Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Цахим хаягаа хакердуулснаас болж их хэмжээний ам.доллар алдсан ч харилцдаг банкныхаа дэмжлэгээр эргүүлэн олж авч чадсан бизнес эрхлэгч Б.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай компанийг кибер халдлагад өртөж багагүй хэмжээний мөнгөө гадагш нь алдаад буцааж авсан гэж сонслоо. Яг юу болсон талаараа манай уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс ярьж өгөөч?
- Манайх уурхайн ус зайлуулалтын үйл ажиллагаа явуулдаг компани. Уурхайгаас ус зайлуулах шийдлийг хийдэг газар гэсэн үг. Үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу АНУ-ын нэг компаниас тоног төхөөрөмж худалдаж авах шийдвэр гаргасан юм. Австралид төвтэй компани л даа. Америкт салбартай, тэндээсээ түгээлтээ хийдэг. Австрали дахь компанийнх нь менежер Америк руу холбож өгсөн юм. Тэгээд сар гаруйн хугацаанд и-мэйлээр харилцлаа. Худалдаж авах болоход цаанаас үнийн санал ирж таарна аа даа. Үнэ мөнгө, нэхэмжлэх яриад эхлэнгүүт дундаас нь и-мэйл нь өөрчлөгдөөд байсан юм. Би ч нэг их анзаарсангүй. Өмнө нь бичсэн и-мэйлүүд харагдаад, reply хийгдээд байхаар нь нэг их сэжиглэсэнгүй. Банкин дээр очоод мөнгөө төлөх болонгуут мэйл нь бас л өөрчлөгдсөн байсан. Австрали руу дахин мэйл бичиж лавлалаа. Хариу и-мэйлийнх нь хаяг мөн л өөрчлөгдсөн ирсэн л дээ. Өмнөх шигээ ганц хоёр үсгийн зөрүүтэй хаягаас ирчихээр асуудалгүй гэж бодоод мөнгийг нь шилжүүллээ. Хэд хоногийн дараагаас байдал бишидсэнийг ойлгож байгаа юм.
- Худалдан авалт хийх байсан газар чинь мөнгө орж ирээгүй гэж хандсан уу?
-Шилжүүлснээс хоёр гурван хоногийн дараа “Голомт” банкинд хүлээн авагч банкнаас нь “Тухайн гүйлгээний хүлээн авагчийн мэдээллийг нягталж үзээд, баталгаажуулна уу?” гэсэн мэдэгдэл ирсэн. Мэдэгдэл ирүүлэнгүүт нь бүх юмаа нягталж үзээд и-мэйл хаягаа хакердуулсныг мэдсэн.
-“Голомт” банкнаас мэдээлэл ирэнгүүт яасан бэ? Нэгэнт гадны банк руу гараад явчихсан мөнгийг буцааж татах нь нэлээд төвөгтэй процесс байх?
-Манайхаас тэр даруйд нь мөнгөө буцааж авах хүсэлт тавьсан. Мөнгө хүлээж авсан Америкийн банкнаас манайхтай ижил процедур тавьж байгаа юм л даа. Байгууллагын дансанд мөнгө авах эрхтэй хүн л хандах нь ойлгомжтой. Хамгийн хэцүү нь и-мэйл хакердсан улс мэдэгддэггүй юм байна. Америкаас ирсэн нэхэмжлэхийг дундаас нь аваад хүлээн авагч банк, дансны дугаарыг нь өөрчлөөд явуулчихсан байсан. Үүнээс гадна бас нэг төвөгтэй асуудал үүссэн. Бидний харилцаж байгаа компаниас урьдчилгаа төлбөр гэж төчнөөн хувийг эхлээд төлчих гэсэн юм билээ.
-Хакердсан талаас нь 100 хувь мөнгөө төл гэсэн мэйл иржээ дээ?
-Тэгсэн. Урьдчилгаа төлбөр төлөх нөхцөл тавьсан и-мэйлийг дараа нь мэдэж байгаа юм.
-Мөнгөө буцааж авъя гэхэд банкны зүгээс ямар шаардлага тавьсан бэ?
- Мөнгөө буцааж авах хоёр арга байсан. Нэг нь хууль, цагдаагаар явах. Түрүү жил ЦЕГ-ын дэргэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдсан юм байна. Байгуулагдаад удаагүй учраас туршлага муутай, тэр утгаараа их цаг авах нь тодорхой байсан л даа. Ийм асуудлыг зохицуулдаг ямар нэг механизм Америк, Монголын цагдаа нарт байгаагүй. Явсаар байгаад Интерполд хандахаас аргагүйд хүрдэг, мэйл бичиж хандлаа гэхэд сарын дараа хариу нь ирнэ гэх мэт асуудал анзаарагдсан. Хоёр дахь гарц бол банктайгаа харилцах. Банкиндаа луйвар гэдгийг нь батлах нотлох баримтуудыг өгөөд, банк хоорондоо зохицож, хэн нэг нь эрсдлээ үүрээд мөнгийг нь буцааж авах арга байсан юм. Урьд нь жижиг сажиг гүйлгээн дээр луйвардах асуудал гардаг байсан ч манайх шиг том хэмжээний мөнгөн дүнтэй гуйвуулга дээр ийм асуудал гарсан удаагүй юм билээ.
Цагдаагийнханд хандсан ч тэдний зүгээс юу ч хийж чадаагүй. Монголоос гарсан л бол хэцүү юм билээ. Тэгээд харилцсан банкиндаа хандсан. ”Голомт” банкинд Эрсдэлийн удирдлагын газар болон комплаенсийн хэлтэс гээд луйвраас урьдчилан сэргийлдэг нэгжүүд байдаг юм байна. Н.Мөнхжаргал гэдэг ажилтантай холбогдсон. Ингээд л Голомт банкны хамт олон хоёр сар орчим хугацаанд энэ асуудлыг өдөр шөнөгүй хөөцөлдөж, яриа хэлэлцээр өрнүүлсний хүчинд өнөөдөр би алдсан мөнгөнийхөө 90 орчим хувийг буцааж аваад байна. Харилцагчийнхаа төлөө гэсэн Голомт банкны хамт олондоо би маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.
-Голомт банк Америкийн банктай шууд харилцаад тодорхой хэмжээний эрсдэл үүрээд танай мөнгийг авч өгсөн гэж ойлголоо?
- Тэгж ойлгож болно. Манай зүгээс ч гэсэн Голомт банктай тодорхой хэмжээний эрсдэлийн гэрээ хийсэн. Нотлох баримт гэхээр хэдэн и-мэйлээс өөр юм байгаагүй. Ийм нөхцөлд мөнгөө буцаагаад авчихлаа.
-Та түрүүн жижиг хэмжээний мөнгөө ингэж луйвардуулах тохиолдол манайханд өчнөөн байдаг гэж ярилаа. Ер нь цахим луйварт өртөхгүйн тулд яах ёстой вэ. Ийм том асуудлын ард гарсны хувьд хүмүүст сэрэмжлүүлж хэлэх зөвлөгөө байгаа байх?
- Монголын интернэт үйлчилгээ үзүүлдэг газруудын хамгаалалт маш сул байна. Бид энэ асуудлаар интернэт үйлчилгээ үзүүлдэг компанид хандаж үзсэн. Ямар нэг хариуцлага үүрэхгүй л юм билээ. Уг нь тэднээс болж хамаг юмаа алдчихсан байдаг. Эцэст нь манай компани шууд гадны компанитай харилцах шийдвэрт хүрсэн. И-мэйл хаяг өөрчлөгдөөд байгаа эсэхийг анхаарах л хэрэгтэй. Хүлээн авагчийн нэр гэдэг юм манайд л хэрэглэгддэг болохоос бусад газарт хэрэглэгддэггүй юм байна. Дансны код, дансны дугаар хоёр л чухал, хүлээн авагчийн нэр зөрөх эсэх асуудал биш юм билээ. Том дүнтэй мөнгөөр бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа үед болж өгвөл очиж уулзах хэрэгтэй. Хол бол skype-аар ч юм уу холбогдож, хэд хэдэн талаас янз бүрийн өнцгөөр харилцахыг зөвлөе.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.