1
Нуруу, хүзүүний шохойжилт
Монголчуудын 69 хувь нь нуруу, хүзүүний шохойжилттой байдаг. Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол, хүний бүх биеийн жинг үүрэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг.
Шинж тэмдэг: Хүзүүний ясны шохойжилтын үед толгой эргэх, зүрх, чих өвдөх, бие сулрах, ядрах, сонсгол, хараа муудах, нүд харанхуйлах, чих шуугих, хүзүүгээр өвдөх, гар, хөлийн хуруу мэдээгүй юм шиг болж бадайрах, хүзүүгээр хөших, “шоргоолж” явж байгаа юм шиг эрвэгнэх, бөхийж хөдлөхөд хүзүүгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Шалтгаан: Хэт таргалах, удамшил, бодисын солилцоо алдагдах, буруу хооллолт, нуруу, хүзүүний бэртэнгэ, суугаа ажил эрхлэх, хүнд юм өргөх, стресс, хэт даарах, удаан хугацаагаар буруу байрлалд суудаг ажил эрхлэх, яс сийрэгжих, буруу дэр дэрлэх зэрэгтэй холбоотой.
2
Хүзүүний суулт эмчлэх дасгал
- Сандал дээр сууж, нуруугаа цэх байлгаарай. Дараа нь гүнзгий амьсгаа авч, гараа духан дээрээ тавьж, хүзүүний булчингаа сунгаж, зүүн тийш татаарай. Байрлалаа 5-7 секунд хадгалж, буцаад хэвийн байдалд шилжих бөгөөд 10 секунд амарсны дараа нөгөө талдаа хийгээрэй. Энэхүү дасгалыг 3-5 удаа хийхэд хангалттай.
- Хоёр гараа нийлүүлж, толгойныхоо ард байрлуулна. Харин толгойгоо арагш түлхэж, булчингаа сунгах хэрэгтэй. Дасгалын байрлалаа 5-7 секунд хадгалж, 10 секунд амарсны дараа ахин давтаж хийнэ. 3-5 удаа давтаж хийгээрэй.
- Зүүн мөрөн дээрээ дарж, хүзүүгээ баруун тийш эргүүлэх хэрэгтэй. Мөрөө дарсан чигээр 5-7 секунд байж, гүнзгий амьсгаа авна. Мөр тус бүр дээрээ 35 удаа хийнэ.
- Хүзүүгээ хажуу тийш нь гараараа дарж, амьсгаагаа түгжиж, 5-7 секунд байлгах хэрэгтэй. 10 секунд амрасны дараа дасгалаа ахин давтаж хийгээрэй.
3
- Хүзүүгээ аажуухан зүүн тийш нь эргүүлж, хүзүүний булчингаа сунгаарай. Өөрийн чадах хэрээр сайтар эргүүлж, 5-7 секунд байрлалаа хадгална. 10 секунд амарсны дараа дасгалаа 3-5 удаа давтаж хийгээрэй.
- Толгойгоо цээжиндээ нааж, доош болгоорой. Тус дасгалыг 10 удаа хийхэд хангалттай.
- Толгойгоо арагш гэдийлгэж, 5-7 секунд байрлалаа хадгалаарай. Дасгалаа 20 удаа давтаж хийнэ.
- Толгойгоо баруун, зүүн тийш ээлжлэн эргүүлж, 5 удаа давтаж хийгээрэй. Та бүх дасгалуудыг хийхдээ нуруугаа цэх байлгахаа мартуузай.