-Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр дүнг авчирсан бэ?
Өнгөрсөн 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хувьд өндөр бүтээмжийн жил байлаа. Бизнесийн байгууллагын хувьд гурван том зорилт дэвшүүлсэн. Энд техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Бид энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн онд хүдэр дэх зэсийн агуулга урьд өмнө байгаагүй доод хэмжээ буюу 0,495 хувьтай байсан ч манай уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшинд хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, зэсийн металл авалтыг 89,3 хувьд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр амжилт юм. Ингэснээр бид 6000 гаруй тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмалыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүх төрөл дээр 100-аас дээш хувиар давууллаа. Үүнд, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,9 хувиар, хүдэр боловсруулах төлөвлөгөөг 101,7 хувиар, металл авалтын төлөвлөгөөг зэсээр 103 хувиар, молибденоор 129,1 хувиар тус тус давуулан биелүүллээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд тогтвортой байхад эдийн засгийн үзүүлэлт дагаад сайн биелдэг. Эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг хэдий ч нөгөө талаар үйлдвэрлэлийн хүчин чадал гол нөлөөтэй. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш 2017 онд төлөвлөснөөс өндөр байв. Бид ойролцоогоор нэг тонн зэс 5480 ам.доллар гэж төсөөлж байсан ч оны сүүлийн улиралд нэлээд өссөн. Жилийн дунджаар авч үзвэл, нэг тонн зэс 6162 ам.доллартай тэнцэж байлаа.
Энэ нь бидний төлөвлөснөөс 682,7 ам.доллараар өндөр гэсэн үг. Үүнээс шалтгаалаад манай борлуулалтын орлого 131 хувиар давж биеллээ. Зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байвал Ашигт малтмал ашигласны төлбөр 11 хувиар, 6000 ам.доллараас дээш гарвал 12 хувиар тус тус нэмэгддэг. Энэ үзүүлэлт төлөвлөж байснаас 68,7 тэрбум төгрөгөөр буюу 124,2 хувиар давж биеллээ. Мөн татварын өмнөх ашиг төлөвлөж байснаас зургаа дахин буюу 403,1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн онд борлуулалтын орлого, бүтээгдэхүүний биет хэмжээ өссөнөөс 69,2 тэрбум төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний зардал буурснаас ашиг 51,7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн бид ерөнхий болон удирдлагын зардлыг 8,4 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Борлуулалтын орлого, ашиг нэмэгдэхэд хамгийн эерэг нөлөөлөл нь баяжмалын үнийн өсөлт байв. Ингэснээр бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 283,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, нийт цэвэр ашгийг 320,9 тэрбум төгрөгт хүргэж чадлаа. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэж дүгнэвэл, үйлдвэр өөрийн техник технологийн боломжийг өндөр түвшинд сайн ажиллууллаа. 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой жил боллоо.
Эрдэнэт үйлдвэр улс болоод орон нутгийн өмнө нийгмийн өндөр үүрэг хүлээдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд тус үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг мөн үйлдвэрийн түүхэнд байгаагүй түүхэн өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр манай үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.
-Эдгээр түүхэн амжилтанд гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?
Хамгийн гол нь бид өнгөрсөн онд хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 4500-5000 ам.доллар байх үеийн хэмнэлтийн горимыг мөрдөж ажилласан. Зэсийн өөрийн өртөгийг 4782 ам.доллар гэж төлөвлөж байсан бол 4460 ам.доллар буюу нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртөгийг 322 ам.доллараар бууруулж чадлаа. Ингэснээр хэмнэлтийн бодлого үр дүнтэй хэрэгжсэн. Нөгөө талаар, үндэсний үйлдвэр болсон тул хамтарсан үйлдвэр байснаас илүү хамтын ажиллагаагаа нягтруулж, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулсан гэж хэлж болно. Энэ хүрээнд олон арван журам, заавар аргачлал шинэчилсэн болон шинээр боловсруулан мөрдлөг болгон ажиллаж байна.
-Шинэ онд санхүү, эдийн засгийн чиглэлээр ямар зорилт хэрэгжүүлэх вэ?
Бид 2018 онд үйлдвэрлэлийнхээ өнөөдрийн хүрсэн хүчин чадлыг буулгахгүй байхыг зорьж байна. Зэсийн хүдэр дэх агуулга багасаж байгаа тул 0,480 хувьтай байхаар бид төлөвлөсөн. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа цэвэр зэсийн хэмжээг буулгахгүй байлгах зорилттой ажиллана. Энэ нь 131390 тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд манай үйлдвэр зэсийн баяжмалын чанарыг буулгахгүй байх зорилттой ажиллаж байна. Металл авалтыг нэмэгдүүлэх, чанарыг бууруулахгүй байх бодлого барьж ажилласнаар зэсийн баяжмалын чанарыг 23 хувиас буулгаагүй. Энэ зорилт мөн үргэлжилнэ. Түүнчлэн ТУЗ-өөр дэмжүүлсэн 2017-2031 онд компаниа хөгжүүлэх үндсэн чиглэлээ, түүнд тусгагдсан зорилт, өмнөх онд олсон ашиг орлогоо шинэ онд хадгалан үлдээх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
М.Балжинням
АМЖИЛТ БҮТЭЭЛИЙГ ТОВЧ ДУРДВАЛ:
- “Эрдэнэт” үйлдвэр 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой жил боллоо.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
- “Эрдэнэт” үйлдвэр нь ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.