“Хуримын даашинзтай бүсгүй” ирлээ

Оранж энтертайнментийн бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны кино  өчигдөр Тэнгис кино театрт нээлтээ хийж, бүх кино театруудаар гарч эхэллээ. “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Бурхан Өршөөг” зэрэг киногоороо Монголын кино урлагт шинэ давалгаа түрсэн найруулагч З.Батболд тус бүтээлийн зохиолыг бичиж, Ерөнхий найруулагчаар ажиллажээ. Ерөнхий продюсераар Оранж энтертайнмэнтийн захирал Б.Тайшир, Гүйцэтгэх продюссераар Ү.Баяржаргал нар ажилласан байна.

“Хуримын даашинзтай бүсгүй” ирлээ

Киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, залуу жүжигчин Б.Батмаа нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ А.Цэгмэд, СТА Г.Амгаланбаатар болон залуу жүжигчин У.Билэгт-Од, Э.Билэгжаргал, Б.Батмэнд нарын уран бүтээлчид дүр бүтээжээ.

Хайр дурлалын тухай өгүүлэх “Хуримын даашинзтай бүсгүй” кино амьдралд дөнгөж хөл тавьж буй 20 гаруй насны гурван найзын үерхэл нөхөрлөлөөр эхэлнэ. Киноны гол дүр Гүнээ залуу хүмүүсийн адил наргиж цэнгэж яваад хуримын тансаг даашинзтай, нууцлаг нэгэн бүсгүйтэйтэй учирсан нь Цэнгэл байлаа. Гэнэн тэнэгдүү гэмээр Цэнгэлийн инээмсэглэлийн ард эд хөрөнгө мөнгөний төлөөх тэмцэл, эрх танхи наснаасаа зовлон үзсэн хар бараан амьдрал байгааг Гүнээ ойлгож чадах болов уу? Энэ бүгдийн хариултыг та Хуримын даашинзтай бүсгүй киноноос хүлээн авч үзээрэй.

Кино зохиолыг бичиж, найруулсан З.Батболд:

2012 онд бичсэн зохиол. Өнгөрсөн таван жилийн хугацаанд кино болгоё гэж явсаар үнэхээр тохироо бүрдсэнгүй. Цаанаасаа зохицуулагддаг юм гэж байдаг. Дээр нь би өөрөө завсарласан байлаа. Ерөнхийдөө миний уран бүтээл таван жил, тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд бүрэн завсардчихлаа. Огт юм хийж чадахаа байсан. Нэг хэсэг бүр кино хийдэг жирийн нэг хүнийг харахаар сэтгэл хөдөлдөг болчихсон байлаа.

Миний CV нэгэн сайхан бүтээлээр нэмэгдлээ. Нэг ёсондоо уран бүтээлийн 10 дахь хүүхэд маань төрж байна.

Киногоороо ХАЙР харуулахыг хүссэн. Өнөөдрийн монголчуудад хайр дутагдаж байна. Монголчууд ч бус дэлхий дахинд хайр дутагдаж байна. Хайр харагдахаа байчихлаа. 

Гол дүрийн жүжигчин Б.Шинэбаяр:

Сэтгэгдэл их өндөр байна. Киногоо үзэхээр тэсэн ядан хүлээж байна. Уран бүтээлч хүний хувьд кинонд тоглоод, киногоо өлгийдөн авч анхлан мэндчилнэ гэдэг нь асар их сэтгэлийн догдлол байдаг. Мөн манай үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн айдсас ч байна. Яг одоо их догдолж байна.

З.Батболд ахтайгаа анхны уран бүтээл дээрээ ажиллаа. Найруулагч маань маш их түшигтэй, жүжигчинтэйгээ харьцаж чаддаг, жүжигчидээ ажиллуулж чаддаг хүн гэж бодож байна. З.Батболд ахтайгаа ажиллахад их сайхан байлаа.

Киноны талаар тодорхой зүйлүүдийг ярих гэхээр үзэгчдэд сонирхолгүй болчих байх. Өөрсдөө ирээд үзвэл илүү дээр болов уу. 

Гол дүрийн жүжигчин Б.Батмаа:

Хайр дурлалын сайхан кино болсон байгаа. Маш чадварлаг хамт олон, мундаг найруулагчтай хамтарч ажиллаа. Оранж энтертайнмент болон бусад хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.

Анх найруулагч З.Батболд ахтай уулзаж, “Таны кинонд тоглох хүсэлтэй байна аа. Проб өгч үзье” гэж хэлэхэд Болдоо ах намайг нааштай хүлээж авч, зохиолоо уншуулсан. Киноны зохиолыг анх уншихад л яагаад ч юм тэндээс өөрийгөө хараад байсан. Нуулгүй хэлэхэд хуримын даашинзтай бүсгүй нь би баймаар байна гэж битүүхэндээ шунасан маань биелсэн.

Киноны маань бүх дүр илэрхийлэх зүйлтэй. Дор бүрнээ өөрийн зорилго, хэлэх санааг агуулж таарна. Бүхэлдээ бидний туйлын зорилго бол хайр. Миний бүтээсэн дүрийн тухайд хайраар маш их дутсан залуу эмэгтэй юм. Хайр дутагдахаар хүн хэн болдог вэ, эцийн эцэст ямар байдалд ордог юм бэ гэдгийг харуулах гэж их хичээсэн. Киногоо үзээд хүмүүс бидний юу хэлэх гэснийг ойлгох байх аа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.