гурилаа нэмж зуурна. Ингээд та хоёр төрлийн зуурмагтай болсон гэсэн үг. Эхний гурилаа элдээд дээрээс нь тостой гурилаа тавиад дугтуй хэлбэрээр эвхэнэ. Өөрөөсөө эсрэг зүг рүү элдэж, гурван давхар нугалаад хөргөгчинд хийж 30 минут хийнэ. Гурилаа дахин 4 удаа элдэх хэрэгтэй бөгөөд элдэлт тутмынхаа дараа гурван давхар нугалаад 10 минут хөргөгчинд хийх шаардлагатай. 220 градус хүртэл халаасан шарах шүүгээнд шарна.
3
Үйрмэг гурил
Амттанд дуртай хүн бүрт тохирох зуурмаг. Үйрмэг гурилаар кремтэй жигнэмэг, жимсний пирог зэргийг хийж болно. Хэрвээ та бидний өгсөн зөвлөгөөг дагавал амралтын өдөр бүр гэр бүлийнхнийгээ амтат жигнэмэгээр дайлж баярлуулах болов уу.
- Цөцгийн тос нь хүйтэн байх хэрэгтэй. Гэхдээ хөлдөөсөн биш.
- Хүйтэн ус ашиглах
- Тос битгий харамлаарай. Тосноос шалтгаалж гурилны чанар өөрчлөгдөнө.
- Тосоо гурилтайгаа хольж бантангийн гурил бантагнаж байгаа мэтээр хооронд нь үрнэ.
- Гурилаа хэт удаан зуурах хэрэггүй. Учир нь тос нь хайлаад гурил тань үйрмэг болж чадахгүй.
- Мөн илүү амттай гурил хийхийн тулд элсэн чихрийн оронд нунтаг сахар ашиглаарай.
Орц:
Гурил – 2 стакан
Элсэн чихэр - ½ стакан
Цөцгийн тос – 150 гр
Давс – чимх
Ванилин
Хийх арга:
Элсэн чихэр, давс, ванилин болон гурилаа холино. Хүйтэн цөцгийн тосоо дөрвөлжин хэрчээд гурилан дээр нэмнэ.
Дараа нь цөцгийн тосоо гурилтайгаа талхны үйрмэг мэт болтол нь үрэх буюу бантагнана. Бага зэрэг шингэн нэмж гурилаа зуурна. Энэ үед гал тогоонд сэрүүхэн байх хэрэгтэй. Зуурмагаараа бөмбөлөг хийгээд хүнсний скочоор боогоод 30 минут хөргөгчинд хийнэ. Гурилаа хүссэн хэлбэрээрээ элдэж 180-200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд шарна.
4
Баншинд зориулсан зуурмаг
Банштай цай ядаргаа тайлдаг гэдгийг бид мэднэ. Тэгвэл баншны гурил зуурахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Гурилаа заавал шүүх шаардлагатай.
- Гурилаа зуурахдаа нэг тал руу нь эргүүлэх хэрэгтэй. Бэлэн болсон зуурмагаа 30 минут орчим амраана. 1-2 мм-ийн зузаантайгаар гурилаа элдэнэ.
Орц:
Гурил -500гр
Өндөг – 2 ширхэг
Ус – 200 мл
Давс – 0,5 цайны халбага
Ургамлын тос – 1 хоолны халбага
Хийх арга:
Гурилаа шүүгээд дээрээс нь өндөг, ус, давстай уусмалаа хийнэ. Зөөлнөөр гурилаа нэг тал руу эргүүлж зуурах хэрэгтэй. Захаасаа гол руугаа гурилаа хамж зуурна. Хэдий чинээ удаан зуурна төдий чинээ зөөлөн зуурмаг болно. Бэлэн болсон зуурмагаа 30 минут орчим амраана. Буцалсан усанд 10-15 минут чанана.
5
Кексний зуурмаг
Хэрвээ та бялуу хийх дуртай бол энэхүү жор танд тус болно гэдэг итгэлтэй байна. Кексний гурил зуурахад хэд хэдэн зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй.Үүнд:
- Гурил зуурах бүх сав суулга хүйтэн байх ёстой.
- Гурилаа хэд хэдэн удаа шүүх хэрэгтэй.
- Өндөгнийхөө шарыг цагаанаас нь салгах шаардлагатай.
- Өндөгний цагааныг миксерээр зуурахад хүйтэн байх хэрэгтэй.
- Зуурмагийг удаан зуурах хэрэггүй.
- Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халааж, 20-25 минут шарна. Гурилаа бэлэн болгоод шууд шарах шүүгээндээ хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
Орц:
Гурил – 180 гр
Элсэн чихэр – 150 гр
Өндөг – 4 ширхэг
Ванилин
Хийх арга:
Өндөгнийхөө цагааныг шараас нь салгах хэрэгтэй. Өндөгнийхөө цагааныг миксердэж, нэг цайны халбагаар элсэн чихэр болон ванилинаа нэмнэ. Дараа нь бага багаар урьдчилан миксердэж бэлдсэн өндөгний шарыг нэмэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа гурилаа шүүнэ. Өндгөн дээрээ гурилаа бага багаар нэмж хийх бөгөөд халбагаа доороос нь дээш хутгана. Бэлэн болсон зуурмагаа 190-200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 20-25 минут болгоно.
6
Чанасан гурилан зуурмаг
Чанасан гурилан зуурмагаар бялуу, эклер гэх мэт амттанг хийж болно. Зуурмагаа бэлтгэхийн өмнө дараах зүйлд анхаарал хандуулаарай.
- Гурилаа заавал шүүх хэрэгтэй бөгөөд кастрюланд бага багаар урсгаж хийх шаардлагатай.
- Чанасан гурилан дээрээ өрөөний температурт байх өндөг нэмж хийнэ.
- Гурилаа хутгахын тулд миксер ашиглаж болохгүй.
- Гурилаа зуурж эхлэхийн өмнө шарах шүүгээгээ асаана.Зуурсан гурилаа удаан байлгавал хатуурна.
- Шарах шүүгээгээ 200 градус хүртэл халаах шаардлагатай.
- Гурилаа түүхий болгохгүйн тулд дээрээс нь хуурай салфеткагаар хучих хэрэгтэй.
Орц:
Гурил – 150 гр
Цөцгийн тос – 100 гр
Ус - 240 гр
Өндөг – 4 ширхэг
Элсэн чихэр – 1 цайны халбага
Давс – чимх
Хийх арга:
Кастрюланд ус хийгээд дээрээс нь цөцгийн тос болон давс нэмж хийнэ. Цөцгийн тосоо хайлсны дараа гурилаа бага багаар хийж хутгана. Буцалгаад галаас салгаж аваад өрөөний температур хүртэл хөргөнө. Дээрээс нь бага багаар өндөг хийж гар миксерээр миксердэнэ. 220 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 10 минут орчим болгох бөгөөд дараа нь галыг нь 190 градус хүртэл багасгаж, 10-15 минут шарна.
7
Блинчикний гурил
Блинчикний гурил зуурах маш олон арга байдаг. Гэхдээ энэ гурилыг зуурахдаа та дараах зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Гурилаа заавал шүүх шаардлагатай.
- Блинчикний гурил зуурахад заавал шинэ өндөг ашиглах хэрэгтэй бөгөөд хуурай өндөг хэрэглэж болохгүй.
- Эхлээд сүү, ус, тараг гэх мэт бүх шингэн зүйлээ холих хэрэгтэй.
- Ургамлын эсвэл цөцгийн тосыг хамгийн сүүлд нэмнэ.
- Гурилаа хэт удаан зуурах хэрэггүй.
Орц:
Гурил – 2 стакан
Өндөг – 5 ширхэг
Ургамлын тос – 1 хоолны халбага
Сүү – 2,5 стакан
Давс болон элсэн чихрийг өөрийн хүссэнээр хийнэ.
Хийх арга:
Кастрюланд өндөгний шар хийгээд дээрээс нь давс, элсэн чихэр нэмж хийгээд хутгана. Дараа нь сүү нэмж хийгээд дахин сайн хутгах хэрэгтэй. Гурилаа нэмж хийгээд дээрээс нь ургамлын тосоо нэмээд зуурмагаа зуурна. Хайруулын тавган дээр зуурмагийг шарна. Зуурмаг шингэн байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Ингээд эдгээр зуурмагийг ашиглан та хайртай дотны хүмүүсээ амттангаар дайлаарай. Өөрийн хүссэнээр чимэглэж болно шүү дээ. Амжилт хүсье!