1
400,000 еврогоор ажилчдаа амралтанд явуулсан
"Evolve MMA" бол Азийн хамгийн том тулааны урлагийн төв юм. Компаний орлого сүүлийн жилд 30% өссөнд, компаний үүсгэн байгуулагч Чатри Ситёотонг (Chatri Sityodtong) ажилчиддаа талархан, 100 шилдэг ажилчнаа 400,000 еврогийн төсвөөр Малдивийн тансаг аялалд явуулсан байна. Тэрээр удахгүй ахин нэг аялалыг төлөвлөсөн ч, хаашаа гэдгийг нь нууцалж байгаа гэнэ. Ямартай ч ажилчид нь өнгөрсөн жилийн аялалтай ижилхэн далайн эргийн хажууд, тансаг буудалд буудаллана гэдэгт эргэлзсэнгүй.
Сонирхуулахад, Чатри Сидёттонгын гэр бүл түүнийг бага байхад бүх зүйлээ алдаж хоосорсон ч тэрээр Харвардад бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Үүнийхээ хауугаар тэрээр Муая Тай болон Бразилийн Жиу-Жицугаар хичээллэж, UFC-ийн мэргэжлийн тулааны тамирчдыг дасгалжуулж яваа амжилттай шинэхэн бизнесмэн юм.
2
Нохой тэжээж эхэлсэн ажилчиддаа 7 хоногийн цалинтай чөлөө өгдөг
"BrewDog" Шотландын пиво үйлдвэрлэгч компани бол нохой тэжээдэг хүмүүст хамгийн ээлтэй газар юм. Тэд нохойгоо өдөр бүр ажил дээрээ авчрахыг зөвшөөрдөг төдийгүй, нохой үрчлүүлэх газраас шинэ нохойтой болж буй ажилчиддаа 7 хоногийн цалинтай чөлөө олгож байх шийдвэрийг гаргасан байна. Тэдний хувьд нохой үрчилж авна гэдэг гэр бүлдээ шинэ гишүүн нэмж байгаатай ижил үнэлэгддэг аж.
3
Олсон бүх орлогоо ажилчиддаа тараажээ
"Gravity Payments" компаний захирал маш өгөөмөр зан гаргаж өөрийн орлогыг компанийн бүх ажилчиддаа тэнцүү хувааж, 1 хүнд дунджаар 70,000 доллар өгсөн байна. Компаний ажилчид түүний хариуд захиралдаа, үргэлж хүсдэг байсан "Тесла" цахилгаан машин бэлэглэжээ. Учир нь тухайн компанийн захирал, өөрийн орлогоор машин авахыг хүссэн ч, ажилчиддаа хувааж өгсөн учир хүссэн машинаа авах боломжгүй болоод байсан гэнэ.
4
Бүх ажилчиддаа байр, машин авч өгсөн
"Hare Krishna Exports" бол алмаз боловсруулан, дэлхийн зах зээлд нийлүүлдэг Энэтхэгийн компани юм. Анх ажилд орж буй хүмүүстээ 5 жилийн дотор орон сууц болон машинтай болгоно гэсэн амлалт өгдөг гэнэ. Тэд ч амлалтандаа хүрч, хамгийн бүтээмж өндөртэй ажилласан хүмүүстээ 2016 оны 4 сард машин байрыг нь гардуулсан. Одоогоор нийт 1260 машин, 400 байр эзэддээ очсон гэнэ.
5
7 жил ажиллаад 1 жил амарна
График дизайнерын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, "Sagmeister & Walsh" компанийн захирал Стефан Сагмэйстэр ажилчиддаа 7 жил тутамд 1 жилийн амралт олгодог. Тэрээр дизайнер хүн шинэ зүйлсийг үзэж танин, өөрөөр сэтгэж байхын тулд урт хугацааны амралтаар тархиа сэргээх хэрэгтэй гэж үздэг ажээ. Тэрээр өөрийнхөө 1 жилийн амралтаар, дэлхийг тойрон аялсан бөгөөд эргэж ирэхдээ маш олон шинэ санааг олж, түүнийгээ ажил хэрэг болгож байгаа гэнэ.
6
Оффисоо жижиг бөмбөгөөр дүүргэжээ
"Invasion" компаний захирал Ли МкАтер ажилчдынхаа сэтгэл санааг сэргээж, бүтээмжийг нь дээшлүүлэхээр оффисоо жижиг бөмбөлөгөөр дүүргэн, сюрприз барьсан байна. Ажилчид нь тухтай байх тусам тэдний ажил үр дүнтэй, бүтээлч болдог учир тэр шийдвэртээ огтхон харамсаагүй гэнэ. Ли өөрөө бөмбөлөгүүдийг өглөөний 3-аас 8 цаг хүртэл дүүргэхэд гар бие оролцжээ. Ажилчид амьдралдаа хэзээ ч мартахааргүй аз жаргалтай байгааг бичлэгээс харж болно.
7
Найз залуугаасаа салсан бүсгүйд 1 хоногийн чөлөө өгдөг
"Hime & Come" компани найз залуу болон нөхрөөсөө салсан эмэгтэй ажилчиддаа чөлөө өгдөг гэнэ. Бүсгүйчүүд нас ахих тусам, салалтанд илүү эмзэг болдог учир 20 гаруй настай бол 1 хоног, 30 гаран настай бүсгүйчүүдэд 2 хоног, 40 гаран настай бол 3 хоног гэхчлэн тэднийг тайван байж, бодох хугацааны чөлөөг олгодог. Мөн дэлгүүрүүд онцгой хямдрал зарладаг үеүүдэд, дэлгүүр хэсэх хагас өдрийн чөлөөг өгдөг гэнэ.
8
Ажилчиддаа мэргэжлийн тогоочийн, дээд зэрэглэлийн хоолоор үйлчилдэг
Сайхан хоол хүний сэтгэл санааг дэмжихээс гадна илүү үр бүтээлтэй ажиллах үндэс болдог. "Асана" компани энэ аргыг хэрэгжүүлж, эрүүл чанартай, мастер тогоочийн гарын хоолоор ажилчдаа дайлдаг гэнэ. Үүнээс гадна оффисын хөргөгчиндөө үргэлж шоколад байрлуулан, хүссэн үедээ идэхийг санал болгодог.
9
Ажлаасаа хоцорсон тогоочдоо машин авч өгчээ
Вероника Солис хэмээх бүсгүй Алекс Риосын өдөр өнжүүлэх төвд 7 жилийн турш гайхалтай сайн ажиллаж, амттай хоол бэлтгэдэг байлаа. Үүний хажуугаар тэрээр хорт хавдартайгаа тэмцэж эдгэрсэн хүчирхэг эмэгтэй байсан юм. Нэгэн өдөр тэр нийтийн унааны асуудлаас болж үргэлж хоцорч байгаадаа уучлалт хүсээд, нулимсаа барьж ядан ажлаас нь халахыг захирлаасаа хүссэн байна. Харин ноён Алекс сайн тогоочоо алдахыг хүсээгүй учир түүнд машин авч өгч, асуудлыг нь шийджээ.