1
Мадлен Макканн (Madeleine McCann)
Мадлен Макканн нь 2007 онд Поргутал улсын Алгарве нутагт гэр бүлийнхэнтэйгээ амарч яваад алга болжээ. Охины эцэг эх орой унтахынхаа өмнө, охиноо унтаж байгаа эсэхийг шалгахаар өрөөнд нь ортол, Мадлен алга байв. Эцэг эх нь маш их сандарч, цагдаад мэдэгдэж, хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Цагдаагийн газраас хамгийн түрүүнд гэр бүлийнхний байрлаж байсан байшингийн ойролцоо явсан Роберт Мурат гэх залууг сэжиглэн байцааж, шалгасан боловч, юу ч олж чадаагүй тул сулласан байна.
Харин тэдний дараагийн сэжигтэн охины гэр бүлийнхэн байв. Учир нь цагдаагийн ажилчид охины эцэг эхийг хүүхдээ амь насыг нь хороогоод, цогцсыг нуусан хэмээн сэжиглэх болжээ. Тэд хэргийг үргэлжлүүлэн мөрдөж, эцэг эх нь холбоогүй болохыг тогтоосон бөгөөд тус хэрэг нь дэлхий нийтээр тарж, хүн бүрийн анхаарлыг татаж байсан юм. Португаль улсын цагдаагийн газрынхан эрлийн ажиллагааг эрчимтэй явуулж байсан боловч, хэргийн үнэнг илрүүлж чадаагүй билээ.
2
Элоис Уорлеж (Eloise Worledge)
1976 оны 1-р сарын 12-ны өдөр 8 настай Элоис Уорлеж охин Австрали улсын "Beaumaris" хотод байрлах гэрээсээ алга болсон аж. Түүнийг хамгийн сүүлд харсан хүн бол ээж Патси нь бөгөөд охиноо 23 цагт оронд нь оруулаад унтсан байна. Охины ээж өглөө 7:30 минут сэрээд Элоисыг алга болсныг мэдсэн бөгөөд түүний өрөөний цонхны хаалт эвдэрсэн байхыг харжээ. Цагдаа нар хэргийг шалгаж, цонхонд гаргасан нүхээр том хүн багтах боломжгүйг олж тогтоосон юм.
Элоис охиныг алга болох үед аав болох Линдсей нь согтуу байсан бөгөөд хэрэг гарсны дараа цагдаа дуудаж мэдэгдэхдээ огт сандралгүй, юу ч болоогүй мэт ярьсан байдаг. Мөн Линдсейг байцааж, түүний үнэн худал ярьж байгааг төхөөрөмжөөр шалгахад, охины аав худал ярьж байгаа нь тогтоогдсон боловч, хэргийн үнэн мөн илрээгүй юм. Охины хэргийг 41 жилийн турш үргэлжлүүлэн мөрдсөн боловч, хэрэгтэнг хэзээ ч олоогүй гэдэг.
3
Кайрон Хорман (Kyron Horman)
10 настай Кайрон Хорман 2010 оны 6-р сард ор сураггүй алга болсон байна. Хүү сургууль дээрээ шинжлэх ухааны итгэлд оролцоод, дараагийн хичээл рүүгээ явах замдаа гэнэт алга болжээ. Түүний хойд ээж болох Терри хүүгийнхээ хэргийн тухай цагдаад анх мэдэгдсэн бөгөөд үл тоосон байдалтай байж, мөрлөгт төдийлөн ач холбогдол өгөөгүй гэдэг. Цагдаа нар хойд ээжийг нь сэжиглэж байсан боловч, нотлох баримт олж чадалгүй, хэргийг орхиход хүрчээ.
4
Николас Барклай (Nicholas Barclay)
Николас Барклай нь 13 насандаа, 1994 оны 6-р сарын 13-ны өдөр Сан Антонио хотод сагс тоглож байгаад алга болсон байдаг. Харин тус хэргээс 3 жилийн дараа, Николас хүү Испаниас аав ээжтэйгээ холбогдсон байна. Түүнийг хүмүүс хулгайлж, биеийг нь үнэлүүлдэг байсан гэх бөгөөд гадаад төрхийг нь өөрчилж, мэс засал хийсэн хэмээжээ. Аав ээж нь хараад хүүгээ огт таниагүй бөгөөд баттай болгохын тулд ДНК-ийн шинжилгээ хийлгэж үзээд, түүнийг Николас биш болохыг тогтоосон байна. Тус залуу нь 23 настай Испани гаралтай залуу байсан бөгөөд хүүгийн аав ээжээс мөнгө авах санаатай байжээ. Цагдаа нар залууг байцааж, мөрдөсний эцэст хүүг хулгайлсан болохыг нь тогтоож, шоронд хорьсон юм. Харин Николасын сураг огт гараагүй бөгөөд өнөөх Испани залуу түүнийг зугтсан гэж мэдэгдсэн юм.
5
Сабрина Айзенберг ( Sabrina Aisenberg)
1997 онд 5 сартай Сабрина гэх бяцхан охин гэрээсээ шөнө дунд алга болж, өнөөг хүртэл олдоогүй байгаа юм. Охины эцэг эх цагдаад мэдэгдэж, мөрдлөг явуулсан боловч, олж чадаагүй бөгөөд 2003 онд Сабринатай төстэй нэгэн охиныг олж, шинжиж үзээд, биш болохыг нь тогтоосон аж. Энэхүү хэрэг түүний эцэг эхэд арилашгүй хар толбо үлдээж, тайван амьдрах аргагүй болгосон юм. Тэд өнөөг хүртэл охиноо хайсан хэвээр бөгөөд хэзээ нэгэн цагт амьд мэнд уулзана гэж итгэж явдаг байна.
6
Этан Пац (Etan Patz)
Этан Пац хэмээх хүү Нью-Йорк хотноо 1979 оны 5 сарын 25-нд сургуульдаа явах гэж гараад алга болжээ. Тэрээр АНУ-ын алга болсон хүүхдүүдийн хамгийн их олны анхаарал татсан нэгэн нь ч гэж хэлж болно. Учир нь энэ хэрэг гарсны дараахан, хүүхдийн хулгайтай тэмцэн, шинээр хууль тогтоомжууд бий болж, алга болсон хүүхдүүдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлсэн байна. Хүүг олохын тулд түүний зургийг хотын самбар, сүүний хайрцган дээр хүртэл нааж байсан юм.
Харин 2012 онд Педро Эрнандес гэх эр хүүг хөнөөж, цогцсыг нь хогийн саванд хийсэн болохыг нь тогтоож, түүнийг шоронд хорьсон билээ. Тэрээр хэргээ хүлээсэн бөгөөд хүүг автобусанд суух гэж байхад нь авч яван гэртээ аваачиж, тамлаж хөнөөсөн гэдэг.
7
Лионы эгч дүүс
12 настай Шелиа (Shelia) болон 10 настай Катерин (Katherine) нар нь 1975 оны 3-р сарын 25-ны өдөр Вашингтон Ди.Си хотын нэгэн дэлгүүрт хоол идэж яваад алга болжээ. Тэдний ойролцоо байсан нэгэн гэрч охидыг үл таних эр аманд нь тууз нааж, хулгайлж явахыг харсан байна. Охидын тухай зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, эрэн сурвалжилсан боловч хаанаас ч олж чадаагүй юм. Тус хэргийн тухай үнэн худал нь үл мэдэгдэх маш олон зүйлс яригдаж байсан бөгөөд тухайн үедээ шуугиан тарьж, хүмүүсийг айлгаж байсан билээ. Харамсалтай нь хөөрхий охидыг өнөөг хүртэл олоогүй төдийгүй үхсэн амьдыг нь ч мэдэж чадаагүй аж.
8
Маржори Вест (Marjorie West)
Маржори Вест гэх 4 настай охин нь 1938 онд Пенсильвани мужид байрлах талбайд цэцэг түүж яваад алга болжээ. Түүнийг нэгэн залуу хүчээр авч явахыг гэрч харсан бөгөөд зогсоохыг хүссэн ч чадаагүй тул, цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар хэрэгтний хойноос хөөсөн боловч, юу ч олж чадалгүй, түүнийг алджээ. Охины гэр бүлийнхэн өөрсдөө хүртэл хайж, ул мөрийг нь илрүүлэх гэж олон жил хичээсэн боловч, ямар ч үр дүнд хүрч чадаагүй юм.
9
Трентон Дакетт (Trenton Duckett)
2006 онд 2 настай Трентон Дакетт гэх хүү гэрээсээ алга болжээ. Хүүгийн эцэг эх салсан байсан бөгөөд хэргээс болж уулзаж, хүүгээ хамт хайж байв. Харин Трентоны аавд нэгэн үл таних хүнээс мэйл ирж, хүүгээ авахыг хүсвэл их хэмжээний мөнгө өгөхийг шаардсан бөгөөд цагдаа нар тус мэйл хаягийг мөрдөж, судалсаар энэ нь хүүгийн ээж болох Мелиндагийнх болохыг мэджээ. Мелиндаг байцаахад тэрээр салсан нөхрөөсөө мөнгө авахын тулд энэ бүх хэргийг зохиож, хүүгээ нуусан ба тэрээр цагдаад байцаагдах явцдаа толгой руугаа буудаж, амиа хорлосон юм. Харин хүүгийн аав Трентонг хайх эрлээ зогсоолгүй үргэлжлүүлсэн боловч хаанаас ч олоогүй гэдэг.
10
Бьюмонтын хүүхдүүд
Австрали улсад жил бүрийн 1-р сарын 26-ныг Бьюмонтын өдөр болгон тэмдэглэдэг. Учир нь 1966 оны 1-р сарын 26-ны өдөр 9 настай Жейн, 7 настай Арна, 4 настай Грант нар "Glenelg"-ийн арлаас алга болжээ. Хүүхдүүд гэрээсээ гаран автобусанд сууж, далай руу явах замдаа хулгайлагдаж, хэзээ ч эргэж ирээгүй юм. Тэдний алга болсон хэрэг Австрали улсыг донсолгож, хүн бүрийн санааг чилээж байв. Тус явдлаас хойш, хүн хулгайлах гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэх болж, зарим хуульд шинэчлэл оруулсан төдийгүй маш олон хүүхэд хамгаалах байгууллагууд нээгдсэн юм.
11
Эдвард (Edward) болон Остин Брайнт (Austin Bryant)
Эдвард болон Остин нь өргөж авсан аав ээжтэйгээ хамт амьдардаг, төрсөн ах дүүс юм. 2011 онд тэдгээр хүүхдүүдийг алга болсон гэдгийг хуулийн байгууллагаас мэдсэн байна. Хамгийн хачирхалтай нь Эдвард 2001 онд алга болсон бол, Остин 2003-2005 оны хооронд алга болжээ. Тэдний өргөж авсан эцэг эх нь засгийн газраас хүүхдүүд халамжилсны мөнгөө үргэлжлүүлэн авахын тулд, Эдвард болон Остиныг алга болсон тухай цагдаад мэдэгдээгүй аж. Харин тэд энэхүү хэргээс болж, тус бүртээ 42 жилийг шоронд өнгөрүүлэх ял шийтгэл авсан байдаг. Цагдаагийн газраас алга болсон хүүхдүүдийг хайсан боловч, хаана байгааг нь олж чадаагүй билээ.
12
Тиммоти Жеймс Питзен (Timmothy James Pitzen)
2011 оны 5 сард Жим Питзен гэх залуу, 6 настай хүү Тиммотигоо алдсан бөгөөд хамгийн сүүлд хүүгээ сургууль дээр нь харсан аж. Харин хүүгээ алга болсноос хойш хэд хоногийн дараа эхнэр нь сэтгэл санаагаа тайвшруулах үүднээс амралтанд явсан боловч маргааш нь цагдаа нар буудлын өрөөнөөс бүсгүйн цогцсыг олжээ. Хүүгийн ээж амиа хорлосон бөгөөд нөхөртөө хандаж "чи хүүг минь хэзээ ч олж чадахгүй" гэж бичсэн байв. Бүсгүй сэтгэл санааны дарамтанд амьдардаг байсан төдийгүй нөхөртэйгээ байнга муудалцаж, хэрэлдэх нь тус шийдвэрийг гаргахад хүргэсэн юм. Тиммотигийн аав хүүгээ амьд болохыг мэдэж, хичнээн их хайсан боловч, сүүлдээ залхаж, бууж өгөхөөр шийдсэн байдаг.
13
Мэгуми Ёкота (Megumi Yokota)
13 настай Мегуми охин Японы Нигата дахь гэрээсээ хулгайлагдсан юм. 1970-1980 оны хооронд Хойд Солонгос улс 17 гаруй Япон хүнийг хулгайлсны нэг нь Мегуми бөгөөд тэд охиныг тагнуулч болгон сургаж байсан гэдэг. Харин 2002 онд Хойд Солонгосын засгийн газраас охиныг хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрч, 1993 онд Мегуми өөрийн амиа егүүтгэсэн хэмээн мэдэгджээ. Тэд охины чандарыг гэр бүлийнхэнд нь илгээсэн бөгөөд Мегумигийн гэр бүлийнхэн үүнийг нь ДНК-аар шинжлүүлж үзэхэд охиныхтой таараагүй юм. Харин удалгүй ахин нэг мэдээлэл тарж, Мегуми амиа хорлохоос өмнө, Өмнөд Солонгос залуутай гэрлэж, нэг охинтой болсон гэв. Харин охин нь Монгол улсад амьдардаг болох нь тогтоогдсон тул Мегумигийн аав ээж, 2014 онд Монгол улсыг зорьж, зээ охинтойгоо уулзсан билээ.
Охины аав ээж хэдийгээр зээ охинтойгоо уулзсан боловч, өөрсдийн охин болох Мегумиг одоо хүртэл амьд гэж итгэдэг байна.
14
Жонни Гош (Johnny Gosch)
1982 оны 9-р сарын 5-нд Жонни Гош гэх 12 настай хүү алга болжээ. Цагдаа нар хайж, эрэл хийсэн боловч хүүг олж чадаагүй юм. Харин тус хэргээс 20 гаруй жилийн дараа хүүгийн ээж болох Норений хаалганы гадна тус зургийг үлдээсэн байв. Норен зургийг хараад өөрийн алга болсон хүү Жонни гэдгийг таньж, яаралтай цагдаад мэдэгджээ. Цагдаа нар хэн энэ зургийг явуулсан, Жонни яагаад хүлээтэй байгаа болохыг мэдэх гэж хичээсэн боловч чадаагүй юм. Хүүгийн ээж тус зургийг хараад сэтгэл зүрх нь шимшэрч, түүнийг хэрхэн амьдарч, ямар их зовлон туулсан бол хэмээн бодохоор амьсгал ч чадахгүй байгаа тухайгаа мэдэгдсэн билээ.
15
Соддерын хүүхдүүд
1945 оны зул сарын баярын үеэр Соддарын байшин шатаж, 9 хүүхдийнх нь 5 хүүхэд нь алга болжээ. Хүүхдүүдийг хичнээн хайгаад ч олж чадаагүй бөгөөд байшинд шатсан байлаа гэж бодоход цогцсыг ч олж чадаагүй гэдэг. Байшинд гал гарах болсон шалтгааныг алга болсон хүүхдүүдтэй холбон тайлбарладаг бөгөөд хүүхдүүдийн нэг нь хийсэн гэж үздэг байна. Учир нь гэрт санаатай гал тавьсан болох нь тогтоогдсон төдийгүй хүүхдүүдийн аав болох Жорж нь олон дайсантай, ааш зан муутай нэгэн байв. Түүнийг харааж, хүүхдүүдийг нь хөнөөнө гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй байсан гэдэг. Ямартай ч Жорж 30 жилийн турш хүүхдүүдээ хайж, хувийн мөрдөгч хөлсөлж байсан боловч, олж чадаагүй юм.