Алдар нэрийн оргилд гарахын тулд ээдрээт амьдралыг даван туулсан одууд

Өдгөө алдар нэр нь дэлхий нийтээр цуурайтаж, амжилтын оргилд гарч чадсан хүмүүс олон билээ. Гэхдээ тэдэн дунд амьдралын хатуу бэрхийг туулсан ч, тэвчээр зориг заан өнөөгийн өндөрлөгт хүрсэн алдартнууд цөөн байдаг аж. Харин хүсэл мөрөөдлөө биелүүлж, олонд танигдсан тэдний аз жаргалтай царайны цаана чухам юу нуугдаж байдгийг та мэдэх үү? Хүн бүхний өмнө аз жаргалтай харагдах хэдий ч, хэнд ч хэлэлгүй дотроо хадгалж, шаналж явдаг асуудалтай алдартнууд чухам хэн бэ? Ингээд ээдрээт амьдралыг даван туулж, нэрд гарч чадсан эдгээр одуудтай хамтдаа танилцацгаая. 

Алдар нэрийн оргилд гарахын тулд ээдрээт амьдралыг даван туулсан одууд

1 Адель (Adele)

Хүчирхэг хоолойгоор хүн бүхний хүндэтгэлийг хүлээж чадсан дуучин Адель нь 2011 оноос шилдэг уран бүтээлүүд гаргаж, сонсогч бидний сонорыг мялааж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн хугацаанд тэрээр бидний бодож байсан шиг жаргалтай байгаагүй юм. Нэг л өдөр тэрээр од болчихоогүй бөгөөд олны танил болохын тулд хүнд бэрх замыг туулж ирсэн байна. Адель тайзны айдастай байсан төдийгүй олон хүний өмнө гарч дуулахдаа сандран, хоолой нь гарахаа больж, гацчихдаг байжээ. Үүнээс гадна тэрээр нэр алдарт гарсныхаа дараахнаас эхлэн, сэтгэл гутралын өвчтэй болж, гурван жилийн турш урлагийн тайзнаас хол байсан юм. Гэхдээ дуучин бүсгүй маань бүх асуудлаа цэгцлэн, цоо шинэ нэгэн болж урлагтаа эргэн ирснээр зогсохгүй, тэсрэлт хийсэн гайхалтай уран бүтээлүүдийг туурвисаар байна.

Адель (Adele)

2 Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

Олон гайхалтай дүрээр бидний сэтгэл зүрхэнд хоногшсон нэрт жүжигчин бүсгүй нь олон удаа урлагийн тайзаа орхих тухай бодож байжээ. Учир нь алдар нэрд гарсан түүний амьдрал тийм ч аз жаргалтай, сайхан байсангүй. Чин үнэнч хайр сэтгэлийг хүсэх боловч түүнийг байгаагаар нь хайрлах хүн өнөө хэр нь олдоогүй байгаа нь бүсгүйн хувьд томоохон зовлон болдог аж. Түүнтэй болзохыг хүсдэг залуус олон байдаг боловч чин үнэнчээр хайрлаж, амьдралын хэв маягийг нь тэвчин, хажууд нь үлдэх хүн байдаггүй гэнэ. Бүсгүй энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо дурдаж: "Би амралтын өдрүүдээр маш их ганцаарддаг. Намайг байгаагаар минь ойлгож, хайрлах хүн гэр бүлийнхнээс маань өөр ганц ч байдаггүй. Би ч гэсэн хүнд хайрлуулахыг хүсдэг ч, тэд миний амьдралын хэв маягаас болоод зугтаад явчихдаг. Алдар нэрд гарна гэдэг харахад сайхан ч гэлээ, хөшигний цаана олон асуудал байдаг. Би жүжигчин болох гэж маш олон зүйлсийг гаргуунд гаргасны нэгд хайр дурлал ч багтдаг." хэмээж байжээ. Та түүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)

3 Жонни Депп (Johnny Depp)

Нэгэн үе охидын зүрх сэтгэлийг эзэмдэж, өдрийн бодол, шөнийн зүүд нь болоод байсан алдарт жүжигчин Жонни Деппийг танихгүй хүн гэж үгүй биз ээ. Түүний хайр дурлалын амьдрал ээдрээ бартаа ихтэй. Цөөнгүй бүсгүйчүүдтэй уулзаж, учирч явсан Жонни Деппт олны хэл аманд өртөж, карьераа унагаж явсан үе ч бий. Тэр 1999 онд Ванесса Парадис (Vanessa Paradis)-тай хуримаа хийж, хөөрхөн охинтой болсон ч, тэдний хамтын амьдрал 2012 онд дуусч, Жонни өөрөөсөө 23 насаар дүү жүжигчин Эмбер Херд (Amber Heard)-тэй болзох болсноор удалгүй 2015 онд гэрлэлтээ батлуулсан юм. Харин өнгөрсөн жил хосууд муудалцсан ба Жонни нялх амрагтаа гар хүрч, тэд салахад хүрсэн юм. Мэдээж энэ нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, эмэгтэй хүнд гар хүрсэн хөгийн амьтан гэхчлэн хараах хүмүүс бишгүй олон гарч ирсэн билээ. Үүнээс харахад олон бүсгүйчүүдтэй болзож, уулзаж явсан тэрээр тогтвортой харилцаа үүсгэх тал дээр асуудалтай ажээ. Харин тэр од биш энгийн нэгэн залуу байсан бол чин зүрхний амрагтайгаа урт удаан хамт байж, аз жаргалтай амьдарч чадах байсан ч байж мэдэх юм. 

Жонни Депп (Johnny Depp)

4 Опра Уинфри (Oprah Winfrey)

Өнөө цагийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хэмээгддэг Опра нь дэлхий дахинаа өөрийн “Опрагийн шоу”-гаар танигдсан юм. Түүний өнгөрсөн болоод одоогийн амьдралынхаа тухай үзэгчдэд ний нуугүй хуваалцаж, нэвтрүүлгийнхээ оролцогчтойгоо ч гайхалтай ойлголцон, тэдэнд ямар ч дарамтгүй, чөлөөт орчинг бүрдүүлж өгдгийг нь бишрэхгүй байхын аргагүй. Энэ олон жил өөрийн шоугаа олон нийтэд хүргэсэн түүнд хайртай хүн маш олон бий. Харин Опра Уинфригийн өнгөрсөн амьдрал нь тун хүнд, хэцүү байсан юм. Түүнийг 9 настай байхад 19 настай үеэл ах нь хүчирхийлж, хэзээ ч арилшгүй хар толбыг сэтгэлийнх нь гүнд сийлж орхисон байна. Тэрээр ядуу зүдүү амьдралыг биеэрээ туулж өссөний зэрэгцээ насанд хүрсэн хойноо эр нөхөртөө хаягдаж, ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэхийн хажуугаар телевизэд хүчин зүтгэхийг хүсэвч царай төрхнөөсөө болоод гологддог байжээ. Харин одоо ийм хүнд хүчир амьдралаас өөрийн хүчээр босон ирж, од болон гялалзталаа зүтгэж чадсан түүний энэхүү агуу чин зориг, сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүй билээ. 

Опра Уинфри (Oprah Winfrey)

5 Жорж Клуни (George Clooney)

Хүн бүрийн сайн танил болсон энэ жүжигчинд атаархах залуус олон байдаг. Түүний эд хөрөнгө, залуухан амрагууд гээд л атаархах зүйл мундахгүй их. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр ийм оргилд гарах гэж маш олон зүйлсээ золиосолж, хувийн амьдрал гээчийг орхихоос өөр аргагүйд хүрсэн ажээ. Нэрт жүжигчин маань энэ тухай ярихдаа: "Би бага байхаасаа л од болохыг мөрөөдөж ирсэн. Харин миний мөрөөдлийн амьдрал намайг тийм ч сайхан угтаж аваагүй юм. Би их олон юм үзэж байж өөрийн гэх орон зайг урлагийн ертөнцөд бий болгосон. Хүмүүст доромжлуулж, тэдний зарц боол мэт зүтгэж, нэг хэсэг орон гэргүй явж ч үзсэн. Харин эцэст нь мөрөөдлөө биелүүлээд сайн сайхан амьдарна гэж бодтол тэгсэнгүй. Хаа явсан газарт минь папарациуд дагаж, хэнтэй уулзаж, юу хийхийг минь олонд дэлгээд л... Надад ямар ч хувийн орон зай гэж байдаггүй. Жишээ нь гэхэд би Төв цэцэрлэгт хүрээлэн оролгүй 15 жил болж байна" хэмээж байжээ. 

Жорж Клуни (George Clooney)

6 Кристен Стюарт (Kristen Stewart)

2008 онд гарсан "Twilight" киноны гол дүрээр дэлхий нийтэд танигдсан тэрээр жүжигчин болохыг тэгтлээ хүсч байгаагүй гэдэг. Учир нь жүжигчин бүсгүй маань олны анхаарлын төвд байх дургүй бөгөөд кино найруулагч болохыг хүсдэг байжээ. Гэвч амьдралын эрхээр жүжигчин гэгдэх болсон тэрбээр олны хэл амны бай болж, элдэв бусаар дуудуулах болсон юм. Учир нь Кристин нь хоёр хүйсээ сонирхогч төдийгүй эрэгтэй, эмэгтэй олон хүмүүстэй нэр холбогдож, үзэгчдийн хараал зүхлийг барж байв. Энэ бүхэн нь түүнд маш хүндээр тусч, дахиж урлагийн амьдралаар амьдрахыг хүсэхгүй байгаагаа ч хэлж байсан удаатай. Мэдээж хүний хайр сэтгэлийг хорьж цагдана гэдэг утгагүй хэрэг. Ийм байхад одод үнэхээр аз жаргалтай байдаг эсэх нь эргэлзээтэй байгаа биз? Хэрэв та түүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал ЭНД дараарай. 

Кристен Стюарт (Kristen Stewart)

7 Кайли Женнер (Kylie Jenner)

Алдарт Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер нь сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, нэрд гарах болсон билээ. Гэхдээ түүнийг ийм алдартай болгосон зүйл нь гоо сайхны мэс засал, ил задгай байдал гэхэд буруудахгүй. Хэдхэн жилийн дотор төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, том өгзөг, хөхтэй болсон тэрээр алдартай болох гэсэндээ энэхүү үйлдлийг хийсэн юм. Нүүрэндээ мэс хүргэнэ гэдэг тухайн хүнээс маш их зориг шаардах бөгөөд Кайли олны танил болох гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд тэрхүү айдсаа шүд зуун тэвчиж, давж гарч чадсан билээ.

Кайли Женнер (Kylie Jenner)

8 Роберт Паттинсон (Robert Pattinson)

Алдарт гарах хэцүү, од болсны дараа карьераа босгох бас л хэцүү. Дээрээс нь одоо л нэг олны хүндэтгэлийг хүлээлээ гэтэл бодлогогүй хийсэн үйлдлээсээ болж хүн бүрийн хараалыг барах хамгийн хэцүү. Харин жүжигчин Роберт Паттинсонд яг л үүнтэй ижил зүйл тохиолдсон юм. Тэрээр жүжигчин болох гэж олон цаг дасгал сургуулилт хийн, гэр бүлийнхнээсээ хөндийрч, ганцаараа зүтгэсээр энэхүү амжилтанд хүрч чадсан билээ. Харин "Twilight" кинонд тоглосныхоо дараа хүмүүст танигдаж эхэлсэн Робертыг хаа ч явсан папарациуд дагаж, үйлдэл бүрийг нь олонд зарлах болсон нь түүнийг галзууруулах шахаж эхэлсэн юм. Энэ байдлаасаа гарч чадалгүй явсаар тэрээр 2010-2012 оны хооронд сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас гэрээсээ гарахаа больж, яг л үхсэн хүн шиг болжээ. Харин сүүлийн үед тэрээр энэ бүхэнтэй эвлэрэхийг хичээх болсон бөгөөд уран бүтээлдээ эргэн орсон юм. 

Роберт Паттинсон (Robert Pattinson)

9 Шарлиз Терон (Charlize Theron)

Холливуудын өнгө төрх, гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон жүжигчин бүсгүй харагдаж байгаа шигээ сайхан амьдралыг туулж ирсэн нэгэн биш ажээ. Түүнийг 15 настай байхад ээж нь, аавыг нь буудан хөнөөсөн юм. Энэ явдал бүр түүний нүдэн дээр болсон аж. Жүжигчин бүсгүйн аав нь угтаа бол бусдын адил амьдралаа босгох гэж хичээсэн эгэл жирийн нэгэн байсан ч, архинд донтсоноосоо болоод ээжийг нь дарамталдаг болжээ. Харин нэг өдөр аав нь согтуу ирээд, ээж охин хоёрыг ална хэмээн, буу гаргаж, охиныхоо өрөө рүү буудсан байна. Ээж нь айн балмагдаж, охиноо аврах гэсэндээ нөхрөөсөө бууг нь булааж, түүнийг буудан хөнөөсөн юм. Энэ бүхнийг Шарлиз өөрийн нүдээр харсан бөгөөд хичнээн хичээсэн ч энэхүү аймшигт явдлыг мартаж чаддаггүй байна.

Шарлиз Терон (Charlize Theron)

10 Селена Гомез (Selena Gomez)

Бяцхан охин байхаасаа л урлагт хүч үзэж, олны танил болсон Селена Гомез шүтэн бишрэгчдийнхээ нүдэн дээр өсч торнисоор бие даасан хүчирхэг эмэгтэй болон хувирсан билээ. Харин хар багаасаа од болон гялалзсан түүний хувьд аз жаргалтай хүүхэд нас гэж байгаагүй аж. Үргэлж шоу, кино, телевизийн нэвтрүүлэгт оролцож, амьсгаа авах завгүй ярилцлага өгсөөр бага байхдаа л том хүн шиг сэтгэх болсон түүний хувьд энэ бүхэн тийм ч таатай байгаагүй нь ойлгомжтой. Бусад хүүхдүүд аав ээждээ эрхэлж, хүсэхгүй бол хийхгүй, өвдсөн бол гэртээ амардаг байсан бол Селена бүхнийг тэвчин, найруулагчийн хэлсэн үг бүрийг биелүүлж, гунигтай байсан ч инээмсэглэж, ядарч байсан ч эрч хүчтэй царайлсаар өнөөдрийг хүрсэн билээ. 

Селена Гомез (Selena Gomez)

11 Барбра Стрейзанд (Barbra Streisand)

Олон жилийн турш урлагт үнэнчээр хүчин зүтгэсэн дуучин Барбра нь  тайзны айдастай байсан бөгөөд үүнийгээ ялан дийлэх гэж багагүй хугацааг зарцуулж, өөрийгөө хурцлахыг хичээжээ. Мэдээж энэ бүхэн тийм ч амар байгаагүй боловч тэрээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө дайчилж, хамаг хүчээ шавхсан юм. Ямартай ч хичээл зүтгэлийнхээ үр дүнд од болон гялалзаж чадсан ч, харамсалтай нь түүнд сэтгэл гутралын шинж тэмдэг илрэх болж, үргэлж уур бухимдал, бачуурал дунд өдөр хоногийг өнгөрөөх болсон байна. Гэхдээ тэрбээр үүнийгээ эмчилэхээр байн байн эмнэлэг бараадсаны эцэст бага багаар хэвийн байдалдаа шилжиж байгаа ажээ. 

Барбра Стрейзанд (Barbra Streisand)

12 Заян Малик (Zayn Malik)

"One Direction" хамтлагийн экс гишүүн Заян нь охидын сэтгэлийн утсыг хөндөж, уянгалаг хоолой, царайлаг төрхөөрөө гайхагдсаар ирсэн билээ. Тэр дуучин болох гэсэн мөрөөдлөө тээн, олон жил хичээсний эцэст шоу нэвтрүүлэгч оролцож, "One Direction" хамтлагт харъяалагдах болсон юм. Гэтэл тэрээр гэнэт л хамтлагаасаа гарч, ганцаараа уран бүтээл туурвих болсон нь олон хүний бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулсан билээ. Үнэн хэрэгтээ энэ шийдвэр нь Заяны хувьд маш хэцүү байсан гэдэг. Тэрээр ганцаараа тайзан дээр гарахаас айдаг өвчтэй аж. Үүнийгээ даван туулах гэж маш их хичээсний дүнд тэр амжилтын оргил өөд мацаж яваа боловч түүнийг зовоох бас нэгэн асуудал нь хайр сэтгэл юм. Тэрбээр "Little Mix" хамтлагийн дуучин бүсгүйтэй болзож байсан ч, түүнээсээ салж, загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid)-тай нийлсэн нь олон хүнийг уурыг хүргээд байгаа бөгөөд энэ их хэл ам түүний хувьд зовлон болдог нь гарцаагүй. 

Заян Малик (Zayn Malik)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()