1
Мөнгөө замбараагүй үрэх
Орлогогүй оюутнууд ихэвчлэн ээж аавынхаа хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөр сурч, идэж, өмсдөг. Харин үүнийгээ үл ухаарч, шоу цэнгээн хэсч, хамаг мөнгөө хэрэггүй зүйлсэд зарцуулах нь дэндүү харамсалтай. Оюутнууд бусдын дор орохгүй гэсэндээ аль болох үнэтэй цүнх, хувцас, утас зэргийг авдаг. Гэвч эцсийн дүндээ сурсан мэдсэн зүйлсээрээ хоорондоо өрсөлддөг тул сүүлд нь харамсах нь бий.
2
Хэт дэгжин байх гэж хичээх
Мэдээж сургуульдаа алдар хүндтэй байна гэдэг олон талын ашигтай. Харин эрдэм мэдлэгээрээ бус ихэмсэг байдал, дэгжин төрхөөрөө алдарших нь тийм ч гайхуулаад байх зүйл биш болов уу. Та их сургуульд эрдэм сурахаар ирсэн болохоос бусадтай өмсөж зүүхээрээ өрсөлдөхөөр ирээгүй гэдгээ ухаарах хэрэгтэй. Хэт их гоёл, хувцас эдлэлд анхаарлаа хандуулснаар, гол зорилгоо мартах сөрөг үр дагавартай юм.
3
Ээж, аавынхаа үгээр мэргэжлээ сонгох
Мэргэжил сонгох нь таны амьдралдаа хийж буй хамгийн чухал сонголтуудын нэг байдаг. Харин зарим залуус эцэг эхийнхээ үгээр сайн мэдэхгүй мэргэжлээ сонгох нь бий. Ингэснээр тэд сонгосон мэргэжлээ судлах, бүрэн гүйцэт эзэмших асуудалтай бөгөөд үүнээсээ болж, хичээлдээ сонирхолгүй болох талтай.
4
Зөвхөн сурах
Тэд сургуулийг зөвхөн хичээл ном сурахад зориулсан гэж ойлгож, бусад зүйлсэд анхаарлаа огт хандуулдаггүй юм. Нийгмийн амьдрал, олон нийтийн ажлаас хол байж, найз нөхөдгүй ганцаардмал нэгэн болох хандлагатай байдаг. Үргэлж "хичээл, хичээл" хэмээн хойш суухын оронд хааяа ч болов нийгмийн идэвхитэй байж, элдэв цуглаан, үйл ажиллагаанд оролцож, сургуульдаа нэртэй оюутан байх хэрэгтэй. Энэ нь таныг ажил дээр гарахад ч үр нөлөөгөө үзүүлж, амжилт гаргахад нэг шат ахиулж өгдөг билээ.
5
Үүрдийн 20 настай байх мэт аашилах
Өөрийгөө үүрд 20 настай байх мэтээр сэтгэж, ирээдүйнхээ талаар санаа зовохгүй явах нь эмгэнэлтэй юм. Сурч боловсрохыг хөнгөн зүйл мэтээр сэтгэж, шалгалтан дээр бусдаас хуулж, даалгавраа бусдаар хийлгэж явсаар сургуулиа төгслөө гэхэд толгойдоо сурсан зүйлгүй, эцэс сүүлд нь маш ихээр харамсах нь бий.
6
Хэт гүн дурлах
Оюутан болсоор хэн нэгэнд дурлаж үзэлгүй төгссөн хүн гэж ховор болов уу? Харин тэд хайр дурлалд хэт ач холбогдол өгснөөр хичээлээс хөндийрч, муудах хандлагатай байдаг. Ердөө 4 жил сурах хугацаанд анхаарлаа сургууль хичээлдээ төвлөрүүлэхгүй хайр дурлалд гүн автаж, амьдралдаа алдаа гаргадаг.
7
Олон нийтийн сүлжээгээр амьдралаа дэлгэх
Сүүлийн үед эрчээ аваад буй Фэйсбүүк, Инстаграм зэрэгт хамаг амьдралаа дэлгэж, хором мөч бүрийг зарцуулах нь таны амьдралыг утга учиргүй, хийсвэр зүйл мэт болгож орхидог. Бодит амьдралаас илүүтэй хийсвэр ертөнцөд анхаарал хандуулж, цаг тутам бүрт сэлфи хийж явах нь таны гаргаж буй хамгийн том алдаа байж мэднэ. Ингэхэд цахим сүлжээнд алдартай байлаа гээд танд мэдлэг, боловсрол цогцолж, ирээдүйг тань амжилт бүтээлээр дүүргэнэ гэж үү?
8
Хөгжилдөх цаг гаргадаггүй
Сургууль, гэр гэж явсаар хайран сайхан залуу насаа өнгөрөөх нь дэндүү харамсалтай шүү дээ. Гэхдээ энэ нь үргэлж хөгжилдөж, цэнгэ гэсэн үг биш юм. Хэт их хичээллэсний дараа өөртөө амралт өгч, сардаа ганц удаа ч болов гадуур дотуур зугаалж, тархиа амрааж байвал зохимжтой. Эс бөгөөс ажил дээр гараад оюутан насны хөгжилтэй дурсамжыг бүтээж чадаагүйдээ харамсаад ч нэмэргүй болж мэднэ.
9
Өөртөө амралт өгдөггүй
Хичнээн завгүй, хичээлтэй байсан ч сайтар амарч байх ёстой юм шүү. Ингэснээр та өөртөө эрч хүчийг хуримтлуулж, өглөөг гайхалтай угтах болно. Шөнө, оройноос илүүтэй өглөө эртлэн босч хичээллэх нь үр сайтай байдаг. Тиймээс шөнийн нойроо хасч, өөрийгөө зовоохын оронд тайван амраад өглөө эртлэн босч хэвшээрэй. Ямар ч амралтгүй сурах нь харин ч сөрөг нөлөөтэй байна.
10
Зорилгогүй
Зорилго, мөрөөдөл, тэмүүлэлгүй хүн бол зүгээр л нэг хоосон, хөндий нэгэн гэсэн үг юм. Оюутан нас гэлтгүй, бага байхаасаа л өөртөө ямар нэгэн зорилт тавилгүй урсгалаараа явсаар байх нь хамгийн том алдаа. Харин та арай энэ алдааг гаргаж яваа юм биш биз? Хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэхэд хэзээ ч оройтдоггүй тул одооноос өөрийн зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө алхам алхмаар тэмцэх хэрэгтэй. Мөрөөдлийнхөө төлөө тэмцэхэд хэцүү зүйлс тохиолдох ч түүнийг давах хүч цаанаасаа ундран гардаг юм шүү.
11
Ажил хийхээр сургуулиасаа чөлөө авах
Санхүүгийн хямрал нүүрлэсэн өнөө цагт сургалтын төлбөр олно гэдэг бэрх асуудлуудын нэг болж хувирсан. Тиймдээ ч оюутан залуус сургуулиа орхиж, ажиллах болсон бөгөөд энэ нь тэдний гаргадаг хамгийн буруу шийдвэр юм. Сурч боловсрох насан дээрээ ажил хийж, хайран сайхан залуу насаа хөдөлмөрлөж өнгөрүүлэх нь нэг талаар бахархууштай мэт боловч нэг талаар дэндүү харамсалтай хэрэг юм. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ.
12
Цагийг үр ашигтай өнгөрүүлдэггүй
Оюутан нас харвасан сум мэт л хурдан өнгөрдөг. Угтаа бол саяхан л шинэ оюутан болж их сургуульд элсэн орж байсан боловч юу ч сурч, бүтээж амжаагүй байтал төгсөх болчихсон байдаг юм. Харин төгсөх дөхөөд ирэхээр оюутан бүр л цаг заваа хэрэгтэй зүйлд зарцуулаагүйдээ харамсаж, ямар том алдаа гаргаснаа ойлгодог байна.
13
Багш нартайгаа чөлөөтэй харьцдаггүй
Багш нартайгаа эмээлгүй харилцаж, алдаа дутагдлаа асууж лавлаж байх нь оюутан бүрийн хийх ёстой тэргүүний зүйлсийн нэг юм. Харин тэдний ихэнх нь багш нараасаа эмээж, харах бүртээ харц бууруулж, алдаа гаргадаг. Багш нараасаа эмээж, хөндий байх гэсний хэрэггүй. Харин үүний оронд мэдэхгүй зүйлсээ лавлаж, ойр дотно байхыг хичээх хэрэгтэй юм. Багш нар ч мөн сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн, зөвлөгөө авдаг оюутнуудад тун ч дуртай бөгөөд тэднийг улам бүр хөгжүүлэхийн тулд өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ зааж өгдөг билээ.
14
Ангийнхантайгаа дотно биш
Оюутан цагийг найз нөхөдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэдий мундаг нэгэн байлаа гээд ганцаараа бүхнийг даван туулж, өндөрлөгт хүрнэ гэдэг боломжгүй шүү дээ. Харин бусадтай эв зүйгээ амархан олчихдог, нөхөрсөн зан чанартай хүмүүс илүү амжилттай суралцдаг байна.
15
Шоучин
Аливаа зүйлсийн хэмжээг тааруулахгүй бол бүх зүйлс хяналтаас гарч, амьдрал сүйрэхэд ойртож очдог. Ялангуяа архи дарс, шоу цэнгээн нь залуу хүмүүсийн хамгийн том сул тал болдог. Харин үүний оронд, муу зуршилд өөрийгөө мэдүүлэлгүй шаардлагатай нөхцөлд хэрэглэж, давтамжыг сайтар анзаарч байх нь чухал билээ.