Ажлаасаа гарах болсныг илтгэх 15 дохио

"Ажил хийвэл ам тостоно" гэж үг байдгийн адилаар өнөөгийн нийгэмд боломжийн ажил олдож байвал элдвээр голж, шилэлгүй хийж, гүйцэтгэх нь чухал билээ. Гэвч ажил мэргэжил гэдэг хувь хүний амьдрал, гэр бүл, ирээдүйд нь шууд нөлөөлдөг учраас өөрт тохирсон, хийж чадна гэж бодсон ажлаа сонгох хэрэгтэй юм. Зарим тохиолдолд одоо хийж буй ажлаасаа гарах шаардлагатай бөгөөд чухам ямар үед шинэ ажил эрэлхийлэх хэрэгтэй болох тухай мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ. 

Ажлаасаа гарах болсныг илтгэх 15 дохио

1 Өдөр бүр сэтгэл санаагаар унах

Ажлын дарамт шахалт, хамт олны уур амьсгал, үйлчлүүлэгчдийн санал гомдол гээд ажил мэргэжлээс үүдэж, сэтгэл санаагаар унах, гуниж, гутрах үе бишгүй дээ л их гардаг билээ. Ажилдаа дахиад явна гэж бодохоор хар дарсан зүүд юм шиг санагдах нь ч бий. Энэ нь таныг ажлаа солих цаг болсныг илтгэж байгаа бөгөөд ирээдүйгээ эртхэн төлөвлөж, дараагийн ажлаа хайж эхэлсэн нь зөв шийдвэр болохыг сануулж байгаа юм.

Өдөр бүр сэтгэл санаагаар унах

2 Өөрийгөө энэ албан тушаал дээр тохирохгүй гэж бодох

Ажил мэргэжлээ сонгоно гэдэг хүний амьдралдаа хийх хамгийн чухал сонголтуудын нэг юм. Учир нь ямар ажил мэргэжил сонгосноор тухайн хүний амьдрал ирээдүйд хэрхэн өрнөхийн үндэс байдаг билээ. Тиймээс өөрийнхөө мэдлэг боловсрол, эрдэм чадвар, дадлага туршлагад тохируулан аль салбарт, ямар чиглэлийн ажил хийхээ сонгох хэрэгтэй аж. Харин таны хувьд сүүлийн үед хийж буй ажил, албан тушаалдаа өөрийгөө тохирохгүй гэж бодохын зэрэгцээ ажлаа хийх урам зориг, хүсэл тэмүүлэлгүй болсон бол сая дурдсанчлан өөрт тохирох ажлаа сонгохыг зөвлөж байна.

Өөрийгөө энэ албан тушаал дээр тохирохгүй гэж бодох

3 Хуримтлал үүсгэж эхэлсэн

Ажлаа солихоор төлөвлөж байгаа хүмүүсийн олонх нь багагүй хэмжээний мөнгөн хуримтлал хэдийн үүсгээд амжсан байдаг аж. Энэ нь хүмүүс одоо хийж буй ажлаасаа гарч, дараагийн ажилдаа орох хугацаанд нэлээдгүй цаг хугацааг зарцуулдагтай холбоотой юм. Дахин өөр ажил олох хүртэлх хугацаандаа өөртөө болон амьдралдаа зарцуулах мөнгөө хуримтлалаасаа авч хэрэглэх нь амьдралд тустай гэж үздэг байна.

Хуримтлал үүсгэж эхэлсэн

4 Шинэ боломж гарч ирэх

Магадгүй таны одоо эрхэлж буй ажил тань танд тийм ч таатай санагддаггүй байж болох юм. Амьдралын төлөө "За, тэгээд болох биздээ" гээд ажиллаж байгаа хүмүүс өнөөдрийн энэ хүнд хэцүү нийгэмд цөөнгүй байгаа биз ээ. Гэвч нэг өдөр таны хийхийг үнэхээр их хүсч байсан ажил, албан тушаал өөрөө таныг олоод ирж болно шүү дээ. Энэ үед ямар ч хүн байсан илүү боломжит хувилбарыг сонгох нь гарцаагүй юм. 

Шинэ боломж гарч ирэх

5 Өөртөө итгэлтэй болох

Өмнө нь халагдчихвий, намайг буруугаар ойлгочихвий гэж бодоод, өөрөөсөө дээд албан тушаалтныхаа өмнөөс үзэл бодол, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлдэггүй байсан ажилтан өнөөдөр таны өмнөөс хэлье гэснээ шуудхан хэлж, зарим асуудал дээр бүр мэтгэлцэж, маргалдаж байна уу? Тэгвэл тэр ажилтан тун удахгүй танай компанийг орхих бодол аль хэдийн тээгээд эхэлсний шинж юм. Өөртөө итгэлтэй хүний хийж буй үйлдэл, хэлж буй үг чин сэтгэлээс нь гардаг гэнэ шүү.

Өөртөө итгэлтэй болох

6 Төлөвлөх

Хүн бүр ирээдүй рүү тэмүүлж амьдардаг бөгөөд төдий чинээ ойрын хугацаанд болон ирээдүйд хийх зүйлсээ төлөвлөж, түүндээ хүрэхээр чармайж, зүтгэдэг билээ. Тэгвэл таны төлөвлөгөөнд одоо хийж буй ажил мэргэжилтэй чинь холбоотой ямар нэгэн зүйл бичигдэхгүй байвал танд ажлаа гэсэн сэтгэл зүрх үгүй болсон байна гэж ойлгож болох аж. 

Төлөвлөх

7 Ажлаасаа уйдах

Ямар ч хөгжил, дэвшил гэж үгүй, нэг л хэвийн байрандаа байсаар л байдаг ажил байдаг шүү дээ. Тэгвэл энэ төрлийн ажлаас ихэнх ажилчид уйдаж, илүү сонирхол татам, хөгжиж дэвшихэд нь тусалж, дэмждэг ажил хийхийг илүүд үздэг байна. Наад захын ажилчдынхаа дунд сонирхолтой тэмцээн зохиож, хааяа даа нэг хамтдаа хооллож, амжилт гаргах үед нь урамшуулдаг байх нь энэ цаг үед үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, компаний удирдагчдын авч хэрэгжүүлэх ёстой үйл хэрэг юмсанжээ.

Ажлаасаа уйдах

8 Ажлаа хийх дургүй болсон

"Дургүйд хүчгүй" гэж үг байдаг шүү дээ. Хүн дуртай зүйлдээ бол ямар ч шалтгаан байсан хамаагүй цаг заваа зарцуулж, өөрт байгаа бүхнээ зориулдаг нь нууц биш юм. Харин дургүй зүйлдээ бол зав, чөлөөтэй байсан ч гэсэн аль болох бултаж, хойш суудаг байна. Тиймээс таны хувьд одоо хийж буй ажлаа хийх гэхээр нэг л болж өгөхгүй, хиймээргүй санагдаж байгаа бол анхнаасаа танд тохирох ажил биш байсантай холбоотой юм.

Ажлаа хийх дургүй болсон

9 Ажил чинь санаснаар болохгүй байх

Байдгаараа хичээгээд, өөрт байгаа бүх л хүч чадал, боломж бололцоогоороо чармайж, зүтгэсэн ч гэсэн ямар ч үр дүн гарахгүйн дээр удирдах албан тушаалтандаа байнга загнуулж, зэмлүүлэх болсон бол та өөрт тохирохгүй газар, хийх ёсгүй ажлаа хийгээд сууж байна гэсэн үг аж. Эхэндээ магадгүй шантралгүй үзээд алдана гэж шийдээд, мэрийсэн ч гэлээ болохгүй юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр өөрийн боломж бололцоогоо зөв ашиглаж, чадах зүйлээ хийх нь юу юунаас илүү чухал юм.

Ажил чинь санаснаар болохгүй байх

10 Өглөө сэрэхдээ аз жаргалгүй байх

Өглөөг нэг л эрч хүчгүй угтаж, босох гэхээр бие чинь хөдлөж өгөхгүй байх тохиолдол амьдралд элбэг тохиолддог шүү дээ. Боломж байдагсан бол ахиад хэдхэн минут ч болов дугхийгээд авах юмсан гэж боддоггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Энэ нь нойртой холбоотой хүн бүрт тохиолддог зүйл  юм. Харин зарим тохиолдолд өглөөг эрч хүчтэй эхлүүлж, хангалттай нойроо авч чадсан хэдий ч, ажилдаа явна гэхээр яагаад ч юм сэтгэл санаа чинь тавгүйтээд, ажил руугаа тэмүүлэх ямар ч хүсэл тэмүүлэлгүй болсон байх нь бий. Ажлын хамт олонтойгоо буу халж, дуртай ажлаа хийхээр явах гэж буй хүний өглөө сэрсний дараах хандлага тэс өөр байх нь лавтай.

Өглөө сэрэхдээ аз жаргалгүй байх

11 Илүү цагийн мөнгө өгдөггүй

Хаа сайгүй ажилгүйчүүд алхах болсон нийгмийн өнөөгийн төрх ийм байхад боломжийн ажил олдсон дээр нь ажлаад байдаг хэрэг ээ гэж бодох нь буруу зүйл биш юм. Гэвч зарим байгууллагуудын хувьд цаг тухайд нь цалин хөлсөө тавихгүй, илүү цагаар ажлуулж байгаа хэрнээ нэмэлт хөлс өгөхгүй, цаг наргүй оффис дээр нь уяж, хөдөлмөрийн хуулийг уландаа гишгэх явдал байсаар байгаа нь нууц биш юм. Энэ нөхцөлд ийм байгууллагын төлөө ямар хүн хөлс хүчээ дайчлан, өөрийн чадах бүхнээ зориулан ажиллахыг хүсэх билээ.

Илүү цагийн мөнгө өгдөггүй

12 Хамт олны уур амьсгал нөлөөлөх

Ямар ч газар ажилд орж буй шинэ ажилтнуудын хувьд багагүй айдастай байдаг нь нууц биш юм. "Урт хугацаанд өнөөдрийг хүртэл ажилсаар ирсэн, дадлага туршлагатай ажилчдын хандлага, үзэл бодол ямар байх бол? Захирал, удирдлагууд ямархуу байдалтай харьцах бол?" гэхчлэн нухацтайгаар боддог нь бичигдээгүй хууль гэлтэй. Учир нь хамт олны уур амьсгал нь ажил урагшлах, эс урагшлах, бүтээмжтэй байх эсэхэд нөлөөлөх хамгийн том хүчин зүйлсийн нэг ажээ.

Хамт олны уур амьсгал нөлөөлөх

13 Захиралтайгаа зөрчилдөх болсон

Байгууллагын удирлагатай санал зөрөлдөж, түүний удирдлага дор ажиллах танд онцгүй санагдаж байгаа бол эртхэн ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр аж. Учир нь удирдлагатайгаа зөрчилдөж, түүнтэй хамтран ажиллах боломжгүй бол та ажилтан, тэр захирал шүү дээ. Тиймээс танд уг байгууллагад хойшдоо ажлаад байх ямар нэгэн үндэслэл үлдээгүй гэж ойлгож болох юм.

Захиралтайгаа зөрчилдөх болсон

14 Эсэргүүцэлтэй нүүр тулгарсаар залхах

Сонгосон ажил мэргэжлээс чинь үүдэж, гэр бүлийнхэн болон дотны найз нөхдийн чинь зүгээс өөр ажил санал болгох, одоо хийж буй ажлыг чинь элдвээр хэлж, сольсон нь дээр хэмээн зөвлөх тоо олширсоор нээрээ ч ажлаа сольдог юм уу гэж бодогдох нь бий. Түүнээс гадна захирал болон удирдах албан тушаалтнуудын таны хийж буй ажлыг байнга няцаах, үгүйсгэх, шүүмжлэн хандаж буйгаас болж, одоо хийж буй ажилдаа цэг тавихыг илүүд үздэг аж.

Эсэргүүцэлтэй нүүр тулгарсаар залхах

15 Ажил хийх эрч хүчгүй болсон

Ажил хийе гэхээр сэтгэл санаа болон бие физилогийн хувьд нэг л болж өгөхгүй, хүсэв ч хясна гэдэг шиг нөхцөл байдалтай нүүр тулгарах үе цөөнгүй. Хийж буй ажлаасаа кайф мэдрэхээ больж, энэ ажлыг л хийж байвал хорвоо дээрх хамгийн азтай, жаргалтай хүн байсан мөч тань нэгэнт ард өнгөрсөн мэт санагдаж байвал шинэ сорил, шинэ ажил, шинэ хамт олон танд хэрэг болсныг илтгэж байгаа ажээ.

Ажил хийх эрч хүчгүй болсон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()