1
Зорилго нэгтэй хүнийг эгнээндээ нэгтгэх
Зорилго нэгтэй хүнтэй хамтарч гадаад хэлийг сурах нь илүү үр дүнд хүргэдэг. Бие биенийгээ урам зоригоор тэтгэж, алдахад нь засч, оноход нь сайшаах нь тэднийг амжилтанд хүргэнэ. Иймд та ч бас адил зорилготой найз нөхөдтэйгээ хамтарч гадаад хэлийг сураарай. Мөн итгэл зүтгэл муутай хүмүүстэй хамтрах нь таныг улам бүр доош татаж, унагах магадлалтай тул хэнтэй хамтрах гэдгээ сайтар бодолцох хэрэгтэй.
2
Гадаад хэлээр ярих
Сурч байгаа хэлээрээ цаг тутам ярьж, бодож байх нь гадаад хэлийг богино хугацаанд төгс эзэмших гол нууц нь юм. Ингэхдээ ойр дотны хүмүүс, гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилцаж, нэг нэгнийхээ алдааг засч ярилцаж байгаарай. Бид ихэвчлэн хэлэх гэсэн үгээ бүгдийг нь бодож, дүрмээ эвлүүлэх гэж хичээдэг. Харин энэ нь маш буруу үйлдэл бөгөөд юу ч бодох хэрэггүй зүгээр л ярихад хангалттай. Бүр юу ч хамаагүй ярь, яриад л бай. Ингэж байж л тухайн хэлээр төгс ярьдаг болно. Хэрэв дотроо бодоод, төсөөлөөд л байвал та хэзээ ч гадаад хэлээр ярьж сурахгүй гэдгийг хатуухан зөвлөх байна.
3
Үг цээжлэх
Хамгийн түрүүнд та энгийн хэрэглээний 1,000 үгийг цээжлэх хэрэгтэй. Ингэснээр та ярианы үг хэллэгийн 90 хувийг мэдээд авчихсан гэсэн үг юм. Харин үгээ хэрхэн цээжлэх вэ? гэдэг том асуудал урган гарч ирнэ. Юмсыг цээжлэх маш олон арга байдаг. Та үүнээс алийг нь ч сонгоод цээжлэх боломжтой боловч танд хамгийн хялбар аргыг нь танилцуулъя. Ингэхдээ та цээжилж байгаа үгсийнхээ эхний үсгийг нь ашиглана. Та үгсийнхээ эхний үсгүүдийг нийлүүлэн үг бүтээж, тэрийгээ цээжлэхэд л хангалттай. Жишээлбэл та англиар өнгөний нэрсийг цээжилж байна гэж бодъё тэгвэл “Roy G Biv” гэх нэрийг цээжлэхэд л “Red, Orange, Yellow, Green, Blue, Indigo, Violet” бүхэл бүтэн 7 өнгийг мэдээд авчихна гэсэн үг. Энэ мэтчилэн үг цээжлэх олон шалгарсан хялбар аргууд байдаг билээ.
4
Гадаад хэлтнүүдийн уулзалтанд оч
Хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүсийн зохион байгуулах уулзалт, ярилцлагад цаг алдалгүй очиж, бусадтай суралцах арга барил, мэдлэг туршлагаасаа хуваалцаж, олон зүйлсийг мэдэж аваарай. Ингэснээр та тэднээс олон зүйлийг суралцаж, ганц арга барилаар хэл сурах гэж хичээх биш олон аргыг мэдэж, турших боломж нээгдэх юм. Ямар ч хэлийг сурахдаа маш олон аргыг туршиж үзэх хэрэгтэй. Эдгээрийг ээлжлэн туршиж, өөрт хамгийн тохирох 2-3 аргыг сонгон хэрэглэж үзээрэй.
5
Гадаад хүнтэй ярилцах
Өнөөдөр бидний амьдралын салшгүй хэсэг болсон интернэт, цахим сүлжээг ашиглан гадаад хүмүүстэй холбогдож өөрийн ярианы чадвараа дээшлүүлэх боломжтой. Энэ нь маш хялбар бөгөөд үр дүнтэй арга төдийгүй түргэн хугацаанд гадаад хэл сургах тустай юм. Та ч бас гадаад найзуудтай болж дүрсээ харж ярилцаж, хэлний түвшингээ сайжруулаарай. Үүнээс гадна гадаад хэлний онлайн сургалтанд ч хамрагдаж болох юм.
6
Бүтээлч сэтгэлгээ
Хэл сурахад хамгийн гол нь бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй. Ямар аргаар хэрхэн сурвал илүү үр дүнтэй байхыг бодолцож үзээрэй. Жишээлбэл гэрийнхээ эдлэл хэрэгсэл дээр гадаад хэл дээрх нэршлийг бичиж наах, найз нөхөдтэйгээ гадаад хэл дээр тэмцээн зохиох гэхчлэн сайтар бодож хөгжилтэй, хялбар аргаар хэрхэн хэл сурч болохыг судалж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд танд хамгийн их хэрэг болох зүйл бол интернэт юм шүү.
7
Гадаад хэл дээр кино үз
Энэ нь хялбар төдийгүй шалгарсан арга билээ. Та сурч байгаа хэл дээрээ кино үзэж, сонсголоо сайжруулах боломжтой. Хэрэв та дөнгөж хэл сурч байгаа бол эхлээд тухайн хэл дээрх ярилцлага, дуу, кино зэргийг тогтмол сонсож байхыг зөвлөе. Өдгөө хэл сурч байгаа хүмүүсийн ихэнхи нь номтой зууралдаж, дүрмийг голчилж үздэг нь буруу баримтлал юм. Кино үзэж цагийг зугаатай өнгөрүүлэхийн хажуугаар хэлээ сурна гэдэг гайхалтай биздээ?