Инстаграмыг шуугиулж буй өнгөт арьст бүсгүй

Инстаграм ертөнцийг шуугиулж, хүн бүрийн анхаарлыг татаад буй охиныг Анок Яай (Anok Yai) гэдэг бөгөөд тэрээр 19 настай, их сургуулийн оюутан аж. Тэрээр цахим сүлжээнд өөрийн зургаа байршуулах болсноор хүмүүст танигдаж, хэдхэн өдрийн дотор шуугиан тарьж чаджээ. Харин тэрхүү шуугиан дэлхийн томоохон загварын агентлаг болох "Next Models"-ын чихэнд хүрч, охинд загвар өмсөгч болох тухай санал тавьсан байна. 

Инстаграмыг шуугиулж буй өнгөт арьст бүсгүй

"Next Models" агентлаг нь дэлхий дахинаа маш алдартай бөгөөд үргэлж шинэ өнгө төрхийг эрэлхийлдэг гэдгээрээ олонд танигдсан. Тиймдээ ч өнгөт арьстай, үзэсгэлэнтэй охиныг харсан даруйдаа өөрсдийн нүүр царай болгохоор сонгож, санал хүргүүлсэн байна.

Мэдээж энэ нь Анок охины хувьд азын сугалаанд хожсоноос өөрцгүй гайхалтай боломж тул тэр ч үүнийг алдахыг хүсээгүй бөгөөд өнгөрөгч Мягмар гарагт гэрээ байгуулж, тус агентлагийн албан ёсны загвар өмсөгч болжээ. Ингэснээр тэрээр алдарт "Vogue, Harper's Bazaar" гэх зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимэх эрхээ олж авсан юм. 

Анок Яай нь Египет улсад мэндэлсэн бөгөөд 2 настай байхдаа АНУ-д нүүж ирэн, Нью Хэмпшир мужийн Манчестер хотод өссөн байна. Тэрээр бага байхаасаа л загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан төдийгүй эгчтэйгээ хамт "America’s Next Top Model" шоуг алгасахгүй үздэг байсан гэнэ. 

Гэсэн ч тэрээр олны өмнө гарна гэхээс үргэлж эмээдэг байсан тул, "Plymouth" мужийн их сургуульд биохимичийн мэргэжлээр сурч, эмч болохоор шийдсэн байна. Түүний хүүхэд байхын мөрөөдлийг биелэхэд хамгийн том тус хүргэсэн хүн бол түүний найз юм. Тэрээр Анокийг дагуулан "Howard" их сургуулийн үдэшлэг рүү хамт явжээ. Харин Анокийг үдэшлэг дээр харсан зурагчин Стив Холл, охины зургийг авч өөрийн сайтдаа байршуулсан нь түүнийг олонд танигдах эхлэл нь болсон юм.

Хүмүүс түүний зургийг харж, гайхан бишэрч эхэлсэн бөгөөд Анокийн инстаграмын дагагчдын тоо нь ганцхан долоо хоногийн дотор 300-50,000 болж нэмэгдсэн байна. 

Охины аав ээж түүнийг эмч болгох хүсэлтэй, их сургуулиа төгсөөсэй гэж хүсч байгаа боловч, Анок өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж, загварын салбарт хүч үзэхээр зориг шулуудаад байгаа юм.

Тэрээр "Washington Post" сонинд өгсөн ярилцлагандаа "Миний зургийг хараад хүмүүс бүгд гайхаж байсан нь намайг гайхшруулсан шүү. Би уг нь зураг авахуулах дургүй хүн. Тиймдээ ч инстаграмдаа нээх их зураг хийдэггүй байсан. Харин хэд хэдэн зураг хийсний дараа хүмүүс, тэр бүү хэл сайтуудаар миний тухай мэдээллүүд явж эхэлсэн. Мэдээж энэ бүхэн надад сайхан санагдсан. Харин удалгүй надад загварын агентлагаас и мэйл ирсэн. Би бүр итгэж ядан хэд дахин уншсан гээч.Хүн болгонд өөрийн гэсэн гоо сайхан байдаг. Би үнэндээ өөрөөсөө ичдэг байсан. Хүмүүс намайг юу гэх бол, би яагаад өнгөт арьстай төрсөн юм бол? гээд л... Одоо бодохоор инээдтэй. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө давуу тал, гоо сайхнаа мэдэрч, түүгээрээ амжилтанд хүрэх ёстой юм байна гэдгийг би сайн ойлгосон" хэмээжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()