1
Зүүд бол эм
Бид аймшгийн кино үзсэний дараа, нууцлаг зүйлсээр дүүрэн, хар дарсан зүүдтэй нүүр тулдаг билээ. Харин энэ нь нэг ёсондоо таны мэдрэмжийг ил гаргаж, сэтгэлийн гүнд хуралдсан бүх асуудлыг тань дэлгэж, тайвшрахад тусалж байгаа хэлбэр юм. Хэрэв та зүүд зүүдлэхгүй бол, бүх мэдрэмжээ дотроо нууж, нэг л таагүй, давчдах мэдрэмж төрөх болно. Сэтгэл зүйчид зүүд бол нэг төрлийн сэтгэл санааг эмчлэх эм гэж үзэж байгаа юм.
Хүний тархи тохиолдсон үйл явдлыг, дотоод мэдрэмжтэй хослуулан зүүдийг бий болгож, таныг тайвширч, илүү нээлттэй, чөлөөтэй болоход тусладаг хэмээн хэсэг бүлэг судлаачид үзжээ.
2
Сэтгэл гутралыг эмчилнэ
2009 онд хэсэг бүлэг судлаачид, сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн дунд судалгаа явуулж, зүүд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэхээр шийджээ. Ингэхдээ 35 эрүүл оюутан болон 20 сэтгэл гутралтай оюутанг хамруулж, 10 минут нүдийг нь аниулж, хэсэг унтуулсан байна.
Харин сэтгэл гутралтай оюутнууд, эрүүл оюутныг бодвол илүү зүүдэлж, олон зүйлсийг харсан байжээ. Ингэснээр тэдний сэтгэл санаа илүү тайван болж, бухимдал, стресс нь багассан болохыг олж тогтоосон байна. Тэдэнд тулгараад байсан асуудлыг зүүд үзүүлж, үүнээс айж зугтах биш, нүүр тулах боломжийг олгож тайвшруулдаг аж. Үүнээс харвал зүүд нь сэтгэл гутралыг эмчилж, тухайн хүнийг уужуу тайван болгодог аж.
3
Нойр болон зүүдний хамаарал
Нойргүйдэлтэй буюу унтаж чаддаггүй хүмүүс багагүй асуудалтай тулгардаг байна. Тэд гүн нойронд автаж чадалгүй "REM" үедээ унтаж байхдаа сэрдэг бөгөөд хий юм харах, жин нэмэх, сэтгэл санаа тавгүйтэх шинж тэмдэгтэй нүүр тулгарах аюултай.
Харин тэдний унтахгүй байх буюу нойргүйдэх нь зүүдэнд огт нөлөөлдөггүй. Сэрүүн байсан ч, хэсэг зуур зүүдэлж, хий юм харах нь бий. Та ч бас сэрүүн байхдаа зүүдэлж байсан гэдэгт итгэлтэй байна. Маш олон судалгаагаар, унтах нь зүүдтэй салшгүй холбоотой гэдэг худал, та унтахгүй байсан ч зүүдэлж чадна гэдгийг баталсан юм.
4
Мэдээллүүдийн нийлбэр
Маш олон судалгаагаар, зүүд бол бидний мэдээллийг хадгалах үүрэгтэй хэмээн үзсэн байдаг. Биднийг зүүдлэх үед тархи мэдээллийг урт хугацааны санах ой руу зөөж, аваачдаг байна. Өдрийн цагт мэдээлэл нь тархины нэг хэсэг болох гиппокамп (hippocampus)-т хадгалагддаг бөгөөд биднийг унтах үед гиппокамп дахь мэдээлэл нь тархины гадаргуу руу шилждэг аж.
Харин ийнхүү тархины нэг хэсгээс, нөгөө хэсэгт мэдээлэл шилжих явцад, зарим мэдээлэл хадгалагдаж, зүүдэнд үзэгддэг байна. Энэ нь заавал болж өнгөрсөн үйл явдал биш байж болох бөгөөд таны бодлууд ч мөн үүнд багтана.
5
Зүүдлэхгүй байх нь сэтгэцийн эмгэгтэй болгоно
Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн 50-80 хувь нь нойргүйдэх буюу унтаж чадахгүй өвчтэй тулгардаг байна. 2009 онд Харвардын их сургуулийн судлаачид хүмүүсийн дунд судалгаа явуулж, тэдний зүүд болон сэтгэл санаа ямар холбоотой болохыг дүгнэжээ. Зүүд нь стрессийн дааварт нөлөөлж, бухимдлыг багасгадаг бөгөөд тухайн хүний сэтгэл санааг тайтгаруулдаг байна. Харин эсрэгээрээ зүүдлэхгүй байх нь сэтгэл санааг тогтворгүй болгож, стресст оруулдаг аж.
6
Мэдээлэл боловсруулах онол
Нэгэн судалгаагаар, "REM" нойр буюу зүүдний үед, хүний тархи бүх мэдээллийг хуримтлуулж, эдгээрийг зүүд болгож, бидэнд мэдрүүлдэг хэмээн үзжээ. Энэ нь таны сонссон, авсан мэдээллүүдтэй холбогдож, зүүдэнд ордог аж. Мөн хамгийн их боддог, хүсч мөрөөддөг зүйл тань тархинд хадгалагдаж, зүүд болон илрэх нь бий. Зүүд нь учир битүүлэг, ойлгоход бэрх байдаг нь олон төрлийн мэдээллүүд холилдсонтой холбоотой хэмээн судлаачид үзэж байгаа юм.
7
Зүүдний тухай сэтгэл задралын онол
Нэрт мэдрэлийн эмч Зигмунд Фрейд (Sigmund Freud)-гүйгээр зүүдийг тайлбарлах боломжгүй билээ. Түүний гаргасан сэтгэл задрал буюу "психоанализ онол" нь хүмүүст хамгийн их хүрч, үнэн гэж итгэхэд хүргэсэн байдаг. З.Фрейдийн үзсэнээр, зүүд гэдэг нь өөрт хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн өмнөх өдрийн үйл явдлын цогц байдлыг хэлдэг гэнэ. Мөн та өдөр нь аяллаар явах байсан ч чадаагүй тохиолдолд, үүнийгээ зүүдэлж, яг л явж байгаа мэтээр харж чаддаг төдийгүй шөнө унтаж байхдаа ам цангаж, ус уумаар байвал, ус ууж байна гэж зүүдэлдэг хэмээн үзсэн юм.
8
Идэвхжүүлсэн синтез онол
1977 онд "activation-synthesis" гэх онолыг дэвшүүлж байсан бөгөөд энэ нь бид яагаад зүүд зүүдэлдэг болохыг тайлбарласан "нейробиологийн онол" юм. Тус онол нь зүүд бол биологийн хариу үйлдэл хэмээн үздэг байна. Тархи нь унтаж байхад илүү их ажиллаж, мэдээллүүдийг боловсруулдаг бөгөөд энэ үед үзүүлэх биологийн хариу үйлдэл нь зүүдлэхэд хүргэдэг аж. Мөн зүүд ямар ч утгагүй гэдэг нь худал болохыг тогтоож, хүн шалтгаангүйгээр зүүд зүүдэлнэ гэж үгүй болохыг тус онолоор баталсан билээ.
9
Зохицолгооны онол
Судлаачдын үзэж байгаагаар, унтах нь хүн болон амьтдыг аюул заналаас холдуулдаг байна. Жишээлбэл, амьтад унтахдаа хамгийн аюулгүй газрыг олж амардаг ба өөрсдийгөө хамгаалж чаддаг.
Хүн "REM" нойрны үе буюу зүүдлэх үе шатыг алгаснаар, маргааш орой нь унтахдаа "REM" нойрны шатанд илүү их хугацааг өнгөрүүлж, илүү удаан, тод зүүдэлдэг байна. Үүнийг "REM"-ийн хариу үйлдэл хэмээн нэрлэдэг аж. Мөн бид унтаж байхдаа ямар аюул, асуудлаас ангижирч чадах бөгөөд тэрхүү аюул, айдсаа зүүдэндээ мэдэрч, бодит байдал дээр илүү амгалан тайван байдаг байна.
10
Аюул өдөөгч онол
Зүүд нь биднийг айдас, аюулд бэлтгэдэг нэгэн хэрэглүүр хэмээн үздэг онол юм. Энэ нь таныг аливаад бэлтгэж, аюулаас зайлсхийх болон амжилтаа ахиулах боломжийг нээж өгдөг байна. Нэг ёсондоо зүүд бол бидэнд ирж байгаа дохио гэж ойлгож болохыг энэхүү онолоор баталдаг билээ.