1
Цонхоо шалгаж, дулаалах
Хахир хүйтэн цаг хаяанд ирсэн тул та амралтын өдрөө тааруулан, цонхоо дулаалж, сайтар шалгаарай. Зарим айлууд цонхоор нь сийгж, цантах тохиолдлууд бий. Иймд та одоо л тэдгээр асуудлаас сэргийлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Эхлээд угааж цэвэрлээд, хоёр талдаа наалттай цаасыг ашиглаж, жийрэг болгон цонхныхоо нугас завсруудаар нааж өгнө.
2
Температур хэмжигч
Та өвөл болохоос өмнө температур хэмжигч аван гэртээ байрлуулаарай. Энэ нь гэр тань зохих ёсны дулаантай байгаа эсэхийг хэлж өгөх тул харж анзаарч байх хэрэгтэй. Ингэснээр та хүйтэн байх аваас дулаанаа нэмэгдүүлж, халуун байвал багасгах гэхчлэн арга хэмжээ авахад дөхөм болж өгдөг байна. Цаашлаад элдэв ханиад томуу, өвчлөлөөс сэргийлэх бөгөөд халуун, хүйтний харшлаас гэр бүлээ хамгаалах аж.
3
Дээврээ цэвэрлэх, янзлах
Хэрэв та байшинд амьдардаг бол амралтын өдрүүдийг ашиглан, байшингийхаа дээврийг цэвэрлэж, элдэв асуудал байгаа эсэхийг шалгаж, засварлан янзлаарай. Нэгэнт өвөл болж, цас орвол дээврээ янзална гэдэг асуудалтай тул хойш тавилгүй яг одоо цэгцлэж, цэвэрлэхийг зөвлөе.
4
Түлээгээ бэлтгэх
Намрын улирал нь өвөлд бэлтгэхэд зориулсан налгар өдрүүд юм. Та тус өдрүүдэд өвлийн түлээгээ бэлтгэж, амбаар, үүдэндээ хурааж тавиарай. Өвлийн улиралд даарч, зутрахгүйн тулд эртнээс түлээгээ бэлдвэл зохилтой. Ингэхдээ түлэх түлэхээр нь мод, нүүрсээ ууталж, савлаж тавьбал илүү хялбар байдаг билээ.
5
Хашаагаа цэвэрлэх
Хашаа хороо нь цэвэрхэн айл хүн бүрийн нүдэнд дулаахан, цэвэрч нямбай харагддаг юм. Иймд та гэр бүлийнхнээ уриалан хамтдаа гарч, хашаагаа цэгцэлж, хогоо түүхээс гадна унасан модны навчийг ч цэвэрлэхээ мартуузай.
6
Тавилгын байрлалаа өөрчлөх
Улирал бүрт гэрийн тавилгаа өөрчилж, байрлалыг нь сольж байвал зохилтой. Жишээлбэл зуны цагт ороо цонхтойгоо ойр тавьж, сэрүүхэн амьсгалыг бүрдүүлэхийн тулд аль болох тавилгуудаа эмх цэгцтэй байрлуулдаг. Харин өвлийн улиралд ор, тавилгуудаа цонхноос зайдуу тавьж, хивс, хивсэнцэрээ дэвсэж өгөх ёстой юм.
7
Агаараа чийгшүүлэх
Өвлийн цагт өдөр тутамдаа агаараа чийгжүүлж байх хэрэгтэй. Ингэснээр элдэв өвчин тусах эрдслээс сэргийлэхээс гадна гэрийн уур амьсгалыг дулаан, цэвэрхэн болгодог юм.
8
Гараашаа цэвэрлэх
Таны хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг бол яалтчгүй гараашаа цэвэрлэх юм. Тоос буртгыг нь цэвэрлэж, чийглэж өгөхөөс гадна хэрэггүй зүйлсийг нь гаргаж, тухтайхан цэгцлээрэй. Өвлийн улиралд гарааш хүйтэн байх талтай тул та цэвэрлэх боломжгүй бөгөөд налгар сайхан өдрүүдийг ашиглан, нэг сайхан цэвэрлээрэй.
9
Гэрээ цэвэрлэх
Энэ нь зүгээр ч нэг гэрээ цэвэрлэх биш юм шүү. Бүх булан тохойн хогоо гаргаж, их цэвэрлэгээ хийх аж. Ойрд гар хүрээгүй харанхуй өрөө, амбаар саваа ч мөн цэгцэлж, цаг зав гаргаж, цэвэрлээрэй. Ингэхдээ гэр бүлийн гишүүдээ бүгдийг хамруулж, гэрээ шил толь мэт гялалзуулах хэрэгтэй аж.
10
Өвлийн хувцасаа гаргах
Цаг хугацаа гэж харвасан сум мэт л өнгөрөх юм. Саяхан зун цаг ирж, өвлийн хувцсаа баглаж далд хийсэн санагдана. Харин одоо буцааж гарган, бүгдийг нь салхинд тавих болжээ. Ингэхдээ хувцаснуудаа гаргаж, бага зэрэг салхинд гаргахгүй бол удаан хадгалагдаж эвгүй үнэр шингэсэн байх талтай.
11
Зуны хувцсаа далд хийх
Хэрэв та өвлийн хувцсаа гаргаж, цэгцэлсэн бол буцаагаад зуны хувцсаа далд хийгээрэй. Бүгдийг нь угааж цэвэрлээд, уутанд хийж, сайтар боож баглавал зүгээр. Эс бөгөөс шороо тоос тогтож, өнгөө алдаж ч мэднэ.
12
Хадлан тэжээлээ бэлтгэх
Ажилч, хичээнгүй хөдөө, орон нутгийн оршин суугчдын хувьд намар цаг ид ажлын үе байдаг. Тэд малдаа өгөх тэжээлээ бэлтгэж, их ажилд морддог юм. Хадланд гарж, хэдэн өдрийг өнгөрүүлэх бөгөөд хэр их тэжээл бэлтгэснээс мал нь өнтэй тарган өвлийг давах эсэх нь шалтгаалдаг аж.
13
Өвлийн идшээ бэлтгэх
Өвлийн идшээ бэлтгэх нь хүн бүхний хувьд том ажил байдаг. Сайн чанарын мах авч, түүнийгээ янзалж, хадгална гэдэг бага зэрэг асуудалтай. Идэх идэхээр махаа бэлтгэн, жижиглэж тавих нь амар бөгөөд эхнэр, гэрийн эзэгтэй нарын ажлыг бага ч атугай хөнгөлж өгдөг юм.
14
Эрүүл мэнддээ анхаарах
Хүйтний эрч наашилж, хөхүүрийн элч цаашилж байгаа цагт та эрүүл мэнддээ анхаарч, дархлаа сайжруулах витамин хэрэглэж байгаарай. Өвөл ханиад томуу их тул нэгэнт өвдсөний дараа харамсаж суухаар одооноос эрүүл мэнддээ анхаараарай.
15
Хаалгаа дулаалах
Та хаалгаа ч мөн дулаалах хэрэгтэй. Өвлийн хүйтэн жавар гэрт тань хургаж, өөдөсхөн бяцхан үрсийг тань дааруулвал яана. Иймд хаалганыхаа завсар зайгаар шахагч хөөс түрхэж өгөөрэй. Мөн дээр дурдсан хоёр талд наалттай цаасыг сонгож ч болно.
16
Балконоо цэвэрлэж, хаалт хийх
Балконоо ч мөн цэвэрлэж, цэгцлэхээ мартуузай. Танай гэрийн балкон хаалтгүй бол өвлийн улирал ойртож байгаа тул вакум хаалт хийлгэж, шороо тоос, хүйтэн уур амьсгалаас сэргийлэх боломжтой юм. Харин нэг сул тал нь балкондоо хаалт хийлгэснээр зундаа агаар, салхи сайн нэвтэрдэггүй аж.