Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнөөдрийн утаа үйлдвэрийн яндангаас, гэр хорооллоос, машинаас гараад байна гэж ойлгоод байх шиг байна. Ийм ойлголт нь гэр хорооллын иргэдээ, дулааны цахилгаан станцуудаа үзэн ядхад хүргээд үндсэн асуудлаас биднийг ховхолоод байх шиг. Хүүхэд байхад гадны нэг хот (Дубай байсан санагддаг юм, ямартай ч исламын орны нэг хот байсан) цэвэр агаар худалдаж авах гэж байгаа тухай уншаад хөх инээд хүрээд өнгөрч байж билээ. Хүмүүс агаар, цэвэр ус худалдаж авч байхад бидэнд ингээд л байж байдаг ямар азтай улс вэ гэж бодсон. Гэтэл өнөөдөр “Швейцарын цэвэр агаарыг Монголдоо” гэх агаар шүүгчний самбар хараад үнэндээ уйлмаар л болов. Үнэндээ энэ утаа Утаанбаатарчуудын тархинаас гарч байгаа. Энэ утаа сэтгэлгээний доройтлоос гарч байгаа, амьсгал боож байгаа энэ бол ядуурлын утаа, авилгалаас үүссэн утаа.
Амжиргаанд нь тохирсон, зөв шийдэлтэй байшинг бариад өгчихдөггүй учраас өөрсдөө “хар ухаанаараа” барьсан байшин нь илүү сийгнэ, дулаанаа алдана. Ингээд л байшинд байгаа айл өрх хүртэл гэрт амьдардагаасаа ялгаагүй ихээр шөнөдөө 2 нүүрсээр галлана. Боломжийн үнэтэй байр байхгүй, орон нутагт очъё гэхээр ажил байхгүй, олдсон ганцад нь орчихьё гэхээр орлого байхгүй, хоолноосоо илүүчилье гэхээр ходоод дүүргэж гэдэс цатгадаг л болхоос шим тэжээл нь өдрийн авах ёстойдоо ч хүрдэггүй. Гэр хороолол биш ядуурал утаа гаргаж байна.
Зам тээвэр, нийтийн унаа хөгжөөгүй учраас хүмүүс улсад биш өөртөө найдахдаа бүгд хуучин ч болтугай машин авна. Ойр зуурын ачаа нь лаазалсан загас шиг шахдаг автобусанд ордоггүй учраас төвөг цаашаа гээд өөрийн гэсэн зүйлээ л бараадна. Түргэн шуурхай тээвэр, ядаж төв шугмын метро байхгүй учир яалтай ч билээ. Машинууд утаа гаргаагүй, дэд бүтэц, зам тээврийн хөгжил утаа гаргаж байна. Мэрилэнд мужын Балтиморт явж байхад манайхаар бол Баянбүрд хавийн байрлалд бүхэл бүтэн хороолол эзгүй байхыг харж байсан. Бүгд банкны зээл, өр ширэнд хураагдсан, борлуулагддаггүй хэрнээ чөлөөлчихөж болдоггүй тийм хөрөнгөнүүд. Бүтэн гудамжаараа хоосон байхыг харж цочирдохдоо жаахан интернэт судалгаа хийгээд үзэхэд АНУ-д байгаа хоосон байр бүрийг орон гэргүйчүүдэд тарааж өгвөл нэг хүнд 3 байр ноогдох боломжтой их тоо гаргч байсан. Хавтгайруулах нь оновчтой биш ч гэлээ зөв зохицуулалт хийвэл орон гэргүй асуудал, өлсгөлөнг хүсэх л юм бол Америк шийдэж болмоор “хүүхдийн санаа” тэр үед төрж билээ. Гэхдээ ядуурал, ажилгүйдэл бол байхгүй бол улс төрчдөд ярих зүйл үгүй болох учраас албаар байлгах сонирохлтой байдаг талаар уншиж байсан учраас тэгээд л мартаж билээ. Манайд энэ утааны асуудал бол албаар ч бай, албан бусаар ч бай хамгийн дуртай популизмын сэдэв. Утааг арилгана, уул нүхэлнэ, Богд уул дээр сэнс зооно гэсэн хүмүүсийг ч бид өмнөх сонгуулиудаар сонгож байсан түүхтэй ард түмэн. Хаашаа яаж зарлагадсан нь хяналтгүй байдаг энэ “хороо”-г хэд хэдэн ерөнхий сайд, ерөнхийлөгч нарын гэр бүлийн хүмүүс болоод төрөл саднууд нь толгойлоод өнгөрсөн удаатай. Тийм бэлэн шар тосыг хэн л түлхэхийг хүсэхэв дээ.
Үүн дээр л тархин дах утаа орж ирж байгаа юм. Бидэнд улс төрийн мэдлэг, сонгогчийн эрхийн тухай наад захын ойлголт байдаг бол улс төрчдөд хүчиндүүлж суухгүй. 4 жилийн насжилттай улс төрчдөөс илүүтэй улс төрийн зүтгэлтэн гэх залуу нас, амь амьдралаа зориулдаг чимээгүй хэсгээ сонсож, дэмжих байсан биз. Санхүүгийн боловсрол байдаг бол татвар, хадгаламжийн энэ толгойн өвчнүүд ч биднийг дарамтлахгүй байсан. Нийгэм болж амьдрах наад захын хамтран амьдрах ухаан алга. Нэг хотод байтугай нэг орцондоо хоггүй амьдарчих хувийн соёл боловсрол дутаж байна. Гэтэл үүнийг засаж залруулах, өөрчлөх ёстой сэхээтэн давхаргаа нам дарчихсан. Бослого гаргахуйц бага хоол өгөлгүй, маргаашаа бодож амс хийхээргүй тийм л цалин орлогоор өнөөдөрт нь гацаачихсан. Угаас хувьсгал бүр дунд болон сэхээтэн ангиас л гардаг. Тиймдээ ч тэдний амьдрал хангалуун байгаад, ходоод нь дүүрэн, хүүхэд нь эрүүл, гэр нь тухтай байгаад ирэхээр гэрийнхээ цонхноос гадагшаа харж, байрныхаа болоод хотынхоо асуудлыг шийдэж эхэлдэг учраас л өнөөдрөөр нь амьдруулах хэмжээний өр зээл, цалин мөнгөөр боодог нь Соломон хааны үеэс л мэдэгдэж, сургагдсаар ирсэн зүйл.
Иймд багш, сэхээтнүүд дөнгөлөгдчихсөн өнөө үед сэтгүүлчид ажлаа хийж, “4 дэх засаглал”-аа батлах нь хамгаас чухал. Энэ асуудлыг мартуулж болохгүй. Өнгөрсөн өвөл ч хүмүүс утаа гэж байгаад л цагаан сар, хонхны баяр, наадам, лагер Хөвсгөл гээд алга болсон. Шар мэдээ, оддын амьдралын бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээ дэмжээд, ард иргэд нь ард нь зогсоод, хамгаалаад өгвөл тэр олон зуун тэрбумаар хэн ямар машин авсан, хаашаа аялал зугаалганд явсан нь гараад л ирнэ. Олон улсын мэдээ нь Кардашиан, кино болон бөмбөг ярихаа байгаад Бээжин яаж утаагаа арилгасан арга туршалагаас эхлээд бичээд сурталчилаад эхэлбэл энэ иргэд боов үмхэхээ больчихно. Бүс нутгаа хөгжүүлж, ажил амжиргаагүй хүмүүсийг тараачихаад, УБ-аа бас бүсчилж, бусад улсын жишгээр үйлдвэрлэлгүй бүс, он хязгаартай машин зорчдог бүс зэргээр ач холбогдол болоод үр ашигтай талуудыг ойлгуулах хэрэгтэй. Утаагүй “зуух”-аар утааг арилгасан түүх байхгүйг ойлгож, үргүй “бизнес”- үүдийг тануулах хэрэгтэй. Нэг жилд шийдэх гэлгүй нилээд хэдэн жилийн шийдэл болгож хүн бүр маскаа зүүж, хор тайлах хүнс юу байдгийг сурталчилж, хүнд үйлдвэр, хөл хөдөлгөөнийг хотоос гадагш чиглүүлж, гэр хорооллынхноо хөлдөөчихөлгүйгээр нүүрсний хэрэглээг тас хорилгүй аажимд нь багасгаж тэрнийхээ хажуугаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг таниулж, бага багаар орон сууцжуулхаас эхэлж урт хугацааны тууштай өөрчлөлтөнд хүмүүсийг бэлтгэх нь зөв.
Элчин консулын газрууд нь виз дараад өгдөг бол энэ улсан хүн үлдэж хордохгүй. Олон жилийн лизинг зээлдээ баригдаагүй бол энэ хүмүүс ажил мөнгө бодож Утаанбаатарт хоригдохгүй. Энэ утааны асуудал бүхэл тогтолцооны, институцын алдаанаас болж үүдсэн. Эдгээрийг нэг онцгой байдал зарлаад, хэдэн хүмүүсийг хороож цаазлаад, хорьж цагдаад, нүүлгэж шилжүүлээд шийдчихгүй. Татвар нь бага байгаадаа биш зөв зарцуулдаггүйдээ, хууль журам нь цөөндөө биш хэрэгжүүлж дагадаггүйдээ л байна. Энэ бүгд биет биш харин биет бус зүйл. Биет бус зүйлсээс утаа гарахгүй, тархин дах угаарнаас л утаа суунаглаж байна. Амжиргааг нь дэмжээгүй байж нүүрсийг нь шууд хоривол хагас хүн амаа хөлдөж үх гэж шууд хэлж байгаагаас ялгаагүй. Олон жил авна. Иймээс дор бүрнээ эрүүл мэндээ бодоцгоо. Үр хүүхдээ бодоцгоо. Амьгүй ураг болгохгүйн тулд утааны улиралд бие давхар бололгүйгээр гэр бүл төлөвлөлтөнд суралцацгаа. Масктай хүнийг бус, маскгүй хүнийг гайхаж харцагаа. Улсаараа төрийн ажлыг хийхдээ тултал янцаглаж байна. Тийм байж дэлхийд өрсөлдөнө гэнэ. Сэтгэлгээн дэх утааг арилгаж, тархи цэлмэсэн хойно Улаанбаатарын тэнгэр цэлмэнэ. Тэр болтол маскаа зүүцгээ!
Эх сурвалж: фейсбүүк