1
Эрдэм мэдлэгтэй
Үсээ налуулж гелдсэн, харааны шил зүүсэн, даруухан хувцасласан залуусыг гаднаас нь хараад ерөнхийдөө номын мөр хөөсөн, эрдэм мэдлэгтэй нэгэн гэж дүгнэдэг байна. Энэ нь ч үнэний ортой бөгөөд энэ төрлийн залуучууд амьдралын утга учрыг сурч, боловсрох гэж ойлгосон байх нь бий. Чөлөөт цагаараа тэд бусад шиг тоглож, наадаж, гадуур зугаалж өнгөрүүлэхээс илүүтэйгээр ном уншиж, эрдэм мэдлэгийн их далайгаар аялж суудаг байна.
2
Сайн найзууд байхыг эрхэмлэдэг
Хайртай ч юм шиг, сэтгэлтэй ч юм шиг, нэг болохоор зүгээр дотны найзууд ч юм шиг сэтгэгдэл төрүүлдэг залуусын учрыг олох шиг төвөгтэй зүйл гэж үгүй. Тэдний танд хандаж буй хандлагыг харахад хайр сэтгэлийн холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа мэт санагдах хэдий ч, тэд яг үнэндээ тантай зүгээр л дотны найзууд шиг харилцаатай байхыг эрхэмлэдэг байна. Эдгээр залуучууд нь охидтой үерхэж байхаар найзууд байсан нь илүү дээр гэж бодож явдаг ажээ.
3
Ганган
Тэд гоё ганган чамин хувцас өмсөж, хотын гудмаар бусдад ганган харагдахыг эрхэмлэгчид юм. Тэднийг гаднаас нь харахад өмссөн хувцас нь бүгдээрээ шахуу бараг "брэнд" байх бөгөөд цэвэр цэмцгэр харагдах энэ төрлийн залууст сэтгэлийн жолоогоо алдах охидууд цөөнгүй байдаг ажээ. Тэд төгс байдлыг эрхэмлэдэг бөгөөд ямагт нэр хүнд, омог бардам байдлын илэрхийлэл гэлтэй өөртөө итгэлтэй, хэгжүүн залуучууд байх нь бий.
4
Сэтгэлээр амархан унадаг
Юу болсон юм бол гэлтэй сэтгэл санаагаар дорхноо унадаг залуусын ажил үйлс нь бүтэх магадлал бага бөгөөд төдий чинээ бусдад хар энерги цацруулж, унжийсан царай гаргаж явдаг байна. Тэд ихэвчлэн ганцаардмал байдалд амьдардаг бөгөөд найз нөхөдгүй, шоовдорлогдсон хүн шиг бусдад онцгүй сэтгэгдлийг төрүүлдэг.
5
Хөгжилтэй
Тэд бол бусдаар хөөрхөн тоглоод авах дуртайгаас гадна өөрсдөө ч тоглоом ойлгодог хөгжилтэй залуучууд юм. Таны сайхан инээмсэглэлийг харах гэж тэд магадгүй өдөр бүр таныг инээлгэж, аз жаргалыг мэдрүүлж чадахуйц тийм л авъяаслаг залуус бөгөөд хэл ярианы хөгжил сайтай, уран цэцэн үгтэй байх нь бий. Зарим тохиолдолд тэдний хэлсэн үгэнд уярч, хайлахгүй байхын аргагүй үеүд бишгүй дээ л нэг тохиолдоно. Тэр нь танд сүүлдээ хэвийн зүйл мэт санагдаж ч болох юм.
6
Хүүхдээрээ
Нас биенд хүрч, амьдралаа аваад явах хэмжээний насан дээрээ ирсэн мөртлөө одоог хэр нь эцэг эхээсээ хараат байх залуучуудыг "эрхийн тэнэг" гэж нэрлэх нь бий. Тэд бүх зүйлийг өөрийн хүчээр хийж, бүтээж байна гэж бодох хэдий ч, яг үнэндээ эцэг эхийн туслалцаа байхгүй бол энэ төрлийн залуучуудын ихэнх нь хэлэхээс уаашгүй залхуу хүмүүс байдаг байна.
7
Даруухан
Хорхойд хоргүй амьтан гэдэг шиг даруухан залуус хэрэг төвөгт орооцолдож, бусдыг уур уцаар, бухимдлыг төрүүлэхээр зүйл хийх нь өдрийн од шиг бага байх бөгөөд төдий чинээ зарим тохиолдолд хайр сэтгэлдээ сэв суулгалгүй, хайртыгаа чин үнэнчээр хайрладаг хүмүүс байдаг. Түүнээс гадна эдгээр залуусын ихэнх нь гэр амьтайгаас гадна тэдний амнаас бусдын сэтгэлийг шархлуулах үгсийг огтхон ч сонсохгүй юм.
8
Уран бүтээлч
Тэдний амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд урлагт жинхэнэ утгаараа хайртай, дуртай хүмүүс байдаг ажээ. Энэ төрлийн залуучуудын хамгийн том давуу тал нь урлагт хайртай байхынхаа хэрээр төдий чинээ мэдрэмж сайтай залуучууд байдаг гэж үздэг. Хэрвээ та ийм залуутай учирвал тэр таныг уйдааж, гунигт автуулах нь юу л бол...
9
Буйртай
Эр хүнийг чимдэг олон зан чанаруудын нэг бол тэдний аливаа зүйлд яарч, сэтгэлийн хөдлөлөөр хандалгүй буйр суурьтай байх явдал байдаг. Ар гэрийн аар саархан асуудалд үргэлж оролцолгүй, хааяадаа нэг жинтэй үг хэлэх нь тэдний давуу тал юм. Иймд залууст дургүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэвч заримдаа тэд хэт хуучинсаг үзэлтэй, уйтгартай гэмээр байх нь бий.
10
Шоучин
Хэрвээ энэ төрлийн залуутай учирсан бол таны өмнө өөр олон сонголт гарч ирнэ гэдгийг сайн санаарай. Яагаад гэвэл амьдралын утга учрыг шоу цэнгээн, наргиан наадам гэж бодож явдаг залуучууд хэзээ ч хүний сайн хань, сайн эцэг байдаггүй ажээ. Тэд найз нөхдөө юу юунаас илүү эрхэмлэх бөгөөд зарим үед эхнэр, хүүхдээ хоёрдугаарт тавих нь ч бий. Хэзээ ирэх юм болоо гэж байнга цаг харуулдан сууж, хэнтэй, хаана, юу хийж байгаа юм болоо гэж цаг үргэлжид санаа зовж суухыг хүсэхгүй л байгаа бол шоучин залуусаас хол байх хэрэгтэй.
11
Романтик
Тэд бол хайртай бүсгүйгээ үргэлж баярлуулж, сэтгэл зүрхийг нь догдлуулж байдаг гайхалтай сэтгэл булаам залуучууд юм. Хэрвээ та ийм залуутай учирсан бол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй бөгөөд учир нь эмэгтэй хүн бүр гэнэтийн бэлгэнд дуртай байдаг шүү дээ. Гэвч тэдний зарим нь амархан дурламтгай, таалагдсан болгондоо сэтгэлээ илчилж явдаг залуучууд байх нь бий.
12
Ичимтгий
Тэднийг сайн ажиглавал дуу цөөтэй, найз нөхөддөө байнга шоглуулж, тэдний доог тохуу болж явах нь бий. Гэвч тэд харагдаж байгаа шиг ээ доожоогүй хүмүүс биш бөгөөд цагаа тулахад эр хүн шиг загнаж чаддаг байна. Гэвч хайр сэтгэлээ илэрхийлэх тал дээр хамгийн маруухан хүмүүс байдаг тул эдгээр залуучууд багагүй урт хугацаанд ганц бие байдаг гэнэ.
13
Ээжийн хүү
Ээж гэдэг хүн ямар ч хүний хувьд хамгийн эрхэм чухал байх бөгөөд үр хүүхдүүдийнхээ хамгийн шилдэг зөвлөгч, тулгамдсан асуудлыг нь тэр дор нь шийдвэрлэж өгдөг хүмүүс байдаг билээ. Гэвч хэт их үр хүүхдүүдийнхээ амьдралд оролцох нь тэдний бие даасан байдлыг үгүй хийж, юу ч хийж чадахгүй, ямар ч зүйл мэдэхгүй, цагаан гартай, эрхийн тэнэг амьтан болгож хувиргадаг байна. Энэ төрлийн залуучуудад өөрийн гэсэн бодол байхгүй бөгөөд бүх зүйлийг ээжийнхээ гаргасан шийдвэрээр хийдэг.
14
Өөртөө итгэлтэй
Өөртөө итгэлтэй байх нь ямар ч хүний хувьд хамгийн авууштай зан чанаруудын нэг гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй биз ээ. Тэд ямар ч зүйлийг хийсэн өөртөө итгэлтэйгээр хийдэг бөгөөд хожим гарах үр дүнг нь төдийлөн бодож, үздэггүй аж. Ямар нэгэн зүйлийн үр дүн тэдний эсрэг гарч байсан ч, энэ төрлийн залуучууд хэлсэндээ хүрч, хийсэндээ эзэн нь байж чаддаг байна. Энэ нь өөрийн эрхгүй олон бүсгүйчүүдийг өөртөө дурлуулах гол шалтгаан болдог ажээ.
15
Хэтэрхий царайлаг
Эр хүн хэтэрхий царайлаг байх шиг утгагүй зүйл гэж үзэх охид, бүсгүйчүүд цөөнгүй байх бөгөөд энэ нь нэг талаасаа буруу зүйл ч биш юм. Учир нь хэтэрхий царайлаг залуутай үерхэж, хайр сэтгэлийн холбоотой байвал түүнийг нь бусад охид, бүсгүйчүүд эргүүлээд салахгүй гэх бодолтой холбоотой ажээ. Фэйсбүүкээр нь дүүрэн хайр зарласан, бүх зурган дээр нь олон мянган "лайк" дарсан охидуудыг хараад хайртыгаа байнга бусдаас харамлаж, хардаж явах зарим эмэгтэйчүүдийн хувьд хэцүү байдаг бололтой.