1
Юунаас болж сэтгэл гутралд ордог вэ?
Хүний биед фолийн хүчил дутагдсаны улмаас сэтгэл гутралын өвчтэй болдог байна. Сэтгэцийн эмгэг нь В9 буюу фолийн хүчлийн дутмагтай холбоотой байх бөгөөд "Альцгеймер", "Шизофрени" зэрэг өвчний гол шалтгаан болох нь бий. Иймд тус хүчлийг биедээ хуримтлуулж, нөхсөнөөр та сэтгэцийн өвчлөлүүдээс сэргийлж чадах юм. Мөн 2008 онд хийгдсэн нэгэн судалгаагаар, сэтгэл гутралын өвчтэй 3 хүн тутмын нэг нь фолийн хүчлийн дутмагийн улмаас өвчилсөн байжээ.
Мөн тус хүчлийн тусламжтайгаар арьс сэргэж, эрүүлжих бөгөөд үсний гэмтлийг эмчилж, намирсан болгодог. Үүнээс гадна дархлааны системийг сайжруулж, тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нь бий. Хамгийн гол нь стресс бухимдлыг үгүй хийдэг тул биеийг тайван байлгаж, эрүүлжүүлнэ.
2
Фолийн хүчил
Фолийн хүчил нь усанд уусдаг витамин бөгөөд биеийн үндсэн үйл явцад оролцдог байна. Фолийн хүчил буюу B9 амин дэм нь хүний биеийн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй. Энэ нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна жирэмсэн эхийн хэвлийд бүрэлдэж байгаа ургийг төрөлхийн нуруу нугас, тархины эмгэгтэй төрөхөөс урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэй. Мөн архаг цус багадалтанд сайнаар нөлөөлдөг байна.
3
Фолийн хүчил дутагдсанаар ямар аюултай вэ?
Хүний биед фолийн хүчил дутагдсанаар, эсийн хөгжил зогсож, бодисын солилцоо удаашрахаас гадна зүрх, тархинд сөрөг нөлөөг үзүүлж, зовоох нь бий. 2008 онд хийгдсэн судалгаанаас харахад, фолийн хүчлийн бэлдмэлийг хэрэглэснээр зүрх судасны өвчнөөр нас баралтыг бууруулж болно хэмээн дүгнэсэн байдаг. Мөн 2012 онд хийгдсэн өөр нэгэн судалгаагаар фолийн хүчил нь цус харвах эрсдлийг бууруулдаг хэмээжээ.
Фолийн хүчлийн дутагдал нь элэг, уушги, зүрх, ходоод гэдэс гэхчлэн төрөл бүрийн хорт хавдрыг үүсгэх аюултай.
Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бүсгүйчүүд, хэдэн сарын турш фолийн хүчлийг хэрэглэж, биедээ хуримтлуулах хэрэгтэй. Учир нь фолийн хүчил дутагдсаны улмаас хүүхэд тээх боломж буурах нь бий. Үүнээс гадна тус хүчлийн дутагдлын үед жирэмсэн бүсгүйчүүд цус багадах, дутуу төрөх, үр зулбах зэрэг аюултай тулгарах өндөр эрсдэлтэй юм.
4
Тун, хэмжээ
Эмэгтэй хүн бүр өдөрт 800 микрограмм фолийн хүчлийг авч байх хэрэгтэй бөгөөд ойролцоогоор 4 долоо хоногийн турш биедээ хуримтлуулахад тогтвортой хэмжээнд очдог байна.
Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь тийм ч сайхан санаа биш юм. Та доор дурдах бүтээгдэхүүнүүдийг харж, хэрхэн тохируулж идэхээ шийдээрэй.
5
Ямар бүтээгдэхүүнд фолийн хүчил агуулагдах вэ?
Та фолийн хүчлийг төрөл бүрийн ногоо, жимснээс авч болно. Ихэвчлэн ногоон өнгийн ногоо, бууцай, байцаа зэрэгт фолийн хүчил ихээр агуулагддаг.
100 гр бууцайнд 194 микрограмм фолийн хүчил агуулагдах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 48.5 хувийг бүрдүүлнэ.
100 гр газрын самарт 240 микрограмм фолийн хүчил агуулагдах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 60 хувийг бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь калори ихтэй тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжгүй.
100 гр үхрийн элэгт 290 микрограмм фолийн хүчил агуулагдах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 72.5 хувийг бүрдүүлнэ.
Фолийн хүчлээр баялаг хүнсэнд байцаа, гадил, шош, туна, наранцэцгийн үр, ногоон өнгийн ногоонууд багтдаг.
6
Фолийн хүчлийг хэтрүүлэн хэрэглэх
Витамин В9 буюу фолийн хүчлийг хэтрүүлэн хэрэглэснээр биед сөрөг шинж тэмдгүүд илрэх магадлалтай.
Өдөрт 1000 микрограммаас дээш хэмжээ фолийн хүчлийг авч болохгүй бөгөөд энэ нь сэтгэц мэдрэлийн эмгэг үүсгэх эрсдлийг дагуулж байдаг. Мөн эмчийн зааваргүйгээр фолийн хүчлийн бэлдмэлийг ууж байгаа жирэмсэн бүсгүйчүүд, тунг нь хэтрүүлэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулахгүй бол урагт нөлөөлж, хүүхэд төрөл бүрийн харшилтай болох өндөр эрсдэлтэй юм.
Хэрэв та фолийн хүчлийн бэлдмэлийг хэрэглэхээр шийдсэн бол заавал эмчээс заавар зөвлөгөө авах хэрэгтэйг мартуузай.