1
Биеэ бодох
Та хүүхэдтэйгээ хамт байх үедээ, хамаг чадлаараа хичээж, хамгийн сайнаараа байхыг эрмэлздэг. Гэвч таны үр хүүхдийнхээ төлөө хийх хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрийн эрүүл мэндийг бодох гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Магадгүй гэр бүлийн салалт, санхүүгийн хүнд байдлаас болоод та үргэлж, стресс бухимдалтай явдаг байж болно. Энэ нь эргээд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдгийг санах нь зүйтэй. Иймд байгаа боломжиндоо тааруулан, хамгийн гол нь сэтгэл тайван амьдрахыг хичээгээрэй. Ингэх нь таны хүүхдэд илүү дотно, тайван амгалан мэдрэмжийг өгөх болно. Гэр бүл салалтаас үүдэж таны сэтгэл санаа, тэрчлэн хүүхдийн сэтгэхүй ихээр доройтож, хямардаг. Гэвч та иймэрхүү зүйлсэд сэтгэлээ чилээлгүй, болоод өнгөрсөн бүхнийг нааштайгаар хүлээн авч, өөрийгөө болоод хүүхдийнхээ сэтгэл санааг тайван байлгах нь чухал юм.
Стресс болон таргалалтаас үүдэлтэй сэтгэл гутрал, амьдралын хүнд бэрх өдрүүд нь түрхэн зуурын зүйл гэдгийг санаж, тухайн цаг үеийг хүүхэдтэйгээ хамтдаа даван туулаарай. Болоод өнгөрсөн зүйлд бурууг тохох гэлгүй, одоо байгаа цаг хугацаа, амин хайртай хүүхдэдээ илүү их цаг зав, сэтгэлийг зарцуулах хэрэгтэй билээ.
Өөртөө зориулах цаг хугацаа, анхаарлаа нэмэгдүүлэх: Ганц бие ээжүүд, гэр бүлийн харилцаа нь тогтворгүй яваа хүмүүс бүхий л зүйлд өөрийгөө буруутгаж, хангалттай сайн байгаагүй хэмээн сэтгэлээ чилээдэг. Гэвч гэр бүлийн амьдрал ганц хүний хичээл зүтгэлээс шалтгаалдаггүй болохыг сайн ойлгох хэрэгтэй. Мөн таны амьдралын нөхцөл ямар ч байсан гэсэн, аль болох эрүүл мэндээ бодож, биеэ эмчлүүлэн тордох нь чухал билээ. Энэ нь эргээгээд таны үр хүүхдэдээ барих хамгийн том бэлэг болж мэдэх юм. Та бодоод үздээ. Хүүхэд тань үргэлж тантай хамт амьдрахгүй. Нэг л өдөр нас биед хүрч, амьдрал зохиогоод гарахын цагт, өөрийгөө тордоогүй эцэг эхээ халамжилж, өөрийн гэр бүлдээ зориулах цагаасаа хуваалцах шаардлага гарна. Таны хувьд ч гэсэн өтөлсөн хойноо үр хүүхдийнхээ асаргаанд орж, хүссэн бүхнээ хийж чадахгүй амьдрах утгагүй санагдах болов уу.
2
Хүүхдээ дэмжих
Өсөж яваа хүүхдэд, эцэг эхийн нөлөөлөл, тэдний харилцаа хамгаас их нөлөөлдөг. Тэр бүхэнд эцэг эхчүүд илүү анхаарал болгоомжтой байж, хүүхдийнхээ сэтгэл санаа бодлыг нь сонсож, дотно байхыг хичээх нь зөв. Мөн хийж байгаа зүйлийг нь дэмжиж, урмын үг хайрлах тухай ч мартаж болохгүй билээ. Гэсэн хэдий ч, хүүхдээ дэмжиж байна гээд бүхнийг зааварлаж, хийж байгаа бүхэнд нь оролцоод байх нь утгагүй юм. Харин түүний оронд ямарваа зүйлсийг бие даан хийхэд нь тусалж, шаардлагатай зүйлсээр дэмжих хэрэгтэй.
Амжилттай яваа ихэнхи хүмүүсийн ард, тэднийг унаж сэхэх бүрт нь хамт байж, урмын үгээр тэтгэдэг эцэг эхчүүд нь байдаг юм. Тиймээс та үр хүүхдийнхээ бахархалт ээж, аав байхын тулд яг одооноос эхлэн суралцаарай.
3
Чадахынхаа хэрээр сайн эцэг эх бай!
Та өмнө нь маш олон зүйлээс сайн эцэг байх тухай уншиж, сонсож байсан нь лавтай. Гэвч бид танд сайн эцэг эх байхын тулд юу хийх ёстойг заах гээгүй юм. Эцэг, эх болох, байна гэдэг нь хэн нэгний амьдралыг бүтээх маш хариуцлагатай, нэр төртэй ажил юм. Тиймээс ч та тэр хэмжээний хариуцлагатай сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Таны нүдэнд бусад хүүхдүүдийн ээж маш халамжтай, сайн өөгүй мэт харагдаж болно. Гэвч энд бусдын ямар байх нь огтхон ч хамаагүй юм. Зүгээр л бусад шиг биш, өөрийнхөө байж чадах хамгийн сайн эцэг эх бай!. Эцэг эхчүүд заримдаа хэт сайн байх гээд хүүхдийнхээ эрх чөлөө, үзэл бодлыг нь үл тоох хандлагатай болдог. Тиймээс таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол давс хужрыг нь яг сайн тааруулаад явах юм.
Хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, түүнтэй өнгөрүүлэх цаг хугацаагаа нандин болгох хэрэгтэй. Хүүхэд тань тантай хамт байх дуртай, хамаг нууцаа зоволгүй хэлдэг, юу ч тохиолдсон түүний талд бат зогсох хүн гэдэгт итгэлтэй болгох нь хамгаас чухал зүйлсийн нэг билээ. Хэрвээ хүүхдийн сэтгэхүй, оюун бодолд энэхүү бодол суугдвал таны хүүхэд алсдаа өсөж, том болсон ч баргийн нугачаанд бүдрэхгүй, сэтгэлийн хаттай болж хүмүүжих болно.
Бусдыг хүндлэхэд сургах: Хүүхдээ өөрийн буруугаа хүлээдэг, түүнийг ухамсарлан, ахмад хүмүүсийн өмнө өөрийгөө өмөөрдөггүй болгохыг зориорой. Үүний тулд та хүүхдэдээ түүнийг ч гэсэн хөгширнө, хүн бүр үүнийг туулаад гардаг болохыг ойлгуулах хэрэгтэй. Мөн хүн хөгшрөх ямар байдаг тухай ч хэлж өгөхөд буруудахгүй. Нэгэнт энэ бүхнийг ойлгосон хүүхэд цаашид ахмад настныг хүндэтгэж сурна шүү дээ.