Монголын банкны холбооны “Хаш Эрдэнэ”-ийн одонгоор Д.Хүрэлбаатар шагнагдлаа

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит XII  чуулган зохион байгуулагдаж, гадаад, дотоодын банк, санхүүгийн салбарын нэр хүндтэй байгууллагууд болон арилжааны бүх банкуудын төлөөлөл оролцон, салбарынхаа амжилт ололт, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж ярилцлаа.

Монголын банкны холбооны “Хаш Эрдэнэ”-ийн одонгоор Д.Хүрэлбаатар шагнагдлаа

Чуулганы нэгэн чухал үйл ажиллагаа нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанд МБХ-ны Дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулан, алдаршуулдаг билээ. Уг нэр хүндтэй шагналын 6 дахь эзнээр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар тодорсон бөгөөд тэрээр Монгол улсад картын төлбөр тооцоог эхлүүлэх, нэвтрүүлэх болон Монголын банкууд SWIFT сүлжээнд нэгдэхэд гар бие оролцон, банкны салбарын хөгжил дэвшилд бүхий л боломжоо дайчлан ажиллаж буй банкны салбарын түүхэнд тодоор бичигддэг хүндтэй эрхэм, 3 үеэрээ банкны салбарт ажиллаж байгаа удам дамжсан банкир юм.

Хаш эрдэнийн одонгийн анхны эзнээр Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ 2013 онд тодорч байсан билээ.

Тус чуулганы үеэр МБХ гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг үнэлж дүгнэн, 2017 онд Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн “Шилдэг Тос Банк”-аар  Худалдаа, хөгжлийн банкыг 2 дахь жилдээ тодрууллаа. Мөн  банкны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж буй ажилтнуудад шагнал гардуулсан бөгөөд 2017 оны “Шилдэг Банкир” шагналыг Худалдаа, хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Гантөмөр хүртлээ.

Худалдаа, хөгжлийн банкны мэргэжлийн, чадварлаг удирдлага, ажилтнууд амжилтуудаа улам бүр бататгаж, харилцагч Та бүхэндээ дэлхийн чиг хандлагад нийцсэн дэвшилтэт, найдвартай банкны үйлчилгээг шуурхай хүргэсээр байх болно. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.