1
“Nike Air Mag Marty McFly” пүүз
Энэхүү пүүзийг “Back to the Future” киноны хоёрдугаар анги дээр гардаг нисдэг пүүзнээс санаа аван үйлдвэрлэжээ. 1989 оныхтой харьцуулахад гаднах үзэмжийн хувьд илүү гоёмсог болсон бөгөөд “Паркинсон” өвчнөөр өвчлөсөн хүмүүст зориулан 1500 гаруй ширхэгийг Майкл Ж. Фокс нийгэмлэг (Michael J.Fox Foundation)-ийн шугамаар "Nike" компанийн зүгээс үйлдвэрлээд байгаа юм. Олон улсын худалдааны “eBay” сайтад байршуулан, олсон орлогоо тэр чигт нь Майкл Ж.Фокс нийгэмлэгт хандивлах юм байна. Уг пүүз нь кинон дээр гардаг шиг “LED” гэрэлтэйгээс гадна лазер логог мөн хийж өгчээ. Түүгээр барахгүй Найки компаний зүгээс удахгүй “LED” гэрэлтэй үдээстэй загварыг нь хийхээр төлөвлөж байна.
2
“Samsung”-ийн гэр бүлийн ухаалаг хөргөгч
“Samsung” корпораци бол яах аргагүй энэ цаг үеийн хамгийн шилдэг техник, технологи үйлдвэрлэдэг компаниудын нэг билээ. Энэхүү хуруугаар мэдэрч, ажиллах боломжтой хөргөгчний рекламыг Кристен Белл (Kristen Bell) болон Дэкс Шепард (Dax Shepard) нарыг оролцуулан хийхээр “Samsung” зүгээс төлөвлөөд байгаа аж. Уг хөргөгч нь бусад хөргөгчтэй харьцуулахад өөр дээрээ камер, спикер, Wi-Fi болон 21.5 инчийн зурагттай ажээ. Түүгээр барахгүй хэрвээ таны гар утас ухаалаг бол гар утастайгаа холбон алсаас удирдах боломжтой юм.
3
“Бодит мэдрэмжийг төрүүлэх виртуал тоглоом”
Бид саяхан л “Pac-Man” болон “Frogger” зэрэг тоглоомнуудыг тоглож байсан бол одоо цагт тоглоомны хөгжил нүд ирмэхийн зуур асар өндөр түвшинд хүрчээ. Үүний баталгаа нь бодит мэт мэдрэмжийг төрүүлэх боломжтой "виртуал" тоглоом юм. Өмнө нь тоглоомыг тоглодог байсан бол энэхүү төхөөрөмж нь танд тоглоомон дотроо орж тоглох боломжийг олгодог. “Тron” болон “Matrix” зэрэг кинон дээр гардаг шиг виртуал ертөнцөд нэвтэрч, тухайн тоглоомныхоо гол дүр болон тоглохыг хүсэхгүй хүн бараг үгүй биз ээ. “Samsung” болон “LG” компаниуд 200 долларын үнэтэй толгойндоо өмсөх зориулалттай төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд тоглоом сонирхогчдын сонголт болсон “Playstation 4” дээр холбогдон тоглох боломжтой төхөөрөмжийг 500 доллараар зах зээлд нийлүүлээд байгаа юм. Түүнчлэн порно кино үйлдвэрлэдэг компаниуд ч мөн энэхүү төхөөрөмжийг ашиглах талаар төлөвлөж байгаа аж.
4
"Код хүчингүй болгох боломжтой үрэл"
Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй гар утас болон бусад олон төрлийн таблетнууд нь бүгд л код хийх шаардлагатай байдаг билээ. Энэ нь таны хувийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй юм. Гэвч тэр олон кодуудыг бүгдийг нь цээжилж, санана гэдэг амар зүйл биш бөгөөд “Motorola” компаний зүгээс энэхүү асуудлыг шийдэх арга зам олсон нь электрон үрэл зохион бүтээсэн явдал юм. Энэүү электрон үрлэн дээр “18-bit, EKG” гэсэн төхөөрөмж суурилуулсан бөгөөд энэхүү тусгай төхөөрөмжний тусламжтайгаар таблетнуудтай холбогдож, кодыг автоматаар хийх үйлдлийг гүйцэтгэдэг байна. Өдөрт 30 удаа энэ мэтээр код хийх боломжтой ажээ. Түүнээс гадна энэхүү үрэлний тусламжтайгаар утас болон таблетнуудынхаа кодыг хулгайд алдахаас хамгаалах боломжтой.
5
Хөлдөөх технологи
Өдрөөс өдөрт хүн төрөлхтний тоо өсөн нэмэгдэхийн хэрээр тэдний зарим нь одоо амьдарч буй амьдралдаа ханаж, ирээдүйд олон нийтэд танилцуулагдах технологийн дэвшлүүдийг өөрийн биеэр мэдрэхийг хүсч, тэрхүү хугацаанд өөрийн бие организмыг хөлдөөх сонирхолтой хүмүүсийн тоо олширчээ. Энэхүү үйлчилгээг Шведийн “Promessа” гэх компани нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд ихэвчлэн дэлхийн нэр нөлөө бүхий, олонд танигдсан эрхмүүд эхнээсээ захиалга өгч байгаа гэнэ шүү.
6
Авмомат “Skateboard”
Сүүлийн жилүүдэд хүүхэд залуусын өргөнөөр хэрэглэх болсон автомат скэйт нь мөн л “Back to the Future” киноноос санаа авч үйлдвэрлэгдэж байжээ. Хүний биеийн дулааныг мэдэрч ажилладаг уг төхөөрөмжний “Razor”, “Jetson” болон “Hover X” зэрэг төрлүүд нь худалдаалагдаж эхлээд байгаа юм. Шүүмжлэгчдийн зүгээс энэхүү скэйтийг скутер, унадаг дугуй зэргээс илүү эрсдэл багатай гэж дүгнээд байгаа юм.
7
"Хуруугаар мэдрэх боломжтой дэлгэц"
Та өөрийн гаран дээрээсээ гар утсаа ашиглах боломжтой болох нь ээ. Итгэх эсэх нь таны асуудал ч гэлээ, “USB” оролттой, “Bluetooth”-ээр холбогддог, Wi-Fi дамжуулах боломжтой бугуйвчийг үйлдвэрлэхээр дэлхийн томоохон компаниуд төлөвлөж байгаа юм байна. Энэхүү бугуйвч нь таны гар утастай холбогдож, зүүсэн гарны тань шуун дээр гар утасны дэлгэцийг гаргаж ирэх аж. Тэгэхээр гар утсаа халааснаасаа байнга гаргаж ирэх шаардлагагүй болох ажээ. “Youtube”-д бичлэг үзэх, “SMS” илгээх зэрэг гар утсаа ашиглан хийх боломжтой бүхий л үйлдлийг гаран дээрээсээ хийж болдоороо давуу талтай.
8
"Орчуулга хийх чадвартай чихэвч"
“The Hitchhiker’s Guide to the Galaxy” кино нь хамгийн анх орчуулга хийх боломжтой чихэвчийг дэлхий нийтэд танилцуулсан юм. Хоёр чихэндээ хоёуланд нь зүүх ёстой бөгөөд хар, улаан болон цагаан гэсэн 3 өнгөний сонголттойгоор үйлдвэрлэгдэж байгаа аж. Энэ оны 9 дүгээр сард албан ёсоор нээлтээ хийх нь тодорхой болоод байгаа уг чихэвч нь 129 доллараар зарагдах байна. Дэлхийн нэлээдгүй олон улсын хэлийг багтаасан уг чихэвчийг зүүснээр гадаад улсуудад айлчлахдаа хэлний бэрхшээлээс эмээх шаардлагагүй болох нь ээ.
9
Gest” буюу цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх төхөөрөмж
Та бүхэн сайн санаж байгаа бол жүжигчин Том Круз (Tom Cruise)-ийн тоглосон “Edge of the Tomorrow” кинон дээр гол дүрийн жүжигчин маань гарандаа тусгай төхөөрөмж зүүж, төмөр роботуудтай тулалддаг билээ. Тэгвэл тэрхүү киноноос санаа авч уг “Gest” гэх нэртэй төхөөрөмжийг зохион бүтээж байгаа юм байна. Гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлж болохуйц төхөөрөмж болно хэмээн судлаачид үзэж байгаа аж. Учир нь уг төхөөрөмжийг гартаа зүүснээр тухайн хүний дуу авиаг өөрчлөхөөс гадна өөрийнх нь хүч чадлаас хэд дахин илүү чадлыг олгох юм байна. Тэр ч үүднээсээ зөвхөн цагдаа болон цэрэг армийн салбарт ажиллаж буй албан хаагчдад зориулан гаргахаар шийдвэрлэсэн байна.
10
"Нисдэг тавцан"
Уг төхөөрөмжийг “Iron Man”-ний хувцастай илүү ижил төстэй гэж үзэж байгаа бөгөөд аялал жуулчлалын байгууллагууд уг төхөөрөмжийг илүү ихээр сонирхож байгаа юм байна. Нисч үзэхийг дотроо битүүхэн хүсдэг хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл та уг нисдэг тавцны тусламжтай нисэх боломжтой ажээ. Анх 2011 оноос дэлхийн нийтэд танилцуулагдсан уг төхөөрөмж нь яахын аргагүй энэ цаг үеийн хамгийн шилдэг төхөөрөмжүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг.
11
"Нисдэг мотоцикль"
Хүмүүс анх “X Aero bike”-ийг үйлдвэрлэгдэхэд чухам яг юу юм бол гэдэг талаар гайхацгааж байсан бөгөөд анх “Star Wars” киноноос санаа аван үйлдвэрлэж байжээ. Уг мотоцикль 3 метрийн өндөрт нисэх боломжтой бөгөөд 1 цагт 45 миль газрыг туулах хүчин чадалтай ажээ. Одоогоор кино зураг авалт болон рекламанд ашиглаж байгаа бөгөөд зах зээлд нэвтрүүлэхээр болвол 85000 доллараар борлуулах юм.
12
"Ирээдүйн автобус"
Саяхан буюу 2016 оны 3 дугаар сард хятадад болсон “Chinа Beijing International High Tech Expo” технологийн уулзалт, чуулганы үеэр хятадуудын зүгээс нэгэн гайхалтай технлогийн дэвшлийг дэлхий нийтэд танилцуулсан нь замын түгжрэлийг бүрэн арилгах боломжтой автобус байсан юм. Уг автобус нь нийтдээ 1200 хүний багтаамжтайгаас гадна автомашины замын эгнээгээр хонгил үүсгэн явахаар загвартай хийгдэж байгаа гэнэ.
13
"Машинаараа супермаркетаар үйлчлүүлэх"
Түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд заавал ч үгүй үйлчлүүлэгч тухайн зоогийн газар орж, захиалга өгөн үйлчлүүлэх бус “Drive Thru” буюу машинаасаа захиалга өгч, үйлчлүүлэх боломжтой үйлчилгээг нэвтрүүлээд байгаа билээ. Тэгвэл тун удахгүй машинтайгаа супермаркетаар үйлчлүүлэх боломжтой болох нь ээ. Энэхүү боломжит технологийн дэвшлийн загварыг оросын инженер, зохион бүтээгчид судлаж байгаа ажээ. Уг супермаркетыг хийхдээ олон тасалгаатай хийх бөгөөд түүний завсар нь машин зогсохоор зайтай загварыг нь зохион бүтээх гэнэ. Ингэснээр үйлчлүүлэгчид машинаа зогсоол дээр тавих гэж асуудал үүсгэхгүйгээс гадна үйлчлүүлж дуусаад супермаркетыг орхихдоо тусгай төхөөрөмжөөр авсан зүйлийг тань машины гаднаас уншиж, тооцоог тань хэлэх бөгөөд төлөх ёстой мөнгөө хариуцаж буй ажилтанд өгөх нь байна.
14
"Системчлэгдсэн линз"
“James Bond” болон “Mission Impossible” кинон дээр гарч байснаар нь сайн мэдэх уг линз нь дотроо асар их мэдээллийг агуулж байдаг байна. Анх тагнуулчид болон тусгайгийнханд зориулан бүтээж байсан бол саяхнаас энгийн хүмүүст зориулан бүтээж байгаа ажээ. Энэхүү линз нь Wi-Fi, Bluetooth зэргийг дэмжихээс гадна, өөр дээрээ 13 мегапикселийн чанартайгаар зураг авах боломжтой камертай юм.
15
Нисдэг машин
Хэзээ нэгэн өдөр машинтайгаа нисэх үе ирнэ гэж боддог л байсан биздээ? Тэгвэл энэ цаг тун удахгүй хүн төрөлхтний өмнө ирэх нь ээ. 4 хүний суудалтай, хайбрид дугуйтай уг машин нь хөөрөхөд болон буухад ямар ч асуудалгүй гэнэ. Уг машиныг зах зээлд нэвтрүүлснээр нисдэг тэрэгний хэрэг байхгүй болно гэж үзэж байгаа аж. Түүгээр барахгүй 300 морины хүчин чадалтай бөгөөд 1 цагт 200 миль газрыг туулах боломжтой.