1
Юу худалдан авахаа төлөвлөх
Амттанд маш их хэмжээний элсэн чихэр агуулагддаг учир хэсэгхэн хугацаанд сэтгэл санааг тайвшруулж, стрессийг гадагшлуулдаг. Амьдралд гарсан огцом өөрчлөлтөнд хэт мэдрэг хандсан бүсгүйчүүд таргалалтанд өртөж, сүүлдээ өөрийгөө хоолноос хамааралтай нэгэн болж хувирдаг. Тиймээс сэтгэл зүйн хувьд хамгийн түрүүнд та худалдан авалт хийх тасгаа солих хэрэгтэй. Амттангын оронд хүнсний ногоо, чипсний оронд жимсний тасаг гэх мэт.
Ингэхийн тулд та эхлээд ямар хүнсний ногоо, ямар мах, ямар жимс нь жингээ хасахад тустай бөгөөд боломжийн үнэтэй талаар судлаарай. Үүнийхээ дараа 7 хоногт идэх хоолныхоо жагсаалтыг гаргаж, шинэ жор зохион, ямар нэг төлөвлөөгүй худалдан авалт хийхгүй байхыг хичээгээрэй.
Энэ хэсэгт хамгийн их анхаарлаа төвлөрүүлэх зүйл бол санхүүгийн хэмнэлт: Учир нь гадуур хооллож мөнгө үрэхгүй, зарим газар руу таксинд суух биш алхаж, дэмий зүйлд мөнгөө зарцуулалгүй өөрийгөө эрүүлжүүлж, мөн санхүүгийн хэмнэлт хийж байгаа талаараа бодох хэрэгтэй.
2
Аз жаргал мэдрүүлэх зүйлсийг хий
Аз жаргалыг та юунаас мэдэрдэг вэ? Энэ асуултыг өөрөөсөө асууж хариултаа дотроо сайн бод.
Хэрэв та хүүхэд болон гэр бүлээсээ мэдэрдэг бол: Энэ нь жингээ хаяхад тань маш их тус болно. Буруу хооллодог эцэг, эхийн хүүхэд буруу хооллолтонд багаасаа хэвшиж байдаг. Тиймээс "Өөрийн үр хүүхэд гэр бүлийн гишүүнээ эрүүл амьдруулж, зөв үлгэр дууриалал үзүүлэн, олон жилийг хамтдаа өнгөрөөхийн тулд би энэ өөрчлөлтийг хийж байна. Намайг юу ч зогсоож чадахгүй. Учир нь би гэр бүлдээ хайртай." гэх зэрэг өөртөө урам өгөх үгсийг бууж өгмөөр санагдсан мөч бүртээ өөртөө хэл.
Зугаа цэнгэлээс мэдэрдэг бол: Согтууруулах ундаа, тамхи зэрэгт агуулагдах бодис нь аз жаргалын мэдрэмж төрүүлдэг. Тиймээс ч зарим хүмүүс донтож, өөрийгөө эдгээрээс л аз жаргалыг мэдэрч байна хэмээн эндүүрдэг. Ийм хүмүүс юун түрүүнд эмчийн бүрэн үзлэгт орсны дараа жингээ хасаж эхлэх хэрэгтэй. Учир нь шинжилгээний хариу, эмчийн үг зэрэг нь сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж чаддаг юм шүү. Үүний дараа эхний ээлжинд өөртөө ганцаараа байх цаг хугацааг олгож, амьдралын төлөвлөгөө гарган, спортоор хичээллэж эхлэх нь зүйтэй. Спорт хүнд аз жаргалын мэдрэмжийг өгч чаддаг учир, та бага багаар холдсоор, цаашдаа ахин буруу зуршилд татагдахгүй.
Хоолноос мэдэрдэг бол: Энэ шатанд очсон хүмүүс хамгийн аюултай. хоолонд донтох өвчтэй болсон байх магадлалтай. Тиймээс юун түрүүнд цус болон дотоод эрхтний шинжилгээнд орж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
3
Бүхнийг илүү сонирхолтой байлгаж, өөрийгөө мэдээллээр цэнэглэ
Таны гэнэт өөрчлөгдсөн хоолны дэглэмэнд шинээр нэмэгдсэн хүнсүүдийг идэхийнхээ өмнө, тэдгээрийн талаар мэдээлэл сайтар цуглуулаарай. Мөн таргалалт болон үүнтэй холбоотой өвчнүүдийн талаар интернэтээс судлаж ч болно.
Ингэвэл таны тархинд буруу хооллолтыг жигших бага ч болов мэдрэмж төрж, зөв хооллох бүртээ ямар их амин дэмээр бие тань дүүрч байгааг мэдрэх болно. Жингээ хасах үед сэтгэл зүйн байдал маш чухал бөгөөд идэж буй зүйлээсээ таашаал авах нь түргэн турахад ч, бас нөлөөтэй юм шүү.
4
Эргэн тойрны хүмүүстээ сануул
"Би жингээ хасах гэж байгаа.", "Би зөв хооллож эхлэж байгаа шүү" зэргээр гэр бүл, хамт ажиллагсад, ойр орчмын хүмүүстээ сануулаарай. Ингэх нь таны тархинд байнгын дохио өгч, өөртөө үнэнч байхад тусална.
Хэрэв ингэж хэн нэгэнд хэлэлгүй хоолны дэглэм барьж эхэлбэл, тухайн хүн өөрийгөөө хуурах тал ажиглагддаг.
5
Урам өгөх түүхүүдийг унш, жингээ амжилттай хассан хүмүүстэй ярилц
Жингээ амжилттай хасаж чадсан, ижил зүйлийг даван туулсан хүмүүсийн түүхүүд бол зорилгодоо хүрэхийн тулд заавал хийх ёстой зүйлсийн нэг. Эдгээрийг унших эсвэл илүүдэл жингээ хаясан хүнтэй интернэтээр танилцаж, ярилцан, санал бодлоо солилцох нь маш их сэтгэлийн дэм өгдөг.
Мөн ижил сонирхолтой хүмүүстэй хамт хооллох, шинэ найзтай болох, урам өгөх зураг болон бичлэг үзэх зэргээр өөрийгөө байнга зоригжуулж байгаарай.
6
Шинэ хувцас худалдаж ав
Таргалалттай хүмүүс аль болох биедэ эвтэйхэн сул хувцас өмсдөг. Энэ нь маш буруу юм. Ийм хувцас өмссөн хүн өөрийгөө хэр их таргалж байгааг анзаарахаа больдог. Ингэж явсаар нэг мэдэхэд хэт таргалалттай болж, өвчин, зовиур мэдэрч эхэлсэн үедээ, сая л нэг өөрийгөө анзаардаг. Үүнээс сэргийлэхийн тулд та махлаг байсан ч дэгжин хувцаслаж, хараа дээгүүр алхах хэрэгтэй.
Хувцастай холбоотой бас нэг сэтгэлзүйн зөвлөгөө бий. Турсныхаа дараа өмсөх дотуур хувцас бас даашинз худалдаж ав. Тэгээд үүнийгээ шүүгээнийхээ хамгийн наана байнга харагдах газарт байрлуул. Энэ бол таны бодит зорилго юм. "Би энэ даашинзыг өмсөж, сайхан харагдах хүртлээ хичээх болно" гэсэн бодлыг ухамсарт төрүүлж байдаг. Ингээд нэг л өдөр та зорилгодоо хүрч хүсэж байсан даашинзаа өмсөх үедээ, энэ хорвоогийн сайхан мэдрэмжийг авч, цаашид ч эрүүл амьдрах урам зоригийг авах болно.
7
Хоолоо сайхан таваглаж, тайван бас удаан ид
Аливаа үйлдлийг хүн 21 ба түүнээс дээш өдөр хэрэгжүүлэхэд бодит биеллээ олж зуршил болдог. Та жингээ барьж эхлэхдээ идэж буй хоолоо, зургийг нь авах гэж байгаа мэт чимэглэн, арааны шүлс асгаруулам сайхан таваглаж байгаад бага багаар зажлан таашаал авч идээрэй. Магадгүй зургийг нь авч бусад жингээ хасах гэж буй хүмүүст зөвлөж ч болно шүү дээ. Ингэвэл танд эрүүл хоол хүнс сэтгэлийн таашаал мэдрүүлж, цаашид хоолны дэглэмээ барихад тань ямар нэг асуудал үүсэхгүй.
8
Жингийн заалтанд битгий итгэ
Энэ үнэхээр хачин сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ та жингээ хасах үедээ энэ заалтанд нэг их итгэж, ойр ойрхон жингээ үзэх хэрэггүй. Учир нь байнгын дасгал хөдөлгөөн хийж байгаа үед биеийн өөхний масс багасаж, булчингийн масс нэмэгдэж байдаг. 1 кг өөх, 1 кг булчин хоёр жингийн хувьд адил ч, харагдах байдлаасаа маш өөр байдаг юм шүү. Тэгэхлээр та зөвхөн жин дээр зогсох бус метрийн хэмжүүрээр бүсэлхий, өгзөг, цээжний тойргоо хэмжин, 7 хоног бүр тэмдэглэл хийх хэрэгтэй.
Энэ тэмдэглэлээ аль болох өөрийн нүдэнд харагдахуйц газар өлгөж, урам авч байгаарай.
9
Байнга нэг хоолоо идэж болохгүй
Түргэн жингээ хасна гээд байнга калори багатай цөөн төрлийн хоолоор цэсээ хязгаарлаж болохгүй. Ингэвэл та тухайн хүнснээс маш хурдан залхаж, дуртай басан зүйлдээ ч, дургүй болох магадлалтай. Тиймээс хоолны дэглэмээ 7 хоногоор гаргаж, шинэ жор судлан болж өгвөл өдөр бүр өөр төрлийн хоол идэж байгаарай.
Жишээлбэл: Хэрэв та сам хорхой идэхийг хүсдэг байсан бол жорыг нь судалж багаад эрүүл аргаар жигнэж идэж болно шүү дээ.
10
Өөрийгөө байгаагаар нь хүлээж авч сурах
Өөрийгөө хайрлах нь жингээ хасахад хамгийн чухал зүйл. Та хэн нэгний төлөө бус өөрийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө хийж байгаа гэдгээ ухамсарлаж, жингээ хасах үедээ өөртөө үнэнч байх хэрэгтэй.
Хэн нэгний хэлсэн өөдгүй үгийг өөртөө тусган авч, сэтгэлээр унаж суухын оронд өөрчлөлтийг яг одоо эхлүүлж, сэтгэлийг тань сэвтүүлсэн хүмүүсийн дэргэдүүр аз жаргалаар дүүрэн, инээмсэглэн алхах өдрийн төлөө зүтгээрэй. Танд амжилт хүсье!
Эдгээр зургуудаас урам аваарай!