1
Бүү хус
Сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүний бие дэх эстроген /эм бэлгийн даавар/-ий хэмжээ буурдаг. Үүний улмаас эмэгтэй хүний бие илүү мэдрэмтгий болж ямар нэгэн өвдөлтийг илүү хүчтэй мэдрэх аж. Тиймээс тухайн өдрүүдэд биеийнхээ аль нэг хэсгийн үсийг хусч, ваксдахгүй байх хэрэгтэй. Мөн сарын тэмдэг ирсэн үед шүдний эмчид очихгүй байхыг зөвлөж байна. Учир нь та энгийн үеэс илүү их өвдөлтийг мэдрэх аж.
2
Уйтгартай болон романтик кино битгий үз
Дээр дурдсанчлан сарын тэмдгийн үеэр эмэгтэй хүн илүү эмзэг болдог учраас уйтгартай юм уу романтик кино үзэхгүй байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл сэтгэлийн утас хөндсөн тус төрлийн кинонууд нь таныг хямраах болно. Иймд сарын эдгээр өдрүүдэд аль болох сэтгэл санаагаа тайван байлгавал зохилтой. Мөн тухайн өдрүүдэд дааврын хэмжээ алдагддаг учир амархан бухимдаж, өөрийн эрхгүй нулимс урсах нь энүүхэнд.
3
Илүү идэвхтэй бай
Сургуулийн насны охид сарын тэмдэг нь ирсэн тохиолдолд биеийн тамирын хичээлдээ ордоггүй. Зарим нь хичээлдээ орсон ч тэгс ингэсгээд л дуусгадаг. Тэгвэл эрдэмтдийн зөвлөж байгаагаар сарын тэмдэг ирсэн үед илүү идэвхтэй байх нь эрүүл мэндэд тустай гэнэ шүү. Ингэснээр өвдөлт болоод сэтгэл санааны тавгүй байдал үгүй болж, хүндхэн өдрүүдийг хөнгөн давахад туслах аж.
4
Сүү, цагаан идээнээс зайлсхий
Сарын тэмдгийн үеэр кальци нь биед тус ч их хэрэгтэй боловч үүнийг сүүнээс авах хэрэггүй. Учир нь сүү, тараг, бяслаг зэрэг нь хэвлийн доод хэсгээр базалж, өвдөлт өгөхөд оролцож, өдөөдөг "арачидоникийн хүчил" /arachidonic acid/-ийг өөртөө агуулдаг байна. Тиймээс өөрт төрлийн кальциар баялаг хоол хүнсийг сонгон хэрэглээрэй.
5
Ариун цэврийн хэрэгслийг удаан хэрэглэж болохгүй
Тампон болон ариун цэврийн хэрэгсэл дээр 8 цаг ашиглаж болно гэж бичсэн байдаг. Гэхдээ 3-4 цаг болоод солих хэрэгтэйг анхаараарай. Ингэснээр тааламжгүй үнэр үүсгэдэг бактер үржихээс сэргийлж чадах төдийгүй танд ч тухтай байх болно. Мөн нэг төрлийн тампон болон ариун цэврийн хэрэгсэл дагнан хэрэглэх нь стафилококкийн бактерийг бий болгож, үүнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчин тусч мэднэ.
6
Давс ихтэй хоол, хүнснээс татгалз
Шорвог хоол, хүнс идсэнээр хүний бие их хэмжээний шингэн нэхэх бөгөөд тэр хэрээр хэт их хэмжээний ус ууснаар биед шингэний илүүдэл үүсдэг. Харин энэ нь бие организм хавагнах, илүү их өвдөлт мэдрэгдэх гол шалтгаан болох аж.
7
Сарын тэмдгийн үеэр хоолны илчлэгийг тооцоолох хэрэгтэй
Эмэгтэй хүн бүр л жингээ барих юм уу жин хасах талаар бодож явдаг. Гэхдээ энэ бодол нь сарын тэмдгийн үеэр сарничихдаг нь нууц биш. Үүний улмаас сарын тэмдгийн үеэр зохисгүй хооллож, ялангуяа гурилан бүтээгдэхүүн ихээр иддэг билээ. Тиймээс энэ үеэр жимс, хүнсний ногоо зэргээр түлхүү хоолловол жингээ нэмэхгүй байх боломжтой.