1
Танд зураг үнэхээр таалагдсан уу? Энэ зураг таны сэтгэлийг эзэмдэж байна уу гэдэг бол хамгийн эхний чухал асуудал. Хүмүүс уран зурагт хандахдаа тавилгатай зохицох эсэх, эсвэл хөрөнгө оруулалт гэсэн утгаар харах нь олонтаа. Эсвэл урлаг судлаач тухайн зураг хичнээн гайхалтай талаар зөвлөн хэлэх нь ч тийм чухал биш. Мэргэжилтнүүд таниас орлого олох тал дээр илүү анхаардаг.
Уран зураг бол харилцаа. Зураг тантай ярьж байна уу, тэр юу гэж байна? Зураг тантай харилцахгүй байлаа гээд сайн бүтээл биш гэсэн үг биш. Гэхдээ сайн зураг бол өөртэй нь ярих нэгнийг хүлээж, зураачийн ур ухаанаар бүтээгдсэн байдаг. Хэрэв тухайн зургийн харилцах хүн нь та биш бол худалдаж авахаар бусдын ятгалганд бүү авт.
2
Та энэ зурагнаас хараа салгахгүй хэр удаж чадах вэ? Зураачид унших гэж ярьдаг, унших хугацааны талаар. Удаан унших тусмаа л сайн. Сайн уран зохиолын талаар аваад үзвэл та зохиолыг олон дахин давтан уншдаг. Бас харах бүртээ шинээр нэг зүйл ойлгож, 5 дах удаагаа үзэж байсан ч сэтгэлийг чинь хөдөлгөдөг киног та мэднэ. Эдгээр бүтээлд удаан уншигдах чанар байна. Сайн уран зураг үүнтэй л адил.
Зураач бүтээлээ зурахдаа гүн гүнзгий бодсон бодлоо шингээдэг ба энэ урд удаан хугацаанд өөрийгөө бага багаар нээсээр байдаг. Хэрэв та тухайлсан нэг зургийг (магадгүй гэрэл зураг эсвэл хуулбрыг түр хугацаагаар ашиглаж болно) өдөр бүр харж, сар болоод өнгөрөхөд ч дуртай хэвээр байх юм бол энэ сайны дохио. Зураачдын хувьд бүтээлээ цуглуулагч, сонирхогч, дурлагчдад илүү ойртуулан танилцуулах тусам тэд худалдан авагч болох магадлал нь өсдөг. Тиймээс урт хугацааны харилцаанд хүлээцтэй хандах нь тустай.
3
Уран зургийн галерей үнийн хагасыг авдаг. Хэдийгээр зургийн үзэсгэлэнгүүд ашгийн төлөө бус эсвэл зураач цуглуулагчдад таатай нөхцлөөр зураг худалдах тохиолдол байдаг салбарын дийлэнх стандарт нь галерей зургийн үнийн 50%-г авдаг. Галерей мэдээж мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, уран зургийн салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг ч заримдаа тойроод гарахад буруудах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл зураг худалдан авахаар сонирхож байвал шууд зураачтай нь холбогдож болно.
Зураачдын урлангаар зочилж, хөшигний ар дахь бодит дүр зурагтай танилцсанаар сайн бүтээлийг олж авах сайн арга байж мэднэ. Сайн бүтээл олны хүртээл болохоос өмнө олзолж авах боломжийг та олж авч байна гэсэн үг. Бас нөгөө талаар та зураачтай шууд харилцсанаар зургийг хэт үнэтэй авахаас зайлсхийж, мөн бүх мөнгө цэвэр зураачид очно гэдэг нь чухал ач холбогдолтой. Гэхдээ сайн судлахгүй бол зарим зураачид галерейтай хатуу гэрээтэй ажиллах нь ч бий.
4
Зураг хэрхэн бүтсэн бэ? Таны сонирхож буй зураг сайн материал ашигласан уу, 50, 100, 500 жил ч хадгалагдаж чадах уу? Сайн чанартай зурагдсан тосон зураг сэргээн засварлалтгүйгээр 500 хүртэлх жил хадгалагдаж чаддаг. Мэргэжлийн өндөр чанарын будаг энгийн оюутны будгаас 10 дахин үнэтэй байдаг. Ямар будаг ашигласнаас урт хугацааны үнэт өв эсвэл хуучин хогшил болох нь шалтгаална.
Зургийн чанарт үүсэх асуудлуудаас дурдвал: цагийн уртад өнгө бүдэгрэх, будаг урдах давхаргаасаа хуурж, үелэн салах, зургийн гадаргуу урагдаж, хагарах гэх мэт элэгдэл гэмтлүүд бий. Мэргэжлийн, сайн зураачид урт хугацаанд хадгалагдах чанартай зураг хэрхэн зурахыг мэддэг тул зургаа худалдаж авахаасаа өмнө зургийн материал чанарын талаар хангалттай мэдээллийг авах нь зүйтэй.
5
Зургийн үнэ юунд суурилсан бэ? Үнэндээ энэ бол худалдан авагчдын асуухаас хамгийн их эмээдэг асуулт. Уран зургийн үнэ бол мөнгө төлж буй хүний зорьж буй үнэ цэнэ. Үнийн талаар сонирхож байгаа тохиолдолд лавлах хэдэн асуулт бий. Зураач өмнө нь бүтээлээ худалдаж байсан уу? Үүнийг бүтээхийн тулд зураач хэр их хугацаа зарцуулсан бэ? Зураач хэр их чадвар, туршлагатай вэ? Зарим зураачид хэмжээнд анхаарч метр квадратаар үнийг тооцоолдог бол зарим нь хугацааг чухалчилдаг.
Зургийн үнийг харгалзахын тулд хөлс хөдөлмөр, ур ухааныг бодолцож үзэх хэрэгтэй. Олон хоног олон цагаар хэсэг хэсгээр зурж, мөн тодорхой хэмжээний материал зарцуулж, түүнээс илүүтэй зураач өөрийн олж авсан мэдлэг боловсрол, туршлага, алтан цагаа зориулан байж уран зураг бий болдог. Тиймээс зургийн үнэ өөрийнх нь чанарт нэвт шингэсэн байдаг юм шүү.