1
Ямар учраас салж байгаагаа хэл
Хүүхдээ юу ч мэдэлгүй, учрыг ололгүй харанхуй ангалд үлдээхийн оронд чухам юуны улмаас салах болсноо нэг бүрчлэн, ойлгомжтой тайлбарлаж өгөөрэй. Энэ нь тухайн хүүхэд эцэг эхээ яагаад салах бослныг бодож, шаналах зовлонгоос ангижруулах юм. Хүүхэд хэмээн тэднийг басч, худал хэлэх нь эсрэгээрээ тэдний байдлыг улам дордуулж ч мэднэ. Тиймээс тэдэнд зүгээр л үнэн байдлыг хэл.
2
Тэдэнтэй ярилц
Тэдэнтэй байнга ярилцаж, ямаршуухан байгаа, юу мэдэрч байгаа нь лавлаж, асуугаарай. Эцэг эх нь салж байгаа тохиолдолд хүүхдүүдэд дотны найз, ярилцах хүн зайлшгүй хэрэг болдог бөгөөд тэр ярилцах хүн нь эцэг эх нь байвал бүх асуудал шийдэгдэх болно. Та өөрийн хүүхдүүддээ ч мөн бодлоо хуваалцаж, харилцан дотроо онгойлгох хэрэгтэй юм.
3
Хүүхдийнхээ өмнө битгий муудалц
Хүүхэд нас хөөр баяр аз жаргал дунд хөврөн өнгөрөх ёстой билээ. Эцэг эх гэдэг нь үр хүүхэддээ жаргалтай дурсамж үүсгэх ёстой байтал хар бараан, хэрүүл тэмцлийн үүлэнд нөмөргөх гэсний хэрэггүй юм. Энэ нь тэднийг нийгмээс тусгаарлаж, орхидог бөгөөд бусадтай нээлттэй байхаас эмээж, зүгээр л нэг жижигхэн харанхуй өрөөнд цоожлогдсон мэт болдог аж. Хэрэв та хүүхдийнхээ ирээдүйг баллаж, хүйтэн хөндий нэгэн болгохыг хүсээгүй л бол тэдний өмнө хэзээ ч бүү маргалдаж, муудалцаарай.
4
Тэдэнд хайртай гэдгээ мэдрүүл
Хүүхэд бүр эцэг эх нь салж, хоёр тийш болоход өөрийгөө буруутгаж эхэлдэг юм. Үүндээ гүн итгэж, цаашлаад сэтгэл гутралд орж, амьдралыг бараанаар дүрслэн харах нь ч бий. Өөрийн амьдралаасаа хамгийн хайртай нэгнээ хол явуулна гэдэг хүн бүхэнд л хэцүү байдаг. Тиймдээ ч тэдний хайрыг алдаж байгаадаа харамсаж, зүгээр л надад хайргүй болохоор явж байна гэх бодол толгойд нь хадагдан үлддэг юм. Иймд эцэг эх хоёр нь түүнд хязгааргүй их хайртай болохоо ойлгуулаарай.
5
Нэгнийгээ бүү шүүмжил
Мэдээж амьдралд муудалцах, нэгнээ шүүмжлэх нь мундахгүй. Гэхдээ хүүхдийнхээ хажууд нэгнээ дорд үзэж, шүүмжлэх нь тэдний эцэг эхээ хүндлэх, хайрлах сэтгэлийг хөргөж мэдэх юм. "Чи байнга тэгдэг, тэр чинь буруу, энэ чинь буруу" гэхчлэн элдвээр нэгнээ шүүмлэх нь хамгийн том эрсдлийг дагуулж явдаг байна шүү.
6
Өдөр тутамд хийх ёстой зүйлсийг нь сануулж бай
Салалт нь өдөр тутмын амьдралд томоохон өөрчлөлт авчирдаг юм. Хэрэв үнэхээр л та салалтыг хүүхдэд хүндээр ойлгуулахыг хүсэхгүй байвал нөгөө хүнийхээ дутуу орон зайг нөхөж байх хэрэгтэй. Ингэхдээ тогтмол хийдэг зүйлсээ хийж, аль болох энгийн байхыг хичээгээрэй. Өдөр тутамд хийх ёстой зүйлсээ бичиж, хөргөгчин дээрээ нааж, илүү идэвхитэй байх хэрэгтэй юм.
7
Анхаарал, халамж хандуул
Мэдээж хайртай нэгэн нь амьдралаас нь холдон одох нь хүүхэд бүрт хүндээр тусч, дотогшоо хандалагатай идэвхигүй нэгэн болгож хувиргадаг. Харин энэ үед л таны хэрэг гарна. Хүүхэдтэйгээ ярилцаж, дутуугийн орон зайг нөхөж, загниж зэмлэхээс илүүтэй зааварлаж, энэ бүхэн тийм ч сүртэй зүйл биш, аавтайгаа байнга уулзах боломжтой, ялгаа байхгүй гэдгийг ойлгуулах ёстой аж.
8
Тайван байлга
Тэднийг нэг хэсэгтээ л тайван байлгаж, найз нөхөдтэй нь уулзалдуулж, сэтгэлийг нь онгойлгож байх хэрэгтэй. Гадуур дотуур явах бүрийд нь хянаж, бухимдах нь хүүхдээ улам цааш явуулж, хөндийрүүлж ч мэднэ. Тиймээс тэдэнд ч мөн хувийн орон зай хэрэгтэй гэдгийг ойлгож, хааяа ч болов тайван орхиж бай.
9
Бусдаар туслуул
Өөрт тань ямар байгааг үр хүүхэддээ шууд дамжуулан ойлгуулж чадахгүй байвал түүний найзууд эсвэл дотны хүнээс нь туслалцаа хүсээрэй. Тэднээр дамжуулан хүүхдэдээ өөрийн байр байдал, юу мэдэрч байгаагаа сайтар ойлгуулвал зохилтой. Ялангуяа тэд өсвөр насных нь бол найзуудаар нь дамжуулвал үр дүнтэй бөгөөд тэд нэгнээсээ юугаа ч нууж хаадаггүй тул хүүхдийг тань таныг ойлгох, тайвшрахад том тус хүргэх болно.
10
Эрч хүчтэй, эрүүл саруул бай
Хэрэв та уйтгарлан гуниглаж шаналаад байх аваас энэ нь хүүхдэд тань шууд л халдах болно. Тиймээс та аль болох сэргэлэн цовоо, эрч хүчтэй байж хүүхдэдээ дэм болоорой. Мэдээж энэ нь хүүхдэд гайхалтай сайнаар нөлөөлж, ирээдүй өөд бат итгэлтэй алхахад туслах аж.