Б.Бямбацогт: Хэрэв манай улс нефтийн үйлдвэртэй болвол гадны орнуудын хувьд өрсөлдөөн бий болно

2017-05-30, 16:43
16,727
Б.Бямбацогт: Хэрэв манай улс нефтийн үйлдвэртэй болвол гадны орнуудын хувьд өрсөлдөөн бий болно

Ашигт малтмал, газрын тосны газрын Бүтээгдэхүүний хэлтсийн дарга Б.Бямбацогттой ярилцлаа. 

-Салбарын ой удахгүй болно. Ойтой холбогдуулан ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ жил Газрын тосны газрын 76 жилийн ой тохиож байгаа. Салбарын ойг жил бүрийн таван сарын сүүлийн долоо хоногийн хагассайн, бүтэнсайн өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Байгууллага, салбарынхаа хэмжээнд энэ сарын 6-ны өдрөөс хойш спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж дууссан.

Үүний дараагаар ШУТИС, шинжлэх ухааны байгууллага, компани болон харилцагч төрийн бус байгууллагуудтай хамтран онол практикийн 23 дах бага хурлыг зохион байгуулсан. Энэ хурлаар газрын тосны хайгуулын тухай, олборлолт ашиглалтын тухай, үйлдвэр техник технологийн тухай, хангамжийн тухай болон манай салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эрдэмтэн багш нар, салбарын ажилтан, мэргэжилтнүүд өөрсдийн санал бодлоо солилцож, харилцан ярилцдаг юм. 

Мөн илтгэл тавьж, түүнийгээ нэгтгэн ном товхимол болгон хэвлүүлж гаргахад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлуудыг хийсэн. Энэ мэтчилэн үе шаттай ажлууд хийгдэж байгаа. Цаашид салбарын ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан ажилчдынхаа дунд баярын хурал зохион байгуулна. Энэ үеэр салбарын тэргүүний ажилтнуудаа шалгаруулж, тэдэндээ цааш ажиллах эрч хүч, урам зоригийг өгөх гэхчилэн ажлуудыг зохион байгуулж байна.

-Газрын тосны газрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Дээр дурдсанчлан энэ салбар үүсч хөгжөөд хэдийнэ 76 жил өнгөрчээ. Үүнээс гадна, улс орны гол үндэс, эх үүсвэр болсон стратегийн том чухал ач холбогдолтой салбар юм. Энэ ч утгаараа улс орныг тогтмол, тасралтгүйгээр шатахуун бүтээгдэхүүнээр хангаж байдаг. Шатахуун бүтээгдэхүүнгүйгээр аль нэг байгууллага, салбарын үйл ажиллагаа явагдахад хэцүү.

Тиймээс улс орны хэмжээнд анхаарлын төвд байдаг салбар гэхэд болно. Цаашид өнгөрсөн болоод шинэ Засгийн газар байгуулснаас хойш хүнд үйлдвэрлэлийн чиглэлд газрын тосны үйлдвэр барих, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чиглэлийн бодлогыг оруулсан. Энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлууд, зарим хөтөлбөрүүд нь эхнээсээ хэрэгжиж байгаа. 

-Иргэдийн дунд шатахуун нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд байдаг. Шатахууны үнэ өсөхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг “жишиг” тогтоод байна. Тэгэхээр үнийн өсөлтийг барих тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Тийм ээ. Шатахууны үнэ өслөө гэж сонсох нь битгий хэл үнэ өснө гэсэн сургаар хэрэглэгчдэд буруу ойлголт төрүүлдэг. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтаг болдог. Гэтэл шатахууны үнийг буулгачихаад байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буцаад нэг төгрөгөөр ч буудаггүй. Ийм асуудлууд өмнө нь гардаг байсан. Гэхдээ манай улсын хэмжээнд хангамжийн болоод үнийн өсөлтийн асуудал дээр шат дараалсан арга хэмжээг Засгийн газар, мэргэжлийн байгууллагын зүгээс нэлээн анхаарч, ач холбогдол өгч ажилладаг. 



Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш дөрвөн удаа шат дараатайгаар онцгой албан татварын үнийг бууруулсан. Цаашид үнийн асуудал хамгийн их хөндөгдөнө гэж ойлгож байгаа. Хамгийн гол хөндөгдөх асуудал нь гадны хүчин зүйл. Гэвч гадны хүчин зүйлийн нөлөөлөл бас байдаг. Жишээлбэл, хилийн үнэ өсдөг, дотоодод валютын ханш өсдөг. Саяхныг хүртэл валют болон хилийн үнэ нэлээн өслөө. Үүнээс болж шатахууны үнэ нэмнэ гэсэн асуудал маш их хөндөгдсөн. Гэхдээ онцгой албан татварын үнийг буулгаж чадсанаар  шатахууны үнийг барьж чадсан гэж үздэг.

Хоёр гурван компани үнээ өсгөсөн боловч эргээд буулгасан. Манай салбарын зүгээс ч үнийг буулгах тал дээр арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн компаниудтайгаа харилцан ярилцаж, ойлголцлын түвшинд “иргэдийн нурууны ачааг хөнгөлье, нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ” гэхчилэн харилцан ярилцсан. Зөвхөн манай улсад биш дэлхий нийтэд нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн талдаа байгаа. Гэхдээ бидний зүгээс шатахууны үнийг барих гэсэн бодлого чиглэлээ гаргаад ажиллаж байна. 

-Шатахууны үнэ буулгахад компаниудын удирдлагын зүгээс хэр зөрчил гардаг вэ. Мэдээж үнэ буурхад тодорхой хэмжээнд ашиг орлого багасгана. Үүнд хэр ханддаг вэ?

-Салбарын зүгээс шатахууны үнэ буулгах тал дээр бодлогын түвшинд шаардлага тавьдаг. Гэхдээ компаниуд маань саяхан нэмсэн шатахууны үнийг өөрсдөө буулгасан. Учир нь иргэдийн амьдрал болон нийгэм эдийн засгийн байдлыг харгалзан үзэж үнэ буулгах тал дээр уян хатан байж чадсан. Одоогийн байдлаар хамгийн доод үнэ нь зарим газар 1580 төгрөгт хүрч хуучин үнэ рүүгээ нэлээн дөхсөн.

-Хөдөө орон нутагт шатахууны үнэ өссөн байх хандлагатай байдаг?

-Хөдөө орон нутагт шатахууны үнийг Улаанбаатар хот болон төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо байлгая гэж өмнөх болон одоогийн Засгийн газарт санал тавьж ажилласан. Үүнийхээ дагуу нэлээн өндөр үнийн зөрүүг арилгаж ойролцоо үнэтэй болгож чадсан. Зарим газартаа бүр хямд ч болсон байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр зарим нутагт үнийн ялгаа өссөн байсан. Энэ нь яалт ч үгүй хилийн үнэ, валютын ханш, тээврийн зардлын хөлс зэрэг асуудлаас болж өссөн. Гэхдээ үүнд Засгийн газраас бодлого барьж ажиллаж байгаа. 

Боломжоор нь баруун талаар, урд хилийн боомтууд, хойд талаар шатахуун импортлох, оруулж ирэх боломж нөхцөлийг хоёр хөрш орны удирдлагуудтай ярилцаж хамтарч ажиллаж, судалж хэрэгжүүье гэсэн бодлого барьж байна. Тухайлбал, Бургастайн боомт, Ховдын ярантын боомт зэргээр бага хэмжээгээр оруулж ирж байгаа. 

Гэхдээ үүнийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаашилбал бусад боомтуудад боломжийн хэмжээгээр оруулах, нөхцөл бололцоог судалж үзэн. Ингэснээр зам харгуй, техник эдийн засгийн хөгжил, тэнд байлгах агуулах сав зэргийг судлаад шаардлагатай тохиолдолд компаниудтай харилцан ярилцана. Энэ чиглэлээр нөхцөл боломжийг нь судалъя гэсэн арга хэмжээнүүдийг авч ажиллана. Ялангуяа баруун аймгуудад үнийн асуудал хүнд байдаг. Тэр тусмаа Ховд, Говь-Алтай гэх мэт аймгууд бий. 

-Импортоор нефть оруулж ирдэг хэчнээн компани байдаг вэ?

-Жижиглэнгийн болоод бөөний импортын зөвшөөрөлтэй компаниуд нэлээн хэд байдаг. Үүнээс импортоор өөрсдөө оруулж ирээд жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг 16 компани бий. Энэнээс нэлээн түлхүү оруулж ирдэг Улс орныхоо том салбарыг үүрэлцэх хэмжээнд ач холбогдолтой ажиллаж байгаа гурав дөрвөн компани байна. Ник, Магнай трейд, Шунхлай гэхчилэн компаниуд байна. Сүүлийн үед Содмонгол, М-Ойл гэсэн компаниуд нэлээн түрж орж ирж байгаа. Бусад нь боломжийн хэрээр импортоо хийдэг. 

-Манай улс түүхий эдээ экспортлоод жилд хэчнээн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг вэ. Эргээд импортоор нефть худалдан авахдаа хэчнээн төгрөг зарцуулдаг вэ?

-Түүхий тосоо Монгол улс БНХАУ-ын Петро Чайна дачин тамсаг компанид олборлолтоо хийгээд экспортолдог. Одоогийн байдлаар жилдээ 1,200,000 тонн орчмын олборлолт хийж, экспортолж байгаа. Үүнийг боломжийн хэмжээгээр олон улсын зах зээлийн үнээр тохирч тооцоогоо хийдэг. Жилдээ 280 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ бол нэлээн өндөр тоо. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүн энэ жилд бас 1,200,000 орчим хүрчихлээ.

Магадгүй өсөх хандлагатай байна. Хэрэв хөрөнгө оруулагчид нэмэгдээд уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжвэл өсөхөөр байна. Энэ оны урьдчилсан мэдээгээр хагас жилийн байдлаар 800,000 тонн орчим нефть импортолсон байна. Үүнээс гадна, 90 гаруй хувийг нь Роснефть компаниас импортолдог. Үлдсэн хувийг нь хятад, солонгос гэхчилэн улс орнуудаас импортолдог байгаа.

-Манай улс газрын тосоо экспортолдог. Үүнд чанарын асуудал хэр яригддаг вэ?

-Экспортын асуудлыг манай тусдаа хэлтэс хариуцан ажилладаг юм. Үүнд чанарын асуудал мэдээж яригддаг. Манай улсаас экспортолж буй тосыг нэлээн өтгөн чанартай гэдэг. Энэ нь чанарын шаардлагаар тийм сайн биш. Гэхдээ тийм муу биш. Дундаж чанарын тос гэж үздэг. 

-Дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болох боломж хэр байна вэ?

-Үйлдвэртэй болчих юмсан, бүтээчих юмсан гэсэн асуудал нь үе үеийн Засгийн газрын, мөрийн хөтөлбөрт тусгагддаг чухал ажлуудын нэг. Гэвч манай улсад нөхцөл бололцоо эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй шалтгаанууд тулгардаг. Энэ жилийн хувьд Энэтхэг улсын Засгийн газраас хөрөнгө оруулалт оруулж ирээд үйлдвэр барьчих юмсан гэсэн чиглэлээр Засгийн газрын бодлого мөрийн хөтөлбөрт тусгаад ажиллаж байна.

Нефтийн үйлдвэртэй болно гэдэг нь монгол хүн бүрийн хувьд хамгийн чухал асуудал. Дотооддоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болчихвол хангамж, нөөцийн асуудлын хувьд чухал ач холбогдолтой юм. 

-Хэрэв үйлдвэртэй болж чадвал шатахууны үнэ хэр хэмжээнд буурч чадах вэ?

-Ямартаа ч үйлдвэртэй болчихвол мэдээж үнэ өснө гэсэн асуудал яригдахгүй. Харин магадгүй дотооддоо үйлдвэртэй болчихвол нефтийнхээ 50, 60, 70 хувийг боломжоороо хангаад хүчин чадлынхаа хувьд өргөжиж чадвал асуудал өөр болно. Гадны импортлогч орнуудын хувьд хүртэл өрсөлдөөн бий болно. Ингэхээр гадны үнэ хүртэл боломжийн уян хатан болно гэсэн үг. 

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.zuv.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()