1
Биеэ даа
Эцэг эхийн хайранд өсч торниод эрийн гэрт очих энхрий жаахан охиндоо ээжүүд хэрэгтэй зөвлөгөөг өгч, үргэлж санаа тавьдаг. Бага жаахан байхаас нь л ажилд сургаж, айл авч явах хүн хэмээн хатуурхах нь ч бий. Хамгийн гол нь биеэ дааж, хариуцлага үүрэх чадвар суулгаж өгөхийг зорьж, хаана ч хэзээ ч өөрийгөө аваад гарчихдаг, халамжилж чаддаг байгаарай хэмээн зөвлөдөг юм.
2
Өөртөө итгэлтэй бай
Ээж бүрийн хувьд охин үр нь хамгийн энхрий, хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Тиймдээ ч амьдралынхаа нар болсон охиноо өөртөө итгэлтэй, бусдаас дутах зүйлгүй, манлайлагч байлгахыг хүсч, үргэлж бусдаас дор оролгүй хүчтэй явахыг захидаг байна.
3
Ээж шигээ амьдрах хэрэггүй
Тэд өөрсдийн амьдралаа үрдээ зориулж, өмсөх зүүхээ хасч, идэх унтахаа умартан ажиллаж, бяцхан охиныхоо төлөө зүтгэдэг дэндүү гайхалтай хүмүүс билээ. Харин өөрийгөө гаргуунд гаргасан ээжүүд охиныгоо ч мөн өөр шигээ бусдын төлөө амьдраасай гэж хүсдэггүй юм.
4
Өөрийгөө л хайрла
Ээж нар охиноо хамгийн аз жаргалтай, бусдын хайранд умбаж амьдраасай гэж хүсдэг. Амьдралд нухлагдаж, гэрийн ажил, нөхөр хүүхдээ асрах ажилд дарагдаж ядарсан охиноо хараад ээжүүд өөрийн эрхгүй нулимс дуслуулж, ялдам төрхөндөө даамгүй их шаналал үүрч яваад нь гомддог аж. Тиймдээ ч охиноо өөртөө цаг зав гаргаж, бусдын төлөө бүхнээ зориулах биш өөрийгөө ч мөн хайрлаж яваасай хэмээн хүсдэг байна шүү.
5
Чи ээждээ өргүй
Хүн бүхэн эхийнхээ хайранд умбаж өссөн тул өртэй мэт санагдаж, дотроо гэмшиж явдаг. Харин ээжүүд үнэн хэрэгтээ өөрт нь өртэй гэж бодон, дотроо шаналж явахад дургүй бөгөөд хариу саналгүй хайраараа өсгөсөн тул өрийн төлөөс болгож элдэв зүйлс авах талаар огт боддоггүй юм. Тэдний хувьд үрс нь сайн сайхан явах л хамгийн том бэлэг болдог аж.
6
Ээждээ л хүрээд ир
Хадмын хаяаг түшиж, ханийн энгэрт эрхлэх охид хэцүү бэрх зүйлс тохиолдоход ээжийнхээ санааг зовоочихвий гэсэндээ дотроо хадгалж, бусдаас нуугдаж уйлж явдаг. Харин ээжүүд зовлонд автсан бяцхан охиндоо захиж хэлэх ганц үг нь "ээждээ л хүрээд ир". Хэцүү бэрх зүйлс тохиолдсон ч ээждээ ирж сэтгэлээ онгойлгоосой хэмээн эх хүн бүр хэлэхгүй ч дотроо хүсч явдаг билээ.
7
Эр хүнээс хараат бус байх
Эр хүнээс хэт хамааралтай байх нь эмэгтэй хүнийг үнэ цэнэгүй болгодог. Үүний оронд боловсрол, мэдлэг, өөрийн гэсэн байр суурьтай бүсгүй амьдралд хөлөө алдахгүй байх давуу талтай төдийгүй хаана ч хэзээ ч биеэ аваад явчих чадвартай болдог юм. Мэдээж эх хүн бүр л охиноо хүчирхэг нэгэн болоосой гэж хүсч мөрөөдөж явдаг нь нууц биш.
8
Мөрөөдөлдөө үнэнч бай
Ганцхан олдох амьдралдаа бусдын төлөө гэж явсаар өөрийн хүсэл мөрөөдлөө орхих нь дэндүү харамсалтай зүйл билээ. Эцэг эх хүн бүр л охиноо мөрөөдөлдөө туушдаа байж, аз жаргалтай бай хэмээн зөвлөж, үзэл бодлоо хуваалцдаг аж.
9
Өөрийн гэсэн бодолтой бай
Амьдрал дээр гарахад олон төрлийн ааш араншин үзэл бодолтой хүмүүстэй тааралдаж, юм үзэж, нүд тайлна. Хүнд хэцүү нөхцөлд өөрийгөө авч гарах цор ганц зүйл бол өөрийн гэсэн бодол, тууштай үнэнч байдал юм. Бусдын бодолд уусан, аясаар явах нь хүнийг салхины аясаар хөдлөх хамхуултай адил ямар ч хэрэгцээгүй нэгэн болгож хувиргадаг. Харин ээжүүд охиноо өөрийн гэх бодолгүй, арчаагүй нэгэн болгохыг огт хүсдэггүй байна.
10
Ээжээсээ юуг ч битгий нуу
Охид хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулж, ээж аавдаа хэлж чадахгүй нууж, үр хөндүүлэх явдал ихсэж байгаа. Харин тэд үр хөндүүлснээс болж насаараа хэвлийдээ үр тээх чадваргүй болох магадлал өндөртэй гэгдийг үл ухаарч буруу алхам хийдэг юм. Ээж бүхэн охиноо айж балмагдаж буруу зүйл хийх вий гэхээс эмээж, үргэлж юу ч битгий нуугаарай хэмээн зөвлөдөг аж.
11
Эр хүнийг сайн таних
Хайр зарлаж, хажуугаар чинь гүйх залуус бүр сайн хүн биш. Тэднийг ямагт судалж, чин зүрхний хайр мөн эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Эмэгтэй хүн хэтэрхий итгэмтгий тул үдлээд буцах нэгнийг үүрдийн хайраа гэж андууран сэтгэл зүрхээ шархлуулах нь элбэг байдаг. Таны ээж ч мөн адил "Хайртай хүнийхээ боол нь болж явснаас өөрт хайртай хүнийхээ хатан нь болж яваарай" гэх сургамжтай үгийг хэлж байсан болов уу?
12
Эрүүл мэнддээ анхаар
Амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд билээ. Ар гэр, үр хүүхэд гэж явсаар эрүүл мэндээ мартаж орхих вий хэмээн ээжүүд охиндоо үргэлж санаа зовж, хамгийн гол нь эрүүл мэнд юм шүү хэмээн ахин дахин захидаг юм.
Танд нэмж хэлэх захиас байна уу?