Тэд эхний учраандаа БНХАУ-ын шигшээ багийг 119:62, Венесуэлын шигшээг 113-69 гэсэн онооны харьцаатайгаар илт давамгай хожоод байсан бөгөөд Ази болон Өмнөд Америк тивийн төлөөлөл болсон багууд таамаглаж байсанчлан тэдэнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадалгүй байсаар тоглолтууд өндөрлөсөн юм.
Харин дараагийн учраа болох Европ тивийн томоохон төлөөллүүдийн нэг бол Сербийн шигшээ байсан бөгөөд энэхүү тоглолтонд ширүүн өрсөлдөөн гарсны эцэст 94:91 харьцаатайгаар эцсийн мөчид АНУ-ын шигшээ баг ялалт байгуулсан юм. Гэсэн хэдий ч Сербүүд эхнээсээ маш сайн тоглож байсныг дурдах хэрэгтэй болов уу.
Гурав дахь тоглолтоо NBA-гийн Даллас Маверикс багийн тоглогч Эндрью Богут, Сан Антонио Спөрс багийн холбогч Патти Миллс, Милоуки Бакс багийн тоглогч Мэттью Деллаведова гэсэн тоглогчдоор ахлуулсан Австралийн шигшээ багтай хийж, 98:88 харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Энэхүү тоглолтонд АНУ-ын шигшээ болон NBA-гийн Нью Йорк Никс багийн ахлагч Кармело Энтони 31 оноо авснаар АНУ-ын Олимпын их наадам дахь бүх цаг үеийн хамгийн их оноо авсан тоглогч болсон аж. Түүний хувьд 4 дэх олимпдоо оролцож байгаа нь энэ билээ.
NBA-гийн хэд хэдэн шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгасан Францууд тэдний дараагийн учраа байсан бөгөөд АНУ-ын шигшээ багийн ялалтын цувралыг зогсоож магадгүй хэмээн үзэх хүмүүс олон байсан хэдий ч эцсийн дүнд 100:97 гэсэн харьцаагаар Эрх чөлөөний орон ялалт байгуулсан юм. Энэ тоглолтонд NBA-гийн шилдэг төвийн тоглогчдын нэг, Сакраменто Кингс багийн тоглогч Демаркус Казинс болон Голден Стэйт Уорриорс багийн хамгаалагч Клэй Томпсон нар онцгой байж багаа ялалтанд хөтлөжээ.
Тэдний дараагийн учраа нь B хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарсан Аргентины шигшээ баг бөгөөд тэртээх 2004 оны Афины олимпын хагас шигшээд Аргентинчууд АНУ-ын шигшээг 89:81 харьцаатайгаар буулган авч финалд шалгарч байсан түүхтэй билээ. Тоглолт 08/17-ны өдөр болох юм байна.
Олимпын ТОП 10 тохолт