1
Марк Мэплис
Хөвгүүд хэзээ ч том болдоггүй гэдэгчлэн Марк Мэплисийн томоогүй зан түүнийг үхэлд хүргэжээ. 1959 онд нээгдэж байсан Маттерхорн Бобследс бол Диснейлэндийн хамгийн анхны галзуу хулгана юм. Альпийн нурууг санагдуулам энэ галзуу хулгана зорчигчдыг агуй, даваа, гүвээгээр аялуулах таатай боломжийг олгодог. Шинэхэн тоглоомонд анх сууж байгаа 15 настай хүү Марк Мэплис нь зэрэгцэн суух найздаа өөрийгөө зоригтой хэмээн гайхуулах гэсэндээ суудлын бүсээ тайлсан аж. Харамсалтай нь тухайн үед галзуу хулгана замынхаа хамгийн өндөр хэсэгт гарч, хүү суудлаасаа шидэгдэн нас баржээ. Харин зэрэгцэн сууж байсан найз нь үлдсэн амьдралынхаа туршид сэтгэл санаагаараа хохироод үлдсэн байна.
2
Томас Кливланд
1966 оны ахлах сургуулийн төгсөлтийн баярын үдэшлэг Диснейлэндэд болжээ. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэх зөвшөөрөгдсөн нас 18 байсан төдийгүй хиппи хэв маяг Калифорнид дэлгэрээд байсан гэнэ. Үдэшлэгт үнэгүй орохыг хүссэн 19 настай Томас Кливленд нэг замтай галт тэргийн хашлагыг давах гэж оролдсон байна. Хэдийгээр хамгаалалтын ажилтан түүнийг анзаарч галт тэрэг ирж байгааг анхааруулсан ч, залуу хүү түүний үгийг үл тоон хашлагыг даван галт тэргийн зам дээр гарч, дайруулсан аймшигт хэрэг гарчээ.
3
Долли Регина Янг
Маттерхорн дэх Маркын үхлээс хэдхэн жилийн дараа Долли Регина Янг гэх бүсгүй Марктай яг ижил тохиолдлоор нас баржээ. Харин түүний хамгаалалтын бүсийг хэн нэгэн сулласан эсэх нь тодорхойгүй хэвээр үлдсэн байна. Учир нь Долли хамгийн арын суудалд ганцаараа сууж явжээ. Хачирхалтайгаар хоёр ч хүний амь эрсэдсэн галзуу хулганы тэр хэсгийг хүмүүс Доллигийн хэсэг гэж нэрлэх болсон гэдэг.
4
Брэндон Зүкер
2000 оны 9 сард Рожер Раббетсийн эргэлддэг тоглоомонд 4 настай хүү Брэндон Зүкер суужээ. Харамсалтай нь хүү машинаасаа унаснаар араасаа цуван ирэх машинуудад дайруулсан байна. Хэдийгээр хүүгийн эцэг Дэвид ажилтнуудаас тоглоомыг нэн даруй унтраахыг шаардсан ч тухайн үеийн Диснейлэндийн дотоод журамд шууд 911 дуудах заалт байдаггүй байв. Харин түүний оронд хамгаалалтын албаны ажилтнууд ирэхийг хүлээж, түүнийг тайвшрахыг санал болгосон гэдэг. Бяцхан хүүгийн биед учирсан гэмтэл яаралтай тусламж аваагүй бол амь насанд нь хүрэхүйц аюултай байсан бөгөөд азаар хүүд тухайн үед паркад зугаалж байсан сувилагч Тереза Рийд анхны тусламж үзүүлж түүнийг аварсан байна. Гэсэн хэдий ч хүү дараагийн найман жилийг алхаж, ярьж чадахгүйгээр, байнгын асаргаа сувилгаанд өнгөрөөсөөр 13-хан насандаа таалал төгсчээ. Хэрэг явдалтай холбоотойгоор Диснейлэндын дотоод журамд өөрчлөлт оруулахаар шүүхээс шийдвэрлэсэн бол Брэндоны эмнэлгийн төлбөрийг паркаас төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэдийгээр мөнгөн дүн нууц хэвээр үлдсэн ч ойролцоогоор 30 орчим сая ам.доллар авсан гэсэн албан бус мэдээ байдаг.
5
Богден Делаурот
18 настай Богден Делаурот өөрийн 10 настай дүүгийн хамт парк хаасны дараа нуурын эрэг дэх Том Саверийн арлыг үзэхээр шийджээ. Хөвгүүдэд парк хааж бүх хүнийг гарсны дараа нууцаар арал руу явах нь сонирхолтой санагдаж байсан ч удалгүй уйдаж арлаас явах гэтэл ажилчдад баригдахгүйгээр паркаас гарах арга байсангүй. Ингээд ах дүүс асуудалд орохгүйн тулд нуурыг сэлж гатлахаар шийдэж Богден дүүгээ үүрээд сэлж эхэлжээ. Харамсалтай энэ нь Богденд сэлэхэд нь хүндрэл учруулж улмаар живсэн бол дүүг нь паркын ажилчид аварч амжжээ.
6
Шерилл Анни Хоффман
1979 онд Сансрын уулс тоглоомонд суусан Шеррил Анни Хоффман бүсгүйн дотор эвгүйрхэн бие нь мууджээ. Ажилчид түүний суусан хэсгийг цэвэрлэхийн тулд бүх тоглоомыг зогсоох шаардлагагүй гэж үзэж зөвхөн бүсгүйн сууж явсан хэсгийг салгахаар төлөвлөсөн байв. Гэвч ажилчдын хооронд үл ойлголцол үүссэний улмаас бүсгүй дахин нэг тойрог замыг биеийн таагүй байдалтайгаар туулжээ. Харин хоёр дахь аяллаа дуусгаад ирэхдээ Шеррил аль хэдийн комд орсон ухаангүй байдалтай ирж эмнэлэг рүү яаралтай хүргэгдсэн ч, хэтэрхий оройтсон байв. Бүсгүй хавдартай байсан нь шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд тоглоомын хурдтай байдал түүнийг үхэлд хүргэсэн гэж үзжээ. Харин хэрэг явдалд паркын зүгээс ямар нэг хариуцлага тооцохгүй гэсэн шийдвэр гаргасан юм.
7
Рики Лий Яма
1967 оны намар буюу Диснейлэнд парк шинэ хэсгээ нээгээд удаагүй байсан үе. Энэ тоглоомын хэсэгт зочдыг паркын аль ч хэсэгт төвөггүй хүргэж өгөх зориулалттай "Хүн тээвэрлэгч" багтсан байв. Тээвэрлэгч тийм ч хурдан явдаггүй нь 17 настай Рики Лий Ямад зэргэлдээх тээвэрлэгчид суух найзуудтайгаа нэгдэж зугаацах сэдлийг төрүүлсэн байна. Тэвээрлэгчийг нүхэн гарцаар өнгөрөх үед хүү өөрийн сууж байсан тээвэрлэгчээс зэргэлдээх тээвэрлэгч рүү үсрэхийг завджээ. Гэвч эргэлддэг тавцан дээр Рики тэнцвэрээ алдаж тээвэрлэгчийн зам дээр унав. Нүхэн гарц мэдээж харанхуй байсан тул зам дээр унасан Рикиг гарцаар дайран өнгөрч буй хэд хэдэн тээвэрлэгч дайрч ажилчид мэдэх хүртэл хүү дайруулсан тээвэрлэгчдийн дор чирэгдсээр байжээ. Паркын ажилчид осол болсныг мэдэх үед хүү аль хэдийнэ нас барсан байв.
8
Филип Страуган
Нью-Мексикийн Албьюкэркигээс ирсэн Филип Страуган төгсөлтийн баяр, төрсөн өдрийн давхар баяраа тэмдэглэж байв. Шөнө дунд хүртэл зугаацаж баяраа тэмдэглэж байсан залуус нэлээд согтоцгоож сүүлийн удаа дүрсгүйтэхээр шийдэн Том Саверийн арлын ойролцоох ажилтны завийг хулгайлжээ. Шөнө дунд согтуу байсан Рики хаашаа явж байгаагаа ч харж чадахгүй байснаас хад мөргөн живжээ.
9
Луан Фи Даусон
1998 оны зул сарын баяраа Диснейлэндэд өнгөрөөж байсан Майкрософтын инженер Луан Фи Даусон эхнэр хүүхдийн хамт Колумбиа хөлөг онгоцонд суухаар дараалалд зогсч байв. Хөлөг онгоцыг зогсоолд олсоор зангидан төмөр дэгээгээр бэхэлдэг байна. Гэвч тухайн үеийн паркын ажилтнуудын аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг байснаас хөлөг онгоцны бэхэлгээг тайлалгүйгээр эргээс хөдөлгөжээ. Бэхэлгээтэй хөлөг онгоц эргээс хөдөлснөөр төмөр дэгээ мулт үсрэн Даусоны толгойг хүчтэй цохив. Түүнийг эмнэлэг рүү яаралтай хүргэсэн боловч ердөө хоёр хоногийн дараа нас барсан юм. Болсон явдал паркын ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахихыг сануулсан томоохон сургамж болж үлдсэн бөгөөд Даусоны гэр бүлд Диснейлэндын зүгээс 20 орчим сая ам.долларын нөхөн төлбөр олгожээ.
10
Марсело Торрес
22 настай график дизайнер Марсело Торрес өөрийн сайн найзын хамт цагийг зугаатай өнгөрүүлэхээр шийдэн Диснейлэндийг зорьжээ. Залуус эртний барууны хэв маяг бүхий галт тэрэгний хэлбэртэй галзуу хулганыг сонгов. Тоглоомыг ажиллуулж эхлэхэд паркын ажилчид тасхийсэн чанга чимээ сонссон байна. Гэтэл засвар механикийн мэдлэггүй ажилчид машиныг зогсоолгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулснаар галт тэрэгний дугуйны хэсэг салж 10 хүн хүнд гэмтэж хамгийн урд хэсэгт сууж явсан Торрес нас баржээ. Болсон хэрэг явдал Диснейлэндын удирдлагуудад засвар механикийн журамдаа өөрчлөлт оруулах хангалттай сургамж болсон.