Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ сарын 13,14-нд бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-“Мод тарих үндэсний өдөр” сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих сарын аяныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Ерөнхийлөгчийн зарлигт “Бүх нийтээр мод тарих өдөртэй байна” гэж зарласан. Энэ ч утгаараа манай яамны зүгээс жил бүрийн V, X сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг бүх нийтээр мод тарих өдөр болгож хэвшүүлж чадсан.
Энэ жил тавдугаар сарын 13, 14-нд “Мод тарих өдөр”-ийг зохион байгуулахаар тов гарсан. Энэ өдрийг угтаж сарын турш хэд хэдэн чухал арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа. Тухайлбал “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатайгаар МҮЭСТО-нд болох юм. Бид тодорхой хугацаанд мод тарьж байгаа ч ургуулах, арчлах тал дээр хангалтгүй байгаа нь иргэдийн мод тарих мэдлэг, туршлага хомс байгаатай холбоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар, бусад мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд хэн хаана ямар мод тарьж болох вэ гэсэн чиглэлүүдэд ажил зохион байгуулна.
-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд яамны зүгээс ямар шалгуур тавьж байгаа вэ. Чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс болж тарьсан мод ургахгүй байх тохиолдол байдаг шүү дээ?
-Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн байгууллагын өндөр хяналт тавина. Сайн дураараа мод тарих сонирхолтой иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах нь чухал. Стандартын шаардлага хангасан гэдэгт үндэсний систем нь хэр хөгжилтэй байна вэ, гарал үүслийн хувьд мод үржүүлгийнх байна уу гэх зэрэг нарийн зүйлс хамаардаг. Өмнө нь уулнаас мод ухаад ч юмуу, их хэмжээгээр хууль бусаар импортын тарьц суулгац оруулж ирэх тохиолдол гардаг байсан юм билээ. Энэ нь эргээд тарьсан мод нь амьдрах чадваргүй, тухайн орчиндоо зохицохгүй байх хүндрэл дагуулдаг. Иргэд маань ногоон л байвал тарьц сайн ургана гэж боддог. Гэтэл нахиа нь дэлгэрээд задарчихсан, тайван байдлаасаа гарчихсан үед тарьцыг суулгах нь ургахгүй байх нэг шалтгаан болдог. Тиймээс худалдаалж байгаа тарьц суулгацанд хяналт тавина.
Бид жил ирэх бүрт л туршлагажиж, мод тарих ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал, Монгол орны газар зүйн байршил, ургамал ургалтын хугацаа баруун урдаасаа зүүн хойшоо чиглэж явагддаг. Ургамал ургалтын хугацаа эрт эхэлдэг говийн аймгуудад мод тарих ажил эхэлсэн байгаа бол хүйтэн аймгуудад бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил ургамал ургалт эрт эхэлж байгаа учир тарьц суулгацууд удахгүй нахиа нь задраад суулгах боломжгүй болчихно. Тэгэхээр тарьц суулгацаа зориулалтын байранд хадгалж байгаа.
-Тарьц суулгацын үзэсгэлэн дээр хэдэн төрлийн мод авах боломжтой вэ. Мөн ургалтын хугацааны хувьд иргэд өөрсдийнхөөрөө тарихад ямар мод нь илүү тохиромжтой байдаг вэ?
-Ургамлын мужлал, бүс бүсээрээ тухайлбал, говийн аймгуудад ямар ургамал илүү тохиромжтой ургах вэ гэдгийг анхаарна. Жишээлбэл, хайлаас, сухай гэхчилэн говийн ургамлууд маш сайн ургана. Энэ нь эргээд экологит үзүүлж байгаа нөлөөллүүд нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байдаг. Мөн суурьшил нэлээн төвлөрсөн бүсүүдэд хөрсний бүтэц, экологийн тэнцвэрт байдал тодорхой хэмжээгээр алдагдсан. Дээрээс нь өвлийн агаарын бохирдол нөлөөлдөг. Тиймээс тухайн орчны хөрс, уур амьсгалыг сайн харж байж тарих хэрэгтэй.
Иргэдэд мэдлэг олгох үүднээс нэг жишээ татахад ногоон байх ёстой гээд ногоон мод л тариад байдаг. Гэтэл өвлийн агаарын бохирдол ихтэй, утааны үед шилмүүст төрлийн навчаа гээдэггүй ургамал ногоон харагддаг. Ийм төрлийн ургамлыг тарих ёстой. Гэтэл нарс модыг тарьж байгаа нь буруу. Нарс нь өвлийн улиралд ногоороо байхгүй. Гэтэл хавар болж ургамал ургалтын хугацаа маань эхэлхээр ургах гэж буй навчны нүх сүвэн дээр нь хүнд металлын бохирдол таглачихсан байдаг. Тиймээс эхлээд агаар, хөрсөө тооцоод ургамлаа зөв сонгож тарих нь чухал.
Үзэсгэлэнд суурин газарт түгээмэл ургаж байгаа 20 гаруй зүйлийн бутлаг давамгай ургана. Гэхдээ сүүлийн 4,5 жилд мод үржүүлэг аж үйлдвэрийн мэргэжлийн эрхтэй байгууллагууд өөрийн нөөц бололцоогоор интрудукц хийнэ.
Интрудукц гэдэг нь харийн ургамал, элбэг дэлбэг ургамлуудыг тарималжуулах туршилт судалгааг нь хийгээд практикт нэвтрүүлж байгаа. Ховор зүйлийн ургамал болох тэсэмгийн зарим зүйлүүд агчны төрөл бидний сайн танил болоогүй ургамлууд тодорхой хэмжээгээр худалдаалагдана.
-Үзэсгэлэнгээс суулгац тарьцаа авах нь илүү баталгаатай юу?
-Улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа учраас баталгаатай. Энэ үеэр иргэдэд зөвлөгөө өгөх булан ажиллана. Аж ахуйн нэгж болон иргэн мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээлэл авч болно.
-Тодорхой зааж өгсөн газруудын талаарх мэдээлэл иргэдэд хэр хэрэгтэй вэ?
-Нийслэлийн хувьд нийтээрээ очоод мод тарья гэхээр төвлөрсөн байршил одоогоор байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 970 га-д хэрэгжинэ. Түүнийх нь 170 гаруй га газрынх нь зураг төсөл хийгдчихсэн байдаг. Хоёрдугаарт иргэд тодорхой мэдлэг мэдээлэлгүй учраас буруу тарих магадлал маш өндөр гарна. Үүнээс болж модны амьдрах хувьд нь нөлөөлдөг. Тиймээс цэцэрлэгт хүрээлэн гэсэн мэргэжлийн байгууллагын өндөр стандарт барьж ажилладаг горим нь алдагдах эрсдэл гарна. Тийм учраас иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм чинь гээд дуртай газраа тарьж болохгүй.
Тухайн байрлалынхаа зураг төслийг хийнэ. Энэ нь нийгэм ахуй, эдийн засаг, хөрс, агаарын чанарын байдлын судалгааг хийсний үндсэн дээр зураг төслийг хийдэг. Төв гудамжаар төлөвлөлтгүй улиас тарьсан байна. Эдгээр нь хөгшрөөд нөхөн тайралт хийгдэхгүй байснаас үүдэн ургамлын насны ялгаа гардаг. Тэгэхээр төлөвлөлтгүйгээр мод тарина гэдэг нь буруу. Сошиалаар иргэдэд энэ талын мэдлэг мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
ЭНЭ САРЫН 10,11-НД МОД ХЭРХЭН ТАРИХ ТАЛААР ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
-Мод тарих хүсэлтэй ч тарьц, суулгацаа сонгож чадахгүй байгаагаас эхлээд асуудалтай тулгарч байгаа иргэдэд мэдээллийг хэрхэн олгож байгаа вэ. Энэ тал дээр сургалт зохион байгуулж байгаа гэж та дээр дурьдсан?
-Манай яамны зүгээс мэргэжлийн хүмүүс мод тарих хүсэлтэй иргэдэд зориулж, хашаагаа хэрхэн төлөвлөх, тарьц суулгацаа хэрхэн сонгох, цаашид модоо яаж арчлах талаар сургалт зохион байгуулах ажлыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран нэлээд өргөн хүрээнд зохион байгуулж байна. Хамгийн эхний сургалтаа Чингэлтэй дүүргийн иргэдэд хийсэн. Иргэд маш идэвхитэй оролцож, мод тарих чиглэлийн мэдлэг, мэдээллийг нарийн цэгцтэй авлаа гэдгээ илэрхийлж байсан.
Дараагийн сургалтууд маань 10, 11-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09-12, 13.30-16.30 цагийн хооронд болох гэж байгаа учир энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийнхээ байгаль орчны мэргэжилтэнд хандах эсвэл Нийслэлийн байгаль орчны газарт хандсанаар суух боломжтой болох юм. Сонирхогч, мэргэжлийн бус хүмүүс гадуур энэ чиглэлийн сургалтыг их явуулдаг юм билээ. Гэхдээ 100% мэдээллийг зөв өгдөггүй нь ажиглагдсан. Тиймээс салбарын яамнаас энэ чиглэлээр мэргэжлийн мэргэшсэн хүмүүсээр энэ сургалтын зохион явуулж буйгаараа онлцог. Сургалтанд сууж зөв мэдээлэл авсан иргэд мэдээллээ цааш нь зөв дамжуулаасай гэсэн зорилт хүсэлтэй байгаа.
-Нийслэлд анхаарал сайн хандуулж байгаа юм байна гэж ойлголоо. Хөдөө орон нутагт Мод тарих өдрийг хэрхэн зохион байгуулж, анхаарч ажиллаж байна вэ?
Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ажлуудаа хэрхэн зохион байгуулж болох талаар албан даалгавар, мэргэжлийн чиглэл өгсөн. Ойн тухай хуулийн 31.1.2-т бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд мод тарих газрыг сум дүүрэг, баг хорооны Засаг дарга сонгож, цаашдын арчилгааг нь зохион байгуулахаар үүрэгжүүлсэн заалт бий. Энэ хүрээнд Засаг дарга нараа салбарын яамнаас арга зүйгээр дэмжиж ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймаг нийслэл сум дүүргийнхээ хэмжээнд байгуулах гэж байгаа бичил цэцэрлэгтээ модыг ямар схемээр тарьж болох вэ гээд загвар зураг төслөө боловсруулаад хүргүүлж байгаа юм. Нэгэнт бий болгосон ногоон байгууламжийг хэрхэн арчлах ёстой вэ мэргэжлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдэг дээр Засаг дарга нарт чиглэл өгсөн байгаа.