1
Фалмира арал
Энэ арал нь АНУ-ын газар нутагт харьяалагдах Хавайн арлуудын өмнөд хэсэгт оршдог бөгөөд хүмүүс аралд "Чөтгөрийн хүч шингэсэн" гэлцдэг. Хэдэн зууны турш уг арал дээр олон тооны онгоц осолдсон гэдгээрээ алдартай. Арал дээр болсон ослуудын нэгнээс болж, үхсэн усан цэргүүдийн сүнсээр хараагдсан нууцлаг эрдэнэс байдаг гэсэн цуурхал тархжээ. Ослоос гадна усан онгоцууд энд ор сураггүй алга болдог аж. 1855 онд осолд орсон хөлгийн багийн араас тусламжийн усан онгоц ирсэн ч онгоц болон түүнд сууж явсан усан цэргүүдээс нэг ч хүн олоогүй байна. Дэлхийн 2-р дайны үед энэхүү арлыг хамгаалалт болгон хэрэглэж байсан ч арал дээр байсан цэргүүд тодорхойгүй шалтгааны улмаас айж сандран амиа хорлож байсан тохиолдлууд гарчээ.
2
Могойн арал
Бразилтай ойролцоо орших эл гайхалтай арал дээр маш их хэмжээний могой байдаг бөгөөд тэдэнтэй хамт зарим ховор зүйлийн шувуу л нутагшин амьдардаг байна. Арлын могойнуудыг дэлхий дээрх хамгийн хортой могойны төрөл зүйл гэдгийг албан ёсоор баталсан. Хэрэв хазуулвал шууд цус өтгөрч, үхдэг байна. Арал дээр аялал зугаалга хийдэггүй бөгөөд зөвхөн National Geographic сувгаас судалгаа хийх, бичлэг авах гэж очсон байдаг. Гэвч, сүүлийн үед арал дээр хүмүүс амиа алдсан тохиолдлууд гарчээ. Нэгэн загасчин арлыг аюултай гэж мэдэлгүй арал дээр буусан байсан бөгөөд цогцсыг нь могойнд хатгуулсан шарх, цусаар будагдсан байдалтай байхад нь олсон байна. Мөн арлын аюулын талаар мэдээгүй нэгэн гэр бүл энд нүүж очоод, амь насаа алджээ. Цуу ярианаас сонсоход, үүдний хэсэг нь могойгоор дүүрэхэд, цонхоороо үсрэн гарсан ч амиа алдсан тэдгээр хүмүүсийн цогцсыг цагдаа нар сууцнаас нь нэлээд зайтай газраас олсон байна.
3
"Эргэж ирдэггүй арал"
Арлын нэр нь казах хэлээр "Барса-Келмес" буюу "Эргэж ирэхгүй арал" гэсэн утгатай. Энэ нэр нь эртний домгоос гаралтай бөгөөд домогт зугтаж явсан оргодлууд арал дээр жилийн турш амьдраад буцаж ирсэн боловч мянган жилээр өтөлсөн байсан тухай өгүүлдэг. Үүнээс гадна, арал дээр олон тооны хүмүүс ор сураггүй алга болсон хэргийг нутгийн иргэд болох казаxууд эртний домгийн нисдэг гүрвэлтэй хамаатай хэмээдэг байна. Уг арлыг 19 зууны дунд үед албан ёсоор нээн илрүүлсэн байдаг ч 20-р зуунд арлын газар нутгийг анчид эзэмших болжээ. Гэвч, удалгүй арлыг дархан цаазтай болгож, Зөвлөлтийн нутгийн хориотой газруудын нэг болгосон байдаг.
4
Мияакэ-Жима арал
Хэрвээ та энэ арал дээр очвол болзошгүй аюулаас сэргийлэн, зүүхэд бэлэн бэлдсэн маскыг үргэлж гартаа авч явах хэрэгтэй. Учир нь арал дээрх галт уул идэвхжин дэлбэрч, маш хортой хийг агаарт цацдаг байна. 1962 онд болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн ч 2000 онд буцаад арал дээр ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар 2415 орчим хүн арал дээр амьдарч, аж төрж байна.
5
Фовеглиа арал
Венец дэхь энэхүү арлын түүх үнэхээр сонирхолтой. Хар үхлийн вирусын тархалтын үеэр 160.000 өвчтөн, үүний 50%-д нь хүрэх тооны цогцос шатаасан үнс нурман дунд эмчлүүлж байв. 1920 онд, арал дээр Италийн засгийн газраас сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг байгуулжээ. Өвчтөнүүдийн толгой үргэлж өвддөг байсан гэх ба арлыг өвчин зовлондоо маш их шаналсан сүнснүүдээр дүүрсэн гэж ярилцдаг байсан ажээ. Мөн эмнэлгийн ерөнхий эмч нь өвчтөнүүд дээр аймшигтай туршилтуудыг явуулж байсан гэдэг ч чухам ямар туршилт болон хожим тэр яагаад арлаас үсэрч амиа хорлосон зэрэг нь нууц хэвээр үлдсэн билээ. Энэ хэргийн дараа эмнэлгийг хаасан байна. Одоогоор арал дээр нэг ч хүн байхгүй бөгөөд хаягдсан эмнэлгийн зургууд интернетээр тархсан байдаг.
6
Хүүхэлдэйн арал
Уг арал нь хачирхалтай зүйл сонирхдог зарим хүмүүсийн дунд тун алдартай. Жулиан Сантана Баррера гэх нэгэн эмэгтэй энэ арал дээр амьдарч байсан байна. Арал дээр нэгэн охин усанд живснээс хойш хуучин, эвдэрхий хүүхэлдэйнүүд хөвж байдаг болсон хэмээн домогт гардаг. Жулиан хүүхэлдэйнүүдийг хувцаслаж, хүндэтгэл үзүүлж буй тэмдэг болгон модонд өлгөж эхэлсэн байна. Энэ нь түүнийг муу зүйлээс хамгаалж, охины сүнсийг тайтгаруулна гэж үзжээ. Тэрээр 50 жилийн турш үхэн үхтэлээ эдгээр жихүүдэс хүргэм хүүхэлдэйнүүдийг цуглуулж байсан бөгөөд охин үхсэн байсан яг тэр газраас Жулиан живсэн байдалтай олджээ.
7
Боувет арал
Эргэн тойрны 5 сая гаруй км газарт өөр нэг ч хуурай газар байхгүй энэ арлыг дэлхийн хамгийн эзгүй арал гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна, аралтай холбоотой сонирхолтой түүх байдаг. 1739 онд нээгдэж байсан ч бараг 60 жилийн турш мартагдаж үлджээ. Эл хугацааны дараа судлаачид ирээд хачирхалтай зүйл олсон нь хаягдсан завь байлаа. Завинд ямар нэг том хэмжээний эвдрэл гэмтэл үүсээгүй байсан бөгөөд ямар нэг таних тэмдэг, нэр олдоогүй байна. Завинаас 10 метрийн зайд сэлүүр олдсон тул судлаачид осолдож эвдэрсэн гэж үзсэн боловч хүний ул мөр, цогцос, юу ч олоогүй ажээ. Мөн 1979 онд 2 ч удаа болсон цөмийн дэлбэрэлтийг ямар улсаас явуулсан гэдэг нь мэдэгддэггүй.
8
Хэндэрсон арал
Хэндэрсон арлын эрэг хог новшоор дүүрсэн гэдгээрээ алдартай ч хачин жигтэй, үзэсгэлэнтэй байгалийг нь бас мартаж болохгүй. Хамгийн хачирхалтай зүйл нь арал дээрх агуйнаас хүний араг яс олдсон явдал юм. Мөн ойролцоох чулуу хадан дээр зурсан сүг зураг, чулуун зэвсэг гэх мэт зүйлс байжээ. Хэн ч энэ хүмүүсийг хаанаас ирсэн, юу хийж байсныг мэдэхгүй бөгөөд археологийн мэдээллээс үзэхэд уг арал дээр 12-15 зууны үед хүн амьдарч байсан гэдэг. Арал дээрх асар бага хэмжээний цэвэр усны агууламж, агуй дахь хүний араг ясыг маш эмх цэгцтэй өрсөн байдал зэрэг нь үнэхээр жигтэй санагдахгүй байна гэж үү?
9
Норд Бродер арал
Энэ арлын түүх нь Венец дэхь ихрийнхээ түүхтэй харьцуулам сонирхолтой. Энд 19 зууны сүүлээр салхин цэцэг өвчний эмнэлэг болон тусгаарлах байгууламж барьжээ. 1904 онд "General Slocum" нэртэй хөлөг арлын ойролцоо осолдож мянга гаруй хүн амиа алдсан юм. 40 жилийн дараа бас нэгэн мансууруулах бодисноос тусгаарлах эмнэлэг нээгдсэн нь аймшигтай тамлан зовоолтоороо алдартай байлаа. Эмнэлэгт эмчлүүлэгчдийн ихэнхи нь мансууруулах бодисыг улам их хэрэглэх болсон тул 1963 онд эмнэлгийг хаасан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр арал эзгүйдэж, эмнэлгийг нураасан бөгөөд хуучин балгас нь ой модоор бүрхэгдсэн аж.
2006 оны байдлаар
10
Фор-Базин арал
Уг нэр нь Тува хэлнээ "Шавар байшин" гэсэн утгатай бөгөөд эл түүхийн хөшөөт дурсгалыг Тэрэ-Хол хэмээх нуурын дунд орших жижиг арал дээр барьж байгуулжээ. Орчин үед хамгийн их яригддаг түүх нь энэхүү байшинг зун амрах зориулалтаар барьсан гэдэг. Үүнээс гадна, газраас ундардаг рашаан хаагдсаны улмаас арлыг тойрсон нуур хэд хэдэн удаа ширгэж байсныг судлаачид олж тогтоосон байна. Тэгэхээр байшинг нуур ширгэсэн үеэр барьсан бөгөөд нуурын дор орших зам үүний баталгаа юм. Гэсэн хэдий ч хэн, ямар зорилгоор бариулсан бэ гэдэг нь асуулт хэвээр байгаа ажээ.
11
Роанока арал
1587 онд Жон Вайт 100 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг арал дээр үлдээгээд, өөрөө Англи руу хэрэгтэй зүйлүүдээ авахаар явжээ. Гэвч, Англид дайн дэгдэж, 3 жилийн дараа буцаж ирсэн байна. Түүнийг явахаас өмнө, арал дээр үлдсэн хүмүүс явах болбол ямар нэг дохио үлдээх болно гэж амласан байжээ. Жон арал дээр ирээд тосгоны хашаан дээр “CROATOAN” гэсэн үг сийлсэн байхыг олсон бөгөөд ойролцоох модон дээр C-R-O гэсэн 3 үсгийг буюу дээрх үгийг товчилж бичсэн мэт сийлбэр бас олжээ. Хэдийгээр Croatoan нь хөрш Индиан омгийн нэр боловч тэдний газар нутгаас нотлох баримт юу ч гараагүй байна. Уг үгний өөр нэг утга нь Индиан хэлний "Эрлэгийн элч" бөгөөд магадгүй тэд ямар нэг зүйлийн золиос болж үхсэн байж мэдэх юм. Энэ түүхээс сэдэвлэсэн уран зохиолын бичвэрүүд байдаг төдийгүй “Croatoan” бол эмчлэгдэшгүй вирус байсан гэх таамаглал ч байдаг.
12
Гозо арал
Манай дэлхий дээрх хачин жигтэй зүйлүүдийн нэг бол яахын аргагүй Мальта дахь эртний балгасууд мөн. Эдгээр сүм, газар доорх агуй, цамхагнууд нь Египетийн пирамидаас 1000 жилийн өмнө баригдсан гэдэг. 21 зууны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар ч хэдэн тонны жинтэй чулуу, шороог өргөнө гэдэг хэцүү ажил бөгөөд хэн, юунд зориулж барьсан, яагаад хүн оршин суудаггүй зэрэгт одоог хүртэл тодорхой хариулт олоогүй байна. Үүний зэрэгцээ, арал тэр чигтээ ямар нэг зам харгуйг дүрсэлсэн мэт чулуу, хадаар дүүрэн ч мод, өөр бусад төрлийн материал олдоогүй юм.
13
Япон дахь дайны арал
Албан ёсоор Хашима арал гэж нэрлэгддэг, энэхүү арал нь Нагасакигаас 15 км орчим зайтай оршдог юм. Одоогоор арал дээр ямар нэг үйл ажиллагаа явагддаггүй бөгөөд цементээр барьсан байшингууд далайгаар хүрээлэгдэн байдаг. Өмнө нь Японы аж үйлдвэржүүлэлтийн үеэр арлын дор далай доторх нүүрсний уурхай олборлолт явагддаг байсан гэдгээр нь хүмүүс мэддэг байв. 1810 онд нүүрсний уурхай нээгдэж, 1890 онд Мицүбиши Гоши Кайша гэх хүн худалдан авч, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төв, кино театр, нийтийн халуун усны газар, бассейн зэрэг олон байгууламжуудыг арал дээр оршин суугчдад зориулан барьсан байдаг. Гэвч, 1930 оноос Дэлхийн 2-р дайн дуустал арал дээр Хятад, Солонгосын олзлогдсон цэргүүдийг маш хүнд нөхцлийн дор албадан ажиллуулдаг байсан бөгөөд тэдний дийлэнх нь осол аваар, ядарч туйлдах, тэжээлийн дутагдалд орох зэргээс болж амиа алдсан байдаг. 1974 оноос газрын тос нүүрсийг орлох болж, уурхай хаагдан, арлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ. Удаан хугацааны туршид арал руу хүн нэвтрэхийг хориглож, зөрчсөн хүнийг Японоос хөөх хүртэл арга хэмжээ авдаг байв. Харин одоо энэхүү арал нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн, аялал зугаалгын алдартай газруудын нэгд зүй ёсоор багтдаг.
Бонус: Багам дахь Гахайн арал
Энэхүү арлын зэрлэг гахайнуудыг багамчууд болон байгалийн гайхамшгийг харах гэж ирсэн жуулчид хооллодог. Та энд ирээд жижиг буудлын өрөө хөлслөн, завин дээр суугаад, таныг чиглэн хоол нэхэн хөвөх зэрлэг гахайнуудыг харах боломжтой. Гэхдээ хэрвээ таны завь ганцаараа үлдэх юм бол торойнуудын нэг нь завин дээр үсэрч гараад өдрийн хоолыг чинь идчихэж магадгүй л юм.