Шинэ гутал
Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь зүгээр л арчихаас өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Илгэн гутлыг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчина. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуур эсвэл резин сойзоор цэвэрлээд илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20 см зайнаас шүрших хэрэгтэй ажээ. Хэрвээ та илгэн материалтай шинэ гутал авсан бол зориулалтын спрай буюу шүршигчийг гадагшаа гарахдаа заавал цацаж хэвшээрэй. Ингэснээр таны гуталанд бичил хэмжээний хамгаалалтын бүрхүүл үүсч, гадны тоос шорооноос үргэлж хамгаалах болно. Мөн арьсан гутлыг цэвэрлэх хэрэг гарвал арчиж зүлгэснийхээ дараа ямар нэгэн тосоор тослоорой. Заавал гадуур зарагддаг үнэтэй бүтээгдэхүүн байх шаардлагагүй. Үүнд ердөө наран цэцгийн тос, гахайн өөх гээд тос гаргаж, гялалзуулж болох бүхий л зүйл багтана гэдгийг энд онцолъё.
Гарахаасаа өмнө
Өвлийн улиралд халтиргаанаас сэргийлж гадаа зам дээр давс болоод ямар нэгэн бодис цацдаг шүү дээ. Эдгээр химийн элементүүд нь маш хүчтэй тул бидний гутлыг байнгын элэгдэлд оруулдаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд эрдэмтэд хамгаалалтын цацлага зохион бүтээсэн. Үүгээр гутлын их бие болоод улыг хамгаалах боломжтой ажээ. Гарахаасаа өмнө гутлаа хуурай байгаа дээр нь тус бүтээгдэхүүнийг цацах нь хамгаас чухал юм шүү.
Гэртээ ирснийхээ дараа
Гутлынхаа шавхай, шороо зэргийг арилгахын тулд эхлээд цэвэрхэн хуурай алчуураар арчих нь зүйтэй. Хэрвээ гутал тань чийгтэй байвал өрөөний температурт хатаана. Гэхдээ цахилгаан халаагуураас хол байлгаарай. Мөн дотор хэсэг нь чийгтэй байвал хэсэг цаас тавьж чийгийг нь шингээж аваарай. Нэмж хэлэхэд гутлаа байнга солиод байж чадахгүй ч улавчаа үргэлж сольж заншаарай. Сонирхуулбал гутлын шүүгээ хаалгагүй байвал илүү хуурай орчинг бүрдүүлж таагүй үнэрээс сэргийлдэг байна.
Толбо арилгах
Цэвэр арьсан гутал тань толбо болчихвол тухайн хэсэг газарт нь цуу юм уу бензин дусааж зүлгээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно. Шавхай болон давсны толбыг арилгахын тулд хуучин хэрэглэсэн сойз зэргийг яагаад ашиглаж болохгүй гэж. Арьсан гутлыг байнга тослохоо бүү мартаарай
Та өмсөхөө больсон, хаяахаар зэхэж байгаа хувцаснаасаа гутлын алчуур бэлтгэж болно. Саванд тасалгааны температуртай ус хийж, дээр нь багахан спирт эсвэл виски хийж өгөөрэй. Үүний дараа даавуун алчуураа архитай усандаа дүрж, гутлаа сайтар арчиж өгнө. Ингэхдээ тойрог хэлбэрээр арчиж өгөх хэрэгтэй. Энэ нь гутлын зураас болон элэгдлийг далдалж өгдөг. Харин дараа нь сойтгон дээрээ гутлын тосноос авч, мөн л тойрог хэлбэрээр сайтар тосолж өгөх нь зүйтэй. Ингэснээр үр дүнд нь таны гутал яг л шинэ мэт гялалзах юм. Хүмүүс спирттэй усаар гутлаа арчих аргыг тэр бүр мэддэггүй. Энэ нь тосны тогтцыг ч мөн сайжруулдаг тустай.